Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 15 өдөр

Дугаар 115/ШШ2017/0009

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


       Дорноговь аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Отгонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

         Нэхэмжлэгч: Иргэн Оийн нэхэмжлэлтэй 

         Хариуцагч: Дорноговь аймгийн Аудитын газарт холбогдох 

       Нэхэмжлэлийн шаардлага: Дорноговь аймгийн аудитор Ггийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 02/24 ҮАГ-ДГА/2016/02-ГА актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч О, хариуцагчийн төлөөлөгч Г, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Я.Эрдэнэ-Уянга нар оролцов.


ТОДОРХОЙЛОХ нь:

      Нэхэмжлэгч О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын тамгын газарт Замын-Үүд сангийн тасалбар хураагчаар 2012 оны 09 сарын 10-ны өдрөөс эхлэн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл нийт 4 жил 5 сар ажилласан. Энэ хугацаанд би ажилдаа ямар нэгэн алдаа дутагдал гаргаж байгаагүй болно.
      Гэтэл 2016 оны 12 сарын 12-нд Дорноговь аймгийн Аудитын газраас Замын-Үүд сангийн 2014-2015 оны үйл ажиллагаанд гүйцэтгэлийн аудит хийснийг үндэслэн 02/24 ҮАГ ДГА/2016/02 ГА дугаартай акт гарган намайг 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн орлого 1.4 сая, 9-р сарын 29-ний өдрийн орлого 1.1 сая төгрөг дансанд тушаагаагүй, 11 сарын 12-ны өдрийн орлого 3.2 сая төгрөгөөс 1.0 сая төгрөг дутуу тушааж 3531000 төгрөгийн зөрчил гаргасан гэж үзсэнийг үндэслэлгүй гэж үзэж байна.
       2015 оны 05-р сарын 29-ний өдрийн 1,4 сая төгрөг дутуу тушаасан гэх актыг хулээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2015 оны 05 сарын 29-ний өдөр мөнгө хураагч Ц ажиллах өдрийнхөө ээлжийг хувийн ажлын шаардлагаар сольж, Цын гарах ёстой байсан өдөр буюу 2015 оны 05-р сарын 28-ны өдөр би ажилласан юм. Тухайн өдрийнхөө орлогыг Цын нэрээр 1395000 /нэг сая гурван зуун ерэн таван мянган/ төгрөгийг Төрийн банкинд тушаасан. 2015 оны 05-р сарын 29-нд Ц миний ажиллах байсан өдөр ажиллаад миний нэрээр тухайн өдрийн орлогыг Төрийн банкинд тушаасан.
2015 оны 09-р сарын 29-ний өдрийн 1.1 сая төгрөгийн тухайд: Ня-бо Чулуунцэцэг нь бэлэн мөнгө болон банкинд тушаасан баримтыг үндэслэн бидэнтэй тулгалт хийж тооцоо нийлдэг. Энэ мөнгийг тушаасан банкны хуулга банкнаас гарч ирэхгүй байна гэдэг нь би ня-бо Чулуунцэцэгт бэлнээр 1136000/ нэг сая нэг зуун гучин зургаан мянга/ төгрөг өгсөн гэж үзэж байна. Учир нь банкны хуулга болон бэлэн мөнгө 2-ын аль нэг дээр үндэслэн бичилт хийж тооцоо нийлдэг. 1000 төгрөг дутуу байсан ч тэмдэглэл хийж дараагийн тасалбарыг олгодог. Нягтлан бид нарын нэрийг бичээд ард нь тасалбарынхаа сер дугаарыг бичээд гаргадаг. Ард нь бид нар гарын үсэг зурдаг юм. Нягтлан бичилт хийгдээд авчихсан тохиолдолд бид нар бэлэн мөнгөөр нь өгчихсөн гэсэн үг юм. Тийм учраас үүнийг надад ямар ч хамааралгүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл надаас хүлээж авсан учраас би гарын үсэг зурсан байж таарна. Тийм учраас би уг мөнгийг бэлнээр ня-бо Чулуунцэцэгт хүлээлгэн өгсөн гэж үзэж байна.
2015 оны 11-р сарын 12-ны өдрийн 1 сая төгрөг дутуу тушаасан гэх актын талаар: Би энэ өдөр 592ш тасалбартай ажилд гарсан. Учир нь ня-бо Чулуунцэцэг тухайн өдөр Бүрдэний амралт явсан гэх шалтгаанаар тасалбараа гардаж олгоогүй. Уг нь тасалбарыг бид хүлээн авч гарын үсэг зурдаг юм. Нотлох баримтаар өгсөн тасалбар хүлээлгэн өгсөн дэвтэр дээр 2500, 600 ш тасалбар хүлээн авсан гэсэн миний гарын үсэг байхгүй. 2500 гэж бичсэнээ зассан байна. Үүнийг би 1500 байсныг нэмж 2500 гэж зассан гэж бодож байна. Би нийт борлуулсан тасалбараа тоолоод тухайн өдөр 2208000 /хоёр сая хоёр зуун найман мянган/ төгрөгийг банкинд тушааж үлдэгдэл тасалбараа баримттай нь ня-бо Чулуунцэцэгт өгөх гэсэн боловч “би ажилтай байна жижүүрт орхиод явчих” гэсэн. Энэ дагуу жижүүрт орхисон боловч банкинд тушаасан мөнгөний баримт байхгүй, алга болгочихсон бусад нотлох баримтыг шатаасан гээд Аудитад гаргаж өгөөгүй. Хэд хоногийн дараа надад тооцооны дэвтэр дээр нөхөж гарын үсэг зуруулсан. Би мөнгөн дүнг анзааралгүй гарын үсгээ зурсан. Их л айхтар нягталж мөнгө, баримтыг тулгаж авдаг болохоор нэмээд биччихсэн гэж бодолгүй мөнгөн дүнг анзааралгүй гарын үсгээ зурсан. 11 дүгээр сарын 12-ны өдрийн 2208000 төгрөгийг би банкинд тушаасан миний гарын үсэгтэй баримт нь байгаа. Нягтлан дэвтэртээ бичихдээ 3208000 төгрөг гээд биччихсэн байдаг юм. Үүнийг нягтлан хайхрамжгүй байдлаасаа болоод ингэж бичсэн гэж үзэж байгаа. Нягтлан хэлэхдээ юуг үндэслэж бичилт хийдэг юм бэ гэхэд баримтыг үндэслэж бичилт хийдэг гэж хэлсэн байдаг. Тэгсэн хэрнээ тухайн өдрийн миний баримт нягтланд байхгүй, Төрийн банкинд л байгаа. Эх хувь дээр нь 2208000 төгрөг гэж бичигдсэн байгаа. Тухайн үед би гарын үсэг зурсан байгаа нь миний алдаа байгаа юм. Тэр өдрийн тасалбарыг нягтлан бодогч бид нарт өөрөө өгөөгүй. Өгсөн гэдгээрээ дараа нь бид нараар нөхөж гарын үсэг зуруулдаг. Нягтлан томилолтоор явахдаа хэн нэгэнд үлдээгээд явдаг. Тэд нар нь гар тэмдэглэл хөтөлж яваад нягтланг ирэхээр хэлээд тооцооны дэвтэр дээр нөхөж бичээд бөөнөөр нь гарын үсэг зуруулах тохиолдол зөндөө байдаг. Тэгж зуруулахад анзаарахгүй гарын үсэг зурсан байна. Тэрнээс биш бид нар 1000000 төгрөгийг дутуу тушаагаад баримтаа өгвөл нягтлан хэзээ ч хүлээж авахгүй. Баримтанд үндэслэж бичилт хийдэг гэж хэлчихээд миний өгсөн баримт өөрт нь байхгүй байгаа юм. Тэгэхээр тооны машинд сер дугаарыг бодож гаргаад автоматаар тааруулаад биччихсэн байна гэж үзэж байгаа. 
      Учир нь надад ийм дутагдал гаргасан зүйл байхгүй. Би ийм үүргээ гүйцэтгэж байхдаа өдөр бүр орлогын тасалбараар тулгалт хийж ня-бо Чулуунцэцэгт үлдсэн тасалбар болон үлдэгдэл хувийг хүлээлгэн өгч өдрийнхөө орлогыг төрийн сангийн дансанд тушааж тооцоо нийлдэг байсан ба сар, хагас жил, бүтэн жилийн тайлан тооцоогоор надад хэрвээ өр дутагдал гарч байсан бол мэдэгдэх ёстой байсан. Миний бие энэхүү актыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул актыг хүчингүй болгож өгнө үү.

     Хариуцагч Дорноговь аймгийн Аудитын газрын дарга Ань шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: Аймгийн Аудитын газрын 2016 оны бүтээгдэхүүн, ажил үйлчилгээний төлөвлөгөөний дагуу Замын Үүд сангийн 2014-2016 оны үйл ажиллагаанд гүйцэтгэлийн аудит хийх явцад дараах зөрчил илэрсэн.
          Тус аудитаар Замын-Үүд сангийн тасалбарын тооцооны дэвтрийн өдөр өдрийн орлогын дүнг Төрийн сан банкинд байрших Замын-Үүд сангийн 061455402 тоот дансны хуулганы өдөр бүрийн орлогын дүнтэй тулган үзэхэд 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1,395,000 /нэг сая гурван зуун ерэн таван мянга/ төгрөгийн орлогыг, 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 1,136,000 /нэг сая нэг зуун гучин зургаан мянга/ төгрөгийн орлогыг тушаагдаагүй, мөн 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн орлого 3,208,000 төгрөгөөс 2,208,000 /хоёр сая хоёр зуун найман мянга/ төгрөгийг Төрийн сан банкны дансанд тушааж 1,000,000 /нэг сая/ төгрөгийг дутуу тушаасан байсан.
Дээрх өдрүүд буюу 2015 оны 05 дугаар сарын 29-ний өдөр мөнгө хураагч О 2128 /хоёр мянга нэг зуун хорин найман/ ширхэг тасалбар авч тухайн өдөр 1395 /нэг мянга гурван зуун ерэн таван мянга/ ширхэг тасалбар борлуулж 733 ширхэг тасалбарыг буцааж олгосон, 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр мөнгө хураагч О 2011 ширхэг тасалбар авч, тухайн өдөр 1136 ширхэг тасалбар борлуулж, 875 ширхэг тасалбарыг буцаан хүлээлгэн өгсөн, мөн 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр мөнгө хураагч О 3692 ширхэг тасалбар авч, тухайн өдөр 3208 ширхэг тасалбар борлуулж, 484 ширхэг тасалбарын үлдэглийг хүлээлгэн өгч тооцоо нийлэн гарын үсэг зурж баталгаажуулсан байна.
Иймд Замын-Үүд сангийн тооцооны дэвтрийн бүртгэлийг үндэслэн 2015 оны 05 дугаар сарын 29-ний орлого 1395000 төгрөг, 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 1136000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 3208000 төгрөгийн орлогоос 1000000 төгрөгийг дутуу тушааж нийтдээ 3531000 төгрөг дутаасан гэж үзээд мөнгө хураагч Оийг төлж барагдуулах төлбөрийн акт тогтоосон.
    
     Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн Иргэдийн Хурлын захиалгатаар ажил, үйлчилгээний дагуу Замын-Үүд сангийн 2014-2016 оны үйл ажиллагаанд гүйцэтгэлийн аудит хийсэн. Энэ шалгалтаар би 2015 оныг дангаараа хариуцаж бичсэн. Тухайн үед санхүүгийн баримт материалаа шатаасан, устгасан байдалтай нотлох баримт хангалтгүй байсан. Энэ акттай холбоотой юуг үзсэн гэхээр Замын-Үүд сангийн тасалбарын тооцооны дэвтэрт тухайн ажилласан мөнгө хураагч байцаагч нар нь тухайн өдөрт хэдэн төгрөгний тасалбар авсныгаа баримтжуулаад гарын үсэг зурдаг. Тасалбараа нягтлангаас хүлээж аваад хил дээр очиж тараадаг. Тухайн өдөр хил дээр хэдэн тасалбар тараасан, тараасан тасалбарынхаа мөнгийг банкинд тушаадаг байгаа юм. Тооцооны дэвтэр дээр тухайн 2015 онд ажилласан ажлын бүх өдрүүд бичигдсэн, баяр ёслолын өдрүүдээр л амарсан байдаг гэж үзээд бүх өдрийн орлогыг банкинд тушаасан орлоготой нь тулгаж үзсэн. Гэтэл зөрүүнүүд гарсан. Үүнд 5 дугаар сарын 29-ний 1395000 төгрөгийг О тооцооны дэвтэр дээр тушаасан гээд гарын үсэг зурсан байдаг. Тухайн өдөр тэдэн ширхэг тасалбар авсан гээд гарын үсгээ зурсан байдаг. Солигдож гарсан талаар тухайн үед хэлээгүй санагдаад байна. 9 дүгээр сарын 29-ний өдрийн 1136000 төгрөг, дандаа сарын сүүлийн өдрүүд байдаг юм.  Энэ нь тухайн сарын ажиллах өдөр байгаа. Тулгаад явж байтал дээрх мөнгө төрийн сангийн дансанд тушаагдаагүй байсан. 1-2 хоногийн дараа тушаах явдал байсан. Гэхдээ дараа сарын тооцоог тулгахад энэ орлого орж ирээгүй байсан. Тооцооны дэвтэрт тасалбар авсан, тасалбараа борлуулсан байдаг ч төрийн сангийн дансанд мөнгө нь ороогүй байдаг. 11 дүгээр сарын 12-ны орлого 3208000 төгрөг орсон байдаг. Бас тасалбараа авсан, нэмэлт тасалбар авсан байдаг ч хүлээн авсан гарын үсэггүй байдаг. Тэрийгээ сүүлд нь гарын үсэг зуруулаад авах ёстой байсан аваагүй байсан гэсэн тайлбарыг өгч байсан. 3208000 төгрөг авсан тасалбараараа таардаг, орсон орлого нь таардаг. Тушаасан мөнгө нь хоорондоо таардаггүй. Төрийн сангийн дансанд 2208000 төгрөг тушаасан. Тооцооны дэвтэрээс 1000000 төгрөгөөр дутуу тушаагдсан байдаг. Ингээд нийтдээ 3531000 төгрөгийн актыг тогтоосон. Яагаад тогтоосон гэхээр О энэ өдрүүд дээр гарын үсэг зураад тасалбараа авсан байдаг. Тухайн үед 9 дүгээр сарын 10-даар хийгдсэн. Нягтланд бэлнээр мөнгө өгдөг тохиолдол байна уу гэхэд тиймэрхүү тохиолдол байхгүй гэж хэлж байсан. Энэ асуудал өөртэй чинь холбоотой байна, банкнаас асууж тодруулаад бидэнд мэдэгдээрэй гээд хугацаа өгөөд буцаад наашаа явсан. Ингээд 12 дугаар сарыг хүрэхэд нотлох баримт болон ирж уулзаагүй учраас энэ хүнд холбоотой байна гэж шийдвэрлээд нотлох баримтыг үндэслээд акт тавьсан.
      Тасалбарын дугаарыг тулгахад маш хэцүү байсан, зөрүү гараад байсан, энэ тэндээс нь хөөгөөд үзээд явсан, тасалбар нь дарааллын дагуу өгөгдөөгүй, байхгүй байна гэдгийг тухайн үед мэдсэн, тухайн үед банкны баримтууд дутуу, кассын харилцахын баримтууд үдэгдээгүй байсан. Иймээс тасалбарын бүртгэлийг орхиод орлого тушаасан бүртгэлийг банкны хуулгатай тулгаж шалгасан.
       Тооцооны дэвтэр хөтлөлттэй холбоотой энэ хүмүүсийн алдаанаас болоод 1395000 төгрөг зөрүүтэй гарч ирсэн юм шиг байна. Нөгөө хоёр дүнгийн хувьд өөр зүйлгүй. Хөнгөн хуймгай хандлаа гэж байна. Энэ хоёр хүнийг ирэх болов уу 9 дүгээр сараас хойш хүлээсэн. Ирэх болов уу, тооцоогоо нийлэх болов уу гэж бодоод утсаар хэлдэг байсан. Энэ хугацаанд ямар ч нэмэлт нотлох баримт болон хэлж яриагүй. Бэлнээр өгдөг гэдгээ хэлсэн бол Чулуунцэцэгээс тайлбар аваад цаашаа нь тулгаж үзэх байсан. Эцсийн хугацаа хүртэл ямар ч мэдээлэл өгөхгүй байж байгаад акт тавьсан хойно бэлнээр мөнгө өгдөг байсан гэж хэлж байна. Цагдаа дээр шалгагдаж байгаа гэдгээр манайхаас шүүхэд хандаагүй. Мөнгөтэй холбоотой ажил хийж байгаа учраас гарын үсэг зуралцаад өгч авалцаж байгаа байдал дээр анхааралтай байх ёстой. Энэ хариуцлагагүй байдлаас болоод үүссэн акт гэж үзэж байна. 1395000 төгрөгөөс бусад нь үндэслэлгүй биш юм. Тухайн үеийн байдлаас болоод От холбогдуулж акт гарсан. Бэлнээр төлдөг байсан гэдгээ хэлж ярьсан бол цааш нь судлаад явах байсан. Хэн нэгнийг буруутгах гээд байгаа даа биш улсын хөрөнгө зохих дүрэм журмынхаа дагуу зарцуулагдаад зохих дансандаа орж байвал зөв юм болов уу гэж акт тавьсан. 1395000 төгрөгийг нотлох баримт хийсэн баримт нь буруугаас үүдсэн байж болох юм байна гээд хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн хуймгай хандсан зүйл байхгүй би 8 жил ажиллаж байгаа.
                                                       ҮНДЭСЛЭХ нь:
         Дорноговь аймгийн Аудитын газрын аудитор Ггийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 02/24 ҮАГ-ДГА/2016/02-ГА дугаартай “Төлбөр барагдуулах тухай” актаар  /цаашид “маргаан бүхий акт” гэх/ Замын-Үүд сангийн 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн орлого 1.4 сая төгрөг, 9 дүгээр сарын 29-ний өдрийн орлого 1.1 сая төгрөгийг тус тус дансанд тушаагаагүй, 11 дүгээр сарын 12-ны өдрийн орлого 3.2 сая төгрөгөөс 1.0 сая төгрөгийг дутуу тушаасан гэх нийт 3.531.000 төгрөгийн зөрчил илэрснийг тус сангийн тасалбар түгээврийн ажилчин нэхэмжлэгч О ээр төлүүлэхээр тогтоосон байна.
Замын-Үүд санг анх Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2001 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 6/01 дугаар тогтоолоор  байгуулан мөн сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2010 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 01 дугаартай тогтоолоор  “Замын-Үүд сумын нутгаар БНХАУ-руу дайран өнгөрөгч зорчигчдоос бүтээн байгуулалт хөгжлийн Замын-Үүд санд санхүүгийн үүсвэр бүрдүүлэх төлбөр, хураамж авах журам”-ыг /цаашид “Төлбөр, хураамж авах журам” гэх/ хавсралтаар  баталсан байх ба уг журмын 2.2-т “төлбөрийг зорчигч бүрээс 1000 төгрөг байхаар тооцно”, 2.3-т “Замын-Үүд сан”-гийн хөрөнгө нь сумын төсвийн бүрэлдэхүүн хэсэг болох бөгөөд түүнийг төлөвлөх, санхүүжүүлэх, хянах, гүйцэтгэлийн тайлан мэдээг гаргах ажиллагааг төсвийн нэгэн адил журмаар гүйцэтгэнэ”, 2.4-т “Төлбөрийг хураах орон тооны бус тасалбар хураагчийг гэрээгээр ажиллуулж, “Замын-Үүд сан”-гаас цалинжуулна” гэж тус тус заажээ.
       1.Нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт цугларсан бөгөөд шүүхээр хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон бичгийн нотлох баримтуудыг маргаан бүхий актаар тогтоосон дансанд тушаагаагүй гэх 1.4 сая төгрөг /1.395.000/, 1.1 сая төгрөг /1.136.000/ төгрөг, дутуу тушаасан гэх 1.0 сая төгрөгт /1.000.000/ холбогдох зөрчил тус бүрээр үнэлж дүгнэхэд дараах байдлууд тогтоогдож байна. Үүнд:
1.1. Маргаан бүхий актаар тогтоосон 2015 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн орлого 1.395.000 төгрөгийг төрийн санд тушаагаагүй гэх зөрчлийн тухайд:
        Шүүхээс Замын-Үүд сангийн 2015 оны “Хилээр зорчигчдоос хураах хураамжийн тасалбар олгосон жагсаалт”-ын бүртгэлийн дэвтэр  /цаашид “тасалбар олгосон бүртгэл” гэх/, мөн сангийн тасалбар борлуулсан орлогын баримт болон үлдэгдэл тасалбарыг хүлээн авч тэмдэглэн тооцоо нийлдэг бүртгэлийн дэвтэр  /цаашид “орлогын баримтын бүртгэл” гэх/-үүдийг бүхэлд нь, мөн Замын-Үүд сангийн кассын харилцахын 4 хавтас баримтаас хэрэгт хамааралтай хэсэгт холбогдох орлого тушаасан мөнгөн шилжүүлгийн баримтуудыг, Замын-Үүд сангийн Төрийн сан банк дахь 061455402 дугаарын дансны хуулга тус бүртэй тулган харьцуулан судлахад “Тасалбар олгосон бүртгэл”, “Орлогын баримтын бүртгэл” гэх бүртгэлүүд нь нэг дэвтрийн 2 талаас бичигддэг ба уг бүртгэлүүдийг Замын-Үүд сумын Засаг даргын тамгын газрын нягтлан бодогч Б.Чулуунцэцэг хариуцан хөтөлж, тасалбар түгээврийн ажилтнуудад ээлжинд гарахын өмнөх орой нь “Тасалбар олгосон бүртгэл”-д тухайн өдөр ээлжинд гарсан ажилтнаас борлуулагдаагүй тасалбарыг үлдэгдэл тасалбар гэж бүртгэн, мөн шинээр тасалбаруудыг тамгалан олгож нийт олгосон тасалбарын дүнг тэмдэглэн ажилтнуудаар гарын үсэг зуруулдаг, маргааш нь хил хааж ажил дууссаны дараа ажилтнаас тухайн өдөр борлуулсан тасалбарын үнийг банкинд тушаасаныг нотлох орлогын баримтыг хүлээн авч “Орлогын баримтын бүртгэл”-д борлуулахаар авсан тасалбарын ширхэг, тушаасан орлогын дүн, үлдэлдэл тасалбарын ширхэг серийг бичиж ажилтнуудаар гарын үсэг зуруулдаг байна.
         “Тасалбар олгосон бүртгэл”-д 2015 оны 5 дугаар сарын 27-ны өдөр Цт үлдэгдэл 523 ширхэг тасалбар, тасалбарын дугаар /цаашид “сери” гэх/ 141210-141733, шинээр 1500 тасалбар сери 141734-141233 нийт 2023  ширхэг тасалбар олгосон гэж тэмдэглэжээ. Үлдэгдэл 523 тасалбарын сери нь таарч байгаа боловч шинээр өгсөн тасалбарын сери нь /-2000/ ширхэгээр зөрж байх ба өөрөөр хэлбэл мөнгө хураагч Цт хий 2000 тасалбар өгсөн гэж худал бүртгэсэн болох нь эхний тасалбарын сери 141734 дээр нь 1500 тасалбарыг нэмэхэд сүүлийн тасалбарын сери нь 141233 биш 143234-р төгсөхөөр байна. Хэрэв ийнхүү бүртгэсэнийг үнэн зөв гэж үзвэл Цт 2023 тасалбар биш бодитоор 23 ширхэг тасалбар олгосон байхаар байна. /27-нд тасалбарыг авсан ажилтан дараагийн өдөр буюу 28-нд ажилд гардаг, 28-нд тасалбар авсан ажилтан 29-ний өдөр ажил үүрэг гүйцэтгэдэг/
       Цаашлаад дараагийн өдөр буюу 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдөр нэхэмжлэгч От тасалбарыг олгохдоо үлдэгдэл тасалбарын серийг дээрх 141233 гэх серээс эхлүүлсэн байх ба үлдэгдэл 628 ширхэг тасалбар сери 141233-140605, шинээр 1500 ширхэг тасалбар сери 141234-142734 нийт 2128  ширхэг тасалбарыг олгосон гэж бүртгэсэн байх боловч бодит байдал дээр 23 ширхэг тасалбар борлуулахаар авсан ажилтан Цт 628 ширхэг тасалбар үлдэх боломжгүй юм.
      Дээр дурдсанчлан эдгээр бүртгэлүүдийг хариуцан хөтөлдөг нягтлан бодогч Б.Чулуунцэцэг нь “Тасалбар олгосон бүртгэл”-д тасалбарын серийг худал бүртгэсэн, уг алдаатай бүтгэлдээ тааруулан “Орлогын баримтын бүртгэл”-д 5 дугаар сарын 28-ны өдөр Ц 1.395.000 төгрөгийн орлого, 29-ний өдөр О 1.395.000 төгрөгийн орлого тус тус тушаасан байдлаар худал бичиж бүртгэсэн, тасалбар олгосон, орлогын баримт хүлээн авсан даруйд бүртгэж ажилтнуудаар гарын үсэг зуруулдаггүй, дараа нь нөхөж бүртгэн гарын үсэг зуруулдаг гэх зэргээр санхүүгийн анхан шатны баримтуудыг үнэн зөв хөтөлж, бүртгэдэггүй байсан болох нь 
        гэрч Ж.Сарантуяагийн “..орлогоо тушаасаны дараа нягтлан сүүлд нь бүртгэлд гарын үсэг зуруулдаг, тасалбар авсаны дараа нь нэмж өгсөн тохиолдолд гарын үсэг зуруулдаггүй, нөхөж зуруулах тохиолдол байдаг” гэх мэдүүлэг ; 
       гэрч А.Азжаргалын “...зарим тохиолдолд нэг хоёр өнжөөд гарын үсэг зурах тохиолдол байгаа, ээлжээ сольсон тохиолдолд тухайн ээлжинд гарах байсан ажилтаныхаа нэрээр мөнгөө тушаадаг байсан, мөн энэ тохиолдолд маргааш нөгөөдөр нь гарын үсгээ нөхөж зурдаг” гэх мэдүүлэг ;
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед эхээр нь шинжлэн судалсан Замын-Үүд сангийн кассын харилцах баримтад 2015 оны 5 дугаар сарын 27-ны орлого 1.469.000 төгрөгийг ажилтан А.Азжаргал,
     2015 оны 5 дугаар сарын 28-ны 1395.000 төгрөгийн орлогыг ажилтан Ц, /О Цын нэрээр тушаасан/
      2015 оны 5 дугаар сарын 29-ны орлого 1.521.000 төгрөгийн Оюунаа /Ц Оюунаа буюу Оюунцэцэгийн нэрээр тушаасан/
      2015 оны 5 дугаар сарын 30-ны орлого 1.300.000 төгрөгийг ажилтан А.Азжаргал тус тус тушаасан болох нь Төрийн сангийн 061455402 тоот дансанд орлого тушаасан Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтууд
      гэрч Б.Чулуунцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “..энэ хэсэгтээ худлаа бичигдсэн байна, 5 дугаар сарын 28-ны өдрийн баримт дээр мөнгө тушаагчийг Ц гэж бичсэн нь О эгч бичсэн байна, 1.395.000 төгрөгийг нэг өдөрт хоёр хүн борлуулаагүй” гэх мэдүүлэг 
         Хариуцагчийн төлөөлөгч Ггийн “...тасалбарын дугаарыг тулгахад маш хэцүү байсан, энэ тэндээс нь хөөгөөд үзээд явсан, дарааллын дагуу байхгүй байна гэдгийг тухайн үед мэдсэн, тухайн үед банкны баримтууд дутуу, кассын харилцахын баримтууд үдэгдээгүй байсан, 1.395.000 төгрөгийн тухайд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбараар тус тус тогтоогдож байна. 
       Дээрхийг дүгнэхэд нэхэмжлэгч Оийг 1.395.000 төгрөгийг тушаагаагүй гэж буруутгах үндэслэлгүй байх ба түүний “2015 оны 5 дугаар сарын 29-ний өдөр мөнгө хураагч Ц ажиллах өдрийнхөө ээлжийг хувийн ажлын шаардлагаар сольж, Цын ээлжинд гарах байсан 5 дугаар сарын 28-ны өдөр би ажиллаж, 1.395.000 төгрөгийг төрийн банкинд Цын нэрийг бичиж тушаасан, харин миний ажиллах байсан 5 сарын 29-ний өдөр Ц ажиллаад орлогоо миний нэрээр тушаасан, ажилтай байна гэдэг шалтгаанаар тооцооны дэвтэрт нөхөж гарын үсэг зуруулдаг, буруу бичсэн гэж боддоггүй учраас харалгүй гарын үсэг зурсан” гэж тайлбарлан маргасан нь үндэслэлтэй байна.
         1.2. Маргаан бүхий актаар тогтоосон 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдрийн орлого 1.1 сая төгрөг /1.136.000/ төгрөг тушаагаагүй гэх зөрчлийн тухайд:
        Гэрч Ж.Сарантуяагийн “Сүлжээгүй тохиолдолд орлогоо бэлнээр нягтлан Чулуунцэцэгт тушаасан байхад 5 хоногийн дараа дансанд ороогүй тохиолдол гарсан. Тухайн үед бид нар мөнгөө нягтланд өгсөн байхад даргад загнуулаад өнгөрсөн, нягтланд өгсөн мөнгийг нягтлан нөхөж төрийн санд тушаасан эсэхийг бид нар мэдээгүй” гэх мэдүүлэг ;
       Гэрч А.Азжаргалын “Төрийн сан сүлжээгүй, төрийн сан амарсан тохиолдолд бэлнээр орлогоо нягтлан бодогчдоо тушааж байсан. Бэлнээр өгсөнөөсөө болж Сарантуяа бид 2 даргаар загнуулж байсан” гэх мэдүүлэг ;
       Гэрч Чулуунцэцэгийн “Орлогоо дутуу тушаасан бол гарын үсэг зурахгүй”, Оээс баримт эсхүл мөнгө аваагүй бол гарын үсэг зуруулахгүй, О ажиллах хугацаандаа өр төлбөрийн асуудалд орж байгаагүй” гэх мэдүүлэг ;
      2015 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн ажилтан А.Азжаргалын тасалбар борлуулсан 1.896.000 төгрөгийн орлогыг Төрийн сангийн 061455402 тоот дансанд нягтлан бодогч Б.Чулуунцэцэг тушаасан нь Замын-Үүд сангийн кассын харилцахын баримтад авагдсан Голомт банкны 2015 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн “Орлогын мэдүүлэг”  зэрэг нотлох баримтуудыг дүгнэхэд нягтлан бодогч Б.Чулуунцэцэг нь ажилтнуудаас тасалбарын орлогыг бэлэн мөнгөөр авдаг байсан нь тогтоогдож байна.
      Нэхэмжлэгчийн “1.136.000 төгрөгийг нягтланд бэлнээр өгсөн гэж үзэж байгаа, хэрэв бэлэн мөнгө, мөнгө тушаасан баримтын аль нэгийг өгөөгүй бол орлого тушаасан бүртгэл дээр гарын үсэг надаар зуруулахгүй” гэж тайлбарлан маргасан үндэслэлтэй байх ба харин хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс “бэлэн мөнгө өгдөг гэдэг асуудлаа тухайн үед яриагүй учраас Отэй холбоотой гэж үзэж акт тавьсан” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна гэж үзлээ. 
        1.3. Маргаан бүхий актаар тогтоосон 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн орлого 1.0 сая төгрөг /1.000.000/ тушаагаагүй гэх зөрчлийн тухайд:
       Хариуцагчийн төлөөлөгчийн зүгээс “Орлогын баримтын бүртгэл”-д  О  3.208.000 төгрөг тушаасан гэж гарын үсэг зурсан байгаа боловч банкинд орлого тушаасан баримтаар О 2208.000 төгрөг тушаасан /Төрийн банкны 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн/, иймээс 3.208.000 орлогоос 1.000.000 төгрөгийг тасалбарын орлогыг дутуу тушаасан зөрчил гаргасан нь тогтоогдсон” гэж, харин нэхэмжлэгч нь 3692 тасалбар авсан дээр миний гарын үсэг байхгүй, огноо нь, шинэ өгсөн тасалбарын дүнг 1500-г 2500 болгож засаж бичсэн, хэд хоногийн дараа надаар нөхөж гарын үсэг зуруулахад би мөнгөн дүнг анзааралгүй гарын үсэг зурсан” гэж дээрхийг үгүйсгэн маргаж байна. 
       “Тасалбар олгосон бүртгэл”-д  огноо гэх хэсэгт 15.11.13 /12-ыг 13 болгож зассан/; хураамжийн байцаагчийн нэр гэх хэсэгт О; тасалбарын тоо үлдэгдэл 592ш, шинэ 2500 /2 болон 5-ын тоонуудыг давхарлан засаж бичсэн/, 600ш; тасалбарын дугаар гэх хэсэгт үлдэлдэл 391909-392500; шинэ 392501-395000; 395001-395600; нийт олгосон тасалбар гэх хэсэгт 3692 гэж тэмдэглэсэн байгаа боловч гарын үсэг гэх хэсэгт нэхэмжлэгчийн гарын үсэг зурагдаагүй байна. 
         Гэрч Б.Чулуунцэцэг нь “баримт эсхүл мөнгө аваагүй бол О эгчээр гарын үсэг зуруулахгүй, хэрэв буруу зуруулсан бол би өрөнд орно, “Орлогын баримтын бүртгэл”-д 3208 тасалбар борлуулсан буюу 3.208.000 төгрөгийн орлого орсон гэсэн байна, би энэ өдрийг маш сайн санаж байна, их орлого орсон гэж даргад танилцуулж байсан” гэх мэдүүлгийг гаргаж байгаа боловч, 
     Шүүхээс Замын-Үүд сангийн 2015 оны “тасалбар олгосон бүртгэл”, “Орлогын баримтын бүртгэл”-үүдээс 2015 оны 05 дугаар сарын 10-наас 2015 оны 12 сарыг дуустал хугацаанд олгосон тасалбарын сери, борлуулсан тасалбарын серитэй таарч буй эсэхэд тулгалт хийж, тухайн баримтуудыг шүүх хуралдаанд шинжлэн судлахад “тасалбар олгосон бүртгэл”-д 1 ширхэг тасалбараар зөрүүлж буюу тасалбар түгээврийн ажилтанд 1 хий тасалбар өгсөнөөр 50 удаа, 2 ширхэг тасалбарыг хий өгсөнөөр 9, 3 болон 5 ширхэгээр тус бүр 1 удаа, 3628 ширхэг /2015.05.27-ны өдөр, хавтаст хэргийн 81 дүгээр хуудасны арын нүүр/, 10 ширхэг /2015.06.06-ны өдөр, хавтаст хэргийн 81 дүгээр хуудасны арын нүүр/, 8 ширхэг /2015.06.07-ны өдөр, хавтаст хэргийн 81 дүгээр хуудасны арын нүүр/, 1462 ширхэг /2015.06.26-ны өдөр, хавтаст хэргийн 82 дугаар хуудас/, 200 ширхэг /2015.07.14-ний өдөр, хавтаст хэргийн 83 дугаар хуудас/, 3159 ширхэг  /2015.07.31-08.02 өдөр, хавтаст хэргийн 83 дугаар хуудасны арын нүүр/, 100 ширхэг /2015.08.30-ны өдөр, хавтаст хэргийн 84 дүгээр хуудас/, 500 ширхэг /2015.09.02-ны өдөр, хавтаст хэргийн 84 дүгээр  хуудасны нүүрний арын нүүр/, 50 ширхэг /2015.09.08-ны өдөр, хавтаст хэргийн 84 дүгээр хуудас/, 500 ширхэг /2015.09.15-ны өдөр, хавтаст хэргийн 84 дүгээр хуудасны арын нүүр/, 503 ширхэг /2015.09.27-ны өдөр, хавтаст хэргийн 85 дугаар хуудас/, 4500 ширхэг /2015.10.06-ны өдөр, хавтаст хэргийн 85 дугаар хуудас, 1001 ширхэг /2015.11.06-ны өдөр, хавтаст хэргийн 86 дугаар хуудасны арын нүүр/, 101 ширхэг /2015.11.07-ны өдөр, хавтаст хэргийн 86 дугаар хуудасны арын нүүр/, 1000 ширхэг /2015.11.16-ны өдөр, хавтаст хэргийн 86 дугаар хуудас, 450 ширхэг  /2015.12.10-ны өдөр, хавтаст хэргийн 87 дугаар хуудас/ тасалбарыг тус бүр тасалбар түгээврийн ажилчдад дутуу /хий/, илүү өгсөнөөр худал бүртгэсэн, улмаар алдаатай худал бүртгэлдээ нийцүүлэн “Орлогын баримтын бүртгэл”-д борлуулсан серийг мөн худал бичиж бүртгэсэн, тухайн өдөр гарсан ажилтаны нэрийг буруу бичсэн, ажилтнуудын нэрсийг зөрүүлж бичсэн, бүртгэлийн огноог 1-2 өдрөөр зөрүүлж бичсэн, уг баримтуудыг зарим тохиолдолд Төрийн сан банк дахь 061455402 дугаарын дансны хуулга /хуулгаас үзэхэд банкинд тушаасан сар өдөр зөрдөг/-д тааруулан бичсэн, бүртгэл, банкны хуулгын он сар, тасалбар авсан ажилтан, тушаасан ажилтны нэрүүд зөрүүтэй зэрэг зөрчилтэй байдлууд тогтоогдож байх ба энэ талаар тодруулахад гэрч Б.Чулуунцэцэг нь “...тасалбарын сери дугаарууд үнэн зөв гэж хэлэхгүй, ...нэг хэсэг нь алдаатай бичигдсэн байх, бүртгэлүүдийг бүхэлд нь худлаа гэж хэлж чадахгүй, энэ хэсэг дээр ийм ийм алдаа гарсан байна гэж хэлэх гэхээр тухайн үед ямар шалтгаанаар тэгж бичсэнээ мэдэхгүй байна, зарим тохиолдолд нөхөж бичиж байсан” гэх мэдүүлгийг шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан. 
      Дээрхийг дүгнэн үзэхэд нягтлан бодогч Б.Чулуунцэцэг Замын-Үүд сангийн нягтлан бодох анхан шатны баримт болох “Тасалбар олгосон бүртгэл”, “Орлогын баримтын бүртгэл” зэргийг хөтөлж бүртгэхдээ Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлийн зарчмыг баримтлана”, 5.1.2-т “тасралтгүй байх” 5.1.4-т “үнэн зөв байх” зэрэг нягтлан бодох бүртгэлийн суурь зарчмыг, мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно” гэж заасныг тус тус зөрчсөн байна. Иймээс хариуцагчийн төлөөлөгч Ггийн “үнэн зөв байх” хуулийн шаардлагыг хангаагүй “Орлогын баримтын бүртгэл”-ээр нэхэмжлэгчийг 1.000.000 төгрөгийн орлого дутуу тушаасан гэж буруутгасан нь үндэслэлгүй байна.
       2. Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын 2012 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн “Ажилд томилох тухай” Б/49 дугаар захирамжаар  нэхэмжлэгч Д.Оюунцэцэгийг Замын-Үүд сангийн “тасалбар түгээврийн ажилчнаар” томилсон байх боловч, ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хөдөлмөрийн гэрээнд дараахь гол нөхцөлийг тохирно”, 21.1.1-д “ажлын байрны буюу албан тушаалын нэр”, 21.1.2-д “ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүрэг”, 21.1.3-т “үндсэн цалин буюу албан тушаалын цалингийн хэмжээ”, 21.1.4.-д “хөдөлмөрийн нөхцөл”, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Ажил олгогч буюу түүний эрх олгосон албан тушаалтан иргэнтэй хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний нэг хувийг ажилтанд өгөх үүрэгтэй”, 24 дүгээр зүйлийн 24.3-т “Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас, ажил үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй” гэж тус тус заасныг зөрчин нэхэмжлэгч Д.Оюунцэцэгийг хөдөлмөрийн гэрээгүйгээр ажиллуулж байсан нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон ажлаас чөлөөлсөн эсхүл халсан /нэхэмжлэлд 2017 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн гэж дурдсан/ тушаалыг шүүхэд нотлох баримтаар ирүүлээгүй бөгөөд мөн Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Засаг даргын тамгын газрын даргын түр орлон гүйцэтгэгчийн 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 3/475 дугаартай албан бичигт  “...хөдөлмөрийн гэрээ архивт байхгүй” гэж дурдсанаар тогтоогдож байна.
       Түүнчлэн Хөдөлмөрийн тухай хуулийн 21 дүгээр зүйлд 21.1-д заасан гол нөхцөлийг тохирсон хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулах, гэрээний хувийг ажилтанд өгөх нь мөн хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар ажил олгогчид хамааралтай түүнд хуулиар ногдуулсан заавал хэрэгжүүлэх үүрэг байх ба хөдөлмөрийн гэрээний гол нөхцөлүүд болох “ажлын байрны буюу албан тушаалын нэрийг зааж, ажлын байрны тодорхойлолт болон ажилтны хийж гүйцэтгэвэл зохих ажил үүргийг тодорхойлсон” баримт бичиг буюу хөдөлмөрийн гэрээ байхгүй байхад эдгээр асуудлыг шалган тогтоолгүйгээр нэхэмжлэгчийг зөрчил гаргасан гэж үзэн төлбөр төлүүлэхээр тогтоосон хариуцагчийн төлөөлөгч Ган-Өлзийгийн гаргасан маргаан бүхий акт нь дараах байдлаар хууль болон журамд нийцээгүй байна.
      Үүнд: Хариуцагчийн төлөөлөгч нь маргаан бүхий актдаа Сангийн сайдын 2012 оны 276 дугаар тушаалаар батлагдсан “Төсвийн байгууллагын мөнгөн кассын журам”-ын 2.6-д “Төсвийн байгууллага үндсэн болон туслах үйл ажиллагаанаас орох орлогыг ажлын дараагийн өдөрт багтаан кассын нярав Төрийн сан дахь бүртгэлийн дансанд тушаана”, мөн журмын 3.13-т “Эрх бүхий ажилтан хураасан орлогоо өөрийн байгууллагын бүртгэлийн дансанд ажлын 1 хоногт багтаан тушааж сар бүрийн эцэст тасалбарын бүртгэл болон орлого цуглуулсан баримтын тооцоог гаргаж тайланг тушаана” гэсэн заалтуудыг нэхэмжлэгч Оийг зөрчсөн гэж үзэн төлбөр тогтоосон ба өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийг “кассын нярав”, “эрх бүхий албан тушаалтан” гэх 2 ажил, албан тушаалтанд хамаарах заалтуудаар буруутгасан байдаг. Гэвч гэрч Б.Чулуунцэцэгийн “Кассын нярав гэж ажилладаггүй, эд аж ахуйн нярав гэж л тамгын газарт байдаг” , гэрч Ж.Сарантуяагийн “кассын нярав гэж хүн байхгүй, тийм хүн ажилладаггүй”  гэх мэдүүлгүүдээс үзэхэд Замын-Үүд сумын Засаг даргын тамгын газарт “кассын нярав” гэх албан тушаал байхгүй, ийм хүн ажилладаггүй болох нь тогтоогдож байна.
         Ажил олгогчийн зүгээс нэхэмжлэгч Д.Оюунцэцэгийг хөдөлмөрийн гэрээгүйгээр ажиллуулж байсан нь тогтоогдсон бөгөөд ажлын байр албан тушаалын нэр, хийж гүйцэтгэвэл зохих ажил үүрэг тодорхойлсон бичгээр байгуулсан хөдөлмөрийн гэрээ байхгүй байхад түүнийг “эрх бүхий ажилтан” үзэж, улмаар “Эрх бүхий ажилтан хураасан орлогоо өөрийн байгууллагын бүртгэлийн дансанд ажлын 1 хоногт багтаан тушааж сар бүрийн эцэст тасалбарын бүртгэл болон орлого цуглуулсан баримтын тооцоог гаргаж тайланг тушаана” гэсэн журмын заалтыг зөрчин орлогоо тушаагаагүй, дутуу тушаасан гэж буруутгах боломжгүй байна. 
       Дээрхийг дүгнэн үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т “Хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас, ажил үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй” гэх заалтыг зөрчин, нэхэмжлэгч Д.Оюунцэцэгийг бичгээр байгуулсан хөдөлмөрийн гэрээгүйгээр ажиллуулж байсан ажил олгогчийн хууль зөрчсөн буруутай үйл ажиллагаанд дүгнэлт хийлгүйгээр, түүнийг “кассын нярав”, “эрх бүхий ажилтан” гэх нэхэмжлэгчид хамааралгүй журмын заалтаар буруутгасан байх ба хариуцлага хүлээх этгээдийг зөв тодорхойлолгүй, үнэн, зөв байх хуулийн шаардлагыг хангаагүй баримтуудад үндэслэн төлбөр төлүүлэхээр тогтоосон маргаан бүхий акт нь Төрийн аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Төрийн аудит нь хууль дээдлэх, шударга ёсыг хангах, ил тод, бодитой байх, төрийн аудитын нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, стандартад нийцсэн байна”, “Төрийн аудитын байгууллагын акт тогтоох, албан шаардлага өгөхөд баримтлах журам”-ын Тав-ын 5.1-д “Төрийн аудитын байгууллагын тогтоосон акт, албан шаардлагаар алдаа зөрчлийг арилгах үүрэг нь хангалттай зохистой нотлох зүйлд үндэслэнэ”, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.6-д “анхан шатны баримтын үнэн зөвийг түүнийг үйлдсэн, зөвшөөрсөн, шалгаж хүлээн авсан ажилтан хариуцна” гэж тус тус заасныг зөрчсөн, улмаар нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг /нэхэмжлэгч нь маргаан бүхий актын улмаас ажлаасаа чөлөөлөгдсөн гэж тайлбарладаг боловч ажил олгогчийн зүгээс түүнийг ажлаас чөлөөлсөн эсхүл халсан тушаалыг архивт байхгүй гэх шалтгаанаар шүүхэд ирүүлээгүй болно/ хөндсөн хууль бус акт байх тул Дорноговь аймгийн аудитор Ггийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 02/24 ҮАГ-ДГА/2016/02-ГА актыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
        Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлсэн ба хэрэгт хамааралгүй болон нотолгооны ач холбогдолгүй зарим баримтыг үнэлээгүйг дурдах нь зүйтэй байна.

         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1 дэх зүйлүүдэд заасныг удирдлага болгон


ТОГТООХ нь:

         1.     Төрийн аудитын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 5.1.4, 13 дугаар зүйлийн 13.1, 13.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.3 дахь зүйлүүдэд заасныг тус тус баримтлан иргэн Оийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Дорноговь аймгийн Аудитын газрын аудитор Ггийн 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 02/24 ҮАГ-ДГА/2016/02-ГА дугаартай “Төлбөр барагдуулах тухай” актыг хүчингүй болгосугай.

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх зүйлүүдэд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Оээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Дорноговь аймгийн Аудитын газраас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

         3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         С.ОТГОНТУЯА