Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөрбаатарын Ганбат |
Хэргийн индекс | 155/2019/00381/И |
Дугаар | 225/МА2019/00022 |
Огноо | 2019-09-11 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 225/МА2019/00022
2019 оны 09 сарын 11 өдөр | Дугаар 225/МА2019/00022 |
Төрийн банкны Хөвсгөл салбарын
нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Н.Баярхүү, Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Болд-Эрдэнэ, хариуцагч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 598 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Төрийн банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэлтэй
Хариуцагч: Д.Дид холбогдох
Үндсэн зээл, зээлийн хүү нийт С/Хоёр сая есөн зуун дөчин зургаан мянга найман зуун ерэн долоон төгрөг жаран нэгэн мөнгө/ төгрөг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Төрийн банкны Хөвсгөл салбар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г овогтой Т, Д овогтой Д нар нь Төрийн банктай 2015 оны 4 дүгээр сарын 24-нд С дугаартай зээлийн гэрээ байгуулан тэтгэврийн зээл 3,193,936 /гурван сая нэг зуун ерэн гурван мянга есөн зуун гучин зургаан төгрөг/-ийг 15 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй, зээлж авсан. Г овогтой Т нь 2015 оны 7-р сард нас барсан. 2019 оны 3 дугаар 25-ны өдрийн байдлаар Стөгрөгийн үлдэгдэлтэй байна. Зээлийн хамтран зээлдэгч буюу батлан даагч Д овогтой Д нь зээлийн гэрээний үүргээ зөрчиж тэтгэврийн зээлийг 1460 хоногоор хугацаа хэтрүүлсэн байна. Тэтгэврийн зээлийн хувьд:
Зээлийн үндсэн өрийн үлдэгдэл: 2,409,753.62 төгрөг,
Зээлийн үндсэн хүү: 537,143.99 төгрөг нийт С/Хоёр сая есөн зуун дөчин зургаан мянга найман зуун ерэн долоон төгрөг жаран нэгэн мөнгө/ төгрөгийг зээлийн гэрээний холбогдох заалтын дагуу хамтран зээлдэгч Д овогтой Доос гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Сшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч болох Д.Доос зээлийн үндсэн төлбөр 2,409,753 төгрөг, хүү 537,143 төгрөг нийт 2,946,897 төгрөгийг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж хүүнд нэхэмжилсэн 573,143 төгрөгийг хасаж үндсэн зээл болох 2,409,753 төгрөгийг зээлийн гэрээний дагуу хамтран үүрэг гүйцэтгэгч Д.Доос гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Д тайлбартаа: Д.Д миний бие 2014 оны 2 дугаар сард өөрийн эгч Г.Тийн тэтгэврийн зээлд хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан ба уг зээл нь төлөгдөж дууссан. Энэ зээл надад хамааралгүй ба дараа нь талийгаач эгч маань банкны хүнийг гуйж байгаад үргэлжлүүлэн зээл авсан байсан. Үүнээс би авч хэрэглэсэн зүйл үгүй гэжээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 598 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар хариуцагч Д.Доос зээлийн төлбөр 2,409,753 /хоёр сая дөрвөн зуун есөн мянга долоон зуун тавин гурав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкны Хөвсгөл салбарт олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 62,100 /жаран хоёр мянга нэг зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Доос 53,506 /тавин гурван мянга таван зуун зургаа/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Төрийн банкны Хөвсгөл салбарт олгохоор шийдвэрлэжээ.
Хариуцагч Д.Д давж заалдах гомдолдоо: Би Г.Тийг анх Төрийн банкнаас 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр 2 сая төгрөгийн тэтгэврийн зээл авахад нь батлан даагчийн үүрэг хүлээж оролцсон нь үнэн. Харин Г.Т нь намайг батлан даагчаар оролцуулж анх зээл авснаасаа хойш 2-3 удаа зээлийг сунгаж авч байсан нь тогтоогдож байна. Төрийн банкин дахь Г.Тийн тэтгэврийн зээл авч байсан хувийн хэрэгт буй зээлийн баримтууд нь миний гарын үсэггүй баримтууд байна. Уг нь шүүх хувь хүний нууцлалтай холбоотой Г.Тийн тэтгэврийн зээлийн хувийн хэрэгт буй зээлийн гэрээнүүдийг албан бичгээр шаардаж Төрийн банкнаас нотлох баримтаар гаргуулан авч хэргийн бүрдлийг бүрэн хангаж шийдвэрлэх ёстой байсан.
Төрийн банк нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа Г.Тийн удаа дараа зээлээ сунгаж авч байсан зээлийн баримтуудын хуулбарыг шүүхэд ирүүлээгүй байна. Би анхан шатны шүүх дээр хэрэг хянагдаж байх үед нэхэмжлэлийн хувийг авч танилцаад энэ төлбөрийг хариуцах үндэслэлгүй тухай тайлбараа шүүхэд гаргаж өгсөн. Би зээлийн гэрээтэй холбоотой баримтууд дээр шинжээч томилуулж, дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээж аваагүй. Тайлбар бичиж өг гэхээр нь тайлбар бичиж өгсөн. Шүүгчийн туслах Х.Заяа нь надад шинжээч томилохоо больсон гэсэн хариу өгсөн. Шүүх нь 2 дахь шүүх хуралд намайг биечлэн оролцуулалгүй хэргийг шийдвэрлэсэн. Төрийн банкнаас 2015 оны 4 дүгээр сарын 24-нд Г.Тийг тэтгэврийн зээл авахад би оролцоогүй. Иймд энэ өдрийн зээлийн гэрээний он, сар, өдөр нь тохирохгүй байна. Би энэ өдөр энэ зээлийг авалцахад байгаагүй. Банкны байгууллага нь зээлийн гэрээний он, сар, өдөр, батлан даагчийн гарын үсгийг хуурамчаар ашигласан байж болох үндэслэлтэй байна. Иймд шүүх нь Төрийн банкин дахь Г.Тийн зээл авсан зээлийн хувийн хэргийн материалыг бүхэлд нь шаардан авч хянаж үзэх ёстой байсан. Талийгаач Г.Т нь анх намайг батлан даагчаар оролцуулж зээл авснаас хойш 2-3 удаа зээлээ сунгаж зээл авсан болохыг нь би сайн мэдэж байна. Ингэж зээлээ сунгаж мөнгө авсан болгонд нь би оролцоогүй. Банк намайг ганц удаа батлан даагчаар оролцсон байсныг ашиглаж үргэлжлүүлж зээл авах болгонд нь намайг батлан даагчаар оролцсон мэтээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж надаас 2,409,753 төгрөгийг гаргуулахаар шүүх шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.
Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 598 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банкны Хөвсгөл салбар нь хариуцагч Д.Дид холбогдуулан зээлийн үндсэн төлбөр 2,409,753 төгрөг, зээлийн хүү 537,143 төгрөг, нийт Стөгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасган 2,409,753 төгрөг болгосныг хариуцагч Д.Д бүхэлд нь эс зөвшөөрчээ.
Шүүх нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээдийн нэхэмжлэлээр иргэний хэрэг үүсгэн хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасныг зөрчсөн байна.
Хуулийн этгээдийн салбар,төлөөлөгчийн газар нь хуулийн этгээдийн эрхгүй бөгөөд үйл ажиллагаагаа хуулийн этгээдээс олгосон итгэмжлэлийн үндсэн дээр явуулахаар Иргэний хуулийн 29.5, 29.6-д заасан.
Төрийн банкны төв байгууллагаас тус банкны Хөвсгөл салбарт нэхэмжлэл гаргах эрх олгосныг нотлох баримт хэрэгт авагдаагүй учир нэхэмжлэгчийг Төрийн банкны төв байгууллагыг төлөөлөх эрхтэй этгээд гэж үзэх боломжгүй. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлд хамаарч байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Төрийн банкны Хөвсгөл салбар нь Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж нэхэмжлэл гаргах эрхтэйг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 598 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Төрийн банкны Хөвсгөл салбарын нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,100 /жаран хоёр мянга нэг зуу/ төгрөгийг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар Д.Дийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53,506 /тавин гурван мянга таван зуун зургаа/ төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ
ШҮҮГЧИД Н.БАЯРХҮҮ
Т.ГАНБАТ