| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2016/00228/И |
| Дугаар | 388 |
| Огноо | 2016-06-06 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 06 сарын 06 өдөр
Дугаар 388
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багт байрлах “Ундарга-Увс” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байрлах “Хаш-Эрдэнэ” ХХК-д холбогдох,
Зээлээр худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй 7.337.700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2016 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Шижирболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Сувд-Эрдэнэ нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Ундарга-Увс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Цэрэндулам шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Шижирболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ““Харш Эрдэнэ” ХХК нь 2014, 2015 оны онуудад бензин, шахатуун худалдан авах гэрээг манай компанитай байгуулан бензин, дизелийн түлш авахаар болсон. 2015 оны 5 дугаар сарын 31-ний байдлаар “Харш Эрдэнэ” ХХК нь манай компанид 5.917.500 төгрөгийн өр төлбөртэй байсан. “Харш Эрдэнэ” ХХК-аас бензин, шахатууныхаа өр төлбөрийг 2015 оны 5 дугаар сарын 01-нээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд удаа дараа барагдуулахыг шаардахад “удахгүй барагдуулна, санхүүжилт орохгүй байна, боломж олдохгүй байна, хугацаа өгөөч, сум хөгжүүлэх сангийн буюу төрийн мөнгөөр ажил гүйцэтгэж байгаа ба санхүүжилт орж ирэхээр ямар нэгэн асуудалгүй өгнө” гэсэн тайлбар өгдөг байсан. 2014 онд Ховд сумын Тамгын газрын хашаа барих ажил гүйцэтгэхийн тулд хэрэглэж байсан шатахууны мөнгийг өгч байгаад 2014 оны 2 дугаар хагас, 201A5 он бүхэлдээ өр төлбөр үүссэн ба нийт 5.917.500 төгрөг болсон. Мөн Өлгий суманд гүйцэтгэж байгаа ажлын гүйцэтгэл дутуу байгаа ба ажлаа гүйцэт хийж мөнгөө авах ёстой гэсэн шаардлагыг тухайн орон нутгийн удирдлага тавиад байна, санхүүжилт орж ирэхгүй байна гэсэн тайлбарыг хэлдэг. Сумаас санхүүжилт орсон эсэхийг бид мэдэхгүй байна. Төлбөр төлөхийг шаардсан албан тоотыг 2 удаа “Хаш-Эрдэнэ” ХХК-д хүргүүлсэн. Шүүхэд нэхэмжлэл өгсний дараа П.Баттогтох надтай өөрийн биеэр ирж уулзан санхүүжилт орж ирэхгүй байна, мөн алданги төлж чадахгүй гэсэн тайлбарыг өгсөн. “Хаш-Эрдэнэ” ХХК нь манай байгууллагын бензин шатахууны үндсэн өр төлбөрийг богино хугацаанд барагдуулсан бол алдангиасаа татгалзах боломжтой талаар захирал П.Баттогтоход хэлсэн боловч одоо хүртэл үндсэн төлбөрөө барагдуулаагүй байна. Манай компани нь 2015 оны 2 дугаар сараас хойш өнөөдрийг хүртэл 1 жил 2 сарын хугацаанд банкны зээлийн хүүг өөрсдөө хариуцаад санхүүгийн эрсдэлтэй нөхцөл байдалд байгаа тул алдангиасаа татгалзах боломжгүй. Иймд “Харш Эрдэнэ” ХХК-аас бензиний үнэ болох 5.917.500 төгрөг, гэрээний хугацаа хэтэрсэн хоногийн алданги 1.420.200 төгрөг болон улсын тэмдэгтийн хураамж 132.353 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Ундарга-Увс” ХХК нь хариуцагч “Хаш-Эрдэнэ” ХХК-аас зээлээр худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй 7.337.700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д “Гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна” гэж заасан ба нэхэмжлэгч нь энэ хугацаанд нэхэмжлэлээ гаргасан нь хуулинд нийцсэн байна.
Хариуцагч “Хаш-Эрдэнэ” ХХК-ийн захирал П.Баттогтоход 2016 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх үүргийг тайлбарлан өгч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3 дахь хэсгүүдэд заасныг тус тус танилцуулсан боловч хуулинд заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагын талаарх хариу тайлбараа ирүүлээгүй, түүнчлэн шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсгүүдэд зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдөр болон 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдөр бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх, худалдан авах гэрээ байгуулагдаж, гэрээний 5.4-т “худалдан авагч тал гэрээнд заасан төлбөр барагдуулах хугацааны дагуу төлбөр хийгдээгүй тохиолдолд хоног тутамд 0.3 хувиар алданги тооцохоор” тохиролцсон болох нь хэрэгт авагдсан 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн А/14/100, 2015 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 15/32 дугаар гэрээгээр нотлогдож байна.
Бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэх, худалдан авах гэрээ гэрээний агуулга, мөн чанар, үүргийн харилцааг хэрхэн зохицуулахаар заасан зэргийг харгалзан энэхүү гэрээг Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ гэж үзэх үндэслэлтэй байна.
Талууд зээлээр худалдах-худалдан авах гэрээний төлбөрийн үүргийг гүйцэтгэх хугацааг тохиролцсон боловч уг хугацааны дотор үүрэг гүйцэтгэгч нь үүргээ гүйцэтгээгүй тул нэхэмжлэгч “Ундарга-Увс” ХХК нь хариуцагч “Хаш-Эрдэнэ” ХХК-аас зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Хаш-Эрдэнэ” ХХК-аас зээлээр худалдах, худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 5.917.500 төгрөг, алданги 1.420.200 төгрөг, нийт 7.337.700 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ундарга-Увс” ХХК-д олгож шийдвэрлэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 132.353 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Хаш-Эрдэнэ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 132.353 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ундарга-Увс” ХХК-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч “Хаш-Эрдэнэ” ХХК-аас зээлээр худалдах-худалдан авах гэрээний гүйцэтгээгүй үүрэг 5.917.500 төгрөг, алданги 1.420.200 төгрөг, нийт 7.337.700 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ундарга Увс” ХХК-д олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 132.353 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Хаш-Эрдэнэ” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамж 132.353 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Ундарга Увс” ХХК-д олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ