Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
Хэргийн индекс | 102/2024/00329/И |
Дугаар | 210/МА2024/01477 |
Огноо | 2024-07-22 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2024/01477
2024 оны 07 сарын 22 өдөр | Дугаар 210/МА2024/01477 |
П.Н-ы нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 27-ны өдрийн 102/ШШ2024/02756 дугаар шийдвэртэй,
П.Н-ы нэхэмжлэлтэй, Т м-ХХК-д холбогдох,
Ажил эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан тул уг хэлбэрээр няцаалт хийлгэхийг даалгах тухай иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, Т.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын өмгөөлөгч С.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:
1.1. Би Т м-ХХК-ийн 2023 оны 10 сарын 27-ны өдрийн *** Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай" тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн ба намайг сахилгын зөрчлийг давтан гаргаагүй байхад ажлаас халсан нь хууль бус болсон. Ажил олгогчоос намайг хөдөлмөрийн гэрээнд заасан гаалийн бүрдүүлэлт хийхэд зохих зааварчилгаа өгч ажиллах үүргээ зөрчсөн гэх боловч гэрээнд энэ талаар зохицуулаагүй тул үүрэг зөрчсөн гэж үзэхгүй. Мөн П.Н-ыг "гаалийн бүрдүүлэлт буруу хийж зөрчил гаргасан гэсэн нь түүнийг өөр ажилд ороход авахгүй байх зэргээр нэр хүндэд нь хохирол учруулж байна. Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Т м-ХХК нь П.Н-тай тохиролцон тус компанийн ложистикийн мэргэжилтэн" албан тушаалд ажиллуулахаар 2022 оны 08 сарын 02-ны өдөр хөдөлмөрийн гэрээг байгуулсан. П.Н- нь ажлын цагийг баримтлаагүй, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн тул түүнд ажил олгогч нэг жилд хоёр удаа сануулах" сахилгын шийтгэл ногдуулсан. Үүнээс хойш нэг жилийн хугацаа өнгөрөөгүй байхад тэрээр дахин зөрчил гаргаж, ажилдаа хайнга хандсаны улмаас 2023 оны 7 сард хурдны хайрцаг, төмөр поддон нь засварлагдан Монгол Улсын хилээр орж ирсэн байхад гаалийн мэдүүлгийг хаагаагүй зөрчил гаргасан учир ажил олгогчоос Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.5-д зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулж, түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан нь үндэслэлтэй. Т м-ХХК-ийн 2023 оны 231027/312 тоот шийдвэр нь П.Н-ы нэр төр, алдар хүндийг гутаасан агуулгагүй гэжээ.
3. Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Нэхэмжлэгчийн цалинг өгөх хэрэгтэй. Шүүх үүнийг шийдвэрлэх байх гэж бодож байна гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч П.Н-ыг Т м-ГХОХХК-ийн Сэлбэг нийлүүлэлтийн газарт Ложистикийн мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, Т м-ГХОХХК-д холбогдох нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 14,302,348 төгрөг гаргуулж нэхэмжлэгч П.Н-д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-т зааснаар нэхэмжлэгч П.Н-ы төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр дээрх олговроос шимтгэл тооцохгүйгээр тооцон нийгмийн даатгалын байгууллагын төвлөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг Т м-ГХОХХК-д даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 874,124 төгрөг гаргуулан улсын орлого болгож шийдвэрлэжээ.
5. Хариуцагч тал анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан боловч талууд 2024 оны 07 сарын 22-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
ХЯНАВАЛ:
1. Хариуцагч Т м-ХХК анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасны дараа зохигч эвлэрч, 2024 оны 07 сарын 22-ны өдөр эвлэрлийн гэрээг дараах агуулгаар байгуулж, мөн өдрийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн. Үүнд:
1. Нэхэмжлэгч П.Н- нь ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах, нэр төр, алдар хүндийг сэргээлгэх нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байна.
2. Хариуцагч Т м-ХХК-аас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч, нэхэмжлэгч П.Н-ы ажилгүй байсан хугацааны олговорт 14,302,348 төгрөгийг 2024 оны 07 сарын 31-ний өдрийн дотор шилжүүлэх бөгөөд хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг зохих хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж шилжүүлнэ. Олговрыг хүлээн авах данс: Худалдаа хөгжлийн банк 474013268 Пүрэвбаярын Намуун.
3. Иймд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 27-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж гэрээндээ тусгажээ.
2. Эвлэрлийн гэрээнд зохигчийг төлөөлөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Төгөлдөр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У нар гарын үсэг зуржээ. Хэргийн баримтаас үзвэл нэхэмжлэгчээс 2023 оны 11 сарын 17-ны өдрийн итгэмжлэлээр Г.Т-т, хариуцагчаас 2024 оны 01 сарын 12-ны өдрийн 05/31 тоот итгэмжлэлээр Т.У-д тус тус олгосон итгэмжлэлд эвлэрэх эрхийг олгосон байх тул итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нь зохигчийг төлөөлөн эвлэрэн хэлэлцэх болон эвлэрлийн гэрээнд гарын үсэг зурах эрхтэй байна.
3. Талууд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд зохигчийн эвлэрлийн гэрээний нөхцөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч П.Н-, хариуцагч Т м-ХХК нарын гэрээгээр тохиролцсон эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасны дараа талууд эвлэрсэн тохиолдолд хуульд заасны дагуу давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг буцаан олгохгүй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4, 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 27-ны өдрийн 102/ШШ2024/02756 дугаар шийдвэрийг хүчингүй болгож,
Нэхэмжлэгч П.Н- нь ажилд эгүүлэн тогтоолгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах, нэр төр, алдар хүндийг сэргээлгэх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг
Хариуцагч Т м-ХХК нь нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч 14,302,348 төгрөгийг 2024 оны 07 сарын 31-ний өдрийн дотор П.Н-ы Худалдаа хөгжлийн банк ХК дахь ***** тоот дансанд /хувь хүний орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг суутган тооцож/ шилжүүлэхээр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Т м-ХХК-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229,462 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, мөн тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
Э.ЭНЭБИШ