Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
Хэргийн индекс | 182/2023/05293/И |
Дугаар | 210/МА2024/01475 |
Огноо | 2024-07-22 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2024/01475
2024 оны 07 сарын 22 өдөр | Дугаар 210/МА2024/01475 |
Т б- ХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 02-ны өдрийн 182/ШШ2024/02008 дугаар шийдвэртэй,
Т б- ХК-ийн нэхэмжлэлтэй Ц.Н-т холбогдох,
Кредит картын зээлийн гэрээний үүрэг, нотариатын зардалд 7,515,409.55 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Зээлдэгч Ц.Н- нь Т б-тай 2018 оны 05 сарын 17-ны өдөр 18/108 тоот Кредит карт эзэмших гэрээ байгуулж 5,000,000 төгрөгийн Алтан кредит карт-ыг бэлэн гүйлгээ хийсэн бол сарын 3 хувь, бэлэн бус гүйлгээ хийсэн бол сарын 2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай хэрэглээний зээлийн зориулалтаар авсан. Кредит картын зээлийн гэрээний дагуу Т б- нь **************** тоот дансанд 5,000,000 төгрөгийн эрхтэй кредит карт олгосон бөгөөд тэрээр картыг эзэмшиж гүйлгээ хийсэн бөгөөд үлдэгдэл төлбөрөө төлөөгүй.
Банкны зүгээс 2023 оны 03 сарын 01, 06 сарын 07, 06 сарын 28-ны өдрүүдэд мэдэгдэл хүргүүлсэн. Иймд, зээлийн гэрээний үндсэн төлбөр 3,439,893.44 төгрөг, хүү 3,244,724.85 төгрөг, хугацаа хэтрүүлсний шимтгэл 767,241.26 төгрөг, гүйлгээний шимтгэл 50,550 төгрөг, нийт 7,502,409.55 төгрөгийг, нотариатын зардал 13,000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:Ц.Н- нь дээрх Кредит карт эзэмших гэрээг 2018 онд хоёр жилийн хугацаатай байгуулсан ба гэрээний хугацаа болон картын хугацаа 2020 оны 05 сарын 17-ны өдөр дууссан. Дахиж шинээр карт аваагүй. Энэхүү хугацаанд хариуцагч үндсэн зээлд 15,272,281.56 төгрөг, хүүнд 2,751,529.43 төгрөг, гүйлгээний шимтгэл 3,000 төгрөг, хугацаа хэтрэлтийн шимтгэл 198,785.83 төгрөг нийт 18,225,596.8 төгрөгийг төлсөн. Иймд, нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Н-ээс 6,697,617 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т б- ХК-д олгож, нэхэмжлэлээс 817,791 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 122,112 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Т б- ХК-д олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 135,196.55 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.
4. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга:
4.1. Т б- ХК нь Ц.Н-т олгосон "Алтан картын зээл" нь анхнаасаа зээл олгох журмаа зөрчиж зээлийн хүү төлөх чадамжгүй, орлогогүй иргэнд зээл олгосныг шүүх анхаарсангүй. "Алтан карт" эзэмшигч гэж байнгын орлоготой, хадгаламжтай, эсвэл барьцаа хөрөнгөтэй хүнийг хэлнэ. Харин банк журмаа санаатай зөрчиж, тухайн банкинд хадгаламжгүй, орлогогүй иргэнээс хүү авах гэсэн башир аргыг шүүх үнэн зөвөөр тогтоовол хариуцагч нь зөвхөн үндсэн зээлээ төлөх үүрэг хүлээнэ. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрээс 3,244,725 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, үндсэн зээл төлүүлэх шийдвэр гаргаж өгнө үү.
4.2. 2018 оны 05 сарын 17-ны өдрийн "Кредит алтан карт" олгох 5 сая төгрөгийн эрхтэй зээлийн гэрээ нь 2020 оны 05 сарын 17-ны өдөр дууссан. Талууд дахин гэрээг сунгаагүй байхад Т б- нь "Ковид"-ын улмаас нэг жилээр сунгасан гэж тайлбарладаг нь нэг талын санаачлагаар сунгасныг хууль бус болно.Ц.Н- нь орлогогүй боловч 2018 оны 05 сарын 17-ны өдрөөс 2020 оны 05 сарын 17-ны хооронд 15,272,281 төгрөг зарцуулж, хүүнд 2,751,529 төгрөг төлсөн гэдэгт санал нийлэхгүй. Гэрээ сунгагдаагүй тул картыг ашиглан гүйлгээ хийх боломжгүй болсон.
4.3. Т б- нь "Алтан картын зээл олгох журмын дагуу зээлээ олгоогүй байж, журмын дагуу "Алтан картын зээл" эзэмшигчийн зээл төлөх шаардлагаар зээлийн хуримтлуулсан хүү нэхэмжилж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. Зээлийн хугацаа дууссан гурван жилийн хугацаанд хариуцагчид зээл төлөх мэдэгдлийг шуудангаар илгээсэн гэх боловч ийм мэдэгдлийг гардаж аваагүй байхад анхан шатны шүүх банкны баримтыг нотолгоо гэж үзсэнд гомдолтой байна.
Иймд, банкнаас гаргасан зээлийн хүүг бууруулах эсвэл бүр тэглэн зөвхөн үндсэн зээл төлөх үүргээр нь хангаж өгнө үү гэжээ.
5. Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгч тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч Т б- ХК нь хариуцагчЦ.Н-т холбогдуулан кредит карт эзэмших гэрээний үндсэн төлбөр 3,439,893.44 төгрөг, үндсэн хүү 3,244,724.85 төгрөг, хугацаа хэтрүүлсний шимтгэл 767,241.26 төгрөг, гүйлгээний шимтгэл 50,550 төгрөг болон нотариатын зардал 13,000 төгрөг, нийт 7,515,409.55 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, картын гэрээний хугацаа дууссан бөгөөд 18,225,596 төгрөг төлсөн байхад дахин их хэмжээний мөнгө нэхэж байгааг зөвшөөрөхгүй, явуулж байсан үйл ажиллагаа зогссон тул гэж маргажээ.
3. Т б- ХК,Ц.Н- нар 2018 оны 05 сарын 17-ны өдөр байгуулсан Кредит карт эзэмших гэрээ-ээр банк нь 5,000,000 төгрөгийн зээлийн эрхтэй картыг 2 жилийн хугацаанд карт эзэмшигчид эзэмшүүлж, бэлэн мөнгөний гүйлгээнд жилийн 36, бэлэн бус мөнгөний гүйлгээнд жилийн 24 хувийн хүү төлөхөөр харилцан тохиролцжээ.
Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйлчилгээ эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар зөв дүгнэжээ. Гэрээний 2.5.1, 2.5.2-т бэлэн болон бэлэн бус гүйлгээний хүүгийн талаарх талуудын тохиролцоо нь мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт нийцсэн байна.
4. ХариуцагчЦ.Н- нь гэрээ байгуулагдсан 2018 оны 05 сарын 17-ны өдрөөс эхлэн тухайн кредит картаар 15,272,281 төгрөгийн гүйлгээ хийж ашигласнаас 2,953,314 төгрөгийг буцаан төлж, зээлийн үндсэн төлбөрийн үлдэгдэл 3,439,893.44 төгрөг, хүү 3,244,724.85 төгрөгийг төлөөгүй нь хэрэгт нотлох баримтаар авагдсан кредит дансны хуулга, кредит картын зээл, хүүгийн тооцооллын хүснэгтээр тус тус тогтоогдсон байна.
Энэхүү картын мөнгөн гүйлгээний тооцоолол, дансны хуулгаар тогтоогдсон төлбөрийн дүн нь хариуцагчийн төлсөн гэж тайлбарласан мөнгөн дүнг оруулаагүй, мөнгөн төлбөрийн авлагыг илүү тооцсон гэх байдлыг хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу няцаагаагүй, шүүхэд хандан татгалзлаа нотлохтой холбоотойгоор нотлох баримт бүрдүүлэх хүсэлтийг гаргаагүй байна.
Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасны дагуу зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч нь гэрээний хугацаа дуусгавар болсон, гэрээ цуцлагдсан эсэхээс үл хамааран кредит картын зээлийн гэрээнд заасан хүүгийн төлбөрийг хариуцагчаас шаардах эрхтэй. Хариуцагч гэрээний үүргээ зөрчиж хугацаа хэтрүүлсний улмаас зээлийн хуримтлагдсан хүүгийн төлбөрийг нэхэмжлэгч шаардсаныг буруутгахгүй бөгөөд Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч болох банк нь гэрээнд заасан үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн, аль эсхүл үүргийг хугацаандаа хүлээж аваагүйгээс хүү шаардах эрхгүй болсон гэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Нэхэмжлэгч Т б- ХК нь 2023 оны 03 сарын 01, мөн оны 06 сарын 07, 28-ны өдрүүдэд хариуцагчЦ.Н-т зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийг мэдэгдсэн шаардах хуудсыг шуудангаар хүргүүлж байсан байна. Иймд, дээрх үндэслэлээр анхан шатны шүүх кредит картын зээлийн гэрээний үндсэн зээлийн үлдэгдэл 3,439,893.44 төгрөг, үндсэн хүү 3,244,724.85 төгрөг, нийт 6,684,618,29 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт нийцсэн байна.
5. Хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлэхийг шаардаж байсан, талууд харилцан тохиролцож тус гэрээг байгуулсан байх тул төлбөрийн чадамжгүй иргэнд кредит картын зээл олгосон, 3 жилийн хугацаа өнгөрсний дараа зээлийг шаардаж хариуцагчаас их мөнгө шаардсан гэх гомдлыг хангахгүй. Учир нь, хариуцагч Кредит картын зээлийн гэрээг байгуулж байх үедээ 46 настай байсан нь Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт зааснаар бусдын өмнө хүлээсэн үүргээ өөрөө хариуцах, хийж хэлцлийн агуулгыг ухамсарлан ойлгох насанд хүрсэн байх тул гэрээний үүргээс чөлөөлөгдөхгүй юм.
Мөн зээл төлөх үүрэг нь зээлдүүлэгчийн бус зээлдэгчийн үүрэг тул гэрээний үүргийг шаардаагүй гэх гомдол үндэслэлгүйн зэрэгцээ хариуцагч нь банктай кредит картын зээлийн гэрээ байгуулсан нь коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахал гарсантай холбоотой ипотекийн зээлийн гэрээний төлбөр төлөх хугацааг сунгахаар зохицуулсан Коронавирист халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлдэлд хамаарахгүй байх тул тэрээр хугацаа хэтрүүлсний зээлийн хүү төлөх үүрэгтэй.
Иймд, энэ талаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй.
6. Нэхэмжлэгч нотариатын зардал 13,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсаныг шүүх үүргийн зөрчлийн улмаас нэхэмжлэгчид учирсан хохиролд тооцож хариуцагчаас гаргуулсан нь Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт нийцсэн байна. Харин хугацаа хэтрүүлсний шимтгэл 767,241 төгрөг, гүйлгээний шимтгэл 50,550 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулахаар шаардсан нь мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасанд нийцэхгүйг шүүх зөв дүгнэсэн, нэхэмжлэгч энэ талаар гомдол гаргаагүй байна.
7. Дээрх үндэслэлээр хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 02-ны өдрийн 182/ШШ2024/02008 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчЦ.Н-ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 122,112 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Э.ЭНЭБИШ