| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2016/0225/И |
| Дугаар | 247 |
| Огноо | 2016-09-21 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 21 өдөр
Дугаар 247
Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Э.Болормаа би, нэхэмжлэгч Ж.Урансайханы нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Жаргалмаад холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн төлбөр, хүү нийт 430.430 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дорноговь аймгийн Өргөн сум, 4-р баг, Баргилт 2-26 тоотод оршин суух Улаанууд овогт Жаргалсайханы Урансайхан /РД: ЕЦ86091565/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ж.Урансайхан миний бие нь Өргөн суманд хүнс барааны дэлгүүр ажиллуулдаг. Өргөн сумын иргэн Жамсран овогтой Жаргалмаа 2013 оны 10 сард 260.000 төгрөгний бараа болон хүнсний зүйл авч одоог хүртэл өгөөгүй. Миний бие банкнаас бизнесийн өндөр хүүтэй зээл авч бараа бүтээгдэхүүнийхээ татан авалтыг хийдэг. Тиймээс тухайн авсан барааны үнийн дүнг сар бүрийн 2.2 хувийн хүүтэй тооцож нийт 430.430 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч Ж.Урансайхан шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие хариуцагч Жаргалмаагийн хариу тайлбартай танилцлаа. Хариуцагч Жаргалмаа нь миний нэхэмжилсэн 430.430 төгрөгнөөс 260.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч 170.430 төгрөгөөс татгалзсан байна. Жаргалмаагийн гаргасан хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн шаардлагаас 170.430 төгрөгнөөс татгалзаж байна гэжээ.
Хариуцагч Дорноговь аймгийн Өргөн сумын 4-р баг, Найрамдал хороо 6-15 тоотод оршин суух Сайд Содном овогт Жамсрангийн Жаргалмаа /РД: ЕЭ77061361/ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний бие нь нэхэмжлэгч Ж.Урансайханы гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас 260.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Үлдэгдэл 170.430 төгрөгнөөс татгалзаж байна. Учир нь Урансайханаас хүү тооцож мөнгө төлсөн талаар ямар нэгэн гэрээ хийгдээгүй. Түүний дэлгүүрээс 2013 оны 10 сард 260.000 төгрөгний бараа болон хүнсний зүйл зээлж авсан. Уг 260.000 төгрөгийг 2016 оны 10 сард төлж барагдуулах болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Урансайхан нь хариуцагч Ж.Жаргалмаагаас худалдах, худалдан авах гэрээний үүргийн төлбөр 260.000 төгрөг, хүү 170.430 төгрөг нийт 430.430 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх явцад зохигч талууд харилцан тохиролцож, хариуцагч Ж.Жаргалмаа нь нэхэмжлэлийн шаардлагаас 260.000 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2016 оны 10 дугаар сард багтаан төлж барагдуулахаар, нэхэмжлэгч Ж.Урансайхан нэхэмжлэлийн шаардлагаас 170.430 төгрөгөөс татгалзсан талаарх тайлбарыг шүүхэд бичгээр ирүүлсэн тул зохигчдийн эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь иргэний хуульд болон талуудын эрх ашигт нийцсэн, гуравдагч этгээдийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байна.
Монгол Улсын Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Ж.Урансайханы нэхэмжлэлтэй Ж.Жаргалмаад холбогдох худалдан авах гэрээний үүргийн төлбөр, хүү нийт 430.430 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаас 170.430 төгрөгөөс татгалзаж, хариуцагч Ж.Жаргалмаа нь 260.000 төгрөгийг 2016 оны 10 дугаар сард багтаан төлж барагдуулахаар зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Нэхэмжлэгч Ж.Урансайхан нь 170.430 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг баталсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.4, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 13.560 төгрөгийн 50 хувь болох 6780 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 6780 төгрөгийг, хариуцагч Ж.Жаргалмаагаас 260.000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 4225 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Ж.Урансайханд олгосугай.
4. Энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
5. Энэ захирамжид зохигчид давж заалдах, гомдол гаргах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Э.БОЛОРМАА