Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Эрдэнэчимэг Энэбиш |
Хэргийн индекс | 181/2023/02041/И |
Дугаар | 210/МА2024/01474 |
Огноо | 2024-07-22 |
Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2024/01474
2024 оны 07 сарын 22 өдөр | Дугаар 210/МА2024/01474 |
Ч.М-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 20-ны өдрийн 181/ШШ2024/02060 дугаар шийдвэртэй
Ч.М-гийн нэхэмжлэлтэй, Э М- ХХК-д холбогдох
Урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ө, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Э цахимаар, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ш, Ө.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Ч.М- би Э М- ХХК-тай 2022 оны 10 сарын 18-ны өдөр байгуулсан хөдөрмөрийн гэрээгээр У-ээр ажиллаж байсан. Тус компанид Хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байх хугацаандаа үүрэгт ажилдаа хариуцлагатай ажиллаж, аливаа зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Гэтэл Гүйцэтгэх захирлын 2023 оны 01 сарын 31-ний өдөр *** тушаалаар ажлаас чөлөөлсөн. "У-"-ийн ажлын байр бүхэлдээ хасагдаагүй, ажлын байрны нэршил л өөрчлөгдсөн. Энэ нь хөдөлмөрийн харилцаа дуусгавар болгох үндэслэл болсон ажлын байр хасагдсан зохицуулалтанд хамаарахгүй. Иймд гүйцэтгэх захирлын 2023 оны 01 сарын 31-ний өдрийн *** тушаалыг хүчингүй болгон, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг ажил олгогчоос гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлөхийг даалгаж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Засгийн газрын 2022 оны 11 сарын 30-ны өдрийн 426 дугаар тогтоолоор "Э М-" ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталж, "Э М-" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 12 сарын 20-ны өдрийн 56 дугаар тогтоолоор тус компанийн зохион байгуулалтын бүтцийг шинэчлэн, орон тооны дээд хязгаарыг баталсан. Дээрх тогтоолуудад үндэслэн "Э М-" ХХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 12 сарын 28-ны өдрийн **** тушаалаар компанийн зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг, орон тооны хязгаар, албан тушаалын жагсаалт"-ыг шинэчлэн баталсан ба "У-"-ийн ажлын байрны орон тоо хасагдсан.
Орон тоо хасагдсан тул ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай мэдэгдлийг Ч.М-д 2022 оны 12 сарын 30-ны өдрийн ****албан бичгээр 30 хоногийн өмнө мэдэгдсэн. Ч.М- нь ажил олгогчтой 2023 оны 01 сарын 20-ны өдөр хийсэн хэлцлийн 1.3 дахь хэсэгт хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгож, 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг авах-аар ажил олгогчтой харилцан тохиролцсон тул Гүйцэтгэх захирлын 2023 оны 01 сарын 31-ний өдрийн *** дүгээр тушаалаар Ч.М-гийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Ажил олгогч Компанийн тухай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд өөрийн хэрэгцээ, шаардлага, цаг үеийн нөхцөл байдал, санхүүгийн нөөц бололцоо, үйл ажиллагааны цар хүрээнд тохируулан дотооддоо зохион байгуулалтын өөрчлөлт хийж, зарим ажлын байрыг хасах шийдвэр гаргасныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй юм.
Ч.М-гийн ажиллаж байсан У-ийн ажлын байр хасагдсан ба тийм чиг үүрэгтэй орон тоо одоо тус компанид байхгүй, хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө мэдэгдэж, хөдөлмөрийн гэрээ цуцалсны тэтгэмжийг хуульд заасны дагуу олгосон тул Ч.М-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар Э М- ХХК-д холбогдох тушаал хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай Ч.М-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг тул төлөөгүйг дурдаж шийдвэрлэжээ.
4. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга:
4.1. Э М- ХХК-ийн гүйцэтгэх захирлын *** тушаалын үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1, 80.1.1., 82.1 заалтыг дурдсан нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсныг илэрхийлсэн үйл баримт юм. Ийнхүү ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг цуцалж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 80.4-т заасны дагуу Ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан аль үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалж байгаа тухай мэдэгдлээ 30 хоногийн өмнө ажилтанд бичгээр мэдэгдэх үүрэгтэй.
Гэтэл Ч.М-д 2022 оны 12 сарын 30-ны өдөр ирүүлсэн ****мэдэгдэлд ХХ-ийн 80.1.1-т заасан Эдийн засаг, зах зээлийн судалгааны хэлтэс өөрчлөн зохион байгуулагдаж, ажлын байр, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг өөрчлөгдсөнтэй холбогдуулан Та "Э М-" ХХК-ийн ажлын байрны сонгон шалгаруулалтын журам"-ын дагуу өөрийн чиг үүрэгт хамаарах ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцоно уу. Сонгон шалгаруулалтад тэнцээгүй, оролцоогүй тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1, 180.1.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн гэрээний 9.2.2.3, 9.2.2.7, 9.2.2.8-т заасныг үндэслэл болгон хөдөлмөрийн гэрээг цуцалж дуусгавар болгохыг мэдэгдэж байна" гэсэн. Энэ мэдэгдэлд ажлын байр хасагдсан гэж дурдаагүй, чиг үүрэг өөрчлөгдсөн гэж дурдсан нь байтал шүүх ажлын байр хасагдсан гэж мэдэгдэл хүргүүлсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Ийнхүү ажил олгогч хуульд заасан үндэслэлээр, хуульд заасан хугацаанд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах мэдэгдлээ ажилтанд хүргүүлээгүй тул хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан шийдвэр нь хууль бус юм.
4.2. Нэхэмжлэгч нь Э М- ХХК-тай 2022 оны 09 сарын 19-ний өдөр ЭМГЛ-56/ХГ дугаар бүхий Хөдөлмөрийн гэрээг байгуулж, У-" гэх ажлын байранд ажиллаж байсан. ЭМГЛ-56/ХГ дугаар бүхий хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллаж байх хугацаандаа үүрэгт ажилдаа хариуцлагатай ажиллаж, аливаа зөрчил дутагдал гаргаж байгаагүй. Гэтэл 2023 оны 01 сарын 31-ний өдөр *** Гүйцэтгэх захирлын тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.1. 80.1.1, 82.1.2 дахь заалтыг үндэслэл болгон "Компанийн бүтэц зохион байгуулалтын бүтэц шинэчлэн батлагдсантай холбогдуулан "У-" Ч.М-гийн ажлын байр хасагдсан гэж хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгосон.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1-т заасан ажлын байр хасагдсан гэдэг нь тухайн ажлын байр үгүй болж чиг үүрэг нь байхгүй болсон байхыг ойлгоно. Гэтэл Ч.М-гийн ажиллаж байсан "У-" ажлын байр бүхэлдээ хасагдаагүй, ажлын байрны нэршил л өөрчлөгдсөн. Энэ нь хөдөлмөрийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах үндэслэл болсон ажлын байр хасагдсан зохицуулалтад хамаарахгүй болно.
4.3. Э М- ХХК нь 2022 оны 06 сарын 03-ны өдрийн А/61 тоот тушаалаар батлагдсан ажлын байрны бүтэц орон тоогоор нийт 70 орон тоотой байсан бол 2022.12.28 өдрийн **** Тушаалаар батлагдсан ажлын байрны нэр, орон тоо нь 91 болон нэмэгдсэн байдаг. Мөн Хариуцагчаар ирүүлсэн хариу тайлбарт нийт 88 ажлын байран дээр сонгон шалгаруулалт зохион байгуулсан гэж тайлбар өгдөг бөгөөд. 2022 оны А/61 тоот тушаалаар батлагдсан орон тоон ажиллаж байсан ажилчдаа бүхэлд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг нь дуусгавар болгоод сонгон шалгаруулалт явуулсан буюу Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.1 дэх хэсэгт заасан бөөнөөр халах үйл явц болсон болохыг хүлээн зөвшөөрдөг.
Үүнийг 2023 оны 01 сарын 11-ний өдрийн 01/13 тоот албан бичгээр нийт 47 ажилтанд хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах мэдэгдлийг хүргүүлсэн болохыгоо Сүхбаатар дүүргийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст хүргүүлсэн албан бичигт тодорхой дурдсан байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 81.2-т Ажил олгогч ажилтныг бөөнөөр халах тохиолдолд ажилтны төлөөлөгчид хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах үндэслэл, хамрагдах ажилтны нэр, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох өдрийн тухай мэдэгдэж, энэ хуулийн 81.3-т заасан асуудлаар хэлэлцээ хийнэ".81.3-т Бөөнөөр халах асуудлаар хийх хэлэлцээгээр ажил олгогч болон төлөөлөгчид халагдах ажилтны тоог багасгах; тухайн аж ахуйн нэгж, байгууллагад байгаа сул орон тоонд ажилтныг шилжүүлэх; ажлын байр шинээр бий болгох, орон тоо нэмэгдэхэд эхний ээлжид авч ажиллуулах; ажилтныг мэргэшүүлэх, өөр мэргэжлээр сургах; хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгосны тэтгэмжийн хэмжээ зэрэг асуудлыг хэлэлцэнэ" гэж заасан байдаг. Иймээс Э М- ХХК нь бөөнөөр халах үеийн зохицуулалтыг хэрэгжүүлээгүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43.2.2 дахь заалтыг зөрчсөн үйлдэл юм. Ингэснээр Хамтын гэрээний 8.8-т заасны дагуу хамтыг гэрээг зөрчиж гаргасан аливаа шийдвэр нь хүчин төгөлдөр бус юм.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Э М- ХХК-д сүүлийн 10 жилийн хугацаанд ашигтай ажиллаж чадаагүй талаар Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дүгнэлт байдаг. Үүний дагуу Засгийн газар, Э М- ХХК-ийн хувьцаа эзэмшигчээс бүтцийн өөрчлөлт хийх менежментийн компанийн чиг үүргийг хэрэгжүүлэх, ТУЗ-ын хурлыг хийх үйл ажиллагааг явуулаад бүтцийн өөрчлөлт хийж нэлээдгүй ажлын байрууд хасагдсан.
Нэхэмжлэгчийн ажиллаж байсан У- гэдэг нь нэгдлийн хэмжээний уул уурхайн бүтээгдэхүүний үнийг хэд байх вэ гэдгийн тодорхойлдог чиг үүрэг бүхий орон тоо юм. 2022 оны 12 сарын 23-ны өдөр Монгол Улсын Их хурлаас Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль батлагдсан. Үүний дагуу Э М- ХХК нэгдлийнхээ хэмжээнд Уул уурхайн бүтээгдэхүүний үнийг тодорхойлох гэрээнд заагдсан эрх хасагдсан. Ингэснээр Э М- ХХК зах зээлд ямар ч үнэ тодорхойлох эрхгүй болсон.
Хууль батлагдсантай холбоотой Э М- ХХК-ийн охин компаниуддаа үнэ тодорхойлж өгдөг байсан Уул уурхайн компани зах зээлийн шинжээч гэдэг энэ ажлын байрны чиг үүрэг бүхэлдээ хасагдсан. Э М- ХХК-ийн ТУЗ-ийн гүйцэтгэх захирлаас шинээр батлагдсан хууль хувьцаа эзэмшигчдийнхээ шийдвэртэй холбогдуулан ямар ажлын байрыг хасах ямар ажлын байрыг нэмэх эрх хэмжээний хүрээнд тухайн ажлын байр хасагдсан нь хуульд нийцнэ. Ийм учраас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгч талын гомдолд дурдсан үндэслэлээр хянаад, давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч Ч.М- нь хариуцагч Э М- ХХК-д холбогдуулан гүйцэтгэх захирлын 2023 оны 01 сарын 31-ний өдрийн *** дугаар тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3. Нэхэмжлэгч хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр Э М- ХХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс, Сүхбаатар дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандсан боловч маргааныг урьдчилан шийдвэрлэх журмаар зохицуулж чадаагүй тухай уг хорооны хуралдааны тэмдэглэлийг 2023 оны 04 сарын 17-ны өдөр гардан авч 2023 оны 04 сарын 28-ны өдөр шүүхэд нэхэмжлэлээ гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлээгүй байна.
4. Э М- ХХК, Ч.М- нарын хооронд 2022 оны 09 сарын 19-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээгээр тус компанийн У-ээр нэхэмжлэгч ажиллаж эхэлжээ. Улмаар Э М- ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 01 сарын 31-ний өдрийн *** дугаар тушаалаар У- ажилтай Ч.М-гийн ажлын байр хасагдаж, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор харилцан тохиролцсон гэсэн үндэслэлээр түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.
Уг тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 80 дугаар зүйлийн 80.1.1, 82 дугаар зүйлийн 82.1.2, Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, Э М- ХХК-ийн дүрмийн 7.7.10, 7.7.12 дахь заалт, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 12 сарын 20-ны өдрийн 56 дугаар Компанийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай тогтоол, гүйцэтгэх захирлын 2022 оны 12 сарын 28-ны өдрийн **** Компанийн зохион байгуулалтын бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг, орон тооны хязгаар, албан тушаалын жагсаалт батлах тухай тушаал, хөдөлмөрийн гэрээний 9.2.2.7 дахь заалт, ажилтанд гардуулан өгсөн мэдэгдэл, талуудын харилцан тохиролцсон хэлцлийг тус тус үндэслэжээ.
5. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор заасан. Ийнхүү цуцлах талаар ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэхээр мөн хуулийн 80.4 дэх хэсэгт зохицуулсан.
Хариуцагч 2022 оны 12 сарын 30-ны өдрийн 01/975 дугаар мэдэгдлийг нэхэмжлэгчид хүргүүлснийг хуульд нийцсэн гэж дүгнэх боломжгүй байна.
Мэдэгдэлд нэхэмжлэгчийн ажиллаж байсан Эдийн засаг, зах зээлийн судалгааны хэлтэс өөрчлөн зохион байгуулагдаж, ажлын байр, албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг өөрчлөгдсөн гэж тусгасан байх боловч ажлын байрны чиг үүрэг өөрчлөгдөх нь ажлын байр хасагдах үндэслэлд хамаарахгүй. Өөрөөр хэлбэл тухайн байгууллагын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын байр байхгүй болохыг ажлын байр хасагдсан гэж үзнэ. Мөн мэдэгдэлд нэхэмжлэгчийг өөрийн хариуцаж байгаа чиг үүрэгтээ хамаарах ажлын байрны сонгон шалгаруулалтад оролцох, хэрэв оролцоогүй буюу тэнцээгүй тохиолдолд түүний хөдөлмөрийн гэрээг цуцлахыг мэдэгдсэн нь ажлын байр хасагдахтай хамааралгүй юм.
Иймд ажил олгогч Э М- ХХК-ийг Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтан Ч.М-д түүний эрхэлж буй ажлын байр хасагдсан үндэслэлээр түүнтэй байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлахаар урьдчилан мэдэгдсэн гэж дүгнэх үндэслэлгүй байна.
6. Э М- ХХК нь 2023 оны 01 сарын 11-ний өдрийн 01/13 дугаар албан бичгээр Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст хөдөлмөрийн гэрээ цуцлах мэдэгдэл өгсөн нийт 47 ажилтны холбогдох мэдээллийг хүргүүлснээс үзвэл үүссэн нөхцөл байдалд Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр зүйлд заасан ажилтныг бөөнөөр халах зохицуулалтыг мөрдөж ажиллах үүрэгтэй. Энэ тохиолдолд ажил олгогч нь мөн хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3 дахь хэсэгт заасан асуудлаар ажилтны төлөөлөгчтэй хэлэлцээ хийх үүрэгтэй.
Ажилтны төлөөлөлтэй хийсэн хэлэлцээрийн 2023 оны 01 сарын 19, 20-ны өдрүүдийн хурлын тэмдэглэлүүдэд ажил олгогчийн зүгээс ажлын байрны сонгон шалгаруулалт зарласан гэснээс өөр байр суурь илэрхийлээгүй байх ба халагдах ажилтны тоог багасгах, байгууллагад байгаа сул орон тоонд ажилтныг шилжүүлэх, ажлын байр шинээр бий болгох, орон тоо нэмэгдэхэд эхний ээлжид авч ажиллуулах, ажилтныг мэргэшүүлэх, өөр мэргэжлээр сургах зэрэг хуульд заасан асуудлуудаар ажилтны төлөөлөгчтэй хэлэлцээ хийх журмыг баримтлаагүй байна.
Талууд 2023 оны 01 сарын 20-ны өдөр 26 дугаартай Хэлцэл гэсэн баримт үйлдэж, хариуцагчаас 3 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэхэмжлэгчид олгож, хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохоор тохиролцсон байх хэдий ч ажил олгогч нь хуульд заасан бөөнөөр халах үеийн зохицуулалтын дагуу эхний ээлжинд ажилтныг ажлын байраар хангахыг анхаарах үүрэгтэй. Хариуцагч энэ үүргээ биелүүлсэн гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.
7. Нэхэмжлэгчийн харьяалагдан ажиллаж байсан Эдийн засаг зах зээлийн судалгааны хэлтсийн У-ийн ажлын байр нь тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 12 сарын 20-ны өдрийн 56 дугаар тогтоолд үндэслэн мөн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 сарын 28-ны өдрийн 144 дүгээр тушаалын Хоёрдугаар хавсралтаар, Нэгдсэн стратеги, бизнес хөгжлийн газрын Бизнес хөгжлийн хэлтэс нь менежер 1, мэргэжилтэн 2, макро эдийн засгийн шинжээч 2, бизнесийн шинжээч 2 гэсэн нийт 7 орон тоотой болж, бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг, ажлын байрны нэр, орон тоо, ажлын байрны тодорхойлолтыг шинэчлэн баталсан байна.
Хариуцагч Э М- ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 06 сарын 03-ны өдрийн А/61 дугаартай тушаалын 3-р хавсралтаар баталсан нэхэмжлэгчийн ажиллаж байсан У-ийн ажлын байрны тодорхойлолтыг, мөн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 сарын 28-ны өдрийн ****тай тушаалын 2-р хавсралтаар шинээр баталсан Бизнес хөгжлийн хэлтсийн Макро эдийн засгийн шинжээч ажлын байрны тодорхойлолттой харьцуулан үзвэл нэхэмжлэгчийн ажлын байр хасагдаж, шинээр ажлын байр бий болсон гэж үзэх үндэслэлгүй байна.
Тодруулбал, тус хоёр ажлын байрны тодорхойлолтын ажлын байрны зорилго, албан тушаалын зорилт нь үгийн сонголт, нэршил найруулгын хувьд илэрхийлэл нь өөр боловч хэрэгжүүлэх чиг үүрэг, агуулга нь адил байхын зэрэгцээ тухайн албан тушаалд тавигдах шаардлага нь адил байна. Иймд шинээр бий болсон гэх уг ажлын байрны тодорхойлолт заасан ажлыг нэхэмжлэгч эзэмшсэн мэргэжил, туршлагын хувьд гүйцэтгэх боломжгүй гэж үзэхгүй буюу түүний урьд нь эрхэлж байсан ажлын байрны гүйцэтгэх чиг үүрэгтэй нь давхацсан байна. Мөн тус хоёр ажлын байрны 1, 2, 3-р зорилтын хүрээнд гүйцэтгэх чиг үүргүүд нь мөн адил агуулгатай, зарим нь давхацсан байгаагаас дүгнэвэл албан тушаалын зорилго, зорилт, чиг үүрэг агуулгын хувьд адил байна.
Дээрх агуулгаар хариуцагч талын Ч.М-гийн ажиллаж байсан У-ийн ажлын байр хасагдсан ба тийм чиг үүрэгтэй орон тоо тус компанид байхгүй гэх татгалзал үндэслэлгүй бөгөөд ажлын байрны тодорхойлолтыг нэршлийн хувьд өөрчилж, гүйцэтгэх чиг, үүргийг нэмэгдүүлсэн нь нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д зааснаар хасагдсан, тухайн үндэслэлээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөх үндэслэл болохгүй юм.
Иймээс хариуцагч Э М- ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 01 сарын 31-ний өдрийн *** дугаар тушаал нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг баримтлан уг тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ч.М-г Бизнес хөгжлийн хэлтсийн Макро эдийн засгийн шинжээчийн албан тушаалд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.
8. Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтанд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгохоор Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасан. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 сарын 06-ны өдрийн А/192 дугаар тушаалын хавсралт Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 1.6, 2.3, 2.3.5-д зааснаар нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг түүний Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтыг үндэслэн 2022 оны 11, 12 сар, 2023 оны 01 сарын (4,409,905+3,103,821+3,104,392) цалин хөлсний нийлбэр 10,618,118 төгрөгөөс нэг сарын дундаж цалин 3,539,372 төгрөг, түүнээс нэг өдрийн (ажлын 21 өдөр) цалин 168,541 төгрөгөөр тооцов.
Нэхэмжлэгчийн ажилгүй байсан 2023 оны 02 сарын 01-ний өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2024 оны 05 сарын 20-ны өдрийг хүртэлх 15 сар, 14 хоногийн хугацааны олговорт нийт 55,450,101 төгрөгөөс хариуцагчийн тэтгэмж гэж олгосон 9,000,000 төгрөгийг хасаж үлдэх 46,450,101 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчийн мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэв.
9. Мөн нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Э М- ХХК-ийн ийн гүйцэтгэх захирлын 2023 оны 01 сарын 31-ний өдрийн *** дугаар тушаалыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан нь нэхэмжлэлийн бие даасан шаардлага бус ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагын үндэслэлд хамаарах тул шүүх уг тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй. Анхан шатны шүүх энэ талаар анхаараагүйг давж заалдах шүүх залруулна.
10. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 20-ны өдрийн 181/ШШ2024/02060 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.М-г хариуцагч Э М- ХХК-ийн Бизнес хөгжлийн хэлтсийн Макро эдийн засгийн шинжээчийн ажилд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Э М- ХХК-аас 46,450,101 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ч.М-д олгож, нэхэмжлэгч Ч.М-гийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажилт хийхийг хариуцагч Э М- ХХК-д даалгасугай гэж өөрчлөн найруулж,
2 дахь заалтын ...дурдсугай... гэснийг дурдаж, хариуцагч Э М- ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 390,200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР
Э.ЭНЭБИШ