| Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Ганбат |
| Хэргийн индекс | 101/2019/01974/И |
| Дугаар | 225/МА2019/00021 |
| Огноо | 2019-08-19 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 08 сарын 19 өдөр
Дугаар 225/МА2019/00021
| 2019 оны 08 сарын 19 өдөр | Дугаар 225/МА2019/00021 |
,
Б.Эын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Б.Э, хариуцагч Д.Б нарыг оролцуулан хийсэн хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 578 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Б.Эын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Д.Бт холбогдох гэм хорын хохирол 4,509,047 /дөрвөн сая таван зуун есөн мянга дөчин долоо/ төгрөг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Б.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2019 оны 1 дүгээр сарын 13-ны орой иргэн Д.Бт хамран тус газраа цохиулж зодуулсны улмаас гэмтэл авч эмнэлгийн дүгнэлтээр хагалгаанд орох шаардлагатай болсон. 2019 оны 4 дүгээр сарын 01-нд шүүх хурал болж Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дагуу 2019 оны 5 дугаар сарын 12-нд ээж маань Д.Бтай утсаар ярьж хагалгааны төлбөр нэхэхэд ээжтэй ярилцаад хариу өгье гэж хэлээд таг болсон. Одоо би Улаанбаатар хотод эмчийн хяналтанд ЭМЖЖ чих хамар хоолойн эмнэлэгт хагалгаанд орж ээж минь сахиж байгаад хөдөө явсан. Иймд хагалгааны төлбөр 2,370,000 төгрөг, эмэн эмчилгээний төлбөр 460,653 төгрөг, унааны зардал /УБ-Эг-Үүр, М-Эг-Үүр,-Эг-Үүр-УБ, Эг-Үүр-М/ 533,700 төгрөг, хот доторх унааны зардал 207,000 төгрөг, хоол хүнсний зардал 337,694 төгрөг, нийт 3,909,047 төгрөг. Миний бие хувиараа хөдөлмөр эрхэлж эхнэр 2 хүүхдээ тэжээдэг. Өдрийн 10,000-30,000 төгрөг олж амьдарч байсан одоо ямарч орлогогүй Улаанбаатар хотод эмчийн хяналтанд байна. Өөр орлогогүй амьдрал хүнд байгааг харгалзан үзэж хөдөлмөрийн чадвараа алдсаны төлбөрт 600,000 төгрөг нэмж нэхэмжилж байна. Иймд иргэн Д.Баас нийт 4,509,047 төгрөгийг гаргуулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нийт 4,509,047 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаснаас хөдөлмөрийн чадвараа алдсаны төлбөрт нэхэмжилсэн 600,000 төгрөг, хоол хүнсний зардалд 337,694 төгрөг, шүдний эмчилгээнд зарцуулсан 65,000 төгрөгийг хасаж үлдэх хохирол болох 3,506,353 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байна гэжээ.
Хариуцагч Д.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.Эын нэхэмжилсэн 4,509,047 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь бид 2019 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр харилцан зодолдож би Эын хамран тус газар цохиж гэмтэл учруулсан. Харин Б.Э миний чихийг урьж харилцан бие биеэ цохисон. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх үед энэ хэргээс учирсан хохиролд 1,100,000 төгрөг, Улаанбаатар хотод эмчилгээнд бүх зардлаар авч явсан зардал, хоол унд гээд гарч болох бүхий л зардал, хохирлыг өөрийн хэмжээнд барагдуулсан. Мөн би энэ хэргээс зохих хариуцлага хүлээсэн. Иймээс Эын нэхэмжилж байгаа 4,509,047 төгрөгийг би хүлээн зөвшөөрөхгүй байна. ...Эрдэнэбулганаас М, Мгөөс Улаанбаатар хот руу ирж очсон унааны зардал нэхэмжилснийг төлье. Бусад нэхэмжилсэн хохирлыг төлөхгүй гэжээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 578 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д хариуцагч Б.Эаас 533,700 /таван зуун гучин гурван мянга долоон зуу/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Эт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2,972,653 /хоёр сая есөн зуун далан хоёр мянга зургаан зуун тавин гурав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Д.Баас 16,661 /арван зургаан мянга зургаан зуун жаран нэг/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Б.Э давж заалдах гомдолдоо: Б.Э миний бие Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 155/ШШ2019/00578 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.
Б.Э миний бие хариуцагч Д.Бт 2019 оны 1 дүгээр сарын 13-ны орой хамран тус газраа цохиулж хамар маань хугарч гэмтэл учирсан. Үүний улмаас би 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотын ЭМЖЖ гэх хувийн эмнэлэгт 2,000,000 төгрөгийн хагалгаа хийлгэж хамрын хугарлаа засуулж, хуван хамар хийлгэсэн. Мөн шинжилгээний төлбөрт 370,000 төгрөг мөн эм тарианы мөнгө зөндөө гарсныг бүгдийг нь нотлох баримтын хамт шүүхэд өгсөн. Миний бие шүүх хурал болох үед Улаанбаатар хотод давтан шинжилгээнд орох гээд явсан байсан учир арга буюу ээжийгээ шүүх хуралд оруулсан. Гэтэл анхан шатны шүүхээс миний хамарт хугарал бүхий гэмтэл учирсан нь хангалттай тогтоогдохгүй байна, нотлох баримтууд нь гэмтлийн улмаас учирсан эмчилгээний төлбөрт зарцуулсан эсэх нь тодорхойгүй байна гэх үндэслэлээр хагалгааны төлбөр, эмчилгээний зардлыг маань гаргаж өгөхгүйгээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хариуцагчийн тайлбарт хүртэл миний хамар луу цохьсоноо хүлээн зөвшөөрч тайлбар өгсөн байгаа. Мөн ЭМЖЖ эмнэлгээс бичиж өгсөн И-баримтанд, нэхэмжлэх дээр хамрын хагалгааны төлбөр гэсэн утгатай нотлох баримт байгаа бөгөөд энэ нь намайг 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр хагалгаанд орсныг нотолсон байгаа. Гэтэл үүнийг баримт гэж үзэхгүй, хамрын гайморит өвчнөө эмчлүүлсэн гэх хариуцагчийн тайлбарт үндэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, хэргийн бодит байдалд нийцэхгүй шийдвэр гарсан байна. Ээж маань шүүх хурал дээр нэхэмжлэлийн шаардлагаа хүртэл багасгаж зөвхөн эмчилгээний зардал, замын зардлаа л гаргуулж авахыг хүссэн. Гэтэл үүнийг ч харгалзан үзэлгүйгээр шүүх хэт нэг талыг барьж шийдвэр гаргасан байна. Хариуцагчийн хувьд ч миний хамарт гэмтэл учруулснаа зөвшөөрч энэ талаар эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрт тусгагдсан байгаа.
Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 578 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож давж заалдах журмаар хэргийг тал бүрээс нь нягтлан хэргийн бодит байдалд нийцүүлэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Д.Бт холбогдуулж гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд нийт 4,509,047 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэцэцэг нь нэхэмжлэлийн шаардлагыг багасгаж 3,506,353 төгрөг гаргуулахаар шаардсан байх ба хариуцагч Д.Б нь нэхэмжлэлийн шаардлагаас замын зардалд нэхэмжилсэн 533,700 төгрөгийг зөвшөөрч үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргажээ.
Давж заалдах шатны шүүх хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хянан үзэхэд нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч Д.Бт холбогдуулан 4,509,047 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байхад шүүх нэхэмжлэлийг хүлээн авч 3,909,047 төгрөг гаргуулах нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл болжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь нэхэмжлэгч шүүхээс юу хүсч байгааг илэрхийлэх бөгөөд нэхэмжлэлийг өөрчлөх, нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг ихэсгэх, багасгах, нэхэмжлэлээс татгалзах эрх нэхэмжлэгчид олгогдсон.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж заасан бөгөөд хууль ёсны, үндэслэл бүхий шийдвэр гаргах нэг нөхцөл нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх юм.
Гэтэл шүүх нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөгүй байхад нэхэмжлэгчийн шаардлагаас өөр буюу 4,509,047 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамж гаргаж хэргийг шийдвэрлэсэн нь буруу байх тул шийдвэрийг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзлээ.
Мөн шүүх шийдвэрийн тогтоох хэсэгт ... хариуцагч Б.Эаас 533,700 /таван зуун гучин гурван мянга долоон зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Эт олгож... гэж техникийн шинжтэй алдаа гаргасныг цаашид анхаарах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 578 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тушаасан 87,095 /наян долоон мянга ерэн тав/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАЯРХҮҮ
ШҮҮГЧИД Ё.БЯМБАЦЭРЭН
Т.ГАНБАТ