| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэжаргалын Ариунаа |
| Хэргийн индекс | 151/2016/00804/и |
| Дугаар | 151/ШШ2016/00950 |
| Огноо | 2016-09-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 151/ШШ2016/00950
| 2016 оны 09 сарын 19 өдөр | Дугаар 151/ШШ2016/00950 | Төв аймаг |
Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Төв аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Ариунаа би Төв аймаг, Сэргэлэн сум, 4 дүгээр баг, Эрдэнэ-Уул, 5-3 тоотод оршин суух С.Цэдэвсүрэн, С.Оюунсүрэн нарт холбогдох,
зээл, хүү 4 524 544 төгрөг гаргуулах тухай,
“Түмэн мод” ББСБ-ын нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 30 өдөр хүлээн авч, 2016 оны 07 дугаар сарын 07 өдөр иргэний хэрэг үүсгэж, хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч С.Оюунсүрэн нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа:
“Сэргэлэн сумын 4 дүгээр багийн иргэн Сангирагчаа овогтой Цэдэвсүрэн, хамтран харуцагч Сангирагчаа овогтой Оюунсүрэн нар нь 2014 оны 05 сарын 21 өдөр “Түмэн мод” ББСБ-аас харилцан тохиролцож, гэрээ хийж 6 сарын хугацаатай 5%-ийн хүүтэй 3 000 000 төгрөг зээл авсан. Тухайн үедээ их бага хэмжээгээр төлж байгаад дүү минь ажилгүй болоод орлогогүй, би өөрөө цалингийн зээлтэй учир төлөхөд хүндрэл учирч энэ байгууллагад 4 524 544 төгрөгийн хохирол учруулсан.
Миний төрсөн дүү Сангирагчаа овогтой Цэдэвсүрэн нь Өмнөговь аймаг руу ажилд орохоор явсан боловч холбоо барих утасгүй, холбоо барьж болохгүй байгаа учир миний бие С.Оюунсүрэн нь дүү Цэдэвсүрэнгийн өмнөөс энэ мөнгийг 2 сарын хугацаанд төлж дуусгана. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийг ойлгосон болно.” гэжээ.
Нэхэмжлэгч “Түмэн мод” ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хишигсугар шүүхэд гаргасан хүсэлтдээ:
“Хариуцагч С.Оюунсүрэнгийн хариу тайлбартай танилцлаа. “Түмэн мод” ББСБ-аас С.Цэдэвсүрэн, С.Оюунсүрэн нар нь хамтран 3 000 000 төгрөгийн зээл авсан. Хариуцагч С.Цэдэвсүрэн нь одоогоор Өмнөговь аймагт ажиллаж байгаа гэсэн байх ба хариуцагч С.Оюунсүрэн нь манай байгууллагын нэхэмжилсэн 4 524 544 төгрөгийг 2 сарын хугацаанд төлж барагдуулна гэсэн тайлбар бичжээ.
Иймд хариуцагч С.Оюунсүрэнгээр зээлийн төлбөр 4 524 544 төгрөгийг төлүүлэхэд татгалзах зүйлгүй учир хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийг ойлголоо.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Түмэн мод” ББСБ нь хариуцагч С.Цэдэвсүрэн, С.Оюунсүрэн нараас зээл, хүү 4 524 544 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч С.Цэдэвсүрэн нь нэхэмжлэлд хавсаргасан цахим иргэний үнэмлэх дээрх өөрийн хаягтаа оршин суудаггүй, холбоо барих утасгүй байх ба хариуцагч С.Оюунсүрэн нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа /хх 20-21/ нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, “Түмэн мод” ББСБ-ын нэхэмжилж буй зээл, хүү 4 524 544 төгрөгийг төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.
Нэхэмжлэгч “Түмэн мод” ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хишигсугар нь хариуцагчын хариу тайлбартай танилцаж, хариуцагч С.Цэдэвсүрэнгээс зээлийн төлбөрийг гаргуулахгүйгээр хариуцагч С.Оюунсүрэнгээс зээлийн төлбөрийг гаргуулна гэсэн байна.
Иргэний Хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасны дагуу нэхэмжлэгч нь С.Цэдэвсүрэнг хариуцагчаас чөлөөлж, С.Оюунсүрэнгээс зээлийг бүхэлд нь шаардах эрхтэй байна.
Хариуцагч С.Оюунсүрэнгийн зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь
1. “Түмэн мод” ББСБ-ын нэхэмжлэлийн шаардлага зээл, хүү 4 524 544 төгрөгийг хариуцагч С.Оюунсүрэн хоёр сарын хугацаанд төлнө гэж хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 87 343 төгрөгийн 50 хувь болох 43 671.5 төгрөгийг улсын төсвөөс, 43 671.5 төгрөгийг хариуцагч С.Оюунсүрэнгээс тус тус гаргуулж нэхэмжлэгч “Түмэн мод” ББСБ-д олгосугай.
3. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх журамтай болохыг дурдсугай.
4. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг зохигчдод мэдэгдсүгэй.
ШҮҮГЧ Э.АРИУНАА