Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 001/ХТ2018/0243

 

 

Г.М-Э-ийн нэхэмжлэлтэй,

Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад

холбогдох захиргааны хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:   Шүүгч Л.Атарцэцэг

Шүүгчид:       Б.Мөнхтуяа

Д.Мөнхтуяа

П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох    

Нэхэмжлэлийн шаардлага: “Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 936, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/556 дугаар тушаалуудыг тус тус хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, бичилт хийлгэх”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0929 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2018/0211 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид:  

Нэхэмжлэгч Г.М-Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баднайсүрэн нарыг оролцуулж,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0929 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн  11.6, 27 дугаар зүйлийн 27.1.11, 27.2.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн  35.1.4, 36 дугаар зүйлийн 36.1.2, 46 дугаар зүйлийн 46.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 100 дугаар зүйлийн 100.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 936, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/556 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.М-Э-ийг Баянзүрх дүүргийн Бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан 3 сар 4 хоногийн цалин 1.945.375 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар хариуцагч нь 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийх үүрэгтэйг дурьдсан байна.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2018/0211 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0929 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхижээ.

Хяналтын журмаар гаргасан гомдол   

3. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2018/0211 дугаартай магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

4. Иргэн Г.М-Э-ийн гаргасан Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Б/556 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хангаж шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

5. Нэхэмжлэгч Г.М-Э нь 2014 онд амаржсаны болон хүүхэд асрах чөлөө хүссэн тухай өргөдлөө огт гаргаж байгаагүй, чөлөө олгосон тухай эрх бүхий албан тушаалтны тушаал шийдвэр гараагүй, мөн нэхэмжлэгч нь 2014 оноос хойш ажилдаа эргэж орох талаар хүсэлтээ гаргаж байгаагүй, үүрэгт ажлын байрандаа ажиллаагүй болно. Мөн 2015 онд түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон захиргааны акт гарсныг мэдэж байсан боловч гурван жилийн дараа 2017 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, Монгол Улсын дээд шүүхийн “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 2010 оны 8 дугаар тогтоолын 20.2-т заасан өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл 30 хоногийн дотор гомдол гаргана гэснийг зөрчсөн байхад анхан болон давж заалдах шатны шүүх анхаарч үзээгүй байна гэжээ.

ХЯНАВАЛ:

6. Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан хэрэглэвэл зохих Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэргийг хуулийн дагуу үндэслэлтэй шийдвэрлэсэн байна.

7. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Г.М-Э нь 2014 оны 07 дугаар сарын 09-ний өдрөөс жирэмсэн болон амаржсаны амралт авсан болох нь 0312324 дугаартай эмнэлгийн хуудсаар нотлогдож байх бөгөөд хариуцагч нь мөн өдрөөр тасалбар болгон түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, Баянзүрх дүүргийн Бүртгэлийн хэлтсийн Иргэний бүртгэлийн тасгийн улсын бүртгэгч Ж.Б-ийн хүүхэд асрах чөлөөг дуусах хүртэл хугацаанд албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон, улмаар Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” Б/556 дугаар тушаалаар “Баянзүрх дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн Иргэний бүртгэлийн тасгийн улсын бүртгэгч Ж.Б-ийн гаргасан хүсэлтийг харгалзан хүүхэд асрах чөлөөг дуусгавар болгон үүрэгт ажилд нь үргэлжлүүлэн ажиллуулах болсон тул” гэсэн үндэслэлээр 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн тушаал тус тус гаргажээ.

8. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4-т “жирэмсний болон амаржсаны амралттай болон хүүхэд асрах чөлөөтэй байгаа” үед ажил, албан тушаалыг хэвээр хадгална, 104 дүгээр зүйлийн 104.1-д “Эхэд жирэмсний болон амаржсаны 120 хоногийн амралт олгоно” гэж тус тус заасныг зөрчсөн байх тул Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 936 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал үндэслэл бүхий байна.  

9. Мөн Төрийн албаны тухай хуульд төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлөх хэд хэдэн үндэслэлийг тодорхой зааж өгсөн, харин нэхэмжлэгч Г.Мөнх-Эрдэнийг ажлаас чөлөөлсөн нь энэхүү хуулийн зохицуулалтад хамаарахгүй бөгөөд хариуцагчаас маргаан бүхий 2017 оны Б/556 дугаар тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл заалтыг үндэслээгүйг дурдах нь зүйтэй.   

10. Түүнчлэн “Баянзүрх дүүргийн Бүртгэлийн хэлтэст архивын мэргэжилтний албан тушаалын орон тоо хасагдаж, харин эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн орон тоо 14 болж нэмэгдсэн, нэхэмжлэгчийн жирэмсний амралт авах үед ажиллаж байсан архивын мэргэжилтний чиг үүрэг, албан тушаалын ангилал, зэрэглэл нь түүний өмнө ажиллаж басан эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчийн албан тушаалтай дүйцэхүйц дэс түшмэлийн ангиллын ТЗ-6-2 зэрэглэлийн байх тул Баянзүрх дүүргийн Бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчээр эгүүлэн томилох боломжтой байна” гэж шүүхүүд зөв дүгнэжээ. 

11. Давж заалдах шатны шүүхээс “нэхэмжлэгч нь тухайн үед хүүхэд төрүүлсэн гэдгээ хариуцагч байгууллагын холбогдох хүмүүст мэдэгдсэнээр хуулийн дагуу жирэмсний тэтгэмж тооцож, нийгмийн даатгалын шимтгэлийг хариуцагч байгууллага төлж байсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон” гэж дүгнэснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Нэхэмжлэгч Г.М-Э нь 2014 онд амаржсаны болон хүүхэд асрах чөлөө хүссэн тухай өргөдлөө огт гаргаж байгаагүй, чөлөө олгосон тухай эрх бүхий албан тушаалтны тушаал шийдвэр гараагүй” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй юм.

12. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2017/0929 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 221/МА2018/0211 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Л.АТАРЦЭЦЭГ

 

                        ШҮҮГЧ                                                                       Х.БАТСҮРЭН