Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2019/0581

 

Х.Б-ын нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

                         

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 110/ШШ2019/0059 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Х.Б-ын нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газрын даргад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 110/ШШ2019/0059 дүгээр шийдвэрээр: Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.5.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч Х.Бын “Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/03 дугаар “Тус газрын бүтэц, орон тоог шинэчлэн тогтоох тухай” тушаалыг хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: “ ... 1. Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газрын “Бүтэц орон тоо, албан тушаал”-ыг Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “Дүрэм батлах тухай” А/329 тоот захирамжаар нийт 18 орон тоо, түүний орон тоо “хөнгөн атлетикийн дасгалжуулагч-1” гэсэн бүтэц орон тоогоор баталж өгсөн байдаг. Энэ нь Монгол Улсын Засаг, захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.5 дахь хэсгийг а/-д “Нутаг дэвсгэртээ боловсрол, соёл, эрүүл мэнд, биеийн тамир, спортын талаарх төрийн бодлого, хууль хангах ажлыг зохион байгуулах” гэж, 29 дүгээр зүйлийн 29.2-т “Засаг дарга эрх хэмжээнийхээ хүрээнд хуульд нийцүүлэн захирамж гаргана” гэж заасан бөгөөд мөн хуулийн 29.3-д “Засаг даргын захирамж хууль тогтоомжид хуульд нийцээгүй бол өөрөө эсвэл аймаг нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд хүчингүй болгоно” гэж заасан. Гэтэл аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн “Дүрэм батлах тухай” А/329 тоот захирамжийн “Нэгдүгээр хавсралт”-аар баталсан “Биеийн тамир, спортын газрын бүтэц орон тоо, албан тушаал” хэвээр байгаа, уг захирамж хүчин төгөлдөр байхад “Төсвийн шууд захирагч болох Биеийн тамир, спортын газрын дарга болох Х.Х 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Бүтэц орон тоог шинээр батлах тухай” А/03 тоот тушаал гаргаж, төсвийн ерөнхийлөн захирагчийн баталсан орон тоонд өөрчлөлт оруулж “хөнгөн атлетикийн дасгалжуулагч”-ны бүтэц орон тоог хасаж баталсан нь илт эрх хэмжээ, албан тушаалын эрх мэдлийг хэтрүүлсэн үйлдэл юм. Энэ талаар шүүх буруу дүгнэлт хийсэн гэж гомдол гаргаж байна.

2. Төсвийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д “Аймаг, нийслэлийн засаг дарга тухай шатны төвсийн байгууллагын орон тоог төсвийн захирагч бүрээр батална” гэж заасан байхад төсвийн шууд захирагч болох аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Х.Х нь тушаал гаргаж, бүтэц орон тоог шинээр баталсан нь илт хууль бус шийдвэр гаргасныг шүүх анхаарч үзээгүй, Төсвийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж гомдол гаргаж байна.

3. Монгол Улсын Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 01 дүгээр сарын 30-ний өдрийн “Үлгэрчилсэн дүрэм бүтэц батлах тухай” 35 дугаар тоот тушаалаар “Аймаг, нийслэл, дүүргийн биеийн тамир, спортын газрын үлгэрчилсэн дүрэм”-ийг баталсан бөгөөд уг тушаалын 2 дугаарт “Биеийн тамир, спортын газрын дүрэм, бүтцээ харьяалах аймаг, нийслэл, дүүргийн Засаг даргатай зөвшилцөн батлуулж, шаардагдах хүний нөөцийг үе шаттай бүрдүүлж ажиллахыг аймаг, нийслэлийн Биеийн тамир, спортын газрын дарга нарт үүрэг болгосон” байна. Энэ нь Төсвийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д зааснаар болон Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн “Үлгэрчилсэн дүрэм, бүтэц батлах тухай” 35 дугаар тоот тушаалаар баталсан аймгийн Биеийн тамир, спортын газрын дүрмийн дагуу “Бүтэц, орон тоог” төсвийн ерөнхийлөн захирагч болох аймгийн Засаг дарга баталдаг болохыг хуульчилсан заалт болохыг шүүх шийдвэрийн үндэслэл болгоогүй байна.

4. 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Эрүүл мэнд, спортын сайдын “Үлгэрчилсэн дүрэм, бүтэц батлах тухай” 35 дугаар тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Аймаг, нийслэл, дүүргийн Биеийн тамир, спортын газрын үлгэрчилсэн дүрэм” мөн “Гурав” дахь бүлгийн /удирдлага, зохион байгуулалт/ 4 дүгээрт: “Байгууллагын орон тоог орон нутгийн хүн амын онцлог хэрэгцээнд тулгуурлан тогтоож, энэхүү үлгэрчилсэн дүрэм, бүтцийн загварыг үндэслэн  аймаг, нийслэлийн Засаг даргын шийдвэрээр дүрэм, бүтэц зохион байгуулалтыг батлуулан ажиллана” гэсэн заалт ёсоор аймгийн засаг дарга бүрэн эрхийн хүрээнд Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, Спортын газрын дүрэм, бүтэц орон тоог 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/329 тоот захирамжаар баталсныг буруутгах ямар ч үндэслэл байхгүй юм. Дүрмийн тухай заалт нь аймгийн Биеийн тамир, Спортын газрын дарга Х.Х нь тухайн байгууллагын “Бүтэц орон тоо”-нд өөрчлөлт хийх эрх мэдэл байхгүй болохыг илтгэж байгаа.

5. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 110/ШШ2019/0059 тоот шийдвэр гаргахдаа Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3, Төсвийн тухай хуулийн  65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн, Эрүүл мэнд, Спортын сайдын 2015 оны 01 дүгээр сарын 30-ний өдрийн “Үлгэрчилсэн дүрэм, бүтэц батлах тухай” 35-р тоот тушаалаар баталсан “Аймаг, нийслэл, дүүргийн Биеийн тамир, Спортын газрын үлгэрчилсэн дүрэм”-ийн “Гурав” дугаар бүлгийн 4 дэх заалтад заасан “Бүтэц орон тоо” батлах журмыг огт хэрэглээгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэлтэй болж чадаагүй гэж гомдол гаргаж байна.

Иймд ... давж заалдах гомдлын үндсэн дээр Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 110/ШШ2019/0059 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсье” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх холбогдох хуулийн зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч Х.Б “ ... миний бие аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/109 дүгээр захирамжаар Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон ... Х.Х шүүхийн шийдвэрээр өмнөх ажилдаа эргэн тогтоогдсон тул би ажлаас чөлөөлөгдөж өмнө ажиллаж байсан хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн албан тушаалд томилогдох ёстой, гэтэл тус газрын дарга Х.Х эрхгүй атлаа 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/03 дугаар тушаалаар байгууллагын бүтэц, орон тоог шинэчлэн тогтоохдоо хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн орон тоог хассаны улмаас миний бие ажилд томилогдож чадахгүй хохирч байна, А/03 тоот тушаал миний хөдөлмөрлөх эрхийг зөрчиж байна ...” гэх үндэслэлээр “Баян-Өлгий аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн “Бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай” А/03 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргасан байна.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “... аймгийн Засаг даргын 2017 оны А/329 дүгээр захирамжаар баталсан байгууллагын бүтэц, орон тоонд хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн орон тоо байсан боловч Баян-Өлгий аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 130/ШШ2019/0040 дүгээр шийдвэрээр урьд тус газарт хүндийн өргөлтийн дасгалжуулагчийн орон тоонд ажиллаж байсан М.Т-ыг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон тул 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн А/03 дугаар тушаалаар “хөнгөн атлетикийн дасгалжуулагч”-ийн орон тоог “хүндийн өргөлтийн дасгалжуулагч”-ийн орон тоо болгон өөрчилсөн. Х.Б аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн захирамжаар тус газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн. Хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн ажилд С.Б 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн томилогдон ажиллаж байгаад 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар ажлаасаа чөлөөлөгдсөн ... тус газар нийт 18 орон тоотой ажиллахаар батлагдсан хүрээнд Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.34, 4.1.38, 16 дугаар зүйлийн 16.5.3-д заасныг үндэслэн 2019 оны А/03 дугаар тушаалыг гаргасан ...” гэх, гуравдагч этгээд М.Т “... аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Б нь хувийн өш хонзон таарамжгүй харьцааны улмаас намайг хавчин гадуурхаж ирсэн ... намайг 2 удаа хууль зүйн үндэслэлгүй ажлаас халсан ... шүүх намайг хүндийн өргөлтийн дасгалжуулагчийн ажилд эгүүлэн тогтоосон ... Х.Б нь тус газрын хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн ажлаас бүрмөсөн чөлөөлөгдөөд 2 жил гаран болж байна ... хуульд төсвийн захирагч бүрийн харьяанд ажиллах хүчний тоог аймгийн Засаг дарга баталж өгөхөөр заасан байна ... ажил олгогч батлагдсан орон тооноос хэтрүүлэхгүйгээр орон тоо, бүтцийг тогтоож байгааг зөв, хууль зөрчөөгүй гэж үзэж байна ... хөнгөн атлетикийн дасгалжуулагчаар жинхлэн томилогдож ажиллаж байсан хүн нь С.Б, тэр маргаагүй байна ... нэхэмжлэл үндэслэлгүй ...” гэх тайлбарыг тус тус гаргажээ.

Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д “Дараах албан тушаалтан төсвийн ерөнхийлөн захирагч байна”, 14.1.17-д аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга тухайн шатны орон нутгийн энэ хуулийн 14.1.15, 14.1.16-д зааснаас бусад төсвийн”, 14.2-т “Төсвийн ерөнхийлөн захирагч төсвийн удирдлагын талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 14.2.12-т “эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төсөвт байгууллагын үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэх, чиг үүргийн давхардлыг арилгах, ажлын ачааллыг нягтруулах, бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор чиг үүрэг, зохион байгуулалтын бүтцийг батлагдсан орон тооны хязгаар, төсөвт багтаан шинэчлэн тогтоох”, 65 дугаар зүйлийн 65.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга орон нутгийн төсвийн удирдлага, санхүүжилтийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 65.1.8-д “тухайн шатны төсвийн байгууллагын орон тоог төсвийн захирагч бүрээр батлах” гэж тус тус зааснаас үзвэл төсвийн ерөнхийлөн захирагч аймгийн Засаг даргын тухайд өөрийн харьяа төсвийн байгууллагын чиг үүрэг, зохион байгуулалтын бүтцийг хуульд заасан зорилгын хүрээнд шинэчлэн тогтоох буюу тухайн байгууллага хэдий хэмжээний орон тоотой байхыг баталгаажуулах эрхтэй байна.

Хариуцагч аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга нь Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.4-д “дараах албан тушаалтан төсвийн шууд  захирагч байна” гэж заасны дагуу тухайн байгууллагын төсвийн шууд захирагчийн хувьд мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “Төсвийн байгууллага нь түүний үйл ажиллагааг үр ашигтай удирдлагаар хангаж, ажлын үр дүнг хариуцах үүрэг бүхий төсвийн шууд захирагчтай байна” гэж заасны дагуу аймгийн Биеийн тамир, спортын газрын өдөр тутмын үйл ажиллагааг үр ашигтай удирдлагаар хангаж, ажлын үр дүнг хариуцах үүрэг бүхий этгээдийн хувьд төсвийн ерөнхийлөн захирагч буюу аймгийн Засаг даргын баталж тогтоосон зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаар, цалингийн санд багтаан өөрийн байгууллагад ямар албан тушаалын орон тоо байвал зохистойг шийдвэрлэх эрхтэй, энэхүү эрхийн хүрээнд маргаан бүхий тушаалаар аймгийн Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн А/329 дүгээр тушаалаар баталсан 18 орон тооны хязгаарт багтаан тус газрын бүтэц, орон тоог шинэчилж, тогтоохдоо хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн орон тоог хасч, хүндийн өргөлтийн дасгалжуулагчийн орон тоог бий болгон тогтоосон нь Төсвийн тухай хуулийн 16.5-д “төсвийн шууд захирагч нь төсвийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 16.5.1-д “Төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах”, 16.5.3-д “батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох” гэж тус тус заасантай нийцсэн байна.

Ийнхүү хариуцагч маргаан бүхий актаар байгууллагын бүтэц, орон тоог өөрчлөн тогтоосон нь хууль зөрчөөгүй байхаас гадна дор дурдсан үндэслэлээр бодит нөхцөлд тохирсон, үндэслэлтэй шийдвэр байх бөгөөд тус шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2016 оны А/03 дугаар захирамжаар Биеийн тамир, спортын газрын дүрэм, бүтэц, орон тоог баталсан байх бөгөөд нийт 21 орон тоотой баталсны дотор хөнгөн атлетикийн болон хүндийн өргөлтийн дасгалжуулагчийн тус бүр 1 орон тоо батлагдсан бол мөн даргын 2017 оны А/329 дүгээр захирамжаар тус газар нийт 18 орон тоотой, үүнд дасгалжуулагчийн 6 орон тоо батлагдсаны дотор хөнгөн атлетикийн орон тоо байх боловч хүндийн өргөлтийн дасгалжуулагчийн орон тоо хасагдан батлагдаж байжээ.

Нэхэмжлэгч Х.Б аймгийн Засаг даргын 2012 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 01 дүгээр тушаалаар аймгийн Биеийн тамир, спортын газрын хөнгөн атлетикийн дасгалжуулагчаар томилогдон ажиллаж байгаад аймгийн Засаг даргын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн Б/109 дүгээр захирамжаар Биеийн тамир, спортын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон бол аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/63 дугаар захирамжаар шүүхийн шийдвэрийг үндэслэн аймгийн Биеийн тамир, спортын газрын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн, харин аймгийн Засаг даргын 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн Б/64 дүгээр захирамжаар Х.Х тус газрын даргын албан тушаалд томилогдсон байна.

Биеийн тамир, спортын газрын даргын /Х.Б/ 2017 оны Б/03 дугаар тушаалаар хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн орон тоонд С.Бахытыг түр, 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар бүр /жинлэн/ томилсон байх боловч тус газрын даргын /Х.Х/ 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн, мөн газрын даргын /Х.Х/ 2016 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дүгээр тушаал[1]-аар М.Т-ыг хүндийн өргөлтийн дасгалжуулагчийн орон тоонд томилсон, улмаар мөн газрын даргын /Х.Б/ 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Б/15 дугаар тушаалаар “орон тоо хасагдсан” гэх үндэслэлээр хүндийн өргөлтийн дасгалжуулагчийн ажлаас чөлөөлсөн байх боловч тэрээр 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Б/16 дугаар тушаалаар өмнөх Б/15 дугаар тушаалаа хүчингүй болгосон, мөн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн Б/08 дугаар тушаалаар дахин М.Т-ыг хүндийн өргөлтийн дасгалжуулагчийн ажлаас чөлөөлсөн, М.Т тус тушаалыг эс зөвшөөрч шүүхэд маргасан, тус аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 41 дүгээр шийдвэрээр түүнийг хүндийн өргөлтийн дасгалжуулагчийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн болох нь тус тус тогтоогдсон байна.  

Нэхэмжлэгчээс “... тус газрын даргаар ажиллаж байсан Х.Х шүүхийн шийдвэрээр өмнөх ажилдаа томилогдсон тул би Биеийн тамир, спортын газрын даргын ажлаас чөлөөлөгдөж, өмнө нь ажиллаж байсан тус газрын хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн орон тоонд томилогдох ёстой” гэж маргасан байх боловч Биеийн тамир, спортын газрын даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн тохиолдолд өмнө ажиллаж байсан хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн ажилд шууд томилогдох эрх зүйн боломж, үндэслэлийг тайлбарлаж маргаагүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч анхан шатны шүүхийн “... тус газрын даргаар ажиллаж байхдаа буюу 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн орон тоонд С.Б-ыг түр, 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Б/14 дүгээр тушаалаар бүр томилсон байх бөгөөд тус газрын даргаар ажиллаж байхдаа 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 30 дугаар албан бичгээр хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн орон тоог хасаж, байгууллагын бүтэц орон тоог батлуулахаар аймгийн Засаг даргад санал гаргаж байсан, аймгийн Засаг даргын 2017 оны А/329 дүгээр захирамжаар тус газрын бүтэц, орон тоо шинэчлэн батлагдахад өмнө байсан хүндийн өргөлтийн дасгалжуулагчийн орон тоо хасагдсаны улмаас М.Т-ыг ажлаас чөлөөлсөн боловч түүний шүүхэд гаргасан гомдлыг хүлээн зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэн ажлаас чөлөөлсөн тушаалаа өөрөө хүчингүй болгож, М.Т-ыг хүндийн өргөлтийн дасгалжуулагчийн орон тоонд томилон ажиллуулж байсан, түүнчлэн нэхэмжлэгчийн өөрийнх нь гаргасан М.Т-ыг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг шүүх хүчингүй болгож, М.Т-ыг ажилд нь эгүүлэн тогтоосны улмаас хүндийн өргөлтийн дасгалжуулагчийн орон тоог бий болгон тогтоосон хариуцагчийн шийдвэр бодит байдалд тохирсон, үндэслэлтэй ...” гэх дүгнэлтүүдийг үгүйсгэж няцаагаагүй, эдгээр үйл баримтуудтай маргаагүй байна.

Анхан шатны шүүх Төсвийн тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасны дагуу аймгийн Засаг дарга төсвийн ерөнхийлөн захирагчийн хувьд төсвийн байгууллагын бүтэц, орон тоог батлах эрхтэй, харин хариуцагч нь төсвийн шууд захирагчийн тухайд Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3-д заасны дагуу батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоог тогтоох эрхтэй, энэ эрхийн хүрээнд маргаан бүхий тушаалаар хөнгөн атлетикийн дасгалжуулагчийн орон тоог хасч, хүндийн өргөлтийн дасгалжуулагчийн орон тоог бий болгосон, ийнхүү орон тооны хязгаарт багтаан шаардлагатай орон тоог өөрчлөн тогтоосон нь нэхэмжлэгчийн өмнө тус байгууллагын даргын үүргийг гүйцэтгэж байхдаа гаргасан шийдвэртэй холбоотой буюу сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг биелүүлэх нөхцөл шаардлагад нийцсэн шийдвэр” гэж үзсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн “... шүүх хууль буруу тайлбарласан, ... Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 35 дугаар тушаалаар баталсан үлгэрчилсэн дүрмийн холбогдох заалтыг хэрэглээгүй...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Иймд шүүх бүрэлдэхүүн дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

                                                             ТОГТООХ нь:                                                            

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 110/ШШ2019/0059 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                ШҮҮГЧ                                                  Э.ЗОРИГТБААТАР

                                ШҮҮГЧ                                                  Г.БИЛГҮҮН

                                ШҮҮГЧ                                                  Н.ХОНИНХҮҮ 

 


[1] ХХ-ийн 112 дугаар хуудас