Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/01512

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/01512

 

П.Б-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч С.Энхбаяр, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 28-ны өдрийн 183/ШШ2024/02342 дугаар шийдвэртэй,

П.Б-гийн нэхэмжлэлтэй, В- ХХК, Б.Б- нарт холбогдох,

П.Б-, Б.Б- нарын хооронд 2012 оны 05 сарын 30-ны өдөр байгуулсан Худалдах-худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ болон Б.Б-, В- ХХК-ийн хооронд 2013 оны 01 сарын 02-ны өдөр байгуулсан Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ, Компанийн хувьцааны эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, тус хэлцлүүдийн үр дагаврыг арилгуулж Б-ХХК-ийн хувьцааны 49 хувьтай тэнцэх нэг бүр нь 10 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 13,290,025 ширхэг хувьцаа болон хувьцааны эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг хариуцагч В- ХХК-д даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч нарын өмгөөлөгч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: П.Б- нь 2006 оны 01 сарын 18-ны өдөр Б-ХХК-ийг үүсгэн байгуулсан. Одоо Б-ХХК-ийн 51 хувийг П.Б-, 49 хувийг хариуцагч В- ХХК нь эзэмшдэг. В- ХХК-ийг Б-ХХК-ийн хувьцаа эзэмшигч болгосон шалтгаан нь үйл ажиллагаа нь тогтвортой, борлуулалтын орлого сайтай компани Б-ХХК-ийн хувьцаа эзэмшигч болвол тендерт шалгарах магадлал илүү гэж тооцсон. В- ХХК-ийг Б-ХХК-д хөрөнгө оруулалт хийж, компанийн үйл ажиллагааг өргөжүүлэхэд туслах болов уу гэж өдийг хүртэл хүлээж, хувьцаа эзэмшигчээр байлгасан боловч тус компаниас Б-ХХК-д ямар нэгэн хөрөнгө оруулалт хийгээгүй. Түүнчлэн үйл ажиллагаа явуулах, гэрээ, хэлцэл байгуулахад В- ХХК-ийн зөвшөөрлийг авах зэргээс эхлээд компаниа удирдаж, үйл ажиллагаагаа хэвийн явуулахад төвөгтэй байдлыг үүсгэж байна.

П.Б-, Б.Б- нарын хооронд 2012 оны 05 сарын 30-ны өдөр байгуулсан Худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ, мөн Б.Б-, В- ХХК нарын хооронд 2013 оны 01 сарын 02-ны өдөр байгуулсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн хувьцааны эрх шилжүүлэх гэрээнүүд нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл бөгөөд мөн 56.1.10-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл болно. Иймд, дээрх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоож, хүчин төгөлдөр бус хэлцлүүдийн үр дагаврыг арилгаж Б-ХХК-ийн нийт гаргасан хувьцааны 49 хувьтай тэнцэх нэг бүр нь 10 төгрөгийн нэрлэсэн үнэ бүхий 13,290,025 ширхэг хувьцаа болон хувьцааны эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг хариуцагч В- ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч В- ХХК-ийн тайлбарын агуулга: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

 

3. Хариуцагч Б.Б-ын тайлбарын агуулга: В- ХХК зөвшөөрвөл нэхэмжлэгч П.Б-д Б-ХХК-ийн хувьцааг нь буцааж өгөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 75 дугаар зүйлийн 75.2.1-т зааснаар П.Б-гийн нэхэмжлэлтэй, Б.Б-, В- ХХК нарт холбогдох 2012 оны 05 сарын 30-ны өдөр нэхэмжлэгч П.Б- болон хариуцагч Б.Б- нарын хооронд байгуулагдсан худалдах, худалдан авах гэрээ, компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ, 2013 оны 01 сарын 02-ны өдөр хариуцагч Б.Б- болон В- ХХК-ийн хооронд байгуулагдсан хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, компанийн хувьцааны эрх шилжүүлэх гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, хувьцааг буцаан шилжүүлэхийг хүссэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,785,305 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

5. Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч, хариуцагч нь шаардлага, татгалзлаа өөрөө нотлох талуудын зарчим үйлчилдэг ба шүүх энэхүү зарчмыг хангахын тулд "хөндлөнгийн байх" зарчмыг хэрэгжүүлдэг. Гэтэл шүүх талуудын болон шүүх хөндлөнгийн байх зарчмыг зөрчиж маргааныг шийдвэрлэсэн. Учир нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч нар хүлээн зөвшөөрсөн байхад шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхгүйгээр нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг үндэслэлгүй гэж үзэж байна.

5.2. Иргэний хэрэг үүсгэх, дуусгавар болгох бүх үйл ажиллагаа нь сонирхогч этгээдийн хүсэл зоригоос хамаарах нь диспозитив зарчмын гол агуулга байдаг. Хариуцагч талууд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрсөн тул нотлох үүргийн хуваарилалтын, зарчмын үүднээс нэхэмжлэгч талыг буруутгах үндэслэлгүй гэж үзэж байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т зааснаар хариуцагч нарын зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосноор бусдын эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн гарах үндэслэлгүй. "Б-" ХХК шүүхийн шийдвэрээр өр төлбөртэй байгаа нь үнэн боловч энэ нь гагцхүү "Б-" ХХК-тай холбоотой асуудал бөгөөд "В-" ХХК-тай холбоотой асуудал огт байхгүй. Хариуцагч нарын зөвшөөрлийг баталснаар "Б-" ХХК татан буугдахгүй, компанийн эрх зүйн чадварт ямар ч өөрчлөлт гарахгүй тул шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдах тул гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн асуудал гарахгүй гэж үзэж байна.

5.3. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан "дүр үзүүлэн хийсэн хэлцэл" нь тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг хэлцэл байдаг. Хариуцагч "В-" ХХК нь миний үүсгэн байгуулсан "Б-" ХХК-ийн 49 хувьцааг эзэмших болсон нь энэхүү хэлцэл зөвхөн "Б-" ХХК-ийг тендерт оролцоход нь төлбөрийн чадвар бүхий, хувьцаа эзэмшигчтэй гэсэн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийсэн хэлцэл бөгөөд талуудын хооронд хамтран ажиллах ямар ч тохиролцоо, хүсэл сонирхол байгаагүй. Гэтэл анхан шатны шүүх энэ нөхцөл байдлыг дүр үзүүлэн хийсэн хэлцэл биш байна гэж дүгнэж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна.

5.4. Нэхэмжлэгч нь хариуцагч нараас гэрээний үүрэг шаардаагүй байхад "Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан зохицуулалтыг баримталсныг хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Нэхэмжэгч П.Б- нь "В-" ХХК-тай 2021 оны 11 сарын 10-ны өдөр Хувьцаа бэлэглэх гэрээ, Компанийн эрх шилжүүлэх гэрээг байгуулж, хувьцаагаа шилжүүлж авах гэсэн боловч шийдвэр гүйцэтгэх байгууллагаас улсын бүргэлийн шилжилтэд хориг тавьсан учир улсын бүртгэлийн байгууллага мэдүүлгийг хүлээж аваагүй. Үүнээс дүгнэвэл, Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 79 дүгээр зүйлийн 79.1 дэх хэсэгт тус тус заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй гэж үзэж байна.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч нарын зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох эсхүл нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

6. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа боловч шүүхээс хариуцагчийн зөвшөөрлийг батлахгүй гэдэг байдлаар хэргийг шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх талуудыг нотлох баримт гаргаж өгөөгүй гэдэг байдлаар хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Хариуцагчийн зөвшөөрлийг баталснаар хууль зөрчигдөж, эсхүл бусдын эрх, хууль ёсны ашиг хөндөгдсөн зүйл байхгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч П.Б- нь хариуцагч В- ХХК, Б.Б- нарт холбогдуулан П.Б-, Б.Б- нарын хооронд 2012 оны 05 сарын 30-ны өдөр байгуулсан Худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээ болон Б.Б-, В- ХХК-ийн хооронд 2013 оны 01 сарын 02-ны өдөр байгуулсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн хувьцааны эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, тус хэлцлүүдийн үр дагаврыг арилгуулж Б-ХХК-ийн хувьцааны 49 хувьтай тэнцэх нэг бүр нь 10 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 13,290,025 ширхэг хувьцаа болон хувьцааны эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар хүлээн зөвшөөрсөн байна.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт ...хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн ... бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ гэж, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт хариуцагч нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох-оор хуульчилжээ.

Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6 болон 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хуульд нийцсэн, бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй нөхцөлд шүүх тухайн звөшөөрлийг батлахаар зохицуулсан бөгөөд анхан шатны шүүх хариуцагчийн зөвшөөрлийг батлах үндэслэлгүй гэж дүгнэснийг буруутгахгүй.

Учир нь, талуудын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, мөн нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд дурдсанаар Б-ХХК-ийн хувьцааны шилжилт хөдөлгөөнийг хийлгэхээр улсын бүртгэлд хандахад хориг тавигдсан байсан Б-ХХК нь шүүхийн шийдвэрээр өр төлбөртэй нь үнэн гэснээс үзвэл хариуцагч нар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй бусад этгээдийн эрх, ашиг сонирхлыг хөндөх үр дагавартай гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас Б-ХХК-ийн хувьцааны шилжилт хөдөлгөөнийг тус компанийн бусдад төлөх өр төлбөртэй холбогдуулан хориг тавьснаар зохигчид энэхүү компанийн хувьцааг 2012, 2013 онд шилжүүлсэн хэлцлээ харилцан буцаах боломжгүй болсныг ийнхүү шүүхийн захирамжаар хариуцагчийн хариу зөвшөөрлийг баталж, үр дагаврыг нь буцаах нь бусдын эрхийг зөрчих юм. Иймээс хариуцагчийн зөвшөөрлийг батлах нь бусдын эрх, ашиг сонирхлыг хөндөх үндэслэлгүй, Б-ХХК-ийн бусдад төлбөртэй нь В- ХХК-д хамааралгүй гэх агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

4. Нөгөө талаар иргэний хэргийн шүүх нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлд заасан үндэслэлээр талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаанаас нэг талын эрх зөрчигдсөн бол мөн хуулийн 9 дүгээр зүйлд заасан аргаар зөрчигдсөн эрхийг сэргээхээр хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасны дагуу зөвхөн эрх зүйн маргаанд иргэний хэрэг үүсгэн хянан шийдвэрлэх журамтай.

Хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбараар нэхэмжлэгч П.Б- нь Б-ХХК дахь өөрийн эзэмшлийн бүх хувьцааг хариуцагч В- ХХК-ийн хувьцаа эзэмшигч, хариуцагч Б.Б- 2012 оны 05 сарын 15-ны өдөр бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн, харин Б.Б- нь уг хувьцааг 21-ний өдрийн бэлэглэлийн гэрээгээр П.Б-д буцаан шилжүүлсэн байна. Харин П.Б- нь Б-ХХК дахь хувьцааны 49 хувь буюу 13,290,025 ширхэг хувьцаагаа хариуцагч Б.Б-д 2012 оны 05 сарын 30-ны өдөр худалдах-худалдан авах гэрээгээр шилжүүлжээ.

Үүний дараа хариуцагч Б.Б- нь П.Б-гаас шилжүүлэн авсан Б-ХХК-ийн 49 хувийн хувьцааг 2013 оны 01 сарын 02-ны өдөр В- ХХК-д, мөн нэхэмжлэгч П.Б- нь Б-ХХК дахь хувьцааны 2 хувийг В- ХХК-д тус тус шилжүүлснээр Б-ХХК-ийн хувьцааны 49 хувийн хувьцаа эзэмшигчээр П.Б-, 51 хувийн хувьцаа эзэмшигчээр В- ХХК нар улсын бүртгэлд бүртгэгдсэн байна.

Зохигч талууд дээрх гэрээнүүдийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл болохыг хэн аль нь хүлээн зөвшөөрч байгаа тохиолдолд зохих хэлцлийн дагуу шилжүүлсэн зүйлийг харилцан буцаахаар эрх бүхий бүртгэх байгууллагад хандаж хүсэлтээ гаргах эрх нь нээлттэй ба харин гэрээний талуудын хооронд эрх зүйн маргаан үүсээгүй байх тул уг асуудлыг шүүх хянан шийдвэрлэхгүй.

Тодруулбал, талуудын хооронд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т эрх зөрчсөн үйлдлийг таслан зогсоож, зөрчихөөс өмнөх байдлыг сэргээх-тэй холбоотой маргаан үүссэн болох нь тогтоогдохгүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

Харин анхан шатны шүүх Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасныг үндэслэн дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсон байх тул үүнийг давж заалдах шатны шүүх залруулна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул П.Б-гийн нэхэмжлэлтэй В- ХХК, Б.Б- нарт холбогдох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэсэн өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж байна.

 

5. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 28-ны өдрийн 183/ШШ2024/02342 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул П.Б-гийн нэхэмжлэлтэй В- ХХК, Б.Б- нарт холбогдуулан гаргасан П.Б-, Б.Б- нарын хооронд 2012 оны 05 сарын 30-ны өдөр байгуулсан Худалдах, худалдан авах гэрээ, Компанийн эрх шилжүүлэх тухай гэрээг болон Б.Б-, В- ХХК-ийн хооронд 2013 оны 01 сарын 02-ны өдөр байгуулсан Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ, Компанийн хувьцааны эрх шилжүүлэх гэрээг тус тус хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, тус хэлцлүүдийн үр дагаврыг арилгуулж Б-ХХК-ийн хувьцааны 49 хувьтай тэнцэх нэг бүр нь 10 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 13,290,025 ширхэг хувьцаа болон хувьцааны эрхийг нэхэмжлэгчид шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 1,785,305 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

Э.ЭНЭБИШ