Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/01473

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 210/МА2024/01473

 

З- *

ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч С.Энхбаяр, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 25-ны өдрийн 101/ШШ2024/02277 дугаар шийдвэртэй

З- * ХХК-ийн нэхэмжлэлтэй, С.Д-т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 468,034,533.47 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Д, хариуцагч С.Д-, түүний өмгөөлөгч Т.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Эрдэнэжаргал нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: З- * ХХК /хуучнаар Шүрэн капитал * ХХК/ нь С.Д-тай 2019 оны 08 сарын 22-ны өдөр байгуулсан зээлийн гэрээгээр 200,000,000 төгрөгийг сарын 4 хувийн хүүтэй, 4 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн гэрээний хугацаа, эргэн төлөлтийн хуваарийг зөрчсөний улмаас өнөөдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 200,000,000 төгрөг, хүү 255,191,271.23, нэмэгдүүлсэн хүү 12,843,262.24 төгрөг, нийт 468,034,533.47 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

С.Д-аас уг мөнгөн дүнг гаргуулахаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх дэх эвлэрүүлэн зуучлалд хандсан боловч уригдсан тал удаа дараа ирээгүй учраас дуусгавар болгосон. Ковид-19 цар тахлын үед нэмэгдүүлсэн хүүг 1 сар чөлөөлж, олон удаа боломж олгосон ба ковид болохоос өмнө төлж дуусах ёстой байсан боловч энэ хүн хариуцлагагүй байснаас болж төлөөгүй. Иймд, хариуцагч С.Д-аас зээлийн гэрээний үүрэгт 468,034,533.47 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Нэхэмжлэгчээс 2019 оны 08 сарын 22-ны өдөр бизнесийн зориулалтаар 200,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатай, сарын 4 хувийн хүүтэй зээлсэн. Зээлийн төлбөрөөс 2020 оны 01 сарын 20-ны өдрөөс 2022 оны 08 сарын 16-ны өдрийн хугацаанд 91,153,043.11 төгрөг төлсөн. Зээлээс тодорхой хэмжээнд төлсөн ба ковид-19 цар тахалтай холбоотой хязгаарлалт, хориглолтын улмаас бизнесийн үйл ажиллагаа доголдсоны улмаас төлбөрийг гүйцэтгэх боломжгүй байдалд орж, тоног төхөөөрөмжийн татан авалт дээр асуудал гарсан. Иймд дээрх гэнэтийн нөхцөл байдлыг хүндэтгэн үзэх шалтгаанд тооцож, зээлийн төлбөрөөс тодорхой хэмжээнд хасахыг хүсч, нэхэмжлэлээс 300,000,000 төгрөгийг нэг жилийн хугацаанд буцаан төлөх хүсэлтэй байна.

Мөн зээлийн тооцоолол буруу байна. Үндсэн төлбөрөөс 91,153,043.11 төгрөг хасагдаад 167,390,000 төгрөгийн үлдэгдэлтэй байх ёстой байсан. Зээлийн гэрээгээр тохирсон үндсэн хүү 4 хувь буюу 2019 оны 08 сарын 20-ны өдрөөс 2020 оны 01 сарын 02-ны өдөр хүртэл сард 8,000,000 төгрөгийн хүү буюу 2020 оны 12 сарын 04-ний өдөр хүртэл 167,390,000 төгрөгнөөс 4 хувийн хүү тооцоход 6,695,600 төгрөгийн хүү бодогдох ёстой. Энэ хүүгийн хэмжээ 1 жилээр үржүүлэхэд нийт хүүгийн төлбөрт 279,971,960 төгрөг, үндсэн зээлийн үлдэгдэл 108,846,957, нийт 388,818,917 төгрөг төлөх үндэслэлтэй гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар 2019 оны 08 сарын 22-ны өдрийн ******** дугаартай зээлийн гэрээг цуцалж, хариуцагч С.Д-аас 468,034,533.47 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З- * ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,498,122 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч С.Д-аас улсын тэмдэгтийн хураамжид 2,498,122 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З- * ХХК-д олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 08 сарын 22-ны өдрийн гэрээнд зээлийн хугацаа 4 сарын хугацаатай байсан ба тухайн гэрээний хугацаа 2019 оны 12 сарын 22-ны өдөр дуусгавар болсноор зээлдэгчийн хувьд зээлийн гэрээний дагуу зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт буцаан өгөх үүрэг үүсдэг. Улсын дээд шүүхийн 2006 оны 12 сарын 21-ний өдрийн Иргэний хуулийн 44, 45, 46 дугаар бүлэг, банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зарчим зүйл заалтыг тайлбарлах тухай 53 дугаар тогтоолын 2.2-т "Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т тус тус заасан "үндсэн хүү гэж зээлийг ашиглавал зохих хугацаагаар зээлдүүлэгчээс тогтоож, зээлдэгч зөвшөөрч гэрээнд заасан хэмжээгээр төлөх хариу төлбөр буюу зээлийн үнийг хэлнэ. Мөн зүйл, заалтын нэмэгдүүлсэн хүү" гэж зээлдэгч авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцааж төлөөгүй тохиолдолд зээлдэгчээр үндсэн хүү дээр нэмж төлүүлэхээр тогтоож, гэрээгээр тодорхойлсон хариуцлагын хэлбэрийг хэлнэ", 2.4-т "Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасан "зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү...төлөх үүрэгтэй" гэдэг нь зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүний төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөхийг хэлнэ. Харин төлөх хугацаа болсон зээлийн өрийг Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан дарааллын дагуу буюу эхний ээлжинд үндсэн зээл, дараа нь хүүг төлүүлнэ гэж зааснаар төлөх болсон өрийг төлүүлэхдээ Иргэний хуулийн 216.4-т зааснаар үндсэн зээлээс төлсөн төлбөрийг хасахаар тайлбарласан байхад шүүх төлбөрийг үндсэн зээлээс бус хуримтлагдсан хүүгээс хасч шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Тухайн зээлийн гэрээний дагуу өмнө нь төлсөн 91,153,043 төгрөгийн төлбөрийг үндсэн үүргийн гүйцэтгэлээс хасаж тооцвол хариуцагчийн төлсөн 108,846,957 үлдэгдэлтэй байгаа бөгөөд үүнийг хэрэглэсэн хугацаа болох 2019 оны 12 сарын 22-ний өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл хугацаанд гэрээнд заасан 4 хувийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хамт 388,818,917 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр байна. Гэтэл анхан шатны шүүхээс зээлийн гэрээний үүрэгт 468,034,533.47 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгосон нь үндэслэлгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлээс 79,215,616 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Хариуцагчийн давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Зээлийн гэрээг байгуулахдаа зээлийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.1-т хамгийн эхэнд хүү нэмэгдүүлсэн хүү үндсэн төлбөрийг төлнө гэж тохиролцсон байдаг. С.Д-ын зүгээс зээлийн гэрээний хугацаанд ямар ч төлбөр хийгээгүй: Бидний зүгээс зээлийн гэрээний хугацаанд зээлээ төл гээд нэмэлт хугацаа тогтоож өгсөн.ч мөн адил төлөлт хийгээгүй. Соvid-19 цар тахлын үед манайхаас тодорхой хэмжээнд нэмэгдүүлсэн хүүг зогсоож өгсөн энэ нь нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн ажил. Талууд гэрээнд зээлийн гэрээний үргийн гүйцэтгэлийн дарааллын тодорхой дурдаад тохиролцсон .Гэрээг байгуулахад ямар нэгэн татгалзал байгаагүй. Анхан шатны шүүх хуралдаанд ямар нэгэн байдлаар гэрээний зүйл заалтыг хүчин төгөлдөр бус гэсэн эсрэг тайлбар гаргаагүй. Иймд гэрээний зүйлийн дагуу зээлүүлсэн мөнгөө гаргуулан авах хүсэлтэй байна. Иргэний хуулийн 216 дугаар зүйлийг хэрэглэх нь үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянан үзээд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч З- * ХХК нь хариуцагч С.Д-т холбогдуулан зээлийн гэрээний үүргийн үндсэн зээлд 200,000,000 төгрөг, зээлийн хүүнд 255,191,271.23, нэмэгдүүлсэн хүүнд 12,843,262.24 төгрөг, нийт 468,034,533.47 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаснаас хариуцагч нь 300,000,000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэлийн үлдэх шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримтыг зөв тогтоон хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлсэн байна.

Шүрэн капитал * ХХК нь 2019 оны 08 сарын 22-ны өдөр С.Д-тай зээлийн гэрээ байгуулж, 200,000,000 төгрөгийг 4 сарын хугацаатай, бизнесийн зориулалтаар, 30 хоногийн 4 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нь мөнгөн хөрөнгийг гэрээнд заасан хугацаанд хүүгийн хамт буцаан төлөх, ийнхүү төлөөгүй бол үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон ба хожим оноосон нэрээ З- * ХХК болгон өөрчилсөн байна.

Анхан шатны шүүх зохигчийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн талаар үндэслэл бүхий дүгнэжээ. Талууд гэрээндээ зээлийн үндсэн болон нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

4. Зээлийн гэрээнд заасан мөнгөн хөрөнгийг зээлдүүлэгчээс зээлдэгчид олгосон талаар зохигч маргаагүй. Харин талууд зээлийн гэрээний хугацаа дууссаны дараа хариуцагчийн төлсөн төлбөрийг нэхэмжлэгч ямар дарааллаар зээлийн төлбөрт суутган тооцох байсан эсэх талаар маргажээ.

Талууд дээрх ******** дугаартай зээлийн гэрээний 2.4-т зааснаар зээлийг буцаан төлөх хуваарийг тогтоож, энэхүү хуваарь зөрчигдсөн нөхцөлд зээлдэгч зээлийн үндсэн хүүг төлж, нэмэгдүүлсэн хүүг нэмж төлөхөөр заасан бөгөөд энэ үүрэг нь зээлийг буцаан төлж дуусгах хүртэлх хугацаанд хамаарахаар тохирсон байна. Түүнээс гадна талууд мөн гэрээний 6.1-д заасны дагуу зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хэрхэн хангах дарааллын талаар тохиролцож ...эхний ээлжинд нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, зээлийн үндсэн төлбөрийг төлөх дарааллаар гүйцэтгэнэ гэж зохицуулжээ.

Хариуцагч нь зээлийн гэрээний хугацаа дууссан 2019 оны 12 сарын 22-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй үндсэн зээлийн өр 200,000,000 төгрөг, үндсэн хүүгийн өр 32,087,671.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн өр 383,962.51 төгрөг, нийт 464,559,305 төгрөгийн үлдэгдэлтэй байжээ. Хариуцагч нь гэрээний хугацаа дуусгавар болсны дараа буюу 2020 оны 01 сарын 20-ны өдөр 32,610,000 төгрөг, 2020 оны 06 сарын 04-ний өдөр 15,000,000 төгрөг, 2021 оны 11 сарын 05-ны өдөр 18,543,043.11 төгрөг, 2022 оны 02 сарын 28-ны өдөр 20,000,000 төгрөг, 2022 оны 08 сарын 16-ны өдөр 5,000,000 төгрөг, нийт 91,153,043.11 төгрөгийг төлсөн байна.

Хариуцагч С.Д- нь зээлийн гэрээний хугацаанд мөн гэрээний 2.4-т заасан дарааллын дагуу зээлээ төлөөгүйн улмаас зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө үүссэн зээлийн хүүгийн төлбөрт 264,559,305 төгрөгийн хүүгийн хуримтлал үүссэнийг нэхэмжлэгч нь хариуцагчийн төлсөн 91,153,043 төгрөгөөс нэмэгдүүлсэн хүү, үндсэн хүү гэсэн дарааллаар суутган төлүүлсэн нь зээлийн гэрээний 6.1-д заасан дарааллын дагуу зөв суутгасан байна.

Анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, төлөх хугацаа нь болсон дээрх өрийг ийнхүү гэрээнд заасан дарааллаар төлүүлсэн нь Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасантай нийцжээ. Иймд, хариуцагчийн төлсөн дээрх төлбөрийг үндсэн зээлээс эхэлж хасах байсан гэсэн хариуцагчийн тайлбар, энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

5. Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар зээлдэгч нь авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан нэмэгдүүлсэн хүүг тус тус төлөх үүргийг хүлээдэг.

Хариуцагчаас Ковид-19 цар тахлын нөхцөл байдлын улмаас бизнесийн үйл ажиллагаа нь доголдсон гэсэн үндэслэлээр зээлийн төлбөрөөс хөнгөлөлт үзүүлэх шаардлагатай гэж маргасныг анхан шатны шүүх Коронавирист халдвар /ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан зээлийн эргэн төлөлтийн хугацааг сунгах үндэслэлд хамаарахгүй гэж зөв дүгнэжээ. Энэ үндэслэлээр хариуцагчийн төлөх зээлийн төлбөрөөс хасаж тооцох, зээлийн гэрээний үүргээс чөлөөлөх үндэслэлгүй байна.

 

6. Дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Д-аас зээлийн гэрээний үндсэн үүрэгт 200,000,000 төгрөг зээлийн хүүд 255,191,271.23, нэмэгдүүлсэн хүү 12,843,262.24 төгрөг, нийт 468,034,533.47 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцсэн байна.

 

7. Харин талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний хугацаа дууссаны дараа нэхэмжлэгч З- * ХХК нь шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул зээлийн гэрээг цуцлахтай холбоотой Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан зохицуулалт нь нэхэмжлэгчийн шаардах эрхэнд хамаарахгүй. Тиймээс анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт тухайн зохицуулалтыг баримталсан нь буруу байх тул үүнийг давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

8. Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 25-ны өдрийн 101/ШШ2024/02277 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтаас ... 225 дугаар зүйлийн 225.1 ... гэснийг хасаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 554,029 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

Э.ЭНЭБИШ