| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Данжаадын Уранчимэг |
| Хэргийн индекс | 104/2016/0361/И |
| Дугаар | 460 |
| Огноо | 2016-09-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 09 сарын 08 өдөр
Дугаар 460
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранчимэг даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн иргэний шүүх хуралдаанаар нэхэмжлэгч: ******* тоотод оршин суух, /РД:*******/ ******* овогт *******ын *******гийн
хариуцагч: ******* тоотод оршин суух, /РД:*******/ ******* овогт *******ын ,
хариуцагч: ******* тоотод оршин суух, /РД:/ овогт ийн нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлтэд 3 744 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ихэрбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С., Г. нар нь 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Т.******* надаас өөрсдийн хүсэлтээр гэрээ хэлцэл хийж 800 000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэйгээр зээлж хүүг сар бүрийн 15-ны өдрийн дотор миний Хаан банкин дахь тоот дансанд шилжүүлэхээр 9 сарын хугацаатайгаар зээлсэн боловч 1 жил 4 сарын хугацаа өнгөртөл зээлээ төлөөгүй. Энэ хоёр хүний хүүхдүүд нь миний гарын шавь учир эдгээр хүмүүст мөнгөө маш бага 5 хувийн хүүтэй зээл олгосон. Дараа нь эдгээр хүмүүс зээлийн хугацааг сунгая гэсэн саналыг амаар тавьдаг. Эхний сарын төлбөр 40 000 төгрөгийг төлсөн. Гэрээ бол хууль зүйн дагуу байгуулсан, гэрээг би өөрөө бичсэн. Намайг эмнэлэгт байхад хүүхдээрээ нэг удаа эргүүлсэн. Эдгээр хүмүүсийн сайн талыг дурдах нь зүйтэй гэж үзэж байна. Мөн намайг гэрт нь ороход цай, хоол өгдөг гэх зэрэг сайн талтай хүмүүс. Хүүг хугацаанд нь төлөөгүй, гэрээг зөрчвөл гэрээг зогсоох эрх надад байсан. Гэвч хариуцагч нар гуйгаад байсан учир би уг гэрээг цуцлаагүй. 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 800 000 төгрөгийг Г. С. нар бэлнээр авч эдгээр хүмүүс гарын үсэг зурсан байгаа. Би эдгээр хүмүүсээс 16 сарын хүү 640 00 төгрөг, 480 хоногийн алданги 2 304 000 төгрөг тооцон нийтдээ 3 744 000 төгрөгийг нэхэмжилж байна. Хариуцагч нар нь гэрээнд зааснаар үүргээ хугацаанд нь биелүүлэхгүй 1 жил 4 сар болсноос эрүүл мэнд сэтгэл санаанд хохирол учирч би , зэрэг сувилалд эмчлүүлсний зардал 2 000 000 төгрөг нэхэмжилж болох ч ёс зүйг бодож нэхээгүй. Хэрэв нэхэмжлэлийн дагуу өрөө яаралтай төлөхгүй бол жич нэхэмжилнэ гэв.
Хариуцагч С., Г. нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлага 3 744 000 төгрөгийг бүрэн төлөх боломжгүй, хүлээн зөвшөөрөхгүй. Нэг удаа эхний сарын хүү 40 000 төгрөг төлсөн. Гэрээний дагуу зээлсэн 800 000 төгрөгийг хүүтэй нь төлж барагдуулна, өөр зүйл төлөхгүй гэжээ.
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.******* хариуцагч С., Г. нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн биелэлтэд үндсэн зээл 800 000 төгрөг, 16 сарын хүү 640 00 төгрөг, 480 хоногийн алдангид 2 304 000 төгрөг тооцон нийт 3 744 000 төгрөг гаргуулахаар шаардсан ба нэхэмжлэгч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж оролцлоо.
Хариуцагч С., Г. нар 2016 оны 08 дугаар сарын 09, 11-ний өдрүүдэд нэхэмжлэлийг гардан авч эрх үүргээ тайлбарлуулан, нөлөөллийн мэдүүлэг, шийдвэрийг цахим санд байршуулах мэдэгдэлтэй танилцан гарын үсэг зурсан, нэхэмжлэлийн зарим хэсгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч, заримыг үл зөвшөөрсөн тухай хариу тайлбараа тус тус бичгээр гаргаж ирүүлсэн. Нэхэмжлэгчид хариу тайлбарыг танилцуулсны үндсэн дээр зохигчид хэргийн баримтуудтай танилцсан болно.
Шүүх 2016 оны 09 сарын 08-ны өдөр хэргийг хэлэлцэхээр шүүх хуралдааны тов гарган хариуцагч нарт хуралдааны мэдэгдлийг 2016 оны 09 сарын 05-ны өдөр баталгаат шуудангаар хүргүүлж, 2016 оны 09 сарын 05, 06-ны өдөр шүүхэд өгсөн гар утаснуудад нь тус тус холбогдож, 2016 оны 09 сарын 08-ны өдрийн 11 цагт шүүх хуралдаан товлосон талаар хэлж мэдэгдэхэд шүүх хуралдаанд хүрэлцэн ирэх боломжтой гэсэн болох нь шүүхийн ажилтны тэмдэглэлүүд, Монгол шуудан холбооны тодорхойлолтуудаар батлагдаж байна.
Харин товлосон энэ өдрийн шүүх хуралдаанд хариуцагч нар ямар нэг шалтгаан баримтгүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэж үзэх үндэслэл болж байна.
Нэхэмжлэгч хэргийг тэдний эзгүйд хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтээр хэрэгт цугларсан баримт, хариуцагчийн нэхэмжлэлд гаргасан тайлбарыг үндэслэн хэргийг хариуцагчийн эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.
Хариуцагч нар нэхэмжлэлийг гардан аваад шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа, үндсэн зээл 800 000 төгрөгийг зээлж авсан, тохиролцсон хүү 360 000 төгрөгөөс 1 удаа эхний сарын хүүд 40 000 төгрөг төлсөн гээд үндсэн зээл 800 000 төгрөгийг хүүгийн хамт төлөхөөр хүлээн зөвшөөрч үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй, бүрэн төлөх боломжгүй гэж маргана.
Зохигчид 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдөр бичгээр хэлцэл үйлдэн тохиролцож, Т.******* 800 000 төгрөгийг хариуцагч С., Г. нарт сарын 5%-ийн хүүтэй, 9 сарын хугацаатай зээл өгсөн, хариуцагч нар эхний сарын хүү 40 000 төгрөг төлсөн, үлдэх саруудын хүүг үндсэн зээл 800 000 төгрөгийн хамт төлөх үүргээ биелүүлээгүй үйл баримт бий болсон, уг үйл баримтад талууд маргаагүй.
Нэхэмжлэгч шаардлагаа нотлож Хаан банкны 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 800 000 төгрөгийн зарлагын мэдүүлэг, 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн талуудын гарын үсэг бүхий бичгээр үйлдэгдсэн хэлцэл зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн нь бичмэл баримтын хуулийн шаардлага хангасан байх тул үнэлэв.
Хариуцагч С., Г. нар тайлбараа нотлож ямар нэг баримт ирүүлээгүй.
Нэхэмжлэгчийн шаардлагаа нотлож ирүүлсэн 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн “Ухаалаг соёлтой амьдралын төлөө нийгэмлэг”-ийн тамга дарагдсан зохигчдын гарын үсэг бүхий талуудын маргаагүй баримт нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.”Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан зээлийн гэрээний шинжийг агуулсан хуулийн шаардлага хангасан хэлцэл байх ба нэхэмжлэгч нь хэлцлээр тохиролцсон мөнгийг зээлдэгч нарт бүрэн шилжүүлэн өгсөн байна.
Хариуцагч нар зээлийн гэрээгээр шилжүүлэн авсан зээлээ буцаан төлөөгүй буруутай, гэрээнд тохиролцсоноор нэхэмжлэгч Т.*******, хариуцагч С., Г. нарт 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс 9 сарын хугацаатай, сарын 5%-ийн хүүтэй зээл олгосны дагуу хариуцагч нар эхний сарын хүү болох 40 000 төгрөгийг нэхэмжлэгч Т.*******д төлсөн байгаа нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.1.”Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно.” гэж заасны дагуу үлдэх 8 сарын хүүг хариуцах үүрэгтэй байна.
Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3.”Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана.”,мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.7.”Үүрэг гүйцэтгэгч үүргээ хугацаанд нь биелүүлээгүй тохиолдолд анз төлөхөөр гэрээнд заагаагүй бол үүрэг гүйцэтгүүлэгч анз шаардах эрхгүй бөгөөд харин учирсан хохирлоо арилгуулахыг шаардах эрхтэй.” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч гэрээгээр тохиролцоогүй хугацааны хүү, гэрээнд тусгагдаагүй алданги тус тус шаардах эрхгүй, гэрээний үүрэг зөрчигдсөнөөс учирсан хохирлоо шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч хариуцагч нарыг бие мах бодид гэмтэл учруулсан асуудал байгаа талаар тайлбар гарган, мөн сэтгэл санаа эрүүл мэндэд учирсан бусад хохирлын асуудлаар жич холбогдох байгууллагад хандан шаардана гэсэн тайлбар гаргаж байх ба энэ удаагийн нэхэмжлэлээр гэрээнээс учирсан хохирол шаардаагүй тул талуудын тохиролцсон гэрээнд заасан хохирлын асуудлаар шаардлага гаргах, бусад гэм хор учруулсан талаар холбогдох байгууллагад хуульд нийцүүлэн хандах, шаардлага гаргах асуудал нээлттэй болно.
Иймд төлөөгүй үндсэн зээл 800 000 төгрөг, төлөгдөөгүй 8 сарын хүү 320 000 төгрөг бүгд 1 120 000 төгрөгийг хариуцагч С., Г. нарт хариуцуулан гаргуулж нэхэмжлэгч Т.*******д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2 624 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74 854 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, хариуцагч нараас хариуцах тэмдэгтийн хураамжид 31 430 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.*******д олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3., 115 дугаар зүйлийн 115.2.2., 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.7., 281 дүгээр зүйлийн 281.1., 282 дугаар зүйлийн 282.3.-т заасныг тус тус баримтлан хариуцагч С., Г. нараас 1 120 000 /нэг сая нэг зуун хорин мянга/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.*******д олгож, нэхэмжлэлээс үлдэх 2 624 000 /хоёр сая зургаан зуун хорин дөрвөн мянга/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 74 854 /далан дөрвөн мянга найман зуун тавин дөрөв/ төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээн, хариуцагч С., Г. нараас хариуцан төлөх улсын тэмдэгтийн хураамжид 31 430 /гучин нэг мянга дөрвөн зуун гуч/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т.*******д олгосугай.
3. Нэхэмжлэгч талуудын тохиролцсон гэрээнд заасан хохирлын асуудлаар болон өөрт учирсан гэм хорыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2., 119.4.-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэр хүчинтэй болсноос 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7.-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг зохигчид шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2.-т зааснаар зохигчид шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.УРАНЧИМЭГ