Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 382

 

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

            Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 9 дүгээр баг, 13-7 тоотод оршин суух, 1960 онд төрсөн, 56 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ60110911, Цөгрөг овогт Бэлэгсайны Машлайгийн,

            Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, 2016 оны 5 дугаар сарын 03-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Машлай, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгч Б.Машлай шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1960 онд төрсөн, 56 настай. Би 1985 оны 7 дугаар сарын 05-наас 1995 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт маз самосвалын жолоочоор ажиллаж байсан. Эрчим хүчний нэгдсэн үйлдвэр нь 1995 оны 5 дугаар сарын 01-ний өдөр бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөд ороход миний бие нь Улаангом хотын Дулааны станцад маз самосвалын жолоочоор шилжин ажиллах болсон. Улаангом хотын Дулааны станцад маз самосвалын жолоочоор 2000 оныг дуустал ажилласан. Миний хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч эцгийн нэр зөрүүтэй, бичилт нь дутуу тул ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандаж байна. Иймд 1985 оны 7 дугаар сарын 05-наас 1995 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт, 1995 оны 5 дугаар сарын 01-нээс 2000 оныг дуустал Улаангом хотын Дулааны станцад маз самосвалын жолоочоор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан Ж.Баттогтох, С.Бат-Очир нарыг гэрчээр асууж өгнө үү” гэжээ. 

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч Б.Машлай нь 1985 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2000 оныг дуустал Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэр болон Улаангом хотын Дулааны станцад маз самосвалын жолоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн цалингийн тодорхойлолтод нэхэмжлэгч Бэлэгсайны Машлайгийн 1991 оноос 1995 оныг дуустал Увс аймгийн эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт жолоочоор ажиллаж, цалин авч байсныг түүвэрлэн ирүүлжээ.

Увс аймгийн Архивын тасгийн 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 287 дугаар архивын лавлагаанд: “Увс аймгийн Дулааны станцын баримт манай архивт шилжиж ирээгүй тул Бэлэгсайн овогтой Машлайгийн ажилласан жилийг шүүн үзэх боломжгүй байна” гэжээ.

Б.Машлайд Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн захиргаанаас 1993 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: “Овог Бэлэгсайхан, нэр Машлай, төрсөн он 1960, 1985 оны 7 дугаар сарын 05-ны өдөр Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт краз машины жолоочоор авч ажиллуулав” гэжээ.

Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр Б.Машлайд олгосон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт: “1995 оноос 1999 оны 7 дугаар сарын хооронд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх бичилт хийгджээ”.

Түлш эрчим хүчний үйлдвэрийн яамны харьяа Увс аймаг дахь Эрчим хүчний үйлдвэрийн даргын 1985 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 71 дүгээр "Ажилд томилох ба ажлаас чөлөөлөх тухай” тушаалд: “Бэлэгсайханы Машлайг 7 дугаар сарын 05-наас үйлдвэрт жолоочоор түр ажиллуулсугай” гэжээ.

Түлш эрчим хүчний үйлдвэрийн яамны харьяа Увс аймаг дахь Эрчим хүчний үйлдвэрийн даргын 1985 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 76 дугаар “Ажилд томилох тухай” тушаалд: “Тус үйлдвэрийн нэр дээрх маз-ын жолоочоор түр томилогдон ажиллаж байсан жолооч Б.Машлайг 9 дүгээр сарын 01-нээс самосвалын жолоочийн цалинг дулааны станцын зардлаас олгохыг санхүүд даалгасугай” гэжээ.

Түлш эрчим хүчний үйлдвэрийн яамны харьяа Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1995 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 50 дугаар “Ажилтан, ажилчдыг ажлаас чөлөөлөх тухай” тушаалд: “Үйлдвэрлэлийн бүтэц зохион байгуулалтанд өөрчлөлт орж байгаатай холбогдуулан Эричм хүчний нэгдсэн үйлдвэрийн нийт ажиллагсадыг тус тусынх нь үүрэгт ажлаас 1995 оны 5 дугаар сарын 01-нээс чөлөөлсүгэй. Хавсралтын 6-д Б.Машлай” гэжээ.

Улаангом хотын Дулааны станцын даргын 1996 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “Ажилд томилох, цалин тогтоох эрх олгох тухай” тушаалд: “Дулааны станцад ажиллсагсадыг 1 дүгээр хавсралтад дурдсан албан тушаалд 1996 оны 10 дугаар сарын 01-нээс эхлэн томилсугай. Хавсралтад Б.Машлай-жолооч” гэжээ.

Монгол Улсын Батлан хамгаалахын төв архивын 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 3816 дугаар архивын лавлагаанд: “Бэлэгсайхан овогтой Машлай Батлан хамгаалах яамны сайдын 1979 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн н/147 дугаар тушаалаар 1979 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 1982 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн хооронд хугацаат цэргийн алба хаасан” гэжээ.

Увс аймгийн  Нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаанд: “Б.Машлайгийн 1996 оны 1-5 дугаар сар, 8 дугаар сар, 1997 оны 1-5 дугаар саруудад шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, төлсөн шимтгэл бичигджээ”.

Нэхэмжлэгч Б.Машлай нь 1988 онд байгууллагын аварга ажилтнаар шалгарч авахуулж байсан гэрэл зураг, мөн өөрийн барьж байсан маз самосвал машины өмнө авахуулсан гэх гэрэл зураг хэрэгт авагджээ.

Мөн шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Ж.Баттогтох, С.Бат-Очир нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Ж.Баттогтохын “Миний бие 1995 оноос 2005 оны хооронд Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт харуулаар ажиллаж байсан. Б.Машлай нь намайг анх 1995 онд Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт ажилд ороход тус үйлдвэрт маз самосвалын жолоочоор ажиллаж байсан. Тухайн үед Б.Машлай нь 79-54 УВ улсын дугаартай маз самосвал барьдаг байсан. Б.Машлай нь эрхэлсэн ажлаа чанартай сайн хийж гүйцэтгэн байгууллагын аварга ажилтан болж байсан. Тухайн үед Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргаар Эрдэнэбаатар, Дашдаваа, Самдандорж гэх хүмүүс ажиллаж байсан” гэх мэдүүлэг, гэрч С.Бат-Очирын “Миний бие 1986 оноос 2013 оны хооронд Эрчим хүчний нэгдсэн үйлдвэр болон Баруун бүсийн харьяа Шугам сүлжээний газарт бульдозерчноор ажиллаж байсан. Б.Машлай нь намайг 1986 онд ажилд ороход тус үйлдвэрт маз самосвалын жолоочоор ажиллаж байсан. Тухайн үед Б.Машлай нь 79-54 УВ улсын дугаартай маз сомасвал барьдаг байсан. Б.Машлай бид хоёр 1986 оноос 2001 оны хооронд Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт хамт ажиллаж байсан. Б.Машлай нь байгууллагын аварга ажилтан болж баярын бичиг, сайшаалын үнэмлэхээр шагнуулж байсан“ гэж мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтэр болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарууд хэрэгт авагджээ.  

Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн захиргаанаас 1993 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Б.Машлайд олгосон хөдөлмөрийн дэвтэр, Түлш эрчим хүчний үйлдвэрийн яамны харьяа Увс аймаг дахь Эрчим хүчний үйлдвэрийн даргын 1985 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 71 дүгээр "Ажилд“томилох ба ажлаас чөлөөлөх тухай” тушаалд түүний овгийг Бэлэгсайхан хэмээн зөрүүтэй бичсэн байгаа боловч нэр, төрсөн он нь таарч байгаа тул эдгээр баримтуудыг Б.Машлайгийнх гэж үзэх нь зүйтэй.

Увс аймгийн  Нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаа болон 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр Б.Машлайд олгосон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарт түүний ажилласан хугацаанд авсан хөдөлмөрийн хөлс, төлсөн шимтгэл дутуу бичигдсэн байгаа боловч энэ хугацаанд ажиллаж байсан болох нь Улаангом хотын Дулааны станцын даргын 1996 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “Ажилд томилох, цалин тогтоох эрх олгох тухай” тушаал, гэрч Ж.Баттогтох, С.Бат-Очир нарын мэдүүлгээр нотлогдож байх тул 1996-2000 онуудад ажиллаж байсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Түлш эрчим хүчний үйлдвэрийн яамны харьяа Увс аймаг дахь Эрчим хүчний үйлдвэрийн даргын 1985 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 71 дүгээр "Ажилд“томилох ба ажлаас чөлөөлөх тухай” тушаалаар Б.Машлайг жолоочоор ажилд томилсон байгаа боловч Б.Машлай нь маз самосвалын жолоочоор ажиллаж байсан болох нь гэрч Ж.Баттогтох, С.Бат-Очир нарын мэдүүлэг болон Түлш эрчим хүчний үйлдвэрийн яамны харьяа Увс аймаг дахь Эрчим хүчний үйлдвэрийн даргын 1985 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 76 дугаар “Ажилд томилох тухай” тушаал, мөн өөрийн барьж байсан маз самосвал машины өмнө авахуулсан гэрэл зургаар нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч Б.Машлай нь 1985 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 2000 оныг дуустал Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэр болон Улаангом хотын Дулааны станцад маз самосвалын жолоочоор ажиллаж байсан болох нь Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн цалингийн тодорхойлолт, Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн захиргаанаас 1993 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр олгосон хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Увс аймгийн Нийгмийн даатгалын хэлтээс 1995 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр олгосон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, Түлш эрчим хүчний үйлдвэрийн яамны харьяа Увс аймаг дахь Эрчим хүчний үйлдвэрийн даргын 1985 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 71 дүгээр "Ажилд“томилох ба ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Түлш эрчим хүчний үйлдвэрийн яамны харьяа Увс аймаг дахь Эрчим хүчний үйлдвэрийн даргын 1985 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 76 дугаар “Ажилд томилох тухай” тушаал, Түлш эрчим хүчний үйлдвэрийн яамны харьяа Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрийн даргын 1995 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 50 дугаар “Ажилтан, ажилчдыг ажлаас чөлөөлөх тухай” тушаал, Улаангом хотын Дулааны станцын даргын 1996 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн “Ажилд томилох, цалин тогтоох эрх олгох тухай” тушаал, Увс аймгийн  Нийгмийн даатгалын хэлтсийн архивын лавлагаа, 1988 онд байгууллагын аварга ажилтнаар шалгарч авахуулж байсан гэрэл зураг, мөн өөрийн барьж байсан маз самосвал машины өмнө авахуулсан гэрэл зураг, гэрч Ж.Баттогтох, С.Бат-Очир нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

Иймд нэхэмжлэгч Б.Машлайгийн хүсэлтийг хангаж, түүний 1985 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1995 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт үйлдвэрт маз самосвалын жолоочоор 9 жил 9 сар 25 хоног, 1995 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2000 оныг дуустал Улаангом хотын Дулааны станцад маз самосвалын жолоочоор 5 жил 8 сар, нийт 15 жил 5 сар 25 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Машлайгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.                 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Цөгрөг овогт Бэлэгсайны Машлайгийн 1985 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1995 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Эрчим хүчний нэгдсэн үйлдвэрт үйлдвэрт маз самосвалын жолоочоор 9 жил 9 сар 25 хоног, 1995 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2000 оныг дуустал Улаангом хотын Дулааны станцад маз самосвалын жолоочоор 5 жил 8 сар, нийт 15 /арван тав/  жил 5 /тав/  сар 25 /хорин тав/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.     

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсгүүдэд  зааснаар нэхэмжлэгч Б.Машлайгийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ