| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баасанжавын Эрдэнэхишиг |
| Хэргийн индекс | 175/2019/0068/Э |
| Дугаар | 66 |
| Огноо | 2019-04-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Цолмонгэрэл |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 12 өдөр
Дугаар 66
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Эрдэнэхишиг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Улсын яллагч Г.Цолмонгэрэл
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Р.Баярхүү
Нарийн бичгийн дарга Б.Түвшинтуул нар оролцов.
Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1-д зааснаар Боржигон овогт Баярмандахын Энхболд, Дайня овогт Гунгаабазарын Ганбаатар нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн 1931000800058 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 06 дугаар сарын 05-нд Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс халх, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 1 дүгээр баг 1 дүгээр хэсэг 258 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2013 оны 03 дугаар сарын 19-ны өдрийн 26 тоот шийтгэх тогтоолоор, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-д зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан, Дархан Уул аймаг дахь сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 92 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар 01 сарын баривчлах ялаар шийтгүүлж байсан, Боржигон овогт Баярмандахын Энхболд РД:/МЮ-91060518/
2.Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1971 оны 08 дугаар сарын 26-нд Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ганцаараа Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр багийн 1 дүгээр хэсэг 125 тоотод оршин суух хаягтай, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, 1993 оын 10 дугаар сарын 05-ны өдрийн Сэлэнгэ аймгийн сум дундын 2 дугаар шүүхийн 1993 оын 10 дугаар сарын 05-ны өдрийн 74 тоот шийтгэх тогтоолоор 1986 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 3, эд хөрөнгө хураахгүйгээр 06 сарын хорих ял, 211 дүгээр зүйлийн 2-д зааснаар 02 жилийн хорих ял тус тус шийтгүүлж байсан, Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 25-ны өдөр 124 тоот шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 02 жилийн хорих ял шийтгүүлж мөн хугацаагаар хянан харгалзаж байсан, Дайня овогт Гунгаабазар Ганбаатар РД: /МЬ-71082613/
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч С Г.Ганбаатар нь согтуурсан үедээ 2019 оны 02 дугаар сарын 21-ний орой 20 цагийн орчим Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын Хонгорморьт 1 дүгээр баг, 1 дүгээр хэсгийн 131 тоотод оршин суух О.Төмөрхуягийн гэрт Б.Энхболдыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Энхболд нь согтуурсан үедээ 2019 оны 02 дугаар сарын 21-ний орой 20 цагийн орчим Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын Хонгорморьт 1 дүгээр баг, 1 дүгэр хэсгийн 131 тоотод оршин суух О.Төмөрхуягийн гэрт Г.Ганбаатарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-д зааснаар талуудын мэтгэлцээн дээр шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Г.Ганбаатар нь согтуурсан үедээ 2019 оны 02 дугаар сарын 21-ний орой 20 цагийн орчим Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын Хонгорморьт 1 дүгээр баг, 1 дүгэр хэсгийн 131 тоотод оршин суух О.Төмөрхуягийн гэрт Б.Энхболдыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Энхболд нь согтуурсан үедээ 2019 оны 02 дугаар сарын 21-ний орой 20 цагийн орчим Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын Хонгорморьт 1 дүгээр баг, 1 дүгэр хэсгийн 131 тоотод оршин суух О.Төмөрхуягийн гэрт Г.Ганбаатарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож, уг гэмт хэрэгт шүүгдэгч Б.Энхболд, Г.Ганбаатар нар гэм буруутай болох нь нотлогдон тогтоогдлоо гэж шүүх дүгнэв.
Энэхүү үйл баримт нь шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж хэлэлцэгдсэн доор нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Үүнд:
Шүүгдэгч Б.Энхболдын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Ганбаатар ахыг Хуягаа ахынд байхад нь очиж маргалдаад хутга бариад айлгах санаатай байсан. Миний барьсан хутгыг Ганбаатар ах булаацалдаад бид хоёр аль аль нь гараа зүссэн. Гэм бургуугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,
Шүүгдэгч Г.Ганбаатарын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Архи уусны улмаас үл ойлголцол үүссэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна..” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.Энхболдын 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би өчигдөр буюу 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 14 цагийн үед гэрийнхээ гадаа найз нар болох Амараа, Золбоо нартай 0,75 литрийн “Монгол стандарт” нэртэй архи хувааж уугаад сууж байхад манай хөрш айлын ах болох Г.Ганбаатар бид 3 дээр ирж ууж байсан архинаас хувааж уусан. Тэгээд Г.Ганбаатар замын урд талд байдаг Хуягаа ахын гэрийг харж байгаа гээд явсан. Надтай хамт байсан найз Золбоо, Амараа нар мөн “явлаа” гээд явцгаасан. Ингээд би уусан архиндаа согтож гэртээ унтаж байгаад оройн 19 цаг өнгөрч байхад сэрж тамхи татах гээд байхгүй болохоор нь Г.Ганбаатар ах дээр очиж тамхи асууя, тамхи олдож магадгүй гэж бодоод явсан. Тэгээд Г.Ганбаатар ах дээр иртэл /Түнтэгэр/ Жагаа гэдэг хүнтэй 0,5 литрийн “Хараа” архи уугаад сууж байсан юм. Ингээд би Г.Ганбаатар ахаас тамхи гуйж татаад, ууж байсан архинаас нь мөн хувааж уусан. Тэгээд тэнд байсан Жагаа ах явж Г.Ганбаатар ах бид 2 үлдэж, Г.Ганбаатар ах “хоол хийнэ” гээд төмс арилгаад орон дээр сууж байсан. Би одоо сууж байгаа Х.Отгончимэгийн талаар ярьж “та яагаад манай найз охинд янз бүрийн ярьж, оролдоод байгаан бэ? намайг хөдөө модонд явж байхад Х.Отгончимэг над руу залгаж Г.Ганбаатар ах намайг оролдоод ахынх нь эрхтэн босоод байна, ахтайгаа нэг унтаач, Б.Энхболд намайг чамтай унт гэж хэлсэн гээд уйлж ярьсан, та яагаад манай найз охиныг оролдоод байгаа юм бэ” гэж Г.Ганбаатар ахад хэлэхэд “би юу гэж тэгж байдаг юм бэ, танай найз охин чинь худлаа ярьж байна” гээд над руу ууралсан. Тэгээд бид хоёр маргалдаж байгаад Г.Ганбаатар ах төмс арилгаж байсан, би тухайн үед сайн анзаараагүй жижиг хэмжээтэй хутгаар миний зүүн гарын алганы хойд хэсэг орчмыг зүсчихээр нь би уурлаж, Г.Ганбаатар ахаа “та гар зүсчихлээ ш дээ” гээд нүүр лүү нь баруун хөлөөрөө 2-оос 3-н удаа өшиглөсөн. Тэгсэн Г.Ганбаатар ах өөрийнхөө утсаар Цагдаагийн жижүүр лүү залгаж болсон асуудлыг хэлж дуудлага өгч байсан. Тэгээд удаагүй 10 минут гаран болсон байх цагдаа нар ирж болсон асуудлыг надаас асууж эмнэлэг рүү намайг авч явж түргэн тусламжын төвд хүргэсэн, эмч миний зүсэгдсэн гарын алганд 7-н оёдол тавьж цусыг тогоож эмчилгээ хийж өгсөн. Тэгээд би архи уусан байсан болохоор намайг эмнэлэгт авч очсон цагдаа нар Цагдаагийн газарт авч ирэн эрүүлжүүлэх байранд эрүүлжүүлсэн юм. Би Г.Ганбаатар ах надтай маргалдаж байгаад төмс арилгаж байсан хутгаараа миний гарыг зүсэхээр нь дахиад намайг хутгалж магадгүй гэж айгаад сандарсандаа нүүр лүү нь 2-оос 3-н удаа баруун хөлөөрөө өшгилсөн юм. Би Г.Ганбаатар ахтай урьд өмнө нь хэрэлдэж маргалдаж байгаагүй, бидний дунд ямар нэг өр авлага өс хонзонгийн асуудал бол байхгүй. Анх удаа л ийм асуудал болж байна. ....” гэх мэдүүлэг /хх-ийн 13 дугаар тал/
Хохирогч Г.Ганбаатарын 2019 оны 03 дугаар 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...2019 оны 02 дугаар сарын 21-ны өдөр манай хуурай эгч Дарь гээд хүний ажил явдал болж байсан. Би гэрийг нь хараад, гадаа түлээ хагалаад байж байсан. Тэгтэл Жагаа, Ганзориг гээд манай хуурай ах нар ирсэн. Тэгээд нэг шил архи гаргаж ирээд хамт уусан. Уугаад сууж байтал зүс таних манай хөрш айлын залуу Б.Энхболд гаднаас орж ирсэн. Ингээд Б.Энхболд орж ирээд хамт архи уусан. Үүний дараа Жагаа, Ганзориг ах хоёр гараад яваад өгсөн. Тэгсэн гэрт Б.Энхболд үлдэхээр нь би “чи харихгүй юм уу” гэж асуухад урдаас “хөгшин кобра минь чи юу гээд байна, айлын гэрт байж юу гээд олон юм яриад байгаан бэ” гэсэн. Тэгэхээр нь би “чи бодоод үз дээ, энд чинь ажил явдал болж байна, чи явах хэрэгтэй гэсэн. Үүний дараа би хоол хийх гээд тогоон дээрээ хоолоо хуурж байтал гэнэт хойноос Б.Энхболд хүрч ирээд намайг боогоод газар унагаасан. Тэгэхээр нь би “чи яаж байгаан бэ? чи ингэж болохгүй шүү дээ” гэж хэлтэл миний дээр суучихаад миний нүүр лүү 3-н удаа мөргөхөд миний хөмсөг задарч цус ихээр гарсан. Би “одоо болилдоо, цус гараад байна” гэсэн чинь босоод шүүгээнээс ногоон иштэй жижиг хутга аваад над руу далайгаад дайрхад нь би баруун гараараа хутганаас нь бариад авсан. Тэгсэн чинь хутганаас барьж авсан гарнаас цус их гарч. Үүний хажуугаар миний нүүр хэсэг рүү мөргөөд байсан. “Одоо болилдоо бөөн цус болчихлоо” гэж хэлтэл надаас холдохоор нь би босч гэрээс гарч зугтааж, арын хашаанд байдаг Пүрэв ахынд орж “цагдаа, эмнэлэг дуудаарай” гэж хэлсэн. Тэгээд Пүрэвээ ах утсаараа залгаж дуудлага өгсөн. Удалгүй дуудлагын цагдаа, түргэний эмч нар хамт ирсэн. Асуудал болдог өдрийн өглөө 11 цагийн үед байсан санагдаж харж байгаа айлынхаа морийг услаж, тэжээгээд зогсож байхад Б.Энхболдын гэрийн хаалга нь онгорхой байхаар нь гаднаас дөхөж очтол Б.Энхболд гэрийнхээ гадаа найз болох одоо би нэрийг нь санахгүй байна 2 залуутай 0,75 литрийн “Монгол стандарт” архи уугаад сууж байсан. Тэгээд надад ууж байсан архинаасаа аяганд хийгээд өгөхөөр нь нэг удаа уусан юм. Тэгээд ч тэд нарын ууж байсан архи нь дуусч жоохон л үлдсэн байсан. Б.Энхболд тухайн үед гайгүй л байх шиг харагдсан, “би за явлаа” гээд бостол Б.Энхболд намайг барьж аваад барилдах гээд байгаа шиг ноцолдоод эхэлсэн. Тэгсэн тэнд хамт байсан 2 найз нь надаас Б.Энхболдыг салгаж гэр лүү аваад орсон, би явах гэж байтал Б.Энхболд гэрээсээ сүх гартаа барьчихсан над руу гүйж байхад тэнд байсан найз нар нь Б.Энхболдыг хорьж болиулан дахиад гэр лүү нь аваад орсон. Тэгээд Б.Энхболдыг “унтуулчихлаа” гэсээр нөгөө 2 найз гэрээс нь цоож түлхүүрийг барьж гарч ирээд гэрийг нь гаднаас нь цоожлон түлхүүрийг нь хаалганы хажууд газар дээр байсан тоосгон доор хийж үлдээгээд бид гурав хамт Б.Энхболдын хашаанаас гарч таксигаар төв явсан. Б.Энхболд намайг найз Х.Отгончимэгтэй явалддаг гэж хардаад, юм санаад байдаг юм шиг байна лээ. Би Б.Энхболдын найз Х.Отгончимэгтэй ямар нэг харьцаа байхгүй. Б.Энхболд бид нар хөрш хамар хашаанд байдаг, надад тус болж би харилцан тус дэмтэй явдаг тийм л хүмүүс тэрнээс ямар нэг эр эмийн харьцаа энэ тэр байхгүй. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 53 дугаар тал/
Гэрч Х.Отгончимэгийн 2019 оны 03 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би Б.Энхболдтой 2018 оны 11 дүгээр сараас одоо хүртэл хамт амьдарч байгаа хамтран амьдрагч эр эмийн харьцаатай хүмүүс, харин Г.Ганбаатарыг манай хөрш айлын ганц биеэр амьдардаг хүн гэдэг утгаар зүс мэднэ. Би болсон асуудлын талаар мэдэж байгаа тул Цагдаагийн байгууллагад болсон явдлын талаар ярих гэж ирсэн юм. Ингээд 2019 оны 02 дугаар сарын яг хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна, ямар ч байсан Цагаан сарын баярын өмнө байсан санагдаж байна, Б.Энхболд гэртээ байхгүй ууланд галын түлээний мод хүмүүстэй хамт хийхээр явсан байсан. Би гэртээ ганцаараа байсан юм. Тэгсэн шөнө 01 цагийн үед унтаж байгаад гэрийн хаалга хүн тогших чимээ гарч сэрсэн, тэгээд “хэн бэ” гэж асуутал “хөрш айлын Г.Ганбаатар ах нь байна, хаалгаа тайлаач” гэхээр нь онгойлгож өгсөн тэгсэн Г.Ганбаатар ах орж ирээд “ах нь тал шил архитай явж байна, хоёулаа энэ архийг хуваагаад уучих уу” гээд 0,75 литрийн “Хараа” нэртэй архи гаргаж ирэхээр нь би “архи уухгүй” гэж хэлсэн чинь “Б.Энхболд намайг чамтай унтаж болно гэж хэлсэн, ахынх нь эрхтэн босоод байна” гэж ярихаар нь “та юу яриад байгаа юм бэ” гэж хэлтэл миний нөмрөөд хэвтэж байсан хөнжлийг сөхөж “танай нөхөр ууланд мод хийж байгаа ирэх болоогүй ахтайгаа ганц унтаач” гээд намайг тэврээд авахаар нь би Г.Ганбаатар ахыг өөрөөсөө ходуулах гээд түлхэж дийлэхгүй байсан. Тэгээд болиочээ гээд уйлсан. Тэгээд байж байхад Б.Энхболд уул руу хамт явсан хүний утсаар миний утас руу залгаж “гол гараад явж байна, удахгүй очно” гэж ярьсан. Энэ яриаг бас Г.Ганбаатар ах сонсоод зогсож байсан. Тэгсэн чинь Г.Ганбаатар ах миний утсыг булааж аваад ор луу шидсэн. Тэгээд Б.Энхболд дахиж над руу залгахаар нь “Г.Ганбаатар ах гэрт орж ирээд намайг оролдоод байна” гэж уйлж хэлсэн тэгтэл Б.Энхболд “Г.Ганбаатар ахад утсаа өгчих би ярья” гэж ярихаар нь утсаар өгтөл Г.Ганбаатар ах ярихгүй гэж хэлээд гэрээс гараад явсан. Ингээд удалгүй Б.Энхболд ажлаасаа бууж гэрт ирэхээр би болсон явдлыг Б.Энхболдод хэлсэн чинь уурлаж Г.Ганбаатар ахын гэрт орж тэр хоёр хоорондоо маргалдсан юм шиг байсан. Б.Энхболд, Г.Ганбаатар ах хоёр хамт гэрт орж ирээд Б.Энхболд, Г.Ганбаатар ахад “та одоо яагаад намайг эзгүйд эхнэр оролдоод байгаа юм бэ” гэж хэлтэл Г.Ганбаатар ах нэлээд согтуу “би эхнэрийг чинь оролдоогүй, миний дараа Ганбаа л оролдсон байх би оролдоогүй шүү” гэж ярихаар нь би Б.Энхболдод “наад хүн чинь согтуу байна, одоо юу ярихав дээ маргааш эрүүл болохоор нь ярь” гэж хэлээд өнгөрч байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 дугаар тал/
Гэрч Т.Одгэрэлийн 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би Улаанбаатар хотод ажил хийж амьдарч байгаад одоогоос 3-н жилийн өмнө буюу 2016 онд энд Сүхбаатар суманд ээж дээр ирж амьдрах болсон. Тэгээд манай хөрш айлийн хүмүүс болох Г.Ганбаатар, Б.Энхболд нарыг таньж мэдэх болсон юм. Тэдгээр хүмүүсийн хувьд гэвэл нэг доор хамт хөрш айлаар амьдардаг хүмүүс бие биенийхээрээ орж гараад нэг нэгэндээ тус дэм болоод л явдаг хүмүүс. Г.Ганбаатар ахын хувьд гэвэл ганц биеэр амьдарч байгаа, Б.Энхболдын хувьд гэвэл саяханаас буюу өнгөрсөн өвөл 1 дүгээр сард байх, эхнэр авч байгаа, би одоо нэрийг сайн мэдэхгүй байна, Чимгээ гэдэг эмэгтэй хүнтэй сууж байгаа. Г.Ганбаатар ахын хувьд гэвэл би хааяа гэрт орж хоол ундыг нь хийж өгөөд байж байхад тэгж их юм яриад байдаггүй. Анх яаж харьцаж эхэлсэн тэр зангаараа л гэх үү дээ. Ер нь бол хөл гар муутай, ганц биеэр амьдарч байгаа болохоор тустай дэмтэй явъя л гэж боддог юм. Хүнд тусархуу тийм л хүн. Г.Ганбаатар ахын хувьд архийг бол ууна, гэхдээ ямар нэг илүү дутуу зан гаргаад байдаггүй, мөрөөрөө л байдаг. Б.Энхболдын хувьд гэвэл архи уудаг, архи уухаараа жаахан тавьтаргүй зантай, одоо сууж гэр бүл болж байгаа Чимгээ нь бас архи уудаг, ер нь бол архи хэрэглэдэг тийм л хүмүүс. Надад Г.Ганбаатар, Б.Энхболд нар урьд өмнө нь хоорондоо хэрэлдэж маргалдаж байсан асуудлыг би мэдэхгүй, эвтэй л байдаг юм шиг харагддаг. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар тал/
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 25-ны 63 дугаар шинжээчийн:
“1.Б.Энхболдын биед зүүн бугуйн дотор хэсэгт зүсэгдсэн шархтай зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэх дүгнэлт /хх-ийн 36 дугаар тал/
Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 02 дугаар сарын 25-ны 61 дугаар шинжээчийн:
“1.Г.Ганбаатарын биед зовхинд цус хуралт, хөмсөг, гарын сарвуунд хутганы хатгагдсан шархтай зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4 1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй....” гэх дүгнэлт /хх-ийн 42 дугаар тал/
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02 дугаар тал/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 05-06 дугаар тал/
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 07-09 дүгээр тал/
Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хх-ийн 11 дүгээр тал/
Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг яаралтай тусламж үзүүлсэн байдал /хх-ийн 37,43 дугаар тал/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 38-39,44,45 дугаар тал/
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 51-52,54,55 дугаар тал/
Б.Энхболдын 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 53 дугаар тал/
Г.Ганбаатарын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 56 дугаар тал/
Захиргааны хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70,83 дугаар тал/
Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 40 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 71 дүгээр тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74,84 дүгээр тал/
Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 26 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 77-79 дүгээр тал/
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 81-82 дугаар тал/
1993 оны 74 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 87-89 дүгээр тал/
Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 124 дүгээр шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 90-91 дүгээр тал/ зэрэг болно.
Мөрдөгч дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн хуулинд заасан шаардлагыг хангасан байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож шүүх үнэлэв.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч нар шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Иймд шүүгдэгч Г.Ганбаатар нь согтуурсан үедээ 2019 оны 02 дугаар сарын 21-ний орой 20 цагийн орчим Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын Хонгорморьт 1 дүгээр баг, 1 дүгэр хэсгийн 131 тоотод оршин суух О.Төмөрхуягийн гэрт Б.Энхболдыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Б.Энхболд нь согтуурсан үедээ 2019 оны 02 дугаар сарын 21-ний орой 20 цагийн орчим Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын Хонгорморьт 1 дүгээр баг, 1 дүгэр хэсгийн 131 тоотод оршин суух О.Төмөрхуягийн гэрт Г.Ганбаатарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн баримтуудаар нотлогдсон гэж шүүх үзэж байна.
Шүүгдэгчийн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байх бөгөөд тухайн зүйл хэсэгт заасан хүндрүүлэх үндэслэл тогтоогдоогүй, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, нотолбол зохих асуудлыг бүрэн нотлосон, прокурорын зүйлчлэл хэргийн бодит байдалтай тохирсон гэж үзлээ.
Түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасны дагуу хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хүлээн авч хянан үзэхэд мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-д заасан нөхцөл байдал хангагдсан байх тул хуулийн хугацаанд шийдвэрлэсэн болно.
Хоёр: Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг
Шүүгдэгч Б.Энхболд, Г.Ганбаатар нарын гэмт үйлдлийн өөрсдийнх нь эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Б.Энхболдын биед зүүн бугуйн дотор хэсэгт зүсэгдсэн шартхтай зөөлөн эдийн няцралтын гэмтэл, Г.Ганбаатарын биед зовхинд цус хуралт, хөмсөг, гарын сарвуунд хутганы хатгагдсан шархтай зөөлөн эдийн няцралтын гэмтэл тус тус тогтоогдсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хохиролд тооцов.
Энэ хэрэгт Б.Энхболд, Г.Ганбаатар нар нь хоорондоо эвлэрсэн, нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол саналгүй гэсэн мэдүүлгийг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргасанд үндэслэн шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Гурав: Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Энхболд, Г.Ганбаатар нар нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн талаар маргаангүй байгаа, хоорондоо эвлэрсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч нарт шүүх хуралдаанд ороцсон Прокуророос санал болгосон 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.Энхболд, Г.Ганбаатар нар нь эрхэлсэн тодорхой ажилгүй, хувийн байдал зэргийг харгалзан шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар Б.Энхболд, Г.Ганбаатар нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 15000 төгрөгийг нэг хоногтой дүйцүүлж хорих ялаар солихыг анхааруулав.
Шүүгдэгч нар энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг дурьдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн иштэй 1 ширхэг хутгыг устгах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 9, 36.2 дугаар зүйлийн 4, 36.8 дугаар зүйлийн 1, 4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан шүүгдэгч Боржигон овогт Баярмандахын Энхболд, Дайня овогт Гунгаабазарын Ганбаатар нарыг мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт тус тус гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Боржигон овогт Баярмандахын Энхболд, Дайня овогт Гунгаабазарын Ганбаатар нарыг тус тус 500 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар ялтан Боржигон овогт Баярмандахын Энхболд, Дайня овогт Гунгаабазарын Ганбаатар нарт оногдуулсан торгуулийн ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 90 хоногийн дотор сар бүр тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлөхийг үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Б.Энхболд, Г.Ганбаатар нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 15000 төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5.Ялтан Б.Энхболд, Г.Ганбаатар нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэн ирүүлсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар энэ гэмт хэргийн улмаас эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7.Ялтан Б.Энхболд, Г.Ганбаатар нарт урд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ Б.ЭРДЭНЭХИШИГ