Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
Хэргийн индекс | 102/2024/00407/И |
Дугаар | 210/МА2024/01543 |
Огноо | 2024-07-29 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 29 өдөр
Дугаар 210/МА2024/01543
2024 оны 07 сарын 29 өдөр | Дугаар 210/МА2024/01543 |
Ж.О-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр, даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 06-ны өдрийн 102/ШШ2024/02998 дугаар шийдвэртэй,
Ж.О-ын нэхэмжлэлтэй, Г б- ХХК-д холбогдох,
Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлж баталгаажуулалт хийхийг даалгах тухай үндсэн, 2,712,966 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Ж.О- нь Г б- ХХК-д 2022 оны 09 сараас борлуулалтын албаны даргаар ажиллаж байгаад 2023 оны 07 сарын 26-ны өдрийн тушаалаар гүйцэтгэх захирлын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгч, улмаар 2023 оны 11 сарын 06-ны өдрийн **** дугаартай тушаалаар Г б ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдсон.
1.2. Тус компанийн ерөнхий захирал Ц.О- нь Ж.О-ыг 2023 оны 11 сарын 13-ны өдрийн өглөө ажлын байрандаа 08:04 цагт ирэхэд ажлаас нь хөөж ажиллуулаагүй бөгөөд ажлаас халсан тушаалаа авъя гэхээр гаргаж өгөхгүй байсан. Ажил ч хийлгэхгүй, тушаал болон цалингаа ч өгөхгүй хөөж, ажил руу оруулахгүй байсан тул 2023 оны 11 сарын 27-ны өдөр миний тушаалыг өгнө үү гэсэн агуулга бүхий хүсэлтийг бичиж өгсөн. Түүнээс ажлаа өгсөн юм уу, ажлаасаа гарах хүсэл сонирхол байгаагүй бөгөөд тушаал авахын тулд ажлаас гаргах хүсэлтийг бичиж өгөхөд 2023 оны 12 сарын 07-ны өдрөөс хойш сарын дотор буюу 2023 оны 11 сарын 30-ны өдрийн ***** дугаартай ажлаас чөлөөлөх тушаалыг гардуулж өгсөн.
1.3. Тушаалтай танилцахад Ж.О-ыг 2023 оны 11 сарын 13-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасны дагуу чөлөөлсөн гэжээ. 2023 оны 11 сарын 13-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөх өргөдөл өгөөгүй бөгөөд ямар нэгэн сахилгын ноцтой зөрчил гаргаагүй. Энэ талаар ямар нэгэн тушаал шийдвэр гараагүй. Мөн ажил үүргээ чадваргүй гүйцэтгэсэн үндэслэлээр дүгнэлт гараагүй. 2023 оны 11 сарын 30-ны өдрийн **** дугаартай тушаалд өөрөө хүсэлт өгсөн гэж ажлаас үндэслэлгүй хууль бусаар халсанд гомдолтой байна.
1.4. Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар хөдөлмөрийн гэрээг заавал бичгээр байгуулсан байх шаардлагатай. Гэтэл онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээ болон бусад гэрээг байгуулаагүй. Иймээс Ж.О-ыг Г б- ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн томилуулж, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж баталгаажуулалт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Ж.О-ыг Г б ХХК-ийн борлуулалтын албаны даргаас эхлээд гүйцэтгэх захирал хүртэл дэмжиж ажиллуулж байсан нь үнэн. Түүнийг ажлаас чөлөөлөх нөхцөл нь тэрээр 2023 оны 09 сараас хойш Г б- констракшн ХХК-д Н м ХХК-аас олгодог урамшууллыг хувьдаа завшсан байсан, энэ тухай Ж.О- өргөдөлдөө бичсэн байдаг. Манайх илүү цаг тооцож олгодог учир ажилтнуудын цагийн бүртгэлийг маш сайн хөтөлдөг. Тухайн өдөр буюу 2023 оны 11 сарын 13-ны өдрийн 08:04 цагт нэхэмжлэгч ажилдаа ирсэн нь ажилдаа хүндэтгэлтэй хандахгүй байгааг илэрхийлнэ. Ж.О- өөрийн өргөдөлд Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.10, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригоо илэрхийлсэн.
Тушаалд техникийн алдаа гарсан ч өөрийнх нь хүсэлтийг үндэслэн ажлаас чөлөөлсөн. Ажлаас чөлөөлсөн тушаалыг үндэслэлтэй үзэж байна. Мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.10-т хөдөлмөрийн гэрээг цуцлах, дуусгавар болгож байгаа үндэслэлээ тайлбарлаж танилцуулах заалтыг ажилтны өөрийнхөн хүсэлтээр гэдгээр ажлаас чөлөөлсөн. Иймд, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Борлуулалтын орлогын эх үүсвэрээр зарцуулагдсан 2,712,966 төгрөгийг Ж.О-аас гаргуулж өгнө үү гэжээ.
4. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна.
5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.О-ын, хариуцагч Г б- ХХК-д холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г б- ХХК-ийн нэхэмжлэгч Ж.О-аас 2,712,966 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлд өлсөн улсын тэмдэгтийн хураамж 58,357 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 58,357 төгрөгийг гаргуулж, хариуцагчид олгож шийдвэрлэжээ.
6. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:
6.1. Анхан шатны шүүхээс "Үзлэгийн тэмдэглэлээр нэхэмжлэгчийг дарамталж доромжилсон, зүй бус хэллэг хэрэглэсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна гэж маргааны зүйл, шаардлага ба татгалзлын үндэслэлийг ойлгоогүй, үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Нэхэмжлэгчийн хувьд 2023 оны 11 сарын 13-ны өдөр ажлаасаа хөөгдсөн бөгөөд энэ өдрөөс хойш ажилд маань огт оруулаагүй. Тухайн үед би ажлаас чөлөөлөгдөх өргөдөл, хүсэлт өгөөгүй, надад ямар нэгэн тушаал, шийдвэр гаргаж танилцуулаагүй. Иймээс өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн гэх "Г б-" ХХК-ийн 2023 оны 11 сарын 30-ны өдрийн №**** дугаар тушаал хууль зүйн хувьд үндэслэлгүй, намайг үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлсөн гэж маргаж байгаа.
Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч дарамт шахалт үзүүлсэн хууль бус үйлдлээс болж ажлаас чөлөөлөгдсөнийг тогтоогдсонгүй гэж дүгнэж байгаа нь ойлгомжгүй байна. Хэрэгт авагдсан үзлэгийн тэмдэглэлээр "Г б-" ХХК-ийн ерөнхий захирал Ц.О-аас нэхэмжлэгч Ж.О- руу 2023 оны 11 сарын 15-ны өдөр чамайг ажлаас чинь хөөчихсөн, чи ажилдаа ирэх шаардлагагүй гэдэг дуут шуудан явуулсан болох нь тогтоогдсон байхад шүүх энэхүү үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар үнэлж чадсангүй.
6.2. Шийдвэрт ...хариуцагч "Г б-" ХХК-ийн 2023 оны 11 сарын 27-ны өдрийн №5/117 дугаар тушаалд.... Ж.О- нь ажлаас чөлөөлөх өргөдлийг бичгээр гаргасан бөгөөд ажилтны өргөдлийг хүлээн авч ажлаас чөлөөлөх тушаал гаргасан нь нотлогдож байна. Уг үйл баримтын талаар талууд маргаагүй" гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Ж.О- нь 2023 оны 11 сарын 27-ны өдөр "Г б-" ХХК-ийн ерөнхий захирал Ц.О-т хандаж хүсэлт гаргасан. Уг хүсэлтдээ намайг 2023 оны 11 сарын 13-ны өдөр ажлаас хөөсөн, би ажлаас хөөгдөх зүйл хийгээгүй, ядаж тушаалыг маань гаргаад өгчих, би ажилгүй, орлогогүй болчихлоо гэсэн хүсэлт өгдөг. Үүнийг Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасан ажилтны өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гэж дүгнээд байгаа нь үндэслэлгүй байна.
6.3. Хэрэгт авагдсан баримтаар Ж.О-ыг 2023 оны 11 сарын 13-ны өдөр ажлаас нь хөөж, үүнээс хойш ажиллуулаагүй болох нь тогтоогдож байгаа. Мөн дээрх Ж.О-ын өгсөн 2023 оны 11 сарын 27-ны өдрийн хүсэлтэд яагаад хүсэлт бичих болсон үндэслэлээ дэлгэрэнгүй бичсэн байхад уг хүсэлтийг ажилтнаас өөрийн хүсэл зоригийн дагуу, сайн дурын үндсэн дээр гаргасан бичгийн хүсэлт гэж дүгнэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэж байна.
6.4. Анхан шатны шүүх хэрэгт нотлох баримтаар авагдсан "Г б-" ХХК-ийн 2023 оны 11 сарын 30-ны өдрийн №**** дугаар тушаал хууль зүйн үндэслэлтэй эсэх дээр үндэслэл бүхий дүгнэлт өгөөгүй. Тус **** тоот тушаалын үндэслэх хэсэгт Ж.О-ын 2023 оны 11 сарын 13-ны өдрийн бичгээр гаргасан өргөдлийг үндэслэсэн гэх боловч уг өдөр өгсөн хүсэлт хэрэгт авагдаагүй. Түүнчлэн дээрх тушаалд Хөдөлмөрийн гэрээний 8.18, 8.27 дугаар заалтыг үндэслэсэн гэсэн боловч Ж.О-той Хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй байдаг.
6.5. Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт Ж.О-ыг ажлаас нь өөрийнх хүсэлтээр чөлөөлөөгүй, ноцтой зөрчлөөр чөлөөлсөн гэж тайлбарласан нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан байгаа. Гэтэл шүүх үүнийг юу гэж дүгнээд байгаа талаараа шүүхийн шийдвэртээ огт дурдаагүй, үүн дээр шүүх дүгнэлт хийсэнгүй.
Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
7. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Хариуцагч нь нэхэмжлэгчийг анх борлуулалтын албаны даргаас эхлэн гүйцэтгэх захирал хүртэл дэмжиж ажилласан ба нэхэмжлэгч нь тухайн ажиллаж байх хугацаандаа хууль тогтоомж болон хөдөлмөрийн гэрээнд заасан үүргээ зөрчөөгүй гэж худал мэдүүлдэг. Гэтэл нэхэмжлэгч нь манай байгууллагад ажиллаж байхдаа байгууллагын бизнес картыг нууцаар өөрийн болон эхнэрийнхээ нэр дээр үүсгэж, түүнд хуримтлагдсан 2,612,966 төгрөгийг ашигласан. Мөн байгууллагын мэдээлэл технологийн сүлжээг хариуцан ажилладаг ажилтанд надад хувьдаа хэрэглэх компьютер гаргаж өгөөч гэх байдлаар хандаж байсан нь ажил олгогчийн итгэлийг алдах үйлдлүүдийг нэхэмжлэгч гаргасан тул нэхэмжлэгчийг ажиллуулах боломжгүй болсон. Хариуцагч нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй, өөрийнх нь хүсэлтээр ажлаас чөлөөлсөн байхад хариуцагчийг буруутгах үндэслэлгүй. Анхан шатны шүүх хэргийг бодит байдал болон шударга ёсны зарчимд нийцүүлж үнэн зөв шийдвэрлэсэн гэж үзэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Ж.О- нь хариуцагч Г б- ХХК-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчийг ноцтой зөрчил гаргасан үндэслэлээр ажлаас чөлөөлөхөд түүнд ашиггүй учраас өөрийнх нь хүсэлтийг харгалзан ажлаас чөлөөлсөн гэж, мөн нэхэмжлэгчээс 2,712,966 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
3. Нэхэмжлэгч нь хариуцагчийн 2023 оны 11 сарын 30-ны өдрийн ***** дугаартай Ажлаас чөлөөлөх тухай тушаалыг 2023 оны 12 сарын 07-ны өдөр гардан авч, 2024 оны 01 сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй байна.
4. Нэхэмжлэгч Ж.О- нь хариуцагч Г б- ХХК-ийн ерөнхий захирлын 2023 оны 11 сарын 06-ны өдрийн **** дугаартай тушаалаар Г б- ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдсон байна. Хэдийгээр талууд хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй боловч Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт Хөдөлмөрийн гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр үйлдээгүйгээс үл хамааран ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэнд тооцно гэж зааснаар тэдгээрийн хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн гэж дүгнэнэ.
Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн гэрээг ажилтантай бичгээр байгуулах, ажилтанд гүйцэтгэх ажил, үүргийг танилцуулах нь ажил олгогчийн үүрэг бөгөөд ажил олгогч энэ үүргээ хэрэгжүүлээгүй нь ажилтны эрх зүйн байдлыг дордуулах, хөдөлмөрийн харилцаа үүсээгүй гэж үзэхгүй.
5. Хариуцагч Г б- ХХК-ийн ерөнхий захирлын 2023 оны 11 сарын 30-ны өдрийн ***** дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, Хөдөлмөрийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.18, 8.27 дахь заалтыг үндэслэн нэхэмжлэгч Ж.О-ыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоогоогүй байна.
5.1. Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дугаар зүйлийн 79.1 дэх хэсэгт хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажилтны санаачилгаар цуцлах эрхтэй гэжээ. Гэвч нэхэмжлэгч нь ажил олгогчид хандан ажлаас чөлөөлөх тушаал гаргаж өгөхийг хүсэж 2023 оны 11 сарын 27-ны өдөр гаргасан өргөдлийг Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1, 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар өөрийн хүсэл зоригийг чөлөөтэй илэрхийлж, хариуцагчтай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг сайн дурын үндсэн дээр өөрийн санаачилгаар дуусгавар болгохоор хүсэлт гаргасан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.
5.2. Анхан шатны шүүх 2024 оны 06 сарын 03-ны өдөр Ж.О-ын viber-т хийсэн үзлэгийн тэмдэглэлд хариуцагч Г б- ХХК-ийн ерөнхий захирал Ц.О-аас 2023 оны 11 сарын 15-ны 13:39 цагт Ж.О-ад илгээсэн 00:06 секунтын дуут захидлын бичлэгт ...Чамайг ажилдаа ир гэж хэн хэлсэн юм, би лав хэлээгүй, чамайг групп дээр орж ирээд юм бичээд бай гэж би хэлсэн юм уу Ж.О-аа. Чамайг ажлаас чинь халсан шүү дээ гэж, мөн 2023 оны 11 сарын 15-ны 13:51 цагт илгээсэн 00:47 секунтын бичлэгт ...Үгүй ээ, Ж.О-аа чи манай компанид байх ямар ч үндэслэл, чадвар, хүнтэй харьцах чадвар, хүнийг ойлгох чадвар, ямар ч чадваргүй юм байна лээ. Би, болвол бас ингээд чадвартай хүмүүстэй ажиллаад, амьдраад байж болно оо хамаагүй, зүгээр л одоо өөрийгөө хэн бэ? Өөрийгөө олсон хүнтэй би ажиллаж амьдардаг юм. Түүнээс биш өөрийгөө олоогүй хүнтэй бол би чиний насан дээр ирээд өөрийгөө олоогүй хүнтэй би яаж хамтарч ажиллах юм бэ? Би чамайг зүгээр борлуулагч хийлгээд ажиллуулж чадна, аан тэгэхдээ чи өөрийгөө олоогүй байхгүй юу? Харуул хийлгээд ажиллуулж болно хамаагүй. Тэгтэл чи өөрийгөө олоогүй байгаа... гэж тус тус хэлсэн нь тогтоогджээ.
Энэхүү ярианы агуулга нь хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийг ажил, үүргээ гүйцэтгэхийг хориглож, цаашид уг байгууллагад ажиллуулахаас татгалзаж байгаагаа шууд илэрхийлсэн гэж үзэхээр байна. ,
5.3. Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.3, 43.2.6-д зааснаар ажил олгогч нь ажилтныг ажлаар хангаж, мөн ялгаварлан гадуурхалт, дарамт, хүчирхийллээс ангид ажлын байраар хангах үндсэн үүргийг хуулиар хүлээсэн. Гэтэл ажил олгогч Г б- ХХК-ийн ерөнхий захирал Ц.О- нь ажилтан Ж.О-ыг шалтгаангүйгээр 2023 оны 11 сарын 13-ны өдрөөс эхлэн ажил үүргээ гүйцэтгэхийг нь хориглож, ажлын байранд нэвтрүүлээгүй нь хуулиар хүлээсэн үүргээ зөрчсөн байна.
Хэргийн баримт, зохигчийн тайлбараас үзвэл хариуцагч нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн шийдвэр гаргаагүй атлаа нэхэмжлэгчийн ажил үүргийг гүйцэтгүүлэхийг хориглож хязгаарласан үйлдэл хийснийг ажилтныг ажлаас нь халсантай адилтгаж үзнэ.
5.4. Ажил олгогчийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгоход Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан аль нэг үндэслэлийг баримтлах учиртай. Хариуцагч хуульд ийнхүү зохицуулсныг баримтлалгүйгээр нэхэмжлэгчийн ажил, үүргийг гүйцэтгүүлэхийг зогсоосноос хойш буюу 2023 оны 11 сарын 30-ны өдөр ажилтны хүсэлтийг үндэслэн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон агуулгатай шийдвэрийг гаргасан түүний өмнө нь буюу 2023 оны 11 сарын 13-ны өдөр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон үйлдлийг зөвтгөхгүй юм.
5.5. Хариуцагч татгалзлын үндэслэлээ ...Ж.О- 2023 оны 09 сараас хойш Г б- к ХХК-д Н м ХХК-аас олгодог урамшууллыг хувьдаа завшсан үйлдлийг нягтлан гаргаж тавьсан, түүнээс гадна итгэл алдсан үйлдлүүд гарч, удаа дараа үүрэг даалгавар өгөхөөр ямар нэгэн шийдэл байхгүй, асуудал үүсгэж эхэлсэн. 2023 оны 11 сарын 13-ны өдрийн 08 цаг 04 минутад нэхэмжлэгч ажилдаа ирсэн байдаг. Манайх илүү цаг тооцож олгодог учраас ажилчдынхаа цагийн бүртгэлийг маш сайн хөтлөн явуулдаг. Нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн гэж тайлбарласан нь хэргийн баримтаар тогтоогдоогүй, хариуцагч энэ үндэслэлээр нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгоогүй байх тул энэ тухай хариуцагчийн тайлбар хэрэгт нотолгооны ач холбогдолгүй.
Иймд, хариуцагч Г б- ХХК нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай нэхэмжлэгч Ж.О-ын хүсэлтийг үндэслэн Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас чөлөөлсөн гэж үзэхгүй тул нэхэмжлэгч Ж.О-ыг хариуцагч Г б- ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй.
6. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтанд урьд эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 1.6, 2.3, 2.3.5-д зааснаар нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг түүний Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг үндэслэн 2023 оны 9, 10, 11 сарын (4,821,377+4,112,165+1,347,858) цалин хөлсний нийлбэр 10,281,400 төгрөгөөс нэг сарын дундаж цалин 3,427,133 төгрөг, түүнээс нэг өдрийн (ажлын 21 өдөр) цалин 163,196 төгрөгөөр тооцов.
Нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2023 оны 12 сарын 01-ний өдрөөс 2024 оны 06 сарын 06-ны өдөр хүртэл хугацааны 6 /20,562,798/ сар, 4 /652,784/ хоногийн хугацааны олговорт нийт 21,215,582 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.
7. Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Хариуцагч нь компанийн борлуулалтын орлогын эх үүсвэрээр зарцуулагдсан 2,712,966 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч төлөхийг хүлээн зөвшөөрсөн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар шийдвэрлэх нь зүйтэй.
8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангаж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т зааснаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 06-ны өдрийн 102/ШШ2024/02998 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.О-ыг хариуцагч Г б- ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г б- ХХК-аас 21,215,582 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.О-ад олгож, нэхэмжлэгч Ж.О-ын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг хариуцагч Г б- ХХК-д даалгасугай гэж өөрчлөн найруулж,
2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.О-аас 2,712,966 төгрөг гаргуулах тухай хариуцагч Г б- ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,
3 дахь заалтын ...дурдаж... гэснийг дараа хариуцагч Г б- ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 264,027 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
Э.ЭНЭБИШ