Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2017/01273

 

Х.Т-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 214 дүгээр шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 212/МА2017/00062 дугаар магадлалтай,

Х.Т-н нэхэмжлэлтэй,

К.Б-д холбогдох,

4.152.600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч К.Б-ы гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Х.Т- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: К.Б- нь хонины өлөн гэдэс авч боловсруулан гадаадад гаргадаг компанитай байсан бөгөөд би хар зах дээрээс цуглуулсан өлөн гэдсийг түүнд нийлүүлдэг байсан. Би 2015 оны 2, 3, 4 дүгээр сард нийтдээ 4.307ш өлөн гэдэс нэг бүрийг 1.800 төгрөгөөр үнэлэн тушааж бүгд 7.752.600 төгрөг авах ёстой байснаас 3.600.000 төгрөгийг бэлнээр авсан бөгөөд үлдсэн 4.152.600 төгрөгийг өгөөгүй. Иймд К.Б-аас 4.152.600 төгрөг гаргуулж гэжээ.

Хариуцагч К.Б- шүүхэд гаргасан тайлбартаа: Х.Т- бид хоёрын хооронд өлөн гэдэстэй холбоотой өр авлагын тооцоо бүрэн дууссан. Урьд нь нэхэмжлэлийг эвлэрүүлэн зуучлагчид гаргаж байсан ба би бүх зүйлээ тодорхой хэлж өгч байхад дахин шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Х.Т- нь шүүхэд хуурамч нотлох баримт бүрдүүлэн өгсөн байна. Миний бие гар утаснаас мессэжийг Х.Т-д бичээгүй. Мөн фейсбүүкийн ийм бүртгэлд байхгүй. Иймд хуурамч нотлох баримт бүрдүүлэн надаас үндэслэлгүй мөнгө нэхэмжилж байгаа нэхэмжлэлийг бүхэлдээ хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 214 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-ийг баримтлан хариуцагч Шыбарайгыр жүзик овогт Көксегений Бахытжанаас өлөн гэдэсний үнэ 1.950.000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Шеруши төлек овогт Хожагийн Тилеубайд олгож, түүний илүү нэхэмжилсэн 2.202.600 /хоёр сая хоёр зуун хоёр мянга зургаан зуун/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 81.392 /наян нэгэн мянга гурван зуун ерэн хоёр/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч К.Б-аас 46.150 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Т-д олгож шийдвэрлэжээ.

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 212/МА2017/00062 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 214 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “1.950.000 төгрөгийг” гэснийг “1.985.100 төгрөгийг” гэж, “2.202.600 /хоёр сая хоёр зуун хоёр мянга зургаан зуун/ төгрөгийг” гэснийг “2.167.500 төгрөгийг" гэж, 2 дахь заалтын “46.150 төгрөгийг” гэснийг “46.712 төгрөгийг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1,-т заасныг баримтлан хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45.150 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч К.Б- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 214 дүгээр шийдвэр болон Баян-Өлгий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 212/МА2017/00062 тоот магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Миний бие фейсбүүк болон гар утсаараа нэхэмжлэгчид харьцаж байгаагүй, харьцсан ч гэсэн өлөн гэдэсний тухай зүйл бичиж байгаагүй боловч нэхэмжлэгчийн хуурамчаар үйлдэж, үүнийг таньдаг нотариатаар гэрчлүүлэн авч шүүхийг амжилттай төөрөгдүүлсэн явдалд харамсаж байна. Тэр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгосон фейсбүүк болон гар утасны мессэжний хуулбар нь бичмэл нотлох баримт мөн, гэхдээ эх хувь нь ч биш, нотариатаар гэрчлүүлсэн хуулбар нь биш. Хариуцагч би анхан шатны шүүхэд “дээрх 2 нотлох баримтыг шинжлүүлэхээр шинжээч томилж өгөөч ээ" гэсэн хүсэлтээ өгч байсан боловч харамсалтай нь хангасангүй. Хэрэгт авагдсан компанийн тодорхойлолт болон гэрч С.Түмэнжаргал, А.Майгүл нарын гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас үзэхэд тухайн компанийн үйл ажиллагаа 2015 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүртэл хэвийн явагдсан байдаг. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн уул баримт нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй эргэлзээтэй баримт. Мөн миний гаргаж өсөн тооцооны хүснэгтийг буруу дүгнэсэн.

Шүүх хуралдаан 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр өглөө 10 цагт товлогдсон, би чухал ажилтай байсан тул шүүх хуралдаанд биечлэн оролцох боломжгүй хүсэлтээ албан ёсоор бичгээр гаргасан байтал шүүгч А.Жархынгүл нь өөрийнхөө 99426331 гэсэн утасны дугаараас залгаж “Би Жархынгүл шүүгч байна. Чи яг одоо шүүхэд хүрээд ир, тэгэхгүй бол би цагдаа явуулж чамайг албадан авчруулна” гэж хэлсэн. Хуульд зааснаар хэргийн оролцогчид шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхтэй. Харин зохигчийг шүүх хуралдаанд заавал албадан оролцуулахыг үүрэг болгосон зохицуулалт байхгүй. Анхан шатны шүүгч зөвхөн нэг талыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэсэн.

Иймд Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 214 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч Х.Т- нь хариуцагч К.Б-аас 4.152.600 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагын үндэслэлийг худалдсан өлөн гэдэсний үнэ гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа “...өлөн гэдэстэй холбоотой өр авлагын тооцоо бүрэн дууссан” гэжээ.

Хариуцагч нь нэхэмжлэгчээс 2015 оны 1-4 сард өлөн гэдэс худалдан авдаг байсан ба 1.985.100 төгрөг төлөөгүй болох хэргийн баримтаар тогтоогджээ.

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар өлөн гэдэс худалдах худалдан авах гэрээ амаар байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байна.

 Хүчин төгөлдөр гэрээнд заасан үүргээ талууд биелүүлэх, биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэл, үр дагаврыг шаардах эрхтэй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч нь татгалзлаа нотолж чадаагүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтад тулгуурлан нэхэмжлэлийн шаардлагыг зарим хэсгийг хангахдаа тооцооны алдаа гаргажээ.

Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулж хариуцагчаас 1.985.100 төгрөг гаргуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-г зөрчөөгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, талуудын мэтгэлцэх эрхийг хангасан,  хэргийн нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу үнэлжээ.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.3-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхийн дуудсанаар хүрэлцэн ирэх үүрэгтэй тул хариуцагчийн “...шүүх хуралдаанд албадан оролцуулсан...” талаарх гомдол үндэслэлгүй. 

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 212/МА2017/00062 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч К.Б-ы гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр төлсөн 46.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ