Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 20

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

        Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Золбадрах даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

        Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Л.Эрдэнийн нэхэмжлэлтэй,

        Хариуцагч: Есөнбулаг сумын Засаг даргад холбогдох тус сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1/654 тоот захирамж, мөн өдрийн Б13, Б/12 тоот захирамжуудыг хүчингүй бъолгуулж, ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлага бүхий  нэхэмжлэлийг 2017 оны 01 дугаар сарын  05-ны  өдөр хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямаа, гуравдагч этгээд *******, гэрч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.                        

ТОДОРХОЙЛОХ нь:

         Нэхэмжлэгч ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: *******  миний бие 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Есөнбулаг сумын Засаг даргын захирамжаар Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаад 2015 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр зарлагдсан Төрийн албаны удирдах албан тушаалтны нээлттэй сонгон шалгаруулалтанд орж тэнцсэн оноогоороо 1 дүгээр байрт орсон. Төрийн албаны зөвлөлийн тогтоолыг үндэслэн тус сумын Засаг даргын 2016 оны 04 дүгээр сарын 01-ий өдрийн захирамжаар Тамгын газрын даргаар жинхлэн томилогдсон. Гэтэл 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1-654 дугаар захирамжаар ажлаас гэнэт халагдсан. Уг захирамжийн ажлаас халах хуулийн үндэслэл, зүйл, заалтыг буруу гэж үзэж байна. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 дэх заалтыг үндэслэжээ. Тус хуульд 25.1.1 гэсэн заалт байхгүй. Мөн захирамжийн үндэслэх хэсэгт Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 105.2.3 дахь заалтуудын үндэслэлийг дурджээ.  Мөн сонгон шалгаруулалтын журмыг өөртөө тохируулан боловсруулан сонгон шалгаруулалтанд орсон. Монгол Улсын Их Хурлын 2003 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 13 дугаар тогтоолоор “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмыг Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 14 дүгээр тогтоолоор “Төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах зааварын дагуу сонгон шалгаруулалт

 явагддаг. Тийм учир би энэхүү журмыг өөртөө тохируулан боловсруулах ямар ч боломжгүй бөгөөд  өөртөө тохируулсан гэдэг үндэслэлгүй юм.  Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зйүлийн 16.14 дэх заалт гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн  27.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6, 22 дугаар зүйлийн 22.1, 26.1, 27 дугаар заалтыг тус тус зөрчсөн. Иймд миний хууль ёсны эрх ашгийг хамгаалж, Есөнбулаг сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1/654 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

         Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1/654, мөн өдрийн Б13, Б/12 тоот захирамжуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Дээрх захирамжууд гарснаар нэхэмжлэгч Л.Эрдэнийн хуульд заасан эрхийг зөрчиж хууль бус гарсан захирамж юм. Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим гэсэн заалтыг зөрчсөн. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан тусгай зарчмыг баримтлаагүй бөгөөд уг заалтад заасан тусгай зарчим алдагдсан гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх хэсэгт захиргааны акт, шийдвэр гаргахдаа хуульд үндэслэх, мөн заалтын 4.2.5 дахь хэсэгт зорилгодоо нийцсэн бодит байдалд тохирсон шийдвэр нь үндэслэл бүхий байх, мөн 4.2.6 дахь хэсэгт зааснаар бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргахдаа тэдгээрт мэдэгдэх оролцоог хангах гэсэн зарчмыг зөрчсөн. Захиргааны ерөнхий хуулийн 11  дүгээр зүйлийн 11.5 дахь хэсэгт оролцогчийн эрхийг хангаагүй, оролцуулаагүй. Мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар захиргааны шийдвэр гаргах ажиллагаа нь Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан шийдвэртэй холбогдсон үйл ажиллагааг захиргааны акт гаргахыг ойлгоно. Захиргааны акт гаргахын  тулд Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаа буюу процессийг эхлүүлж, шийдвэр гаргах үйл ажиллагаа явуулж захиргааны акт шийдвэр гаргана гэх Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн. Мөн хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг явуулаагүй, мэдэгдэл хүргүүлээгүй. Шийдвэр гаргах ажиллагааг оролцогчийг оруулаагүй, шийдвэр гаргах ажиллагааны хугацааг тодорхойлоогүй гэж үзэж байна. Есөнбулаг сумын Засаг дарга Б/13 дугаар захирамж гарсан үндэслэл нь ******* төрийн албан хаагчийн үүргээ хангалтгүй биелүүлсэн. Төрийн албан тушаалд тавих ерөнхий үр дүнгийн гэрээнд заасан шаардлага хангаагүй, зорилго түвшин нь Төрийн албаны тухай хууль, албан тушаал эрхлэх шаардлага хангахгүй гэсэн шалтгааныг бичсэн. Энэ нь хуульд заагаагүй учраас ойлгомжгүй байна. Албан үүргээ хангалтгүй биелүүлсэн талаарх нотлох баримт огт байхгүй. Л.Эрдэний үр дүнгийн гэрээг үнэлэхдээ А үнэлгээ тавьсан байсан. Зорилго зорилтоо хангалтгүй биелүүлсэн гэж арга хэмжээ авсан шийдвэр байхгүй. Төрийн албан хаагчид тавигдах шаардлага зөрчсөн, сонгон шалгаруулалт хууль бус болсон гэж үндэслэсэн байсан. Төрийн албаны салбар зөвлөл захиалагч буюу Есөнбулаг сумын Засаг даргын гаргасан ажлын байрны тодорхойлолтыг үндэслэж, түүнд нийцсэн шаардлага тохирсон хүнийг төрийн албаны салбар зөвлөл удирдах ажилтны сонгон шалгаруулалт зарлаад тодорхойлолт нийцэж тэнцсэн хүнийг томилдог. Гуравдагч этгээд тухайн сонгон шалгаруулалтад 2 дугаарт орж, нөөцөд бүртгэгдсэн. Төрийн албан хаагчид тавигдах шаардлага зөрчсөн гэж үзэх юм бол төрийн албаны салбар зөвлөлийг шүүхэд өгөх ёстой. Улсын Их Хурлын 2003 оны 13 дугаар тогтоолын хавсралтаар төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалд томилогдох журам. ******* хууль бус захирамж гаргаж тэр нь шүүхээр нотлогдсон гэж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлаж байна. Захиргааны ерөнхий хуулийн 107 дугаар зүйлийн 107.2 дахь хэсэгт захиргааны байгууллагын болон шүүхийн шийдвэрийг үл биелүүлсэн албан тушаалтанд холбогдох хуульд заасан хариуцлагыг шүүх оногдуулна гэж заасан. Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлд зааснаар захиргааны үйл ажиллагааны хэлбэрийг заасан. Хэлбэр нь Засаг даргын гаргасан шийдвэр нь захиргааны актад орно. Есөнбулаг сумын Засаг даргын 1/654, Б/12, Б/13 дугаар захирамжуудыг Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргааны шийдвэр гаргахдаа дараах 6 үе шат буюу процессийг хийсэн байх ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 12 дугаар зүйлд зааснаар шийдвэр гарах үйл ажиллагааг эхэлсэн, оролцогчийг хамруулсан, сонсох ажиллагаа явуулсан байх ёстой. Захиргааны шийдвэр гаргахдаа нотлох баримт цуглуулсан. Захиргааны шийдвэр гаргах ажиллагаагаа хугацааг тогтоосон эсэх нь тогтоогдохгүй байна.

         Захиргааны үйл ажиллагаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн. Захиргааны үйл ажиллагаа нь дараах тусгай зарчмыг баримтлана хуульд үндэслэх, зорилгодоо нийцэх, нөхцөлд тохирсон үндэслэл бүхий байх гэсэн тусгай зарчимтай. Мөн Үндсэн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6 дахь хэсэгт зааснаар бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог хангах. Нэхэмжлэгч *******д урьдчилан мэдэгдсэн ямар нэгэн шийдвэр, тодорхойлол, мэдэгдэл байхгүй. Мөн оролцоог хангаагүй. Тэгэхээр захиргааны үйл ажиллагааны үндсэн зарчим алдагдсан учраас захиргааны акт нь хууль бус юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

         Хариуцагч ******* шүүхэд ирүүлсэн тайлбартаа:  Л.Эрдэнийг хууль зүйн дагуу ажлаас халсан нь үнэн болно. ******* нь төрийн албан хаагчдыг намын үзэл бодлоор үндэслэлгүйгээр 3 албан тушаалтныг ажлаас халж, 2 албан тушаалтны цалинг үндэслэлгүйгээр бууруулж, байгууллагад 9194652 төгрөгийн хохирол учруулж төрийн албан хаагчдын ажлаа хэвийн үргэлжлүүлэх боломжийг алдагдуулж тэдэнд сэтгэл санаа, эд материалын хохирол учруулсан. Мөн удирдлагын зүгээс  хууль бус үйл ажиллагаа зогсоо гэж сануулсаар байтал өөрийн дураар хууль бус үйл ажиллагаа үргэлжлүүлэн явуулснаас байгууллага албан тушаалтнууд ихээхэн хохирол учруулсан учир хууль тогтоомжийн дагуу ажлаас халсан нь үнэн болно. Захиргааны ерөнхий хуульд бусдыг ажлаас халах үйлдлийг санаатай гаргасан тохиолдолд ажлаас халах үндэслэлтэй учир хууль зүйн дагуу арга хэмжээ авсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Нямаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Тус аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/13 тоот захирамж хууль зүйн үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. 1/654 дугаар захирамж нь Б/12 тоот захирамжаар хүчингүй болж Б/13 тоот захирамж гарсан. Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр 29.2 дахь заалтыг баримтлан Б/13 дугаар захирамжийг гаргасан. Уг заалт нь Засаг дарга эрх хэмжээний хүрээнд захирамж гаргах тухай заалт. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх заалт нь төрийн албан хаагчид тавигдах шаардлага буюу мэргэжил, ур чадвар, төрийн албанд ажилласан байдлын тавигдах шаардлага хангагдаагүй гэж үзсэн. 25 дугаар зүйлийн 25.1 дэх заалт нь ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 105.2.3 дахь заалт. 105.1 дэх заалт нь захиргааны зөрчилтэй акт гаргасан, түүнийг нь зохих байгууллагаас зөрчилтэйд тооцсон. Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан Баярмааг ажлаас үндэслэлгүй халсан. Энэ нь Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 15 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 221 тоот магадлалаар хууль бусаар ажлаас халсан гэдэг нь нотлогдсон. Мөн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын үйлчлэгч Дугармааг ажлаас нь үндэслэлгүй халсан. Энэ нь Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 119 тоот шийдвэрээр хууль бус захирамж гаргасан гэдэг нь тогтоогдсон. М.Дугармааг ажлаас нь халахад Есөнбулаг сумын Засаг дарга болон хамт олноос нь ажилд нь авч ажиллуулах ёстой. Засаг даргын Тамгын газрын даргын захирамж нь хууль бус гэдэг нь шүүхийн шийдвэрээр нотлогдлоо гэж хэлж шаардахад авахгүй байсаар байгаад 7 сарын дараа гэрээт ажилтан болгож авсан. Үйлчлэгч  М.Дугармаа хүлээн зөвшөөрөхгүй дахин шүүхэд өгсөн. Үүнийг Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 359 дугаартай шийдвэрээр дахин ажилд нь оруулах шийдвэр гарсан. Мөн тус сумын Засаг даргын Тамгын газрын үйчлэгч З.Болорнаранг ажлаас нь үндэслэлгүйгээр Тамгын газрын дарга халсан. Уг асуудлыг Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 125 тоот шийдвэрээр З.Болорнаранг буцааж ажилд нь томилох тухай шийдвэр гарсан. З.Болорнаранг ажилд нь авчихаад эргээд гэрээт ажилтнаар ажилд авсан. Үүнийг З.Болорнаран хүлээн зөвшөөрөхгүй гээд иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж 2016 оны 10 дугаар сарын 358 тоот  шийдвэрээр ажилд авсан. Мөн Есөнбулаг сумын багийн Засаг дарга Жаргалсайханыг эд хөрөнгө эвдэлж гэмтээсэн гэх үндэслэлээр цалингаас хохирлыг төлүүлж авсан байсан. Жаргалсайхан нь иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 276 тоот шийдвэрээр үндэслэлгүй төлбөр гаргуулсан гэх шийдвэр гарсан. Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын дарга ******* нь мөн бичиг хэргийн эрхлэгч М.Гэрэлмаагийн цалинг 3 сарын хугацаатайгаар 20 хувь бууруулах арга хэмжээ үндэслэлгүй авсан байсан. Энэ талаар М.Гэрэлмаа иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 277 тоот шийдвэрээр үндэслэлгүй цалингийн арга хэмжээ авсан гэж үзэж, буцааж олгох шийдвэр гарсан. Дээрх асуудлаас болж уг байгууллагад 20 гаруй сая төгрөгийн хохирол учирсан. Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 105.2.3 дахь хэсэгт заасныг үндэслэж Л.Эрдэнийг ажлаас халсан гэв. Хамт олны хурлын тэмдэглэл дээр Засаг даргын Тамгын газрын дарга албан хаагчдийг шалтгаангүйгээр халж, байгууллага өрөнд оруулсан, байгууллагыг хэзээ хохиролгүй болгох вэ, Тамгын газрын дарга та хариуцлага алдсан учир өөрөө өргөдлөө өгөөд ажлаасаа гарчихвал дээр юм биш үү гэж Засаг дарга хэлсэн. Тэгэхэд ******* би намчирхаагүй гэж хэлсэн. Дараа нь Энхтуяа Тамгын газрын дарга ******* төрийн алба хашиж байгаа хүн учраас миний ажлыг улс төрийн өнцгөөс харж, үр дүнгийн гэрээг албаар D үнэлгээ өгч намайг захирагчийн ажлын албанаас багийн нийгмийн ажилтны орон тоонд шилжүүлж, миний орон тоон дээр Чинзоригийн охин Мөнхзулыг оруулсан. Ч.Мөнхзул нь мэргэжлийн бус. Энэ бол цэвэр улс төржсөн, ашиг сонирхлын зөрчил байсан ба бусад албан хаагчдийн нэгэн адил ажил мэргэжлээ цаг хугацаанд нь хангалттай биелүүлж байсан гэсэн. Мөн Бадамханд тайлбартаа би төрийн сангийн мэргэжилтэн Тамгын газрын дарга ******* албан хаагчдийн үр дүнгийн гэрээг буруу дүгнэн урамшуулал өгч аудитын акт тавиулсан. Төрийн албан хаагчийн ажлыг сайн мэддэггүй, надтай үр дүнгийн гэрээ байгуулах гэж хагас сайн өдөр бүтэн 6 цаг суулгаж C үнэлгээ өгсөн. Энхчимэгийн тайлбарт: Индэрт багийн Засаг даргын сонгуулийг 3 удаа дахиулж луйвар хийж Ардчилсан намын хүнийг тавиулсан. Мөн Оюунцэцэгийн тайлбарт Тамгын газрын даргыг өмөөрч хамгаалах зүйл байхгүй ерөөсөө төрийн албаны ажил хийж үзээгүй, маш их улс төрждөг гэхэд Тамгын газрын дарга ******* би ажлаа өглөө гээд хурлыг орхин гарсан гэх тайлбарууд ажилчдын хурлын тэмдэглэлд тусгагдсан. Ажил үүргийн хуваарьт ажлын байрны тодорхойлолтод ажлын уялдаа холбоог сайжруулах гэж заасан. Дээрх байдлаас харахад Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын ажлыг улс төржүүлж, бутаргасан байдалтай байна. Есөнбулаг сумын Тамгын газрын ажилчидтай үр дүнгийн гэрээг нэг бүрчлэн байгуулдаг. Нягтлан бодогч, төрийн сангийн төлөөлөгч, нийгмийн ажилтантай шаардсаар байтал үр дүнгийн гэрээ байгуулаагүй. Ажиллах нөхцөл боломж баталгаагаар хангах гэж Тамгын газрын ажлын байрны тодорхойлолтод заасаар байтал хангаагүй ажилчдын эрх зүйн байдлыг дордуулж, цалингийг нь суутгах ажлаас халах гэсэн зөрчил гаргасан. Мөн үр дүнгийн гэрээний 1.2 дахь хэсэгт зааснаар Засаг даргаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэх гэж заасан байтал үүрэг даалгаврыг нь биелүүлээгүй, гаргасан зөрчлөөс нь харахад ойлгомжтой байна. Ажилчдаа ажлаас нь халж байгууллагадаа хохирол учруулахгүй байх байсан. Төрийн албаны сонгон шалгаруулалтад орохдоо зөрчсөн гэж үзэж байна. Яагаад гэвэл Есөнбулаг сумын захиалагчийг ажлын байрны тодорхойлолтыг харах байх. Шаардлагыг нь ******* өөрийн мэргэжилдээ тохируулж хийсэн байгаа. Захиргааны ерөнхий хуульд оролцогчийн эрхийг тодорхой заасан. Сонсох ажиллагаа хийгээд тусгай хугацаа өгөөд түүний дараа эрхийнхээ дагуу юу ч хийгээгүй учраас ажлаас халсан. Сонсох ажиллагаа хийхэд намайг холбогдох сургуульд багшаар ажиллуулаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд холбогдох байгууллага сургууль руу яриад авч ажиллуулаагүй. ******* тус аймгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд ажиллаж байсан. Тухайн байгууллага руу нь ажилд аваач гэж яриад ажиллах үедээ ажил үүргээ хангалтгүй биелүүлсэн. Ажлаа хийж чадахгүй байсан учраас халсан гэж хэлсэн байсан. Сонсох ажиллагааг хоёр удаа хийсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

         Гуравдагч этгээд ******* нь шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:  Миний бие 2006 оноос хойш Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын багийн Нийгмийн ажилтан, багийн Засаг даргаар ажиллаж байгаад 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн тус сумын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр хуулийн дагуу томилогдон ажиллаж байна. 2015 онд төрийн удирдах албан тушаалтны шалгалтанд орж тэнцэн нөөцөд бүртгэлтэй байсан. Аймгийн төв томоохон суурин. Тухайн орон нутгийн хүн ам газар зүйн байршил, нягтаршил зэргээс шалтгаалан ажлын байрны тодорхойлолтыг бодит үндэслэлээр боловсруулах ёстой. Гэхдээ Есөнбулаг сумын хувьд улсад 5 жил ажилласан, багш мэргэжилтэй хүн Тамгын газрын даргын ажлыг хийж болно гэсэн ажлын байрны тодорхойлолт арай өрөөсгөл ойлголт байх. Есөнбулаг сум хотын статустай томоохон сум. Санхүүгийн албатай 1 жил гаруй хугацаанд үр дүнгийн гэрээ байгуулалгүй ажилласан. Хамт олны зөвлөгөөн гэж жилд нэг удаа болдог. 7 хоног болгон шуурхай зөвлөгөөн болж тэмдэглэл үйлдэж, дараа нь өгсөн үүрэг даалгавар биелэгдээгүй бол авах ёстой арга хэмжээг авдаг. Хамт олны хурлын тэмдэглэл дээр тодорхой байсан. Засаг дарга ажлаас халсан хүнээ буцааж ажилд нь ав гэж олон удаа хэлж байсан. Тэмдэглэлд тусгагдсан. Гэтэл З.Болорнаран, М.Дугармаа хоёрыг ******* өөрөө ажлаа өгөөд явах хүртэл хугацаандаа ажилд нь буцааж аваагүй. Дараагийн үүрэг гүйцэтгэгч нь ажилд томилсон. Тэгэхээр шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар үл биелүүлсэн байдал нь тодорхой харагдаж байна. Мөн Л.Эрдэнийн буруутай үйлдэлийн улмаас байгууллагад 9000000 гаруй төгрөгийн хохирол учруулсан. Хариуцлагагүй ажилласан учир удирдлагаас удаа дараа сануулга авч байсан. Л.Эрдэнийг хууль зүйн үндэслэлтэй ажлаас халагдсан гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

         Гэрч  ******* нь шүүх хуралдаанд гэрчийн мэдүүлэг өгөхдөө: Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд 02 дугаар сарын 15-ны дотор гэрээ байгуулж дууссан байх. Санхүүгийн 4 ажилтан байдаг. Тухайн үед алба байгуулаагүй байсан. Төрийн сангийн мэргэжилтэн, нятлан бодогч, нярав нар ажилладаг байсан. Бид нартай тусад нь гэрээ байгуулна гээд байгуулаагүй. Түүнээс хойш 1, 2 сар гэрээ байгуулах болов уу гэж бодоод хүлээсэн. Болохгүй байхаар нь Тамгын газрын даргатай уулзаад хэзээ гэрээгээ байгуулах юм бэ гэхэд та нартай дараа нь байгуулна гээд байгуулахгүй байсан. Бид нар нэг нэгээрээ, хоёр хоёроороо гэрээ байгуулъя гэж олон удаа орж уулзаж байсан. Тэгэхэд санхүүгийн албыг байгуулсны дараа гэрээ байгуулна гэдэг байсан. Хуулийн дагуу бид 4 тухайн удирдах албан тушаалтнаас үр дүнгийн гэрээ байгуулахыг шаардах эрхтэй байсан. Түүний дагуу янз бүрийн байдлаар гэрээ байгуулах шаардлага удаа дараа тавихад байгуулаагүй байсаар байгаад ажлаасаа Тамгын газрын дарга гарсан. Үр дүнгийн гэрээ байгуулаагүй байдал нь бид нарын хувьд хохиролтой. Яагаад гэвэл бид нарын хувийн хэрэг мэдээлэл Төрийн албаны төв зөвлөл рүү явдаг. Үр дүнгийн гэрээний үнэлгээ, ажилласан жилийн байдалд нөлөөлөх байсан учраас бид нар удаа дараа үр дүнгийн гэрээ байгуулахыг шаардсан. ******* даргын хувьд надтай үр дүнгийн гэрээ байгуулаагүй учраас намайг хохироосон. Яагаад гэвэл зүгээр ажлаа хийж байхад хоёр хүнд арга хэмжээ авна гээд ерөнхий нягтлан бодогч Бадамханд дээр сануулах арга хэмжээ авна гэж хэлсэн. Яагаад надад арга хэмжээ авч байгаа юм бэ гэхэд та иргэдийн хуралд төсвийн төсөл оруулсан гэж хэлсэн. Төсвийн төсөл авах эрх бүхий хүн нь би өөрөө байдаг. Удалгүй сануулах арга хэмжээ авсан захирамж нь төрийн захиргааны төв байгууллага руу миний мэдээлэл явсан. Гэтэл цаанаас нь ******* үр дүнгийн гэрээ байгуулаагүй гэсэн хариу өгсөн гэж хамт олон дотор ярьж байхыг би сонссон гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримт хэргийн оролцогч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үндэслэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны 1/654, Б/12, Б/13 дугаар захирамжуудыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах талаар нэхэмжлэлийн шаардлага тодорхойлсон.

            Иймд Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Засаг даргын 1/654, Б/12, Б/13 дугаар захирамжуудын хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгөх шаардлагатай байна.

            Есөнбулаг сумын Засаг даргын 1/654, Б/12 дугаар захирамжуудын тухайд:

            Есөнбулаг сумын Засаг дарга Ж.Ганбат 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 25 дугаар зүйлийн 25.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 105.2.3 дахь заалтуудыг үндэслэн 1/654 дүгээр захирамжаар Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын дарга Л.Эрдэнийг ажлаас нь халсан. Мөн энэ өдөр буюу 2016 оны 11 дүгээр сарын 22-нд Б/12 дугаар захирамж гаргаж Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3 дахь заалтуудыг үндэслэн захирагчийн ажлын албаны барилга хөрөнгө оруулалт хариуцсан мэргэжилтэн Н.Энхтуяа нь архив, бичиг хэргийн ажлыг хавсран хийж байх хугацаанд Л.Эрдэнийг ажлаас халсан Засаг даргын захирамжид Төрийн албаны тухай хуулийн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 гэсэн заалтыг орхигдуулсан, 25.1.1 дэх заалтын өмнө Төрийн албаны тухай хууль гэсэн үгийг орхигдуулж, мөн дугаарыг гадагш харилцах албан бичгийн дугаараар сольж бичсэн тул 1/654 дүгээр захирамжаа хүчингүй болгосон байна.

            Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүх Н.Энхтуяаг гэрчээр асуухад “...2016 оны 11 дүгээр сард Засаг даргын Тамгын газрын бичиг хэргийн ажилтан ээлжийн амралттай байсан тул бичиг хэргийн ажлыг өөрийн ажилтай давхар хийж байсан. Тамгын газрын даргыг ажлаас халах захирамжийг бичих явцдаа захирамжийн Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 гэсэн заалтыг орхигдуулсан, 25.1.1 дэх заалтын өмнө Төрийн албаны хууль гэсэн үгийг орхигдуулж, мөн захирамжийн дугаарыг харилцах албан бичгийн дугаараар сольж бичсэн зэрэг ажлын хариуцлага алдаж бичсэн тул миний биед 2016.11.23-ны өдөр Б/14 дүгээр захирамжаар сахилгын шийтгэл ногдуулсан. Уг захирамжийн алдааг Тамгын газрын аппратын шуурхай хурал дээр захирамжийг гардуулж байх үед мэдэж тэр дор нь сольж засан гаргаж Засаг дарга Ж.Ганбатад өгсөн” гэсэн тайлбар, 2016 оны 11 дүгээр сарын 23-ны Б/14 дугаар сахилгын шийтгэл ногдуулах тухай захирамж хавтаст хэргийн материалд авагдсан байна. 

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-т “...захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, ...өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэж зааснаар Засаг дарга нь эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана, захирамж нь хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө хүчингүй болгох эрхтэй ба бичиг хэрэг хариуцаж байсан ажилтаны буруутай үйл ажиллагааны улмаас 1/654 дүгээр захирамж хууль тогтоомжид нийцээгүй гэж үзэж Б/12 дугаар захирамжаар гаргасан захирамжаа хүчингүй болгосныг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.  Мөн Есөнбулаг сумын Засаг дарга 1/654 дүгээр захирамжаа Б/12 дугаар захирамжаар хүчингүй болгосноор Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын даргыг ажлаас халсан 1/654 дүгээр захирамж нь эрх зүйн үр дагаврыг үүсгэхгүй, хүчин төгөлдөр үйлчилж буй захирамж гэж үзэх үндэслэлгүй ба Л.Эрдэний эрх хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

Харин Есөнбулаг сумын Засаг дарга 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Б/13 дугаар захирамжаар дээрх бичиг хэргийн алдаанаас болж холбогдох хуулийг орхигдуулсаныг нөхөж дахин захирамж гарган Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 25 дугаар зүйлийн 25.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 105.2.3 дахь заалтуудыг үндэслэн Л.Эрдэнийг Тамгын газрын даргын албан тушаалаас 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрөөр тасалбар болгон ажлаас нь халсан байна.

Хариуцагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Эрдэнийг ажлаас халах болсон үндэслэлээ тайлбарлахдаа: Төрийн албан хаагчийн албан үүргээ хангалтгүй биелүүлсэн Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын албан хаагчдыг ажлаас нь халах, хууль бусаар арга хэмжээ авснаас ажилчдын эрх ашиг хохирч байгуулагад хохирол учруулсан, ажил үүргээ хангалтгүй биелүүлж сумын Засаг даргын Тамгын газрын ерөнхий нягтлан, төрийн сангийн мэргэжилтэн, нягтлан бодогч, архив, бичиг хэргийн эрхлэгч нартай үр дүнгийн гэрээ болон хөдөлмөрийн гэрээг 2016 онд огт байгуулаагүй, Захиргааны ерөнхий хуулийн 105.1, 105.2.3 дахь хэсэгт зааснаар захиргааны зөрчилтэй акт гаргасан, түүнийг зохих байгууллагаас зөрчилтэйд тооцсон тул ажлаас нь халсан гэсэн байна.

Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын даргын тухайд Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33.4-т “...ажилтнуудыг томилж, чөлөөлөх”, эрх бүхий албан тушаалтан төдийгүй хуулийн 33.5-т “...эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргах” гэж зааснаар эрх хэмжээнийхээ хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн тушаал шийдвэр гаргах үүрэгтэй энэ үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

           Учир нь: 2016 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Б/03 дугаар тушаалаар Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын сахиул, үйлчлэгч З.Болорнаранг, Б/04 дүгээр тушаалаар үйлчлэгч М.Дугармаа нарыг ажлаас нь чөлөөлсөн. З.Болорнаран, М.Дугармаа нар Говь-Алтай аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, М.Дугармааг 2016 оны 04 дүгээр сарын 14-ны 119 дүгээр шүүхийн шийдвэр, З.Болорнаранг 2016 оны 04 дүгээр сарын 20-ны 125 дугаар шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон.

2016 оны 02 дугаар сарын 29-ны Б/11 дүгээр тушаалаар Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын Нийгмийн бодлого хариуцсан мэргэжилтэн Д.Баярмааг ажлаас чөлөөлсөнийг Д.Баярмаа эрх, хууль ёсын ашиг сонирхлоо хамгаалуулахаар Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж 2016 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 15 дугаар шүүхийн шийдвэр, Захиргааны хэргийн Давж заалдах шатны 211/МА2016/0563 дугаар магадлалаар Засаг даргын Тамгын газрын даргын Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгож, ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн байна.  Мөн сумын Засаг даргын Тамгын газрын архив бичиг хэргийн эрхлэгч М.Гэрэлмаад 2016 оны 05 дугаар сарын Б/14 дүгээр тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсаныг 2016 оны 08 дугаар сарын 10-ны 277 дугаар Говь-Алтай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр  Б/14 дүгээр тушаалыг хүчингүй болгож, хариуцагчаас 2016 оны 06 дугаар сараас  09 дүгээр сарыг дуустал хугацаанд цалингаас үндэслэлгүйгээр 15 хувиар хассан ур чадварын нэмэгдлийг гаргуулж шийдвэрлэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын дарга Л.Эрдэний гаргасан тушаалууд нь тухайн байгууллагын ажилчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хуульд нийцээгүй, хуульд заасан журмыг баримтлаагүй, холбогдох хуулийг зөрчсөн гэсэн үндэслэлээр шүүхээс хүчингүй болгож байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1 зааснаар удаа дараа /2 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

          Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-т “Захиргааны байгууллагын захиргааны шийдвэр гаргах ажиллагаа болон захиргааны акт энэ хуулийн дагуу эрх зүйн зөрчилтэйд тооцогдож эрх зүйн үр дагаваргүй болсон бол тухайн гэм буруутай албан тушаалтны санаатай болон санамсаргүй үйлдсэн зөрчилд нь тохирох шийтгэлийг оногдуулна” хуулийн 105.2-т “Тухайн албан тушаалтныг томилсон болон дээд шатны байгууллагын албан тушаалтан энэ хуулийн 105.1-д заасан зөрчил гаргасан, эсхүл захиргааны шийдвэрийг сайн дураараа эс биелүүлсэн албан тушаалтанд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол дараах шийтгэлийн аль нэгийг оногдуулна” гээд 105.2.3-т “ажлаас нь халах” шийтгэлийг оногдуулж болохыг зохицуулж өгсөн бөгөөд энэ хуулийг 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасан.

          Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хууль мөрдөгдөж эхэлснээр захиргааны байгууллага албан тушаалтнаас шийдвэр гаргах ажиллагаа болон захиргааны акт нь хуулийн дагуу зөрчилтэйд тооцогдож эрх зүйн үр дагаваргүй болсон бол гэм буруутай албан тушаалтны санаатай болон санамсаргүй үйлдсэн зөрчилд нь тохирох шийтгэлийг тухайн албан тушаалтныг томилсон болон дээд шатны байгууллагын албан тушаалтан зөрчил гаргасан албан тушаалтанд шийтгэл оногдуулахаар байна.

            Гэтэл Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын дарга ******* 2016 оны 07 дугаар сарын 19-ны Б/18 дугаар тушаалаар М.Дугармааг, 2016 оны 07 дугаар сарын 29-ны Б/20 дугаар тушаалаар З.Болорнаран нарыг гэрээгээр ажил гүйцэтгүүлэхээр томилсон бөгөөд З.Болорнаран, М.Дугармаа нар мөн Говь-Алтай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, 2016 оны 10 дугаар сарын 14-ний 358, 259 дүгээр шүүхийн шийдвэрээр Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын Б/18, Б/20 дугаар тушаалуудыг хүчингүй болгож, З.Болорнаран, М.Дугармаа нарын ажилгүй байсан хугацааны цалинг олгож шийдвэрлэсэн байна. Дээрх байдлаас дүгнэж үзэхэд Есөнбулаг сумын Засаг дарга 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Б/13 дугаар захирамжаар Есөнбулаг сумын Засаг даргын Тамгын газрын дарга Л.Эрдэнийг ажлаас халахдаа Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.1, 105.2.3 дахь заалтыг үндэслэснийг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.

           

            Хавтас хэргийн материалд 2016 оны 11 дүгээр сарын 07, 15-нд Есөнбулаг сумын Засаг дарга Ж.Ганбат сумын Засаг даргын Тамгын газрын дарга *******тэй уулзаж ажлаас халах талаар сонсох ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, шүүх хуралдаанд гэрч ******* ­ Төрийн сангийн мэргэжилтэн Жамъян, Тамгын газрын нягтлан бодогч М.Хонгорзул, Архив бичиг хэргийн эрхлэгч  бид  дөрөвтэй Тамгын газрын дарга ******* нь Үр дүнгийн гэрээ байгуулаагүй. Бид нар Тамгын даргад гэрээгээ байгуулах талаар  өргөдөл өгөхөд хариу өгөөгүй. Бид нар нэг нэгээрээ, хоёр хоёроороо гэрээ байгуулья гэж олон удаа орж уулзаж байсан гэсэн тайлбар зэргийг дурдах нь зүйтэй байна.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3.14 дэх хэсгүүдэд заасныг удирлага болгон ТОГТООХ нь:

 

1.  Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 105 дугаар зүйлийн 105.2, 105.2.3 дах хэсгүүдэд заасныг баримтлан Л.Эрдэний Есөнбулаг сумын Засаг даргын 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 1/654, Б/12, Б/13 дугаар захирамжуудыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Э.ЗОЛБАДРАХ