Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 396

 

       Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

       Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 1 дүгээр баг, 6-18 тоотод оршин суух, 1956 онд төрсөн, 60 настай, эрэгтэй, регистрийн дугаар ОЮ56043014, Зуутраг овогт Жанзагийн  Өлзийхишигийн,

       Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2016 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

       Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Өлзийхишиг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дашдорж нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

       Нэхэмжлэгч Ж.Өлзийхишиг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 1956 онд төрсөн. Би 1977 оноос Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт туслах ажилчнаар ажиллаж эхэлсэн. Миний бие нь барилгын бүхий л туслах ажилтай холбоотой ажлуудыг хийдэг байсан. 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Нэгдэл дундын үйлдвэр хувьчлагдаж “Нэгдэлчин” ББХК болоход мөн л барилгын туслах ажилчнаар ажиллаж байсан. 1993 онд “Нэгдэлчин” ББХК татан буугдахад ажлаас чөлөөлөгдсөн. Тухайн үед ажиллаж байсан байдлаа бичүүлсэн хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч усанд орсон шаардлага хангахгүй байгаа тул ажилласан жилээ тогтоолгохоор шүүхэд хандаж байна. Иймд 1977 оны 11 дүгээр сарын 21-нээс 1993 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэр болон “Нэгдэлчин” ББХК-д туслах ажилчнаар ажилласан байдлыг тогтоож өгнө үү. Надтай хамт ажиллаж байсан Г.Алтанхундага, У.Тогтохбуян нарыг гэрчээр асууж өгнө үү” гэв.

   Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

     Нэхэмжлэгч Ж.Өлзийхишиг нь 1977 оны 11 дүгээр сарын 21-нээс 1993 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэр болон “Нэгдэлчин” ББХК-д туслах ажилчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэгт дараах нотлох баримтууд авагджээ.

     Увс аймгийн Архивын тасгийн 2016 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн архивын лавлагаанд: “Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрийн цалингийн баримт архивт шилжиж ирээгүй тул Жанзаг овогтой Өлзийхишигийн цалинг шүүн үзэх боломжгүй байна” гэжээ.

     Ж.Өлзийхишигийн 369582 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: “Эхний бичилт усанд орсон, бичиг нь арилсан, дараагийн бичилтэд 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Өмч хувьчлалаар Нэгдэлчин ББХК-д шилжүүлэв, 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Нэгдэлчин ББХК-д барилгачнаар авч ажиллуулав, 1993 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Бүх гишүүдийн хурлын шийдвэр, дотоод дүрмийн дагуу ажлаас халав” гэжээ.

    Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1977 оны 11 дүгээр саын 18-ны өдрийн А/104 дүгээр “Ажилчин ажилд авах тухай” тушаалд: “Ардын цэргийн албанаас халагдаж ирсэн Жанзаг овогтой Өлзийхишигийг барилгын ажилчнаар 11 дүгээр сарын 21-нээс эхлэн авч ажиллуулсугай” гэжээ.

     Октябрь, Даам, Алтай барилгын бригадын 1991 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн хамт олны хурлын тэмдэглэлд: “Хуралд оролцсон ажилтнуудын нэрсийн жагсаалтын 6-д ЖӨлзийхишигийн нэр бичигджээ”.

       Нэгдэлчин, ясли цэцэрлэг гэх баримтын 3-д Ж.Өлзийхишигийн нэр бичигджээ.

      Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Г.Алтанхундага, У.Тогтохбуян нараас мэдүүлэг авсан бөгөөд гэрч Г.Алтанхундагын “Миний бие нь 1977 оноос 1993 он хүртэл Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт барилгачнаар, мөн үйлдвэрийн харьяа Хар тэрмийн амралтын газарт үйлчлэгчээр тус тус ажиллаж байсан. Намайг ажилд орсны дараа Ж.Өлзийхишиг нь Нэгдэл дундын үйлдвэрт туслах ажилчнаар ажиллах болсон. Ж.Өлзийхишиг нь барилгын бүхий туслах ажил болох өрлөгчин, грушик, блок цохих зэрэг ажлуудыг хийж байсан. Тухайн үед Нэгдэл дундын үйлдвэрийн даргаар Дашхүү ажиллаж байсан” гэх мэдүүлэг, гэрч У.Тогтохбуянгийн “Миний бие нь 1975 оноос 1994 он хүртэл Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэрт өрлөгчин, бригадын даргаар тус тус ажиллаж байсан. Намайг ажилд орсны дараа буюу 1977 оноос Ж.Өлзийхишиг нь Нэгдэл дундын үйлдвэрт туслах ажилчнаар ажилд орсон. Ж.Өлзийхишиг нь барилгын бүхий л туслах ажил болох өрлөгчин, грушик, блок цохих, шавар зөөх зэрэг ажлуудыг хийж байсан. Ж.Өлзийхишиг нь эрхэлсэн ажлаа чанартай сайн хийж гүйцэтгэн 5 дугаар 5-н жилийн гавшгайч цол тэмдгээр шагнуулж байсан” гэж мэдүүлсэн ба тэдний ажилласан байдлыг нотлох хөдөлмөрийн дэвтрийн хуулбар болон нийгмийн даатгалын дэвтрийн хуулбарууд хэрэгт авагдсан байна.

     Нэхэмжлэгч Ж.Өлзийхишигийн шүүхэд ирүүлсэн Нэгдэлчин, ясли цэцэрлэг гэх баримт нь хэдэн оны, ямар тушаалын хавсралт болох нь тодорхойгүй байх тул уг баримтыг үнэлэх боломжгүй байна.

    Нэхэмжлэгч Ж.Өлзийхишиг нь 1977 оны 11 дүгээр сарын 21-нээс 1993 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэр болон “Нэгдэлчин” ББХК-д туслах ажилчнаар ажиллаж байсан болох нь түүний 369582 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Нэгдэл дундын үйлдвэрийн даргын 1977 оны 11 дүгээр саын 18-ны өдрийн А/104 дүгээр “Ажилчин ажилд авах тухай” тушаал, Октябрь, Даам, Алтай барилгын бригадын 1991 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн хамт олны хурлын тэмдэглэл, гэрч Г.Алтанхундага, У.Тогтохбуян нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна. 

     Иймд нэхэмжлэгч Ж.Өлзийхишигийн хүсэлтийг хангаж, түүний 1977 оны 11 дүгээр сарын 21-нээс 1993 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэр болон “Нэгдэлчин” ББХК-д туслах ажилчнаар 15 жил 4 сар 10 хоног ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

   Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Ж.Өлзийхишиг нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс тус шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 1192 дугаар шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болно.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

    1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Зуутраг овогт Жанзагийн  Өлзийхишигийн 1977 оны 11 дүгээр сарын 21-нээс 1993 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Увс аймгийн Нэгдэл дундын үйлдвэр болон “Нэгдэлчин” ББХК-д туслах ажилчнаар 15 /арван тав/ жил 4 /дөрөв/ сар 10 /арав/ хоног ажиллаж байсан байдлыг тогтоосугай.          

     2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Ж.Өлзийхишиг улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөг төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ