Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 225/МА2019/00020

 

 

 

 

 

2019 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 225/МА2019/00020

 

 

Ө.Мгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Баярхүү даргалж, ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн, шүүгч Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Ханбүргэд, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Бнарыг оролцуулан хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 577 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ө.Мгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн У сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох Хөвсгөл аймгийн У сумын Ерөнхий боловсролын сургуулийн газар зүйн багшийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин 4,400,000 /дөрвөн сая дөрвөн зуун мянга/, амралтын цалин 1,200,000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөг, нийт 5,600,000 /таван сая зургаан зуун мянга/ төгрөг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилтүүдийг хийлгүүлэх тухай маргаантай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ө.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Би 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн хооронд н.У эмчээр акт бичүүлж, эмнэлгийн магадлагаа, гарын үсэг, тамга, тэмдэгтэй бичгийг тухайн үед хэвтрийн дэглэм барьж цаашид хэвтэн эмчлүүлэх шаардлагатай байсан учраас сургалтын менежерт чатаар явуулж чөлөө авсан. Дараа нь актынхаа эх хувийг сургуулийн захирал руу явуулсан. Тэгтэл намайг сургуулийн удирдлага ажлаа 3 ба түүнээс дээш хоногоор тасалсан гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн. Зөвлөгөө өгсний дагуу эмнэлэгт үзүүлж шинжилгээ хийлгээд эмнэлэгт хэвтэж эмчлүүлэх болсон тул шинжилгээ хийлгэсэн өдрүүдийн актыг нөхөн бичиж сунгалтыг мөн хийж өгөөд тэр өдрөө би сургалтын менежерт чатаар явуулсан. Намайг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсныг минь анхаараагүй. Сургалтын менежерт явуулсан чатад актыг маань сунгасан бичилт байдаг. Би сургалтын менежерт эмнэлгээс гараад эх хувиар нь актаа аваачиж өгье гээд хэлсэн байхад сургалтын менежер, захирал хоёр намайг санаатайгаар ажлаас чөлөөлсөн гэж бодож байна. Би нурууны суулт болон бөөрний дутагдал гэсэн өвчний оноштой явдаг. н.У эмч бөөрний өвчнийг бичих боломжгүй. Харин нурууны суултаар онош тавьж, акт бичиж өгье гээд акт өгч байсан. Эмнэлгийн акттай байх хугацаандаа У сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын сонгон шалгаруулалтад орсон нь үнэн. Би эрхийнхээ дагуу л сонгон шалгаруулалтанд орсон. Намайг ажлаас халаад өөр багш авч ажиллуулж байгааг 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр тус сургуулийн багш н.Э, н.М, н.Т нар над руу утсаар ярьж хэлсэн. Тийм болохоор би ажлаасаа халагдсан, миний оронд өөр багш авч ажиллуулж байгааг мэдсэн. Гэвч сургуулийн захирал намайг дуудаж, тушаалыг маань гардуулж, ажлыг маань хүлээж авах байх гэж бодоод хүлээж байсан.

... Иймд намайг Хөвсгөл аймгийн У сумын Ерөнхий боловсролын сургуулийн газар зүйн багшийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан 2018 оны 10 дугаар сараас 04-ний өдрөөс өнөөдрийг хүртэл хугацааны цалин 4,400,000 төгрөг, ээлжийн амралтын цалин 1,200,000 төгрөг, нийт 5,600,000 төгрөгийг гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэгдүгээрт ажил олгогч нь Хөдөлмөрийн дотоод журам, Хөдөлмөрийн гэрээ, Хөдөлмөрийн тухай хуулийг баримталдаг. Хөдөлмөрийн гэрээн дээр гурваас дээш хоногийн хугацаагаар ажил тасалсан гэж байна. Энэ асуудал дээр үндэслэлээ зааж өгөөгүй байдаг. 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл юм уу? эсвэл 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл юм уу? гэдэг нь ойлгомжгүй. Хэрэг хянан шийдвэрлэх шүүхийн шатанд маргаж байхад 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл ажил тасалсан гэсэн байдаг. Ө.М нь 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр эмчийн магадлагааг чатаар явуулсан учраас өвчтэй, чөлөөтэй гэдэг байдлаар бүртгэж явсан гэж Б менежер мэдүүлсэн байсан. 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр акт явуулсан нь мэдүүлэг болон чатаар нотлогдож байна. Тушаалаас харахад үндэслэл нь тодорхойгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 гэсэн заалт нь ноцтой зөрчил гаргах гэсэн ажилтны санаатай үйлдэл байдаг.

... Улсын дээд шүүхийн зөвлөмжид Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 заасан ноцтой зөрчил гэдэг бол ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний нэр, төр ажил хэрэгт нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгосон уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлговол зохино. гэж тайлбарласан байдаг. Нөхцөл байдлаас харахад тодорхой хугацааны явцад, хүндэтгэн үзэх шалтгаантай, нурууны суулт өвчин нь байнгын хэвтрийн дэглэм сахиж, эм ууж, эмчилгээ хийлгэж үр дүнд хүрдэг өвчин юм билээ. Ийм хүндэтгэн үзэх шалтгаантай байхад ажилтанд мэдэгдэх ёстой байсан гэж үзэж байгаа. Ө.М 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр ажилдаа очих гэтэл ажлаас халсныг хамт ажилладаг багшаасаа сонсож ажилд очих шаардлагагүй болсон юм гэж байна гэж дүгнээд ажлаас халагдсан тушаалаа авч ажлаа хүлээлгэж өгөх талаар бодсон ч тушаал болоод ажил хүлээлгэж өгөх талаар мэдэгдээгүй учраас шүүхэд нэхэмжлэлээ гаргасан байдаг юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ө.Мд ажлаас чөлөөлөгдсөн тушаалыг нь гардуулж өгсөн байдаг.

... Иймд нэхэмжлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин, амралтын цалин гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Хөвсгөл аймгийн У сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал С.Бшүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Иргэн Ө.М нь ЕБС-д багшилж байх үедээ 2018 оны 9 дүгээр сарын 20-ноос 10 дугаар сарын 04 хүртэл чөлөө зөвшөөрөлгүй ажил таслан нь сургуулийн дотоод журмын 10.4, 10.5 дахь заалтуудыг зөрчсөн байна. Иймд тухайн үед сургуулийн захирлаар ажиллаж байсан Ц.Мын 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/58 тоот ажлаас чөлөөлөх тушаал нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Ө.М нь ажилдаа хайхрамжгүй хандаж, өвчтэй, мөн хувьдаа бизнес хийдэг учраас чөлөө байнга авдаг. Ө.М нь 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр ажилдаа очсон байдаг ба дундыг хариуцсан сургалтын менежер С.Б багшаас эмнэлэгт үзүүлнэ гэж 2018 оны 9 дүгээр сарын 03, 04-ний өдрүүдийн чөлөө аваад ор сураггүй алга болсон. Хэрвээ өвчтэй байсан бол ажилтан нь ажил олгогчдоо актаа хүнээр ч болов хүргүүлэх үүрэгтэй гэж үзэж байна. Түүнчлэн өвчтэй байсан гэх хугацаандаа захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтад оролцож байсан нь хэд хэдэн баримтаар нотлогддог. Ө.М нь 2018 оны 9 дүгээр сард эмнэлэгт хэвтэн эмчлүүлээгүй. Тус сургуулийн захирлын сонгон шалгаруулалтад оролцохоор Боловсролын газар бүртгүүлээд, 2018 оны 9 дүгээр сард шалгаруулалтад орж, тухайн үед тэнцээгүй юм. Ө.М нь 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн хооронд хэвтэн эмчлүүлж байхад ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлаж байна. Хэрвээ У эмчид үзүүлж хэвтэн эмчлүүлж байсан бол эрүүл мэндийн карт байх ёстой байтал байдаггүй. Түүнчлэн эмнэлэгт үзүүлэхэд цахим бүртгэлд бүртгэдэг. Ер нь бол эмчилгээ хийлгэж байхад ч цахим бүртгэлд бүртгүүлдэг. Нэхэмжлэгчийн ярьж байгаа акт нь 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр сургалтын менежерт чатаар ирсэн байдаг. Тэрнээс өмнө тасалсан гэж бүртгэж явж байсан. Ө.Мг өвчтэй байна гэсэн асуудлыг захирлын дэргэдэх хурлаар бид нар авч хэлэлцээд өвчтэй гэдгээ мэдэгдээгүй байна гэж үзсэн. Захирлын дэргэдэх хурал нь 2018 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр болоход өвчтэй гэсэн актыг чатаар явуулсан байна гэж мэдэгдсэн. Ө.М нь түүнээс хойш ч гэсэн ажилдаа очоогүй. Ө.М багш ажилдаа ирэхгүй байсан учраас сургуулийн зүгээс сургалтын ажиллагааг хэвийн явуулах үүднээс Баяржаргал багшийг цагаар авч ажиллуулсан. Ө.М багшийг ажлаас чөлөөлөхдөө Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн гэрээний 7.1 дэх заалтанд тусгагдсаны дагуу 1 ба түүнээс дээш удаа хүндэтгэх шалтгаангүйгээр ажил тасалсан гэдгийг үндэслэсэн. Мөн хөдөлмөрийн дотоод журмын 9.1, 9.2-т заасан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажил тасалсан, ёс зүйн зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр захирлын дэргэдэх зөвлөл хэлэлцээд ажлаас чөлөөлсөн. Өвчтэй байж болно. Гэхдээ актаа авч ирж өгөх үүргээ биелүүлээгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Бшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Хөдөлмөрийн тухай хуульд ажил олгогч өөрийн санаачилгаар ажлаас халах тухай хуулийн заалт байдаг. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д сахилгын зөрчлийг давтан гаргасан буюу тухайлан заасан ноцтой зөрчлийг гаргасан тохиолдолд хэрэглэгдэх хуулийн заалт юм. Уг заалтыг ажил олгогч хэрэглэсэн байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Ажил олгогч ажилтанг ажилдаа ирсэн байхыг шаардах эрхтэй. Хэрэгт нэхэмжлэгчийг 2018 он 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 9 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл хугацаанд ажлаа тасалсан байна гэж харагддаг. Мөн 9 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш ажлаа тасалсан гэдэг нь харагддаг юм. Нэхэмжлэгч 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдрийг хүртэл өвчтэй байсан гэх боловч энэ талаарх баримт байдаггүй. Нэхэмжлэгч нь нэг сарын хугацаанд эх үрсийн эмчилгээ хийдэг н.Ужав эмчээр эмнэлгийн магадлагаа бичүүлсэн байна. Мөн дотрын эмчилгээ хийдэг Мөнхтулгуур эмнэлгээр магадлагаа гаргуулсан байна. Мөнхтулгуур эмнэлгийн тухайд маргаан байхгүй. Харин наад асуудлын тухайд маргаантай байна. Нэхэмжлэгч нь хэвтрийн дэглэмтэй, эмчлүүлж байсан гэж тайлбарлаж байна. Хэвтрийн дэглэм барьж эмчилгээ хийх нь тусгай мэдлэг шаардсан эмчийн эрх хэмжээний асуудал шүү дээ. Эмчилгээ хийсэн заалтад ямар өвчний улмаас хэд хоног эмчилгээ хийлгэсэн талаар байдаггүй юм. Хариуцагчийн зүгээс гэрч асуулгасан. Гэрчүүдийн тайлбарыг үзэхэд нэг л удаа эмчийн магадлагаа бичиж өгсөн гэсэн байдаг. С.Б эмнэлгийн магадлагааг 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээж авсан байдаг. Уг нь бол 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр эмнэлгийн магадлагааг өгч өвчтэй гэж явах байсан. Ажил олгогч эмнэлгийн магадлагааг шаардлага хангахуйц баримт гэж үзэхгүй байна. Нэхэмжлэгч Ө.М эмнэлгийн картыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна. Тус картад 9 дүгээр сарын 18-ны өдөр гэж бичсэн байдаг ба өөр зүйл байдаггүй юм. Тэгэхээр нэхэмжлэгч нь хэвтэн эмчлүүлж эмнэлгийн магадлагаа авсан гэдэг нь эргэлзээтэй байгаа юм. Улсын эмнэлгийн тухайд цахим бүртгэлээр үзүүлж шинжилгээ оношлогоогоо хийлгэдэг. Улсын эмнэлэг болон хувийн эмнэлэг хоёрын шаардлага нь тэс өөр байгаад байдаг. Бгаас мэдүүлэг авахад хэн хэзээ ирээгүй талаар тодорхой мэдэж байсан. Цагийн бүртгэлээс 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийг харахад ажил тасалсан гэж харагдаж байгаа юм. 2018 оны 9 дүгээр сарын 06-ны өдрөөс 14-ний өдрийг хүртэл ажил тасалсан гэж харагдаж байгаа юм. 2018 оны 9 дүгээр сарын 14-ний өдрөөс 20-ны өдрийг хүртэл өвчтэй байна гэж харагдаж байгаа бол түүнээс хойш мөн тасалсан гэж харагдаж байгаа юм. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ шаардлагыг өөрөө сайн нотолж оруулж ирээгүй байна. Ө.М нь 2018 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 26-ны хооронд ажил тасалсан гэж цагийн бүртгэлээс харагдаж байгаа юм. Ажилтан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2 ба түүнээс дээш хоёр удаа давтан ажил тасалсан гэж харагдаж байгаа юм. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь өөрөө хэвтэн эмчлүүлж байсан гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт тэр талаарх баримтууд байхгүй байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 165 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Ө.Мгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Хөвсгөл аймгийн У сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох Хөвсгөл аймгийн У сумын Ерөнхий боловсролын сургуулийн газар зүйн багшийн ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 4,400,000 төгрөг, амралтын цалин 1,200,000 төгрөг, нийт 5,600,000 төгрөг гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилтүүдийг хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн гомдол нь улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4, 119.5, 119.7 дугаар зүйлүүдэд зааснаар шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш 7 хоногийн дотор бүрэн эхээр үйлдэгдэж, шүүгч гарын үсэг зурах бөгөөд энэхүү хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч нь шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах ба ийнхүү гардан аваагүй тохиолдолд зохигчийн оршин суугаа газар болон ажилладаг байгууллагын аль нэг хаягаар баталгаат шуудангаар, эсхүл шүүхийн ажилтнаар хүргүүлж, гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолохыг анхааруулж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.У давж заалдах гомдолдоо: ...

Шүүх хуулийг буруу тайлбарласан хэрэглэсэн тухайд:

Анхан шатны шүүх хөдөлмөрийн тэгш бус харилцааны онцлогыг анхаараагүй бөгөөд энэхүү тэгш бус харилцаанд оролцогчийн эрх, үүргийг нарийвчлан зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж шийдвэрээ гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцэхгүй байна. Тухайлбал, Ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.3-т заасан заалтуудыг зөрчсөн бөгөөд энэ талаар маргаагүй юм. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М шүүхийн хэлэлцүүлэгт ... Ө.Мг ажлаас халсан тушаалыг миний бие тухайн үед захирлаар ажиллаж байхдаа өгөөгүй, захирлын ажлыг өөр хүнд хүлээлгэн өгөхдөө ажил авч буй захиралд Ө.Мгийн тушаалыг өгөөгүй гэдгээ хэлж, энэ талаар хурлын тэмдэглэлд тусгуулсан боловч мөн л тушаалыг өгөөгүй байсан. Би Ө.Мгийн тушаалыг энэ хэргийг хянан шийдвэрлэж ажиллагааны явцад Ө.Мд өгсөн гэж мэдүүлдэг бөгөөд энэ нь ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43,3-т тусгайлан заасан үүргээ биелүүлээгүй болохыг хангалттай нотлох баримт юм. Энэ ч утгаар хариуцагч Ө.Мгийн гомдол, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар маргаагүй бөгөөд шүүхээс талуудын маргаагүй асуудлыг өөрийн үзэмжээр нөхөн шийдвэрлэсэн нь хууль зөрчсөн. Түүнчлэн шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэсэн заалтыг шийдвэр гаргахдаа үндэслэсэн тухай заалтыг буруу тайлбарлаж ажлаас халагдсанаа мэдсэн гэх үйл баримтыг энэхүү заалттай холбон тайлбарласан нь хууль хэрэглээний хувьд буруу болжээ.

Энэ заалт нь ажил олгогчийн шийдвэрийг холоос, хүний амнаас мэдэж сонссоноор биш шийдвэрийг хүлээн авснаар гомдол гаргах хугацаагаа тоолж эхлэхээр зохицуулсан хөөн хэлэлцэх хугацаатай холбоотой заалт юм.

Дээр дурдсанчлан ажил олгогч Ө.Мг ажлаас халсан шийдвэрийг нь өгөөгүй хэмээн ажил олгогчоос мэдүүлсээр байхад ажилтныг буруутган, хугацаа сэргээлгэх хүсэлтээ гаргах байсан хэмээн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн нь үндэслэлгүй юм.

... Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 577 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх Ө.Мгийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна.

Хэрэгт цугласан нотлох баримтаас үзэхэд ажил олгогч нь 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/58 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2, 9.4 дэх заалтууд, 10 дугаар зүйлийн 10.4, 10.5 дахь заалтууд, хөдөлмөрийн гэрээний 7.1.4 дэх заалт, Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалтуудыг үндэслэн хөдөлмөрийн гэрээг цуцалж, нэхэмжлэгч Ө.Мг газарзүйн багшийн үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

Нэхэмжлэгч Ө.М ажлаас халагдсан гомдол гаргах хуулийн хугацааг хэтрүүлсэн үндэслэлээ биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан эмчлүүлж байсан гэсэн үндэслэлээр эмнэлгийн чөлөө олгосон акт, лист зэрэг баримтуудыг нотлох баримтаар ирүүлсэн хэдий ч тэрээр хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэх шаардлага болон хүсэлтийг шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойшхи хугацаанд гаргаагүй байна.

Өөрөөр хэлбэл 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр буюу тушаал гарснаас хойш 6 сар 5 хоногийн дараа гаргасныг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан ажилтан ажлаас буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана гэснийг зөрчсөн гэж үзсэн нь үндэслэлтэй.

Нэхэмжлэгч нь ажил олгогчийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн Б/58 тоот тушаалыг 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр мэдсэн болох нь нэхэмжлэгчийн ... намайг хувийн эрүүл мэндийн шалтгаанаар 2018 оны 9-р сарын 06-ны өдрөөс 2018 оны 10-р сарын 06-ны өдрийг хүртэл эмнэлэгт хэвтэн эмчилгээ хийлгэж байх үед буюу 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдөр ажлаас халж, миний оронд өөр багш ажиллуулж эхэлсэн. ... Энэ тухай хамт ажилладаг багшаасаа олж мэдээд сэтгэл санааны гүн хямралд орж, насан туршдаа ажиллаж хичээн зүтгэнэ хэмээн төсөөлж байсан ажлаасаа халагдсандаа тухайн үед ихэд харамсаж байлаа. гэсэн нэхэмжлэгчийн тайлбар, мөн шүүх хуралдаанд гаргасан ... Багш н.Э, н.М, н.Т нар 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр над руу устаар ярьж хэлсэн гэсэн тайлбар зэргээр нотлогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан зохицуулалт нь хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааныг цаг алдалгүй шүүхэд мэдүүлэх, богино хугацаанд маргааныг хянан шийдвэрлэх, иргэдийн хөдөлмөрлөх эрхийг эдлүүлэх, ажил олгогчийг эдийн засгийн хувьд эрсдэлд оруулахаас урьдчилан сэргийлэх зорилго агуулдаг бөгөөд ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс гомдол гаргах хуулийн хугацааг тоолж буй үйл явдал нь ажил олгогчоос түүнийг ажлаас халсан шийдвэр гарсныг ажилтан мэдсэн үеийг тодорхойлох ач холбогдолтой юм.

Иймд ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулан, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилтүүдийг хийлгүүлэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Харин шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 зааснаар шийдвэрийн тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд баримталсан хуулийн нэр, зүйл, хэсэг, заалтыг баримтлаагүй байх тул шийдвэрт зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 577 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн дэх заалтад нэхэмжлэгч гэсний өмнө Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар гэж нэмж бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Н.БАЯРХҮҮ

ШҮҮГЧИД                              Ё.БЯМБАЦЭРЭН

Т.ГАНБАТ