Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2024/01450

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2024/01450

 

Н.А-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 02-ны өдрийн 184/ШШ2024/02442 дугаар шийдвэртэй,

Н.А-гийн нэхэмжлэлтэй, Д.Ч-ад холбогдох

10,360,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Д.Ч- бид хамтран Д- ХХК-аас 2022 оны 06 сарын 17-ны өдөр автомашин худалдан авахаар 15,500,000 төгрөгийг зээлсэн. Автомашины урьдчилгаа 7,000,000 төгрөгөөс Д.Ч- 1,900,000 төгрөгийг төлж, би өөрөөсөө 4,800,000 төгрөгийг, мөн төрсөн дүүгээс 300,000 төгрөгийг зээлж авч төлсөн. Тухайн автомашиныг авах үед би орон нутгийн хаягтай байсан учир Д.Ч-ын нэр дээр зээлийг авсан.

1.2. Автомашиныг би унаж байсан ч Д.Ч-ын хүү буюу миний хуучин нөхөр Л.Б нь 2023 оны 08 сард ирж автомашиныг булаан авч явсан. Иймээс нэхэмжлэгч *** УБП улсын дугаартай Приус-30 маркийн автомашины урьдчилгаанд төлсөн 4,800,000 төгрөг, автомашины зээлд төлсөн 5,560,700 төгрөгийг Д.Ч-аас гаргуулахаар нэхэмжилж байна. Автомашины зээлийг төлж байсан нь дансны хуулгаар нотлогдож байгаа. Тус 10,360,700 төгрөг нь миний хөрөнгө тул хариуцагчаас 10,360,700 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Бид хамтран Д--аас 15,500,000 төгрөгийг зээлж, Приус-30 маркийн *** УБП улсын дугаартай автомашиныг авсан. Би урьдчилгаанд 4,800,000 төгрөгийг АТМ-ээс бэлнээр авч өгсөн бөгөөд өнөөдрийг хүртэл би банк бус санхүүгийн байгууллагад сар бүр зээлээ төлж байгаа. Иймд би Н.А-д ямар ч өргүй, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул Д.Ч-ад холбогдох 10,360,700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Н.А-гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 180,721 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хуулийг буруу хэрэглэсэн, хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчдын эрхийг ноцтой зөрчсөн, нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Нэхэмжлэгч 2022 оны 06 сард автомашин худалдаж авахаар ББСБ-аас зээл сонирхоход орон нутгийн харъалалтай учир урьдчилгаа өндөр телех шаардлагатай гэсэн. Тэр үед нөхөр ажилгүй байсан тул хадам ээж Д.Ч-ыг үндсэн зээлдэгчээр оруулж хамтран зээлдэгчээр би өөрөө орж "Д" ХХК-аас 2022 оны 06 сарын 17-ны өдөр 15,500,000 төгрөгийн зээлж авч, улмаар Toyota Pruis-XW30 маркын *** УБП улсын дугаартай автомашиныг худалдаж авсан.

Автомашины урьдчилгаанд хадам ээж Д.Ч- 1,900,000 төгрөгийг, би өөрт бэлэн байсан 4,800,000 төгрөгийг, мөн би өөрийн дүүгээсээ 300,000 төгрөг зээлж нийт 7,000,000 төгрөгийг урьдчилгаанд өгсөн. Тухайн үед хадам ээж Д.Ч- надад хэлэхдээ ББСБ-аас авсан зээлээ чи төлж дуусгаад машинаа өөрийн нэр дээр шилжүүлж ав гэж хэлж байсан. Нөхөр Л.Б архи уусан үедээ намайг удаа дараа зодож хэрүүл маргаан тасардаггүй, мөн Д.Ч- манайд 1 удаа ирэхдээ намайг зодож түүнээс хойш би н.Б-тэй хамт амьдрах аргагүй болсон. Би машины зээлээ төлж, автомашиныг эзэмшиж байтал нөхөр Л.Б ирээд айлгаж дарамтлан ээж машин аваад ир гэсэн гээд аваад явсан.

Би Toyota Pruis-30 маркийн *** УБП улсын дугаартай автомашиныг 22,500,000 төгрөгөөр худалдан авч, ББСБ-ийн зээлийн төлбөрт 5,560,700 төгрөг, урьдчилгаа төлбөрт төлсөн 4,800,000 төгрөг, нийт 10,360,700 төгрөг төлсөн учир энэ мөнгөө гаргуулж авахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан, гэтэл шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байна.

Бид ББСБ-аас зээл авахдаа зээлийн эдийн засагчийн зөвлөсний дагуу "зээлийн гэрээний дугаар, үндсэн зээлдэгчийнхээ нэр"-ийг гүйлгээний утга дээрээ бичээрэй гэсний дагуу зээлээ шилжүүлдэг байсан. Энэ байдлыг мэдсэн бол зээлийг өөрийн нэрийг бичиж шилжүүлэх байсан. Гэвч шүүх хэргийн баримтуудыг хэрэгт хамааралтай, хэрэг ач холбогдолтой талаас нь бодит байдалд үнэн зөв үнэлээгүй, мөн нэхэмжлэгч талын дахин гэрч асуулгах хүсэлтийг хүлээж авахаас татгалзахдаа загнаж зүй зохисгүй зан байдал гаргасан, хэргийн оролцогч нарт ялгавартай хандаж, нэхэмжлэгчийн эрх, ашгийг хохироосон шийдвэр гаргасан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр гаргасан ба үүнийг анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд үнэн зөв дүгнэж шийдвэрээ гаргасан гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд ямар нэгэн нотлох баримтыг хэрэгт хавсаргаж өгөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянаад, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Н.А- нь хариуцагч Д.Ч-ад холбогдуулан 10,360,700 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, автомашины урьдчилгааг би Н.А-д бэлнээр өгсөн, зээлийг би төлсөөр байгаа, түүнд өргүй гэж маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

 

4. Н.А-, Л.Б- нар хамтран амьдрах явцдаа автомашин худалдаж авах зорилгоор Л.Б-гийн эх хариуцагч Д.Ч-, нэхэмжлэгч Н.А- нар 2022 оны 06 сарын 17-ны өдөр Д- ХХК-тай **** тоот Зээлийн болон Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх /фидуци/ гэрээг тус тус байгуулж, уг гэрээгээр зээлдэгч нар 15,500,000 төгрөгийг жилийн 33,6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж, *** УБП улсын дугаартай, Тоёота приус-30 маркийн автомашиныг худалдаж авсан нь талуудын тайлбар болон зээл, фидуцын гэрээ тогтоогдсон байна.

Дээрх тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч Н.А- эзэмшилдээ байлган ашиглаж байсан боловч хариуцагч Д.Ч- уг тээврийн хэрэгслийн эзэмшлийг шилжүүлэн авсан гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсныг хариуцагч маргаагүй байна.

Нэхэмжлэгч нь *** УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийн урьдчилгаа төлбөрт 4,800,000 төгрөг, зээлийн төлөлтөд 5,560,700 төгрөгийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн хууль бус эзэмшлээс уг мөнгөн хөрөнгийг гаргуулна гэж тодорхойлсныг анхан шатны шүүх хуульд нийцүүлэн дүгнэж, нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг зөв тодорхойлж чадаагүй байна.

Мөн шүүх нэхэмжлэгч Н.А- нь дээрх мөнгөн хөрөнгийг бэлэн болон бэлэн бус ямар хэлбэрээр хариуцагч Д.Ч-ын өмчлөлд нь шилжүүлсэн үйл баримт тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь шүүхийн шийдвэр үндэлсэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

5. Нэхэмжлэгч нь Тоёота приус-30 маркийн *** УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдан авахад төлсөн урьдчилгаа төлбөр болон тээврийн хэрэгслийг зээлээр худалдан авсантай холбоотойгоор ББСБ-д төлсөн зээлийн төлбөрийг хариуцагчаас шаардсан нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт Дундаа хэсгээр өмчлөгч дундын өмчлөлийн зүйлээс өөрт ногдох хэсгээ салгаж авах, ийнхүү салгахад уг өмчлөлийн зүйлийн зориулалт, иж бүрдэл, бусад чанар алдагдахаар бол ногдох хэсгийнхээ үнийг гаргуулахаар шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэж үзэхээр байна.

Учир нь зохигчийн дундаа хамтран худалдаж авсан тээврийн хэрэгслийг хариуцагч эзэмшилдээ авсан үйл баримт тогтоогдсон байх тул нэхэмжлэгч уг тээврийн хэрэгслийг буцаан гаргуулахаар шаардаагүй бөгөөд гагцхүү тээврийн хэрэгслийг худалдан авахад төлсөн үнийг шаардсан нь хуулийн энэхүү зохицуулалтад илүү нийцнэ.

Хэрэгт авагдсан нэхэмжлэгч Н.А-гийн Хаан банк ХК дахь **** тоот дансны хуулгаар 2022 оны 07 сарын 26-ны өдрөөс 2023 оны 07 сарын 27-ны өдрийн хугацаанд нийт 5,560,700 төгрөгийг Д- ХХК-ийн Хаан банк ХК дахь ***** тоот дансанд шилжүүлсэн нь тогтоогдож байна.

Тодруулбал, нэхэмжлэгч нь 2022 оны 07 сарын 26-ны өдөр 17,500 төгрөг, 706,000 төгрөг, мөн оны 08 сарын 24-ний өдөр 661,000 төгрөг, 09 сарын 27-ны өдөр 721,700 төгрөг, 10 сарын 25-ны өдөр 664,000 төгрөг, 12 сарын 28-ны өдөр 568,000 төгрөг, 2023 оны 01 сарын 28-ны өдөр 703,500 төгрөг, мөн оны 06 сарын 27-ны өдөр 688,000 төгрөг, 07 сарын 27-ны өдөр 831,000 төгрөг нийт 5,560,700 төгрөгийг дээрх дансанд шилжүүлснийг Д- ХХК-тай 2022 оны 06 сарын 27-ны өдөр байгуулсан *****тоот зээлийн гэрээний үүрэгт дээрх мөнгөн төлбөрийг төлсөн гэж дүгнэх үндэслэлтэй.

Иймд нэхэмжлэгч зээлийн гэрээний үүрэгт төлсөн 5,560,700 төгрөгөө тээврийн хэрэгслийг эзэмшилдээ авсан хариуцагчаас Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт зааснаар шаардах эрхтэй байх тул хариуцагч Д.Ч-аас 5,560,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.А-д олгохоор анхан штаны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

6. Харин нэхэмжлэгч тээврийн хэрэгслийн урьдчилгаа төлбөрт 4,800,000 төгрөгийг бэлнээр төлсөн нь түүнийг уг мөнгөн хөрөнгийг хариуцагчаас шаардах эрхийг нотлохгүй, уг 4,800,000 төгрөг нь түүний өмчлөлийн хөрөнгө байсныг тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй учир нэхэмжлэгчийн энэхүү шаардлагыг хангах үндэслэлгүй. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчин нэхэмжлэгчийн 4,800,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор төрсөн эх Б.Н-г гэрчээр асуулгах хүсэлт гаргасныг хангаагүй гэх гомдлыг хангахгүй. Гэвч нэхэмжлэгч нь урьдчилгаа бэлнээр төлсөн гэх 4,800,000 төгрөг түүний хөрөнгө байсныг тодорхой баримтаар нотлоогүй байх тул гэрчээр буюу төрсөн эх Б.Н-гээр нотлуулах нь уг маргаанд нотолгооны ач холбогдолгүй. Иймд энэ үндэслэлээр гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй.

 

7. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 02-ны өдрийн 184/ШШ2024/02442 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Ч-аас 5,560,700 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.А-д олгож, нэхэмжлэлээс 4,800,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж,

2 дахь заалтын ...үлдээсүгэй... гэснийг үлдээж хариуцагч Д.Ч-аас 103,921 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.А-д олгосугай гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 180,721 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Э.ЭНЭБИШ