Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/01510

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 210/МА2024/01510

 

О.Н-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч С.Энхбаяр, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 05-ны өдрийн 182/ШШ2024/02555 дугаар шийдвэртэй,

О.Н-ийн нэхэмжлэлтэй, Р.Т-д холбогдох,

3,500,000 төгрөг гаргуулах тухай үндсэн, 19,132,465.20 төгрөг гаргуулах тухай сөрөг шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Т.Д, хариуцагч Р.Т-, хариуцагчийн өмгөөлөгч Э.Ү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: О.Н-э нь 2023 оны 03 сарын 20-ны өдөр Р.Т-тэй харилцан тохиролцож Баянзүрх дүүрэг, **** хороо, **** хороолол, *** байр, * тоот, **** орон сууцыг нэг жилийн хугацаагаар хөлслөх гэрээ байгуулж, төлбөрт 3,500,000 төгрөгийг төлсөн. Р.Т- орон сууцыг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөөгүй учир гэрээнээс татгалзсан тухайгаа түүнд 2023 оны 05 сард хэлсэн. Тухайн үед Р.Т- нөхцөл байдлыг хүлээн зөвшөөрч /хүлээн зөвшөөрсөн чатыг хавсаргав/ түр хүлээж бай удахгүй мөнгийг чинь өгнө гэдэг байсан боловч өнөөдрийг хүртэл мөнгийг буцаан өгөөгүй байна. Иймд, Р.Т-гээс 3,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзлын агуулга: Бидний хооронд дээрх орон сууц хөлслөх гэрээг 2023 оны 03 сарын 20-ны өдрөөс 2024 оны 03 сарын 19-ний өдрийг дуустал 1 жилийн хугацаатай байгуулсан. Сарын хөлс 1,250,000 төгрөг, эхний 3 сарын төлбөр 3,750,000 төгрөг дээр дэнчингийн 1,250,000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр төлөхөөр байсан ч 3,500,000 төгрөгийг шилжүүлжсэн. Нэхэмжлэгч нь 2023 оны 5 сараас түрээслэхээ болилоо гэж хэлсэн. Гэрээний 7.2-т зааснаар гэрээг дуусгавар болгож түлхүүр хүлээлгэж өг гэж удаа дараа хэлсэн ч энэ үүргээ биелүүлэлгүй төлбөрийг буцаан авахыг шаардсан.

Орон сууц хөлслөх гэрээг албан ёсоор дуусгахгүй, түрээсийн төлбөрөө өгөхгүй нь тодорхой болсон тул 2023 оны 09 сард А И ХХК-аар орон сууцыг хөлслүүлэхээр нотариат дээр очсон ч өмнөх гэрээ цуцлагдаагүй гээд шинээр гэрээ байгуулж чадаагүй тул 2024 оны 03 сарын 19-ний өдрийг дуустал өөр этгээдэд түрээсэлж чадаагүй. Мөн хариуцагч нь орон сууцны хэрэглээний төлбөрт 382,465.20 төгрөгийг төлж хохирсон. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: О.Н-ээс орон сууц хөлслөх гэрээний төлбөр 15,000,000 төгрөгөөс өмнө нь төлсөн 2 сарын төлбөрийг хасч 12,500,000 төрөг, алданги 6,250,000 төгрөг, хэрэглээний төлбөр буюу СӨХ-ны зардлыг 2023 оны 03 сарын 20-ны өдрөөс 2024 оны 03 сарын 19-ний өдрийг дуустал 382,465,20 төгрөг, нийт 19,132,465.20 төгрөгийг гаргуулж өгнө үү. Энэ үнэд барьцаанд гэж өгсөн 1,000,000 төгрөгийг хасаж тооцсон болно.

 

4. Сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгчий тайлбар, татгалзлын агуулга: О.Н-ийн хувьд тухайн байранд огт амьдраагүй. Иймд 19,132,465 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 287 дүгээр зүйлийн 287.1, 205 дугаар зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч Р.Т-гээс 3,500,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Н-эд олгож, Р.Т-гийн О.Н-ээс 19,132,465 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч О.Н-ийн төлсөн 70,950 төгрөг, хариуцагч Р.Т-гийн төлсөн 253,612 төгрөгийг төсвийн орлогод үлдээж, хариуцагч Р.Т-гээс 70,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Н-эд олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга: Миний бие О.Н-этэй 2023 оны 03 сарын 20-ны өдөр байгуулсан Орон сууц хөлслөх гэрээний үүргээ биелүүлж Баянзүрх дүүргийн **** хороо, **** хороолол *** байр, * тоот, 59,07м.кв орон сууцыг 2023 оны 03 сарын 20-ны өдөр түүний эзэмшилд шилжүүлэн өгсөн. Нэхэмжлэгч нь нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Р.Т орон сууцыг гэрээнд заасан хугацаанд хүлээлгэн өгөөгүй учир би орон сууцыг хөлслөхөө больж гэрээнээс татгалзаж байгаа тухайгаа хэлсэн, орон сууцыг хүлээлцээгүй гэсэн ч тухайн нөхцөл байдал, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй, нотолж чадаагүй ба энэ тухай баримт хэрэгт авагдаагүй.

Нэхэмжлэгч нь орон сууц хөлслөх гэрээ байгуулж төлбөрийн тодорхой хувь 3,500,000 төгрөгийг төлчихөөд яагаад орон сууцандаа оруулахгүй байгаа талаарх гомдол гаргахгүй, гэрээний хугацаа дууссаны дараа гомдол гаргаж байгаа ба албан ёсоор надад мэдэгдэл өгсөн зүйл байхгүй. 2023 оны 03 сарын 20-ны өдөр гэрээ байгуулснаас хойш миний зүгээс түрээсийн төлбөрийн үлдэгдлийг гүйцээж хийхийг гар утсаар харилцан ярьж мэдэгдэж байсан ба 3,500,000 төгрөг дээр нэмж төлбөр төлөөгүй ба 2024 оны 03 сарын 20-ны өдрөөс мөнгө нэхэж эхэлсэн үе болох 2024 оны 05 сарын сүүлчээс гэнэт орон сууцны хөлсөнд төлсөн төлбөрөө нэхэж эхэлсэн.

Миний зүгээс тус орон сууц хөлслөх гэрээг О.Н-этэй хийсэн ба Ж.А- гэх хүнд ямар нэг байдлаар гэрээний төлбөрт авсан хөлсийг буцаан өгөх үүрэг хүлээгээгүй. Иймээс хариуцагчаас 3,500,000 төгрөг гаргуулан шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй буюу хуулийг буруу хэрэглэсэн, хэргийн нөхцөл байдлыг буруу дүгнэсэн гэж үзэж байна.

Учир нь, О.Н-э нь гэрээний хугацааг нэг жилээр байгуулсан тул гэрээг дангаар цуцлах боломжгүй ба Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.4 дэх хэсэгт зааснаар О.Н-э нь гэрээг цуцлах дараачийн хүнд орон сууц түрээслэх боломж хаагдаж, нэг жилийн хугацаанд хохирч, орон сууцны урсгал зардал зэрэг тооцоолоогүй гэнэтийн зардлууд гарч, хохирол үүссэн байхад шүүх Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасан гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй гэсэн нь хууль зүйн хувьд хэт нэг талыг баримтлан хариуцагчийг буруутгаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх шаардлагад үл нийцсэн гэж үзэж байна.

Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.4 дэх хэсэгт Гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийг буцааж өгөх хугацааг хойшлуулсан бол хөлслүүлэгч өөрт учирсан хохирлоо хожимдуулсан хугацааны турш төлбөл зохих хөлсний хэмжээгээр шаардах эрхтэй гэж зааснаар 2023 оны 03 сарын 20-ны өдрөөс 2023 оны 05 сарын 20-ны өдрийн хүртэл О.Н-э орон сууцыг хөлсөлсөн гэж үзэж түүний төлсөн 2 сарын төлбөр 2,500,000 төгрөг, дэнчин 1,250,000 төгрөг төлөх байснаас нэг сая төгрөгийг төлсөн тул орон сууцны урсгал зардал болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелээгүй нь дэнчинг орон сууц хөлслөгч суутган тооцох үндэслэлтэй гэж үзэж 3,500,000 төгрөгийг буцаан төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд, О.Н-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Сөрөг нэхэмжлэлийн хувьд Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.4 дэх хэсэгт Гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийг буцааж өгөх хуrацааг хойшлуулсан бол хөлслүүлэгч өөрт учирсан хохирлоо хожимдуулсан хугацааны турш төлбөл зохих хөлсний хэмжээгээр шаардах эрхтэй гэж, мөн хуулийн 294 дүгээр зүйлийн 294.6 дахь хэсэгт Орон сууц хөлслөх гэрээг цуцлах шаардлагаа хөлслүүлэгч бичгээр гаргана. Эд хөрөнгө хөлслөх гэрээний зүйл нь хөлслөгчийн ашиглах хэрэгцээг хангах зорилготой байдаг. Хэрэв тухайн эд хөрөнгийг тодорхой зориулалтаар шилжүүлсэн бол түүнээс гарах үр шимийг түрээслэгч олж авах эрхтэй гэсэн үндэслэлээр гэрээг цуцалсан гэж үзээд үр дагаврыг шаардаж байгаа ба сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Гэрээг байгуулсан өдөр би орон сууцыг хүлээлгэн өгсөн бөгөөд тухайн өдөр миний Хаан банкны дансанд 3,500,000 төгрөгийг шилжүүлсэн. Иймд О.Н-ээс Эд хөрөнгө хөлслөх гэрээний төлбөр 15,000,000 төгрөгөөс төлсөн 2 сарын төлбөрийг хасч үлдэх 12,500,000 төрөг, алданги 6,250,000 төгрөг, хэрэглээний буюу СӨХ-ны зардлыг 2023 оны 03 сарын 20-ны өдрөөс 2024 оны 03 сарын 19-ний өдрийг дуустал тооцон 382,465 төгрөг, нийт 19,132,465.20 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Барьцаанд өгсөн 1,000,000 төгрөгийг хасч тооцсон болно гэжээ.

 

7. Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. Орон сууц хөлслөх гэрээ байгуулагдсан хэдий ч хариуцагч тал орон сууцыг бидэнд хүлээлгэн өгөөгүй учир бид орох боломжгүй байсан ба ороогүй талаар хариуцагчид мэдэгдсэн. Мөн хариуцагч нь тухайн орон сууц хөлслөх гэрээ байгуулахаас өмнө 500,000 төгрөгийг Ж.А-гаас авсан. Түүнчлэн гэрээ байгуулснаас хойш ...3,000,000 төгрөг зээлүүлээч, гаалиас юм авах гэсэн юм... гэх үндэслэлээр 3,000,000 төгрөг зээлсэн. Ийнхүү бидний зүгээс нийт 3,500,000 төгрөгийг нэхэмжилсэн ба анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянаад, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч О.Н-э нь хариуцагч Р.Т-д холбогдуулан орон сууц хөлслөх гэрээнээс татгалзаж, 3,500,000 төгрөгийг буцаан гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээг нэг жилийн хугацаатай байгуулсан тул уг хугацааны хөлс, ашиглалтын зардалд 19,132,465.20 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулсан орон сууц хөлслөх гэрээ цуцлагдсан цаг хугацаа, түүний үр дагаврыг зөв тооцож, энэ талаархи үйл баримтыг бүрэн дүгнэж чадаагүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй байх тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчаас 1,000,000 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

 

3. Талуудын хооронд 2023 оны 03 сарын 20-ны өдөр байгуулсан Орон сууц хөлслөх гэрээ-ээр хөлслүүлэгч нь Баянзүрх дүүргийн **** хороо, **** хорооллын *** байрны * тоотод орших **** талбайтай орон сууцыг, сарын 1,250,000 төгрөгөөр тооцон 2023 оны 03 сарын 20-ны өдрөөс 2024 оны 03 сарын 19-ний өдрийг хүртэлх 1 жилийн хугацаагаар хөлслүүлэх, хөлслөгч уг орон сууцыг гэрээнд заасан хугацаагаар хөлсөлж, хөлс төлөхөөр харилцан тохиролцжээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасан орон сууц хөлслөх гэрээний харилцаа үүссэнийг зөв тодорхойлсон байна.

 

4. Орон сууц хөлслөх гэрээний 3.2, 3.4-т зааснаар хөлслөгч гэрээ байгуулсан өдөр 3 сарын хөлс 3,750,000 төгрөг, дэнчин 1,250,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөгийг хөлслүүлэгчид төлөх үүрэг хүлээсэн ч нэхэмжлэгч нь 3,500,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн үйл баримтын талаар зохигч маргаагүй.

Нэхэмжлэгч нь орон сууц хөлслөх гэрээнээс татгалзаж, урьдчилан төлсөн 3,500,000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардаж, гэрээний 3.5-д заасан үүргээ хөлслүүлэгч биелүүлээгүй учир гэрээнээс татгалзах хүртэлх 2 сарын хугацаанд орон сууцыг бодитоор эзэмшиж ашиглаагүй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

Харин хариуцагч нь гэрээ байгуулсан өдөр орон сууцны түлхүүрийг нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн гэж татгалзсан.

Зохигчийн анхан шатны шүүх хуралдаанд харилцан асуулт асууж, хариулт өгч, шүүхэд тайлбар гарган мэтгэлцсэн болон шүүх хуралдаан даргалагчийн асуултад хариулсан байдлаас үзвэл нэхэмжлэгч нь хариуцагчаас орон сууцны түлхүүрийг гэрээ байгуулсан даруй хүлээн авч, улмаар 2023 оны 05 сард гэрээнээс татгалзах хүртэл орон сууцыг өөрийн мэдэлд байлгаж байсан байна. Иймд, хариуцагчийг гэрээний 3.5-д заасан үүргээ биелүүлсэн гэж дүгнэнэ.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч тал 2023 оны 03 сарын 20-ны өдөр орон сууц хөлслөх гэрээг хариуцагчтай байгуулж, хөлс 3,500,000 төгрөгийг урьдчилан төлсөн атлаа орон сууцны түлхүүрийг хүлээн аваагүй гэх тайлбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт Зохигчийн шүүхэд гаргасан тайлбар бодит үнэнд нийцсэн байна гэж заасантай нийцэхгүй байна.

Нэхэмжлэгч тал гэрээний дагуу орон сууцыг өөрийн мэдэлд байлгаснаар нөгөө талын нэнэхүү орон сууцыг бусдад хөлслүүлэх эрхийг гэрээгээр хязгаарласан бөгөөд тэрээр орон сууцыг бодитоор ашигласан эсэхээс үл хамаарч 2023 оны 03 сарын 20-ны өдрөөс 2023 оны 05 сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны хөлс 2,500,000 төгрөгийг төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй.

 

5. Талуудын хооронд байгуулсан гэрээний 5.4-т зааснаар хөлслөгч нь гэрээг хугацаанаас өмнө цуцлахаар бол Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3 дахь хэсэгт заасан тодорхой хугацааны өмнө хөлслүүлэгчид мэдэгдэх үүргийг хүлээгээгүй, гэрээг шууд цуцлахаар тохиролцжээ. Нэхэмжлэгч нь 2023 оны 05 сард тухайн орон сууцыг хөлслөхөөс татгалзаж байгааг хариуцагчид мэдэгдсэнд зохигч маргаагүй учир зохигчийн хооронд байгуулсан орон сууц хөлслөх гэрээг 2023 оны 05 сарын 20-ны өдөр цуцлагдсан гэж үзнэ.

Иймд, нэхэмжлэгч О.Н-э нь гэрээнээс татгалзсан учир орон сууцыг хөлслөөгүй хугацааны төлбөр 1,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас буцаан шаардах эрхтэй, харин хариуцагч Р.Т- нь нэхэмжлэгчийн шилжүүлсэн 3,500,000 төгрөгөөс орон сууцыг хөлсөлсөн 2023 оны 03 сарын 20-ны өдрөөс мөн оны 05 сарын 20-ны өдрийг хүртэлх 2 сарын хугацааны төлбөрт 2,500,000 төгрөгийг суутган тооцож, илүү төлсөн 1,000,000 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй байна.

 

6. Анхан шатны шүүх хариуцагчийн 19,132,465 төгрөг гаргуулахаар шаардсан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Нэхэмжлэгч 2023 оны 05 сард орон сууц хөлслөх гэрээнээс татгалзсанаар хариуцагч уг орон сууцыг бусдад хөлслүүлэх эрх нээлттэй ба уг хугацаанаас хойш орон сууцыг бусдад хөлслүүлээгүй нь нэхэмжлэгчээс үл хамаарах тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

 

7. Дээрх үндэслэлээр хариуцагч талын үндсэн нэхэмжлэлтэй холбогдуулан гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Р.Т-гээс 1,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Н-эд олгож, нэхэмжлэлээс 2,500,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангуулах тухай давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 06 сарын 05-ны өдрийн 182/ШШ2024/02555 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 302 дугаар зүйлийн 302.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Р.Т-гээс 1,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч О.Н-эд олгож, үндсэн нэхэмжлэлээс 2,500,000 төгрөгийн шаардлагыг болон нэхэмжлэгчээс 19,132,465 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

2 дахь заалтын ...56.1... гэснийг 56.2 гэж, ...70,950 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч О.Н-эд олгосугай гэснийг ...28,550 төгрөг гаргуулж нэхэмжлэгч О.Н-эд олгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 254,812 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Э.ЭНЭБИШ