Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 225/МА2024/00017

 

 

 

 

 

 

2024 07 03 225/МА2024/00017

 

 

Ж.Бийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Л.Эрдэнэбат, Н.Баярхүү нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 155/ШШ2024/00520 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ж.Бийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: О.Гад холбогдох

2,000,000 (хоёр сая) төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч О.Гын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Н.Баярхүүгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С, хариуцагч О.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баяржаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие Мөрөн сумын иргэн хариуцагч О.Гад түүний хүсэлтийн дагуу 2022 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөгийг ХААН банкны 000 дугаартай дансаар шилжүүлж өгсөн юм. Тухайн үед тэрээр мөнгийг койнд байршуулж байгаад цаг хугацааны дараа буцаагаад өгчихнө гэж надад хэлсэн. Хэдийгээр цаг хугацаа өчнөөн өнгөрсөн боловч тэрээр надаас авсан мөнгөө буцааж өгөхгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Хариуцагч О.Г миний мөнгийг өөрийн дансаар хүлээн авч захиран зарцуулсан атлаа буцааж өгөхгүй байгаа нь миний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчиж байна.

...Иймд нэхэмжлэгч надад хохирол учруулсан хариуцагч Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Оюунцэрэнгийн Гаас 2,000,000 (хоёр сая) төгрөгийг гаргуулан намайг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хариуцагч О.Г нь хүчин төгөлдөр бус хэлцэл хийх замаар Монгол Улсад зөвшөөрөгдөөгүй хориглосон үйл ажиллагааны хүрээнд нэхэмжлэгчийн хөрөнгийг эзэмшсэн нь тодорхой байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлд заасан үүргийн хүрээнд, тодруулбал Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараах тохиолдолд буцаан шаардах эрхтэй, мөн зүйлийн 492.1.1-д хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй эсхүл үүссэн үүрэг нь дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заасан зохицуулалтын дагуу нэхэмжлэгч Ж.Бид хариуцагчаас өөрийн хөрөнгийг буюу түүнд шилжүүлж өгсөн 2,000,000 (хоёр сая) төгрөгийг шаардах эрх, хариуцагч О.Гад үндэслэлгүйгээр хөрөнгөжсөнөөс шалтгаалан бусдын хөрөнгийг буцааж өгөх үүрэг үүссэн байна гэж итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс үзэж байна.

Иймд Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн хариуцагч О.Гаас нэхэмжлэгч Ж.Бийн 2,000,000 (хоёр сая) төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч О.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Энэ нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна. Би энэ хүнийг танихгүй бөгөөд огт харилцаж байгаагүй. Болсон явдал гэвэл миний бие 2022 оны хавар Платинкойн компанийн PLCU койнд бүртгэл үүсгэж хэрэглэж эхэлсэн. Тухайн үед өөрийн ойрын хүрээллийн цөөн хүнд санал болгож байсан. Ингээд хамт ажилладаг Б.Мд санал болгоход тэрээр хүлээж авсан бөгөөд хэд хоногийн дараа түүний найз бүсгүй Жамбалдоржийн Молормаа манай нэг эгч койн авъя гээд байна. Та бүртгэлийг нь үүсгээд гар утсанд нь суулгаж өгөөч гэж хандсаны дагуу Ш.О гэх хүн Б.Мгийн хамт надтай уулзаж бүртгэл хийлгэж, ХААН банк дахь миний дансанд 2 сая төгрөг шилжүүлснээр би крипто бирж дээрээс PLCU койныг худалдан авч өөрийн нь О000 е-майлаар үүссэн бүртгэлийг нь цэнэглэж, гар утсанд нь 2 аппликэйшнийг суулгаж өгөөд явуулсан. Үүнээс өөрөөр Отай харилцаагүй.

Харин 2023 оны 11 дүгээр сард Шүүхийн эвлэрүүлэн зуучлахаас намайг дуудаж энэ талаар асуухад би хүний мөнгө аваагүй, аваагүй учраас өгөх шаардлагагүй гэж үзэж байгаагаа хэлсэн. Б.Мгийн ярианаас Ш.О нь найз бүсгүй Ж.Молормаагийн нь ахынх нь эхнэр юм байна гэж ойлгосон. Б.М О нартай уулзаад хамт байх үед О миний дансны дугаарыг надаас авч миний дансанд 2,000,000 төгрөг шилжүүлсэн бөгөөд хэний данснаас шилжүүлснийг би мэдээгүй. Би Ш.О, Ж.Б нарт койны талаар огт санал тавьж байгаагүй. Ш.Огийн өөрийн нь хүсэлтийн дагуу өөрт нь бүртгэл үүсгэж койн биржээс худалдаж авч өгсөн болохоос би өөртөө 2 сая төгрөгийг нь ашиглаагүй. Учир иймээс би Ш.О, Ж.Б нарт мөнгө төлөх үндэслэлгүй гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 155/ШШ2024/00520 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан хариуцагч О.Гаас 2,000,000 (хоёр сая) төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Бид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч О.Гаас 46,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Бид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч О.Г давж заалдах гомдолдоо ...Нэхэмжлэгч Б гэх хүн нэхэмжлэлдээ О.Г надад 2,000,000 төгрөг зээлсэн, О.Г нь надад хүсэлт гаргасан мэтээр үндэслэлгүйгээр гүтгэж нэхэмжлэл гаргасан байгаад шүүх бодит байдалд тулгуурлан үндэслэл бүхий дүгнэлт хийж чадсангүй. Мөн койнд мөнгө хийж байршуулаад буцаагаад өгнө гэсэн гэж, мөн өөрийн дансаар мөнгө авсан гэж, уг мөнгийг хэрхэн яаж зарцуулсныг би огт мэдэхгүй гэж огт үндэслэлгүй байдлаар нэхэмжлэлээ тайлбарлаж байгаа нь огт худлаа. Би Б гэх хүнийг огт танихгүй, түүнтэй ямар нэг байдлаар уулзаж, мөнгө төгрөг зээлж авах, өгөх, түүний өмнө ямар нэгэн ажил гүйцэтгэх, койнд гэрээ хэлцэл огт байгуулж байгаагүй байхад шүүх Б гэх хүний данснаас Г миний данс руу мөнгө орсон юм чинь зээлийн гэрээ хэлцэл байгуулагдсан байна гэж үзэж байгаад гомдолтой байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч, хариуцагч бид нарын хооронд яг ямар эрх зүйн харилцаа үүссэн эсэх нөхцөл байдалд огт дүгнэлт хийсэнгүй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайларлахдаа ...О.Г, Ж.Б нарын хооронд Иргэний хуулийн 39.1, 40.1, 56.1.1-д заасан гэрээ хэлцэл байгуулагдсан. Тухайн хэлцэл хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцогдох учир Иргэний хуулийн 56.5-д зааснаар хэлцэл хүчин төгөлдөр бус болж, авсан өгснөө буцааж өгөх ёстой гэж тайлбарладаг. Үүнээс үзэхэд Г миний огт таньж мэдэхгүй Б гэх хүн яаж яваад миний дансыг мэдээд 2,000,000 төгрөг ямар шалтгаанаар шилжүүлэх болов, ямар гэрээ хэлцэл байгуулагдсан эсэх, тухайн гэрээ хэлцэл хэзээ яаж хүчин төгөлдөр бус болчихов гэдэгт шүүх дүгнэлт хийх ёстой боловч мөн хийж чадсангүй.

Мөн шүүх Иргэний хуулийн 492.1-д заасны дагуу бусдын өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүй учир мөнгийг буцааж өгөх ёстой гэж дүгнэсэн. О.Г би Б гэх хүний өмнө яг ямар үүрэг хүлээснээ мэдэхгүй байна. Хэзээ ч уулзаж байгаагүй, бие биенээ огт танихгүй мэдэхгүй хүмүүсийн хооронд хэзээ ямар байдлаар үүрэг үүсчих вэ?, би ойлгохгүй гайхаад ч барахгүй байна. Шүүх хэзээ ч уулзаж ярилцаж байгаагүй хүмүүсийн хооронд үүрэг үүсч, гэрээ хэлцэл байгуулагдсан үүссэн гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй байна.

Иймд Хөвсгөл аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 155/ШШ2024/00520 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хяналаа.

Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч О.Гад холбогдуулан 2,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С, хариуцагч О.Г нарын тайлбараар нэхэмжлэгч Ж.Бийн 5905028999 тоот данснаас хариуцагч О.Гын 000 дугаартай дансруу 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөгийг Ш.О нэрээр шилжүүлсэн үйл баримтын талаар талууд маргаагүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тодруулаагүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ ...хариуцагч нь мөнгийг койнд байршуулж байгаад цаг хугацааны дараа буцаагаад өгчихнө гэж надад хэлсэн гэж тодорхойлсон бол хариуцагч О.Г нь ...нэхэмжлэгчтэй огт уулзаж байгаагүй ямар нэг эрх харилцаанд орж байгаагүй. ... Ш.Од крипто бирж дээрээс PLCU койныг худалдан авч өөрийн нь О000 е-майлаар үүссэн бүртгэлийг нь цэнэглэж, гар утсанд нь 2 аппликэйшнийг суулгаж өгсөн гэж тайлбарлажээ.

Талуудын хооронд зээл эсхүл үндэслэлгүй хөрөнгөжих буюу хуулиар үүсэх үүргийн зөрчилтэй холбоотой бусдын эд хөрөнгийг хууль бусаар захиран зарцуулснаас үүсэх үүргийн зөрчлийн дагуу шаардаж буй эсэхийг анхан шатны шүүх тодруулах шаардлагатай.

Өөрөөр хэлбэл, уг үндэслэлийг тодруулснаар талууд тодорхой асуудлаар маргах, улмаар шүүх тухайн маргаанд холбогдох хуульд заасан тохирох хэм хэмжээг зөв тайлбарлан хэрэглэх үндэслэл бүрдэнэ. Иймд хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий үйл баримт бүрэн тогтоогдсон гэж үзэх боломжгүй бөгөөд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй гэж үзэхээр байна.

Нөгөөтэйгүүр зохигч нь ямар эрх зүйн харилцааны үндсэн дээр 2,000,000 төгрөгийг өгсөн талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр зөвхөн нэхэмжлэгч Ж.Бийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар шаардах эрхтэй гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.

Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл тодорхой байснаар зохигчид тухайн маргааны үйл баримтын талаарх нотлох баримтыг цуглуулан мэтгэлцэх, улмаар шүүх шаардах эрхийн үндэслэл, татгалзал, түүнийг зохицуулсан хуулийн холбогдох зохицуулалтыг оновчтой, зөв тайлбарлан хэрэглэх боломжтой.

Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С нь ...О нөхрийнхөө дансаар мөнгө шилжүүлсэн... гэж давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарласнаас үзвэл Ж.Б нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэх нь эргэлзээтэй байна.

Өөрөөр хэлбэл Ш.О эсхүл Ж.Б нарын хэн нь нэхэмжлэгч болохыг зөв тогтоох нь энэ хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдолтой.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С шүүх хуралдаанд ...Ж.Б, Ш.О нар нь гэр бүлийн эхнэр, нөхөр хоёр мөнгө шилжүүлсэн дансны хамтран эзэмшигч нь Ш.О. ...нөхрийнхөө данснаас 2,000,000 төгрөг шилжүүлсэн гэж, хариуцагч О.Г нь ...нэхэмжлэгчийг огт танихгүй, ямар нэг эрх зүйн харилцаанд орж байгаагүй... гэж тайлбарласнаас дүгнэж үзэхэд зохигч нь ямар эрх зүйн харилцааны үндсэн дээр 2,000,000 төгрөгийг Ш.О нэрээр шилжүүлснийг шалгах шаардлагатай.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хариуцагч О.Гын давж заалдах гомдлыг хангаж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 155/ШШ2024/00520 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46,950 /дөчин зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД Л.ЭРДЭНЭБАТ

Н.БАЯРХҮҮ