Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 11

 

М.*******д холбогдох

хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Намхайдорж даргалж, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч М.Мөнхдаваа8 Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баасандэмбэрэл, Прокурор Д.*******, Шүүгдэгч М.*******, Шүүгдэгчийн өмгөөлөгч О.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч М.*******ы давж заалдсан гомдлоор М.*******д холбогдох 201613000153 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1959 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Завхан аймгийн Алдархаан сумд төрсөн, 58 настай, эрэгтэй, бага боловсролтой,  мэргэжилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Завхан аймгийн Алдархаан сумын Мандаат багт оршин суух Майлаа овгийн ******* ******* / РД:*******/

Шүүгдэгч М.******* нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх:  Майлаа овгийн ******* *******ыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.*******ыг 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10, 52.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан М.*******д оногдуулсан 3 жил 5 сарын хугацаатай хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, М.*******д өмнө авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, М.******* нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, нөхөн төлөх хохиролгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, М.*******ы иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг дурдаж, Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ягаан өнгийн хилэн даавуун материалтай орны бүтээлэг, улаан өнгийн бариултай хутга, хөх саарал өнгийн, урд хэсэгтээ хөндлөн судалтай ноосон цамц, саарал өнгийн дотуур цамц(фудволк), ногоон өнгийн ноосон майк тус бүр 1-ийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар М.*******ы хувьд оногдох хөрөнгөнөөс 200000 төгрөгний үнэлгээтэй 2 хаалгатай цагаан өнгийн хөлдөөгч, 200000 төгрөгний үнэлгээтэй Тошиба гэсэн бичиг бүхий цагаан өнгийн угаалгын машин тус бүр 1-ийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Майлаа овгийн ******* ******* миний бие нь 1959 онд төрсөн. Одоо 58 настай, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Би хийсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байна. Надад хохирогч Г.******* биед хүнд гэмтэл санаатай учруулах ямар нэгэн санаа зорилго байгаагүй. Миний зүгээс энэ гэмт хэргийг болгоомжгүйгээр үйлдэгдсэн гэж үзэж байна. Мөн анхан шатны шүүх ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа тул надад оногдуулсан ял шийтгэл зүйл ангийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулж өгнө үү.

Миний биеийн байдал тааруу, баруун гар хатаад татсан мэдээгүй, зүрх хатгаж өвддөг, баруун талын хөл хугарсанаас болж байнга өвддөг, зүрхний өвчнөөр байнга эмчийн хяналтанд байдаг зэрэг нөхцөл байдлуудыг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзнэ үү гэжээ.

Шүүгдэгч М.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би ам бүл 6 эхнэр, 4 хүүхийн хамт амьдардаг. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчийн биед ямар нэгэн санаа зорилгогүйгээр халдсан. Миний биеийн байдал муу байгаа, мөн төрсөн ах маань Улаанбаатарт уушигны хорт хавдар туссан, биеийн байдал хүндэрсэн тул надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Шүүгдэгч М.*******ы өмгөөлөгч О.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгдэгч М.*******ы давж заалдсан гомдлыг дэмжиж байна. Хохирогч Г.******* нь анхан шатны шүүх хурал дээр би бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж агсам тавьсан миний буруутай үйлдлээс энэ хэрэг гарсан. Ийм учраас М.*******д оногдуулах ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэсэн хүсэлтээ анхан шатны шүүх хуралдаанд хэлж байсан. Өмгөөлөгчийн зүгээс мөн анхан шатны шүүх хуралдаан дээр хэргийн зүйлчлэлийг  өөрчлүүлэх хүсэлт тавьж байсан. 

Шүүгдэгч М.*******ы биеийн байдлын хувьд даралт нь байнгын хэлбэлзэлтэй, зүрхний хэм алдалт гэсэн оноштойгоор эмнэлэгийн байнгын хяналтанд байдаг, мөн ар гэрийн байдлыг нь харгалзан түүнд оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Прокурор Д.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Шүүгдэгч М.******* өөрийн санамсар болгоомжгүй үйлдлийн улмаас энэ гэмт хэргийг үйлдсэн гэж тайлбарлалаа. Өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 97 дугаар зүйлд зааснаар зүйлчилж өгөх хүсэлт гаргасан. Гэтэл шүүгдэгч М.******* нь хохирогч Г.*******г санамсар болгоомжгүй хутгалсан гэж үзэх хууль зүйн боломжгүй байна.

Хэрэг гарах үед М.*******ыд хэдэн хүмүүс архи ууж хоорондоо маргасан байдаг. Гэрт шүүгдэгч М.*******, хохирогч Г.******* нар хоёулахнаа үлдсэн байдаг. Шүүгдэгч М.*******ыг хутга барьсан байхыг харсан гэрч байдаг. Мөн М.******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ би Г.*******г мөргөдөг гэж урьд нь сонссон байсан тул намайг мөргөж магадгүй гэж бодоод хутга аваад нэг гараараа шилэн хүзүүн дээр нь дараад нөгөө гартаа байсан хутгаараа хутгалсан гэж мэдүүлсэн байсан. Шүүгдэгч өөрийн үйлдлийг тодорхой мэдэж байдаг. Тухайн үед гэрч Э. гаднаас гэрт ороход хохирогч Г.******* дээрээс М.******* ах дараад авсан байсан. Би М.******* ахыг барьж аваад зүүн талын орон дээр дарж унагаад хутгыг нь авах гээд болохгүй байсан тул Д.******* ах хутгыг нь аваад тогооны саванд хийсэн гэж мэдүүлсэн. 

Хохирогч Г.******* мөнгөтэй гэж баярхсанаас болж хоорондоо маргасан. Маргаж байх үед шүүгдэгч М.******* өөрийг нь мөргөх гэж байна гэж төсөөлөөд хохирогчийг дээрээс нь дарж байгаад хутгалсан байсан. Иймээс шүүгдэгч М.******* нь Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байгаа. Шүүгдэгч М.******* нь зүрхний хэм алдалттай, гар нь хатсан гэж байгаа боловч энэ байдал нь ялаас чөлөөлөх өвчний жагсаалтанд багтаагүй зүйл юм.

Анхан шатны шүүхийн оногдуулсан 3 жил 5 сарын хорих ял нь түүний хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан оногдуулсан хорих ял юм. Иймээс хорих ялыг дахин хөнгөрүүлэх хуульзүйн боломжгүй гэж үзэж байна

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.*******ы давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан байна.

Хэргийн материалаас харахад шүүгдэгч М.******* нь 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Завхан аймгийн Алдархаан сумын төвд өөрийн гэртээ хохирогч Г.*******г “надад мөнгө байна хэмээн, мөнгө гаргаж баярхлаа” хэмээн уурлаж түүний баруун далны доор хутгалж цээжний хөндийг нэвтэлж биемахбодид нь хүнд гэмтэл учруулсан болох нь хэрэгт цугларсан хохирогч Г.*******, гэрч О., С., , Д.*******, нарын мэдүүлэг, шинжээч эмчийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 201620322 тоот дүгнэлт, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

Шүүхээс хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг зөв, шүүх хэргийг шийдвэрлэхдээ  Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч М.*******ы гаргасан “...би энэ хэргийг үйлдэхдээ санамсар болгоомжгүйн улмаас үйлдсэн. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн тул миний хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн 97 дугаар зүйлийн 97.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү” гэсэн гомдлын тухайд Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 97 дугаар зүйл буюу бусдын биемахбодид хүнд гэмтэл болгоомжгүй учруулах гэмт хэргийн субьектив тал нь болгоомжгүй, хайхрамжгүй хандах, хөнгөмсөгөөр найдсан, бодит байдлыг урьдчилан тооцоолоогүй үйлдэл /эс үйлдэхүй/  байдаг бол шүүгдэгч М.*******ы хувьд бусдын биемахбодид аюултай үйлдэл хийж байна гэдгээ урьдчилан ухамсарлаж, хожим үүсэх үр дагаварыг мэдсээр байж шууд бус санаа зорилгоор хохирогч Г.*******г “мөнгөтэй гэдгээрээ баярхлаа” гэсэн шалтгаанаар гэрийнхээ гал тогооны шургуулганаас хутга авч хохирогчийн хүзүүн дээр нь биеэрээ дарж байгаад хэвлийн хөндий рүү санаатайгаар хутгалсан явдал нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байна.

Энэ хэргийн нөхцөл байдлаас дүгнэлт хийхэд хэргийн зүйлчлэлийг өөрчлөх хууль зүйн боломжгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх шүүгдэгч М.*******ы үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, түүний насны байдал, эрүүл мэнд, хохирогч гомдол саналгүй гэсэн хувийн байдлуудыг харгалзан тухайн шүүгдэгчид Цагдаа, Прокурорын байгууллагаас зүйлчилж ирүүлсэн Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн  551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан 3 жил 5 сарын хорих ял оногдуулж хөнгөрүүлсэн нь тухайн шүүгдэгчийн үйлдсэн хэргийн гэм бурууд тохирсон байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.*******ы давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолыг  хэвээр үлдээж, шүүгдэгч М.*******ы давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.  

2. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч,  цагаатгагдсан этгээд,  хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.НАМХАЙДОРЖ

ШҮҮГЧИД М. МӨНХДАВАА

Ж.БАТТОГТОХ