Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 1502

 

 

С.Наранцэцэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2016/03346 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч С.Наранцэцэгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 93 тоот хурлын протокол болон 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 1/4526 албан мэдэгдлийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Энхээгийн давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Энхээ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Уранцэцэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Наранцэцэг нь 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр С.Баттогтохоос 18 600 000 төгрөгийг 3 хоногийн хугацаатай өдрийн 2 хувийн хүүтэй, хугацаа хэтэрсэн бол 0,5 хувийн алданги төлөхөөр харилцан тохирч зээлийн гэрээ байгуулан уг мөнгийг авсан. С.Наранцэцэг нь Эрэл банкнаас /тухайн үеийн нэрээр/ 2012 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр 3 өрөө байраа барьцаалан 23 554 853 төгрөгийг зээлж авснаас үүдэн төлбөрөө төлж чадаагүйгээс Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 1223 дугаар шийдвэрээр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 2 дахь дуудлага худалдааг хүчингүй болгуулж, шийдвэр гаргуулсан. С.Наранцэцэг болон түүний нөхрийн бизнесийн үйл ажиллагаа улс орны эдийн засгийн хямралаас шалтгаалан зогсонги байдалд орсон учир С.Баттогтохоос авсан мөнгөө цаг хугацаанд нь төлөөгүйгээс Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 260 тоот захирамжаар С.Баттогтоход 23 000 000 төгрөгийг өгөхөөр баталгаажуулсан.

Гэтэл Нийслэлийн шийдвэр гүйцэтгэгч В.Уранцэцэг нь 1223 тоот шийдвэр гарахаас өмнө ч дараа нь ч өмгөөлөгчөө шүүх хуралдаанд битгий оролцуул, та байраа 2016 оны 2 дугаар сарын 20-ны дотор чөлөөлж өгнө гэж бичээдэх, танд 23 000 000 төгрөгөөс илүү зөрүү мөнгө нэхэмжлэх эрх байхгүй, байрныхаа үнийн саналыг өгөхгүй бол шинжээч томилж зардлыг төлүүлнэ гэх мэтээр өдөр болгон байнга утсаар болон биеэр очиход дарамталж, зарим үед өдөржингөө өөрөө гадуур ажилтай гээд ирдэггүй байсан. 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгч В.Уранцэцэгийн 300 тоот өрөөнд С.Баттогтох, В.Уранцэцэг нартай С.Наранцэцэг уулзаад сүүлчийн дуудлага худалдааны үнэ болох 75 000 000 төгрөгийн зөрүү 52 000 000 төгрөгийг С.Наранцэцэгт өгнө гэж С.Баттогтох хэлсний дагуу зөвшөөрч зөрүү 52 000 000 төгрөг өгсөн тохиолдолд С.Наранцэцэг 3 өрөө байраа чөлөөлж өгье гэсэн гурвалсан гэрээ хийсэн бөгөөд энэ талаар С.Баттогтох нь өөрийн гараар тусад нь бичиж өгсөөр байтал танд зөрүү нэхэмжлэх эрх байхгүй олон юмгүй байраа султга гэсэн хахир хатуу шаардлага тавьдаг байсан. Миний хувьд дуудсан цаг хугацаанд нь байнга очихоос гадна төлбөрөө төлж барагдуулахын тулд Хаппи зууч үл хөдлөх хөрөнгийн газрын худалдаа зуучлалын агентлагтай гэрээ байгуулах, Зар мэдээ, Шуурхай зар сонинуудад байнга хандсаар ирсэн бөгөөд уг баримтуудыг шийдвэр гүйцэтгэгч В.Уранцэцэгт тухай бүрт нь үзүүлж, танилцуулж байсан.

С.Наранцэцэгийн хувьд шийдвэр гүйцэтгэгч 181 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч В.Уранцэцэгт сүүлийн 2 жил гаруй хугацаанд учир байдлаа ойлгуулахыг хичээж түүний тавьсан санал шаардлагыг тухай бүрд нь хүлээн авч 150 000 000 төгрөгөөр үнэлэгдэх 3 давхрын нар луу харсан цонхтой, 64 см зузаан тоосгон ханатай 3 өрөө байраа өөрийнх нь тавьсан үнийн саналын дагуу тухайн үнийн 70 хувь буюу 105 000 000 төгрөгөөр, 2 дахь удаагийн дуудлага худалдаанд үндсэн үнийн 50 хувь буюу 75 000 000 төгрөгөөр худалдахыг зөвшөөрч байсан боловч 2 удаагийн дуудлага худалдаагаар ямар нэгэн байдлаар би өөрийн биеэр оролцоогүй боловч тэр болгонд би зөвшөөрч байсан.

Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн мэдэгдлийг ирүүлсний дагуу тус газрын улсын бүртгэгч н.Бямбацогттой уулзаж, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Энхээгийн хамт 2016 оны 2 дугаар сарын 22-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч В.Уранцэцэгийн өрөөнд хамт уулзаж, надаас гадна миний хүү Б.Наранбат, Б.Анар, Б.Номин нарын эрх ашиг энэ асуудлаар хөндөгдөж байгаа учир шүүхэд хандах болсон тухайгаа албан ёсоор мэдэгдсэн. Гэтэл 2016 оны 2 дугаар сарын 23-ны өдөр В.Уранцэцэг нь байраа чөлөөлөхгүй бол албадан гүйцэтгэнэ гэсэн мэдэгдэл өгсөн. Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 93 тоот хурлын протокол болон 2016 оны 2 сарын 02-ны өдрийн 1/4526 албан мэдэгдлийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 260 дугаар захирамжаар С.Наранцэцэгээс 23 000 000 төгрөг гаргуулж С.Баттогтоход олгохоор шийдвэрлэсэн. Дээрх шийдвэрийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж С.Наранцэцэгийн өмчлөлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол 26/8 дугаар байр 11 тоот 55м.кв талбайтай орон сууцыг битүүмжлэн хурааж, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгчийн харилцан тохиролцсон үнэ 150 000 000 төгрөгийн 70 хувь буюу 105 000 000 төгрөгөөр 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн албадан дуудлага худалдаанд оруулсан боловч худалдан борлогдоогүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.2-т зааснаар 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хоёр дахь албадан дуудлага худалдаанд оруулахад мөн худалдан борлогдоогүй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д заасны дагуу үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан, албадан дуудлага худалдаагаар худалдан борлогдоогүй үл хөдлөх эд хөрөнгийг 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төлбөр авагч С.Баттогтоход санал болгоход төлбөр төлөгч С.Наранцэцэгийн гаргасан хүсэлтийг үндэслэн төлбөр төлөх 45 хоногийн хугацаа, мөн 2016 оны 2 дугаар сарын 20-ны өдөр хүртэл хугацаа өгсөн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан дээрх орон сууцыг төлбөр авагч С.Баттогтоход шилжүүлсэн ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр 34.3-т зааснаар хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 93 тоот хурлын протокол болон 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 1/4526 албан мэдэгдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгч С.Наранцэцэгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч С.Наранцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Энхээ давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 93 тоот хурлын протокол болон 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн1/4526 тоот албан мэдэгдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлээ дэмжиж байгаа бөгөөд дээрх байгууллага, шийдвэр гүйцэтгэгч В.Уранцэцэг нь хууль зөрчиж С.Наранцэцэгийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

            Нэхэмжлэгч С.Наранцэцэг нь хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 93 тоот хурлын протокол болон 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 1/4526 тоот албан мэдэгдлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

 

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 260 дугаар шүүгчийн захирамжаар өргөдөл гаргагч С.Баттогтоход 23 000 000 төгрөгийг 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр төлөхөөр талуудын эвлэрлийг баталгаажуулж шийдвэрлэсэн байна.                                                              /хх-6 дугаар тал/

 

Уг шүүгчийн захирамжийн биелэлтийг хангуулахаар төлбөр төлөгч С.Наранцэцэгийн эд хөрөнгөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлд заасан эд хөрөнгийг битүүмжлэх, хураах ажиллагаа явагджээ.

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 26/8 дугаар байрны 11 тоот 3 өрөө орон сууцыг битүүмжилж, хураан авсан ба уг ажиллагаанд хуульд заасны дагуу төлбөр төлөгч С.Наранцэцэг нь 2015 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр гомдол гаргасан бөгөөд уг гомдлыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны ахлах шийдвэр гүйцэтгэгч 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 527 тоот мэдэгдэх хуудсаар 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 15/396 тоот эд хөрөнгө хураах тогтоолыг хүчингүйд тооцож шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зөвтгөж явуулахыг 181 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч В.Уранцэцэгт үүрэг болгож шийдвэрлэжээ.                                                                                 /хх-10-11, 20-25 дугаар тал/

 

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах үнэлгээг тогтоохоор төлбөр төлөгч, төлбөр авагч нараас үнийн санал авах ажиллагааг хийхэд төлбөр төлөгч С.Наранцэцэг нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 26/8 дугаар байрны 11 тоот 3 өрөө, 55 м.кв орон сууцыг 150 000 000 төгрөгөөр үнэлж үнийн санал өгснийг төлбөр авагч С.Баттогтох зөвшөөрсөн тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт зааснаар талууд үнэлгээг харилцан тохиролцсон гэж үзнэ.                                                 /хх-63-64 дүгээр тал/

 

Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 26/8 дугаар байрны 11 тоот 3 өрөө, 55 м.кв орон сууцыг анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй тул Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.4 дэх хэсэгт заасны дагуу төлбөр авагч, төлбөр төлөгч нарын харилцан тохиролцсон 150 000 000 төгрөгийн 50 хувь буюу 75 000 000 төгрөгөөр дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоож 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр 10 цагт 2 дахь дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь хэсэгт заасны дагуу худалдан борлогдоогүй эд хөрөнгийг төлбөр авагч С.Баттогтоход санал болгож, барьцаа хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3 дахь хэсэгт заасны дагуу 2016 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 16.00 цагийн дотор чөлөөлж шийдвэр гүйцэтгэгчид хүлээлгэн өгөхийг мэдэгдсэн ажиллагаа хууль зөрчөөгүй байна.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3 дахь хэсэгт зааснаар шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаатай холбоотой гомдлыг шүүх хянан шийдвэрлэх журмыг зохицуулжээ.

 

2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны санал болгох комиссын хурал болж Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө 26/8 дугаар байрны 11 тоот 3 өрөө, 55 м.кв орон сууцыг төлбөр төлөгч нь 2016 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд төлбөр авагч С.Баттогтоход шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

/хх-77-79 дүгээр тал/

 

Төлбөр төлөгч С.Наранцэцэг нь 2016 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй тул 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдөр 1/4526 тоот өмчлөх эрх шилжүүлэх тухай албан мэдэгдлийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Баянгол дүүргийн улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн ажиллагаа нь хуульд нийцжээ.

     /хх-83 дугаар тал/

Шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан үйл ажиллагаа нь хуульд нийцээгүй, хууль зөрчсөн, хуулиар тогтоосон журам зөрчсөн гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.

 

Нэхэмжлэлд дурдсан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 93 тоот хурлын протокол болон 2016 оны 2 дугаар сарын 02-ны өдрийн 1/4526 тоот албан мэдэгдлийг хуульд заасан журмын дагуу хийх ёстой ажиллагааны хүрээнд шийдвэр гүйцэтгэгч хийсэн байгаа тул хүчингүй болгох үндэслэлгүй гэж үзнэ.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2016/03346 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ                                                                                    

                                      ШҮҮГЧИД                                         Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ