Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 21 өдөр

Дугаар 250

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Нармандах би

Нэхэмжлэгч: Хас банкны Замын-Үүд тооцооны төвийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р баг Замын гудамж 2-6 тоотод оршин суух Мэргэн овогт Төмөрбаатарын Гэрэлт-Од /РД: УХ74090411/,

Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3-р баг Замын гудамж 2-6  тоотод оршин Хар тугчин овогт Онгой овогт Батцэцэг /РД: ЕМ79011566/ нарт холбогдох

“Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 17,148,931 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг  2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Хас банкны Замын-Үүд тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Т.Гэрэлт-Од, хамтран үүрэг гүйцэтгэгч О.Батцэцэг нар нь 2014.07.07-нд Замын-Үүд Хас Банктай зээлийн 1390006300 дугаар гэрээ байгуулж 23,000,000 (Хорин гурван сая) төгрөгийн зээлийг тээврийн хэрэгсэл худалдан авах зориулалтаар, 36 сарын хугацаатай, сарын 2,35 хувийн хүүтэйгээр авсан. 2014.07.07-ны өдрийн Барьцаат зээлийн 1390006300 дугаар гэрээгээр гэрчилгээний Г-000117132, Үл хөдлөхийн Ү-0714001526 дугаартай 63 м2 бүхий шпалан байшин, 2014.07.07-ны өдрийн Барьцаат зээлийн 1390006300 тоот гэрээгээр гэрчилгээний Г-0283862 НТД-00501643 дугаартай газрын гэрчилгээ /эзэмших эрхтэй/ барьцаалсан. Зээлдэгч нь зээлийн 1390006300 дугаар гэрээ, гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Банкны шаардлагыг дээрх барьцаалуулсан хөрөнгүүдээр хангана гэдгээ батлан мэдэгдсэн байдаг. Зээлийн гэрээний гол нөхцөл нь гэрээний 1 дүгээр хавсралтад заасан хуваарийн дагуу зээлдэгч нь сар бүр зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй боловч зээл авсаны дараа энэхүү хуваарийг хэтрүүлэн гэрээний үүргээ зөрчиж эхэлсэн бөгөөд 2016 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс хойш зээлийн төлбөрийг огт төлөөгүй байж байгаад 6,7 дугаар саруудад шаардуулж байж төлөлт хийсэн боловч ангилал өөрчлөгдөөгүй. Энэ хугацаанд Банкны зүгээс зээлдэгч нарт гэрээний үүргээ хэрэгжүүлэхийг удаа дараа амаар болон бичгээр мэдэгдэж шаардаж байсан боловч гэрээний үүргээ хэрэгжүүлж, тодорхой арга хэмжээ авалгүй өнөөдрийг хүрсэн. Мөн зээлдэгч нь бизнесийн үйл ажиллагаа нь доголдсон, орлого буурсан зэрэг нөхцөл байдлуудаас шалтгаалж, 2015 оны 09-р сарын 03-ны өдөр зээлийн хугацааг сунгаж, зээлийн эргэн төлөлтийг бизнесийн үйл ажиллагааны орлого, төлөгдөх нөхцөл байдлыг уялдуулан, зээлийн нөхцлийг өөрчилж, 1390009657 дугаартай зээлийн гэрээ байгуулсан болно. Өнөөдрийн байдлаар хугацаа хэтэрсэн хоног 175 болсон байна. Иймд цаашид гэрээг үргэлжлүүлэх боломжгүй болж гэрээг цуцлах нөхцөл байдалд хүрээд байна. Зээлдэгч нар нь зээлийн 1390009657 дугаар гэрээний 3.4-т заасан үүргээ хэрэгжүүлэхгүй, хэрэгжүүлэхээс санаатай зайлсхийж байгаа тул гэрээний 5 дугаар зүйлийг үндэслэн гэрээг цуцалж байна. Нийт 17,148,931 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү”  гэжээ.     

Нэхэмжлэгч Хас банкны Замын-Үүд тооцооны төв шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хариуцагч талаас манай гаргасан 39/401 тоот нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн. Хоёр тал харилцан тохиролцож Хас банкны зүгээс 1,226,576 төгрөгийг үндсэн хүүний төлөлтөөс чөлөөлж 2016 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хариуцагчийн 1390009657 тоот дансанд хийж хүүгийн хөнгөлөлт үзүүлсэн. Хариуцагч Т.Гэрэлт-Од нь тухайн өдрөөр 1,200,000 төгрөгийг мөн зээлийн дансанд хийснээр уг зээлийн ангилалыг бууруулж цаашид хуваарийн дагуу төлөгдөхөөр тохиролцсон юм. Иймд манай банкны зүгээс нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна” гэжээ.

Хариуцагч Т.Гэрэлт-Од, О.Батцэцэг нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хас банкнаас 23 сая төгрөгний зээлийг автомашин худалдаж авах зориулалтаар авч байсан. Ачаа тээвэр багасаж уг зээлээ хугацаа хэтрүүлэн төлж байсан нь үнэн. Хас банкнаас гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Цаашид зээлээ хуваарийн дагуу төлнө” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ  нь:

Нэхэмжлэгч Хас банкны Замын-Үүд тооцооны төв нь хариуцагч Т.Гэрэлт-Од, О.Батцэцэг нарт холбогдуулан зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 17,148,931 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан талаар тайлбар ирүүлсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

 Хас банкны Замын-Үүд тооцооны төвөөс ирүүлсэн хүсэлтийн дагуу  2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 137/ШЗ2016/00822 дугаар шүүгчийн захирамжаар  хариуцагч нарын эд хөрөнгийг нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгийн хэмжээгээр битүүмжилсэн, Хас банкны Замын-Үүд тооцооны төв нь нэхэмжлэлээсээ татгалзаж байх тул уг захирамжийг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч Хас банкны Замын-Үүд тооцооны төв нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 137/ШЗ2016/00822  дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.4, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид Хас банкны 061400941 тоот дансанд 2016 оны 08 дугаар сарын 23-ны өдөр урьдчилан төлсөн 243,695 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, төрийн сангаас 121,847.05 төгрөгийг, хариуцагч Т.Гэрэлт-Од, О.Батцэцэг нараас 121,847.05 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч  Хас банкны Замын-Үүд тооцооны төвд олгосугай.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ШҮҮГЧ  Б.НАРМАНДАХ