Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2024/01427

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2024/01427

 

Р п-ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 17-ны өдрийн 181/ШШ2024/01582 дугаар шийдвэртэй,

Р п-ХХК-ийн нэхэмжлэлтэй, З- ХХК-д холбогдох

Зуучлалын хөлс 45,925,000 төгрөг гаргуулах тухай үндсэн, 2021 оны 03 сарын 03-ны өдрийн **** тоот Үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.С /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, хариуцагчийн өмгөөлөгч Б.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Р п-ХХК нь З- ХХК-тай 2021 оны 03 сарын 03-ны өдөр Үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлах гэрээ байгуулан Хан-Уул дүүргийн  ****, *******, *** хотхоны *** тоот үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авагчтай холбож өгөхөд зуучлах үйл ажиллагаа явуулсан. З-ХХК нь 2022 оны 03 сарын 14-ний өдөр зуучлах гэрээний хугацааг 2023 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл хугацаагаар сунгах хүсэлтийг ирүүлснийг хүлээн авсан. Зуучлалын гэрээний дагуу тухайн үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авахаар сонирхсон иргэн н.А-г З- ХХК-тай холбон өгч уулзалт хийж, гэрээ байгуулахаар болсон. Улмаар н.А- уг үл хөдлөх эд хөрөнгийг Голомт банкны зээлээр 1,050,000,000 төгрөгөөр худалдан авсан.

Манай компани зуучлалын гэрээний дагуу зуучлалын хөлс нэхэмжилж санхүүгийн нэхэмжлэлийг 2022 оны 09 сарын 08-ны өдөр "З- "ХХК-д хүргүүлсэн ч зуучлалын хөлс авч чадаагүй байна. Иймд Зуучлалын гэрээний 4.1-д зааснаар орон сууцыг худалдсан үнийн 2.75 хувь болох 27,500,000 төгрөгийн зуучлалын хөлс, мөн гэрээний 8.3-д зааснаар төлбөрийг хугацаандаа төлөөгүй тул хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алдангиийг 1 өдрийн 137,500 төгрөгөөр тооцон нэхэмжлэл хүргүүлсэн 2022 оны 09 сарын 08-ны өдрөөс нэхэмжлэл гаргасан 2022 оны 11 сарын 23-ны өдрийг хүртэлх 74 хоногийн алданги 10,175,000 төгрөг, нийт 37,675,000 төгрөгийг З- ХХК-аас гаргуулж өгнө үү. Торгуульд 8,250,000 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзаж байна.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Талууд нэхэмжлэлд дурдсан гэрээг байгуулсан. Гэвч улсын бүртгэлийн Ү-********* дугаартай Хан-Уул дүүрэг, ****, Чандмань ам /17051/, дүнжингарвын гудамж, ***** 4 тоот 380 м.кв үл хөдлөх хөрөнгө нь иргэн Н.Э-ийн нэр дээр байдаг З- ХХК-ийн өмчлөлийн хөрөнгө биш учир тухайн үл хөрөнгөтэй холбоотой гэрээ байгуулах эрхгүй, гэрээний төлбөр төлөх үүрэггүй. Гэрээний 5.1-д зааснаар мөн гэрээний хугацаа дуусгавар болсон. Гэрээ хүчинтэй байх 1 жилийн хугацаанд гэрээний 1.4-т заасан 1,200,000,000 төгрөгөөр худалдах худалдан авагчтай зуучилж чадаагүй тул Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1-д зааснаар гэрээний хугацаа дуусгавар болж гэрээгээр хүлээсэн үүрэг мөн дуусгавар болсон.

Иргэн Н.Э- 2022 оны 8 сард өөрийн өмчлөлийн байрыг 200,000,000 төгрөгөөр хямд буюу 1,000,000,000 төгрөгөөр Б.А-, Л.А- нарт худалдсан ба гэрээ байгуулах, төлбөр төлүүлэх, байрыг худалдан авагчид үзүүлэх бүх ажлыг өөрөө хийсэн тул дуусгавар болсон гэрээгээр зуучлалын хөлс төлөх боломжгүй. Р п ХХК нь гэрээний хугацаанд үүргээ биелүүлж зуучлах даалгаврыг биелүүлээгүй тул алданги 10,175,000 төгрөгийг нэхэмжлэх үндэслэлгүй гэжээ.

 

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Тус гэрээ нь Ремакс франчайзийн харилцагч талтай байгуулдаг стандарт нөхцөлтэй гэрээ байна. Хэт нэг талд илт давуу ашигтай нөхцөлийг үүсгэсэн байна. Гэрээний зүйл нь УБ хот, Хан-Уул дүүргийн ****, *******, *** хотхон, *** тоот байр бөгөөд нэхэмжлэлд хавсаргасан материал болон тайлбарт тус гэрээний зүйл болох *** тоот байрыг биш ** байртай холбоотой шаардлагыг гаргасан байна. Иймээс нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.2, 58.4-т зааснаар гэрээг байгуулахдаа ноцтой төөрөгдсөн байна. Мөн ** хотхон нь тухайн үед З-" ХХК-ийн өмчлөл, эзэмшлийн хөрөнгө байгаагүй. Хэргийн баримтаар ** байрын өмчлөгч нь Н.Э- байна. Тиймээс З- ХХК нь тухайн байрыг бусдад зуучлах эрхгүй тул зуучлалын гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.8-т заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл байна.

Иймд үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлах гэрээ /Стандарт/-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

4. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга: Хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Сөрөг нэхэмжлэлийн үндэслэх хэсэг хуулийн үндэслэлгүй. Гэрээ нь талуудын чөлөөт байдлыг хангасан гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч З- ХХК-аас 37,675,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Р п-ХХК-д олгож, Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч З- ХХК-ийн 2021 оны 03 сарын 03-ны өдрийн №**** Үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцох тухай сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Р п-ХХК хариуцагч З- ХХК-аас 45,925,000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээс 8,250,000 төгрөгийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч Р п-ХХК-ийн төлсөн 493,275 төгрөг, хариуцагч З- ХХК-ийн төлсөн 325,450 төгрөгөөс 322,950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч З- ХХК-аас 346,325 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р п-ХХК-д олгон, илүү төлсөн 2,500 төгрөгийг буцаан гаргуулж хариуцагч З- ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга:

6.1. Шүүх сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй тухайд: Шийдвэрт "Хариуцагч нь нэхэмжлэгчид Гэрээний хугацаа сунгах тухай албан бичиг хүргүүлсэн байх тул гэрээг төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан гэж үзэх үндэслэлгүй" гэсэн бөгөөд хэргээс үзэхэд ** байрын өмчлөгч нь Н.Э- гэх хүн байдаг. Тиймээс "З-" ХХК тухайн байрыг бусдад зуучлах, гэрээ байгуулах, гэрээний хугацаа сунгахад төлөөлөх эрх, үүрэг хүлээхгүй ба Н.Э-ийг телеелех эрхгүй этгээд энэхүү гэрээ сунгах албан бичгийг хүргүүлжээ. Гэрээ сунгах тухай албан бичигт дурдсан 2021 оны 03 сарын 03-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлах ЭХ/21/017 тоот гэрээ нь *** тоот үл хөдлөх эд хөрөнгийг зуучлах гэрээ юм. Гэвч шүүх хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын тайлбарыг нэг бүрчлэн харьцуулахгээр хэт нэг талыг барьж сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

6.2. Талууд зуучлалын гэрээгээр *** тоот байрыг зуучлуулахаар тохиролцсон ба хариуцагч нь гэрээг нэг жилийн хугацаагаар сунгахаар албан бичиг хүргүүлсэн. Гэтэл гэрчийн мэдүүллэг, бусад нотлох баримтаар нэхэмжлэгч уг хүсэлтийг хүлээн авсан нь тодорхойгүй, гэрээг сунгасан талаар тодорхой үйлдэл, хариу ирүүлээгүй атал шүүхээс "Нэхэмжлэгч нь хариуцагчийн гэрээний хугацааг 2023 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл сунгах тухай саналыг хүлээн авсан нь гэрч Д.Х-, Б.А- нарын мэдүүлэг, 2022 оны 07 сарын 28-ны өдрийн "Худалдах худалдан авах гэрээ"-ний хуулбараар тогтоогдож байгааг гэрээний хугацааг сунгасан гэж үзнэ" гэж шийдсэн нь илтэд үндэслэлгүй буюу Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

6.3. Хэрэгт байгаа ЭХ/21/017 тоот гэрээ нь Ремакс франчайзийн харилцагч талтай байгуулдаг стандарт нөхцөлтэй гэрээ ба гэрээний 4.1.3, 4.4 дэх заалтууд нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.2-т заасан үүргээ гүйцэтгэхэд хэт урт буюу тодорхой бус, хуульд үл нийцэх хугацаа тогтоосон гэх стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус байх нөхцөлд хамаарч байгаа буюу энэ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-т заасан "хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл"-д тооцогдоно. Тодруулбал гэрээг талууд хугацаатайгаар байгуулсан атал гэрээний үргэлжлэх хугацаанаас хэтэрсэн хугацаанд зуучлуулагч талд үүрэг, хариуцлага ногдуулсан нь хуульд үл нийцэх юм.

6.4. Шүүх Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Талуудын хооронд байгуулагдсан зуучлалын гэрээнд зааснаар "Зуучлалын үйл ажиллагаа гэж талуудын хооронд энэхүү гэрээ байгуулаадсанаас хойш зуучлуулагчийг үл хөдлөх эд хөрөнгө худалдан авагчтай зуучлан холбож өгөх, хүчин төгөлдөр гэрээ байгуулахад туслалцаа үзүүлэхтэй холбоотой цогц үйл ажиллагааг хэлнэ" гэсэн байдаг. Гэвч зуучлагч "Р п" ХХК нь зуучлалын цогц үйл ажиллагааг явуулаагүй гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй нь гэрч Б.А-гийн мэдүүлгээр нотлогддог бөгөөд талуудын хооронд зуучлалын цогц үйл ажиллагаа явагдсан эсэх, гэрчийн мэдүүлэг зэргийг бүрэн гүйцэт харгалзан үзэлгүйгээр нэг удаа уулзалт товлож өгсөнг үндэслэн нэхэмжлэгч нь зуучлалын үйл ажиллагаа явуулсан учир Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1-д зааснаар зуучлуулагчийг хөлс төлөх үүрэгтэй гэж шийдсэн нь үндэслэлгүй. Түүнчлэн нэхэмжлэгч үүргээ бүрэн биелүүлээгүй атал нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэн зуучлалын хөлсийг бүхэлд нь хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

6.5. Мөн анхан шатны шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ зуучлалын гэрээний зүйл нь *** тоот үл хөдлөх эд хөрөнгийг зуучилсны хөлсийг нэхэмжилснийг ** болгон өөрчилсөн. Ийнхүү өөрчилсөн нь гэрээний алданги телех үндэслэл болохгүй. Учир нь ** тоот үл хөдлөх хөрөнгө зуучлах тухай гэрээг бичгээр үйлдээгүй амаар гэрээ байгуулсан гэж үздэг ба хэрэгт зөвхөн *** тоот үл хөдлөх хөрөнгийг зуучлах гэрээ авагдсан байдаг. Шүүх энэ талаархи нотлох баримт, талуудын тайлбартай харьцуулан үзэлгүйгээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагчаас 10,175,000.00 төгрөгийг гаргуулахаар шийдсэн нь илт үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Мөн ** байрыг зуучлах гэрээ бичгээр байгуулагдаагүй нь гэрч Д.Х-ын мэдүүлгээр нотлогддог.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

7. Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Хариуцагчийн гаргасан гомдол үндэслэлгүй гэж үзэж байна. Талууд Иргэний хуульд зааснаар чөлөөт байдлаар зуучлалын гэрээ хийж тохиролцсон. Дараа нь З- ХХК-ийн хүсэлтийн дагуу нэмэлтээр ** гэдэг мэдээллийг оруулж өгсөн. Энэ нь хуульд харшлаагүй. Худалдан авагч Б.А- гэрчээр оролцсон бөгөөд агент н.Х-аар зуучлуулсны дагуу хариуцагчтай холбогдон энэ байрыг авсан нь үнэн гэж мэдүүлсэн. Хэрэв н.Э- хүлээн зөвшөөрөхгүй, тухайн этгээдэд харшлах байсан бол н.Э- шаардлага гаргах ёстой байсан. Гэтэл зуучлалын гэрээний дагуу худалдан авалт амжилттай хийгдэж, төлбөр төлөгдөж, орон сууц н.А-гийн нэр дээр шилжсэн байдаг. Тийм учраас хүчин төгөлдөр гэрээний дагуу шаардах эрх үүссэний дагуу анхан шатны шүүх үнэн зөв шийдвэр гаргасан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг гомдолд дурдсанаар буруутгах үндэслэлгүй. Иймд шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянаад, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч Р п-ХХК нь хариуцагч З- ХХК-д холбогдуулан зуучлалын хөлс 27,500,000 төгрөг, алданги 10,175,000 төгрөг, торгууль 8,250,000 төгрөг, нийт 45,925,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, талуудын хооронд байгуулсан *** тоот үл хөдлөх эд хөрөнгийн зуучлалын гэрээ дуусгавар болсон, хариуцагч ** тоот орон сууцыг худалдах ажлыг өөрсдөө хийсэн гэж тайлбарлаж, зохигчийн хооронд байгуулсан 2021 оны 03 сарын 03-ны өдрийн Үл хөдлөх эд хөрөнгийг зуучлахад зуучлах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгохоор сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримтыг зөв тогтоож, үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч, зохигчийн шаардах эрхийг зохицуулсан хуулийг шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлаагүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулсан хууль хэрэглээний өөрчлөлтийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулна.

 

4. Талуудын хооронд 2021 оны 03 сарын 03-ны өдөр**** тоот Үл хөдлөх эд хөрөнгийг худалдахад зуучлах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зуучлагч Р п-ХХК нь Хан-Уул дүүргийн ****, *******, *** хотхон, *** тоот хаягтай, 380 м.кв талбайтай таун хаусыг 1,200,000,000 төгрөгөөр болон бичгээр гаргасан зөвшөөрлийн дагуу тухайн үед тохиролцсон үнээр худалдан борлуулахад зуучлуулагчийг худалдан авагчтай холбож өгөх, зуучлуулагч З- ХХК нь зуучлалын хөлсийг төлөхөөр харилцан тохиролцож, гэрээг 1 жилийн хугацаагаар байгуулжээ.

Зуучлуулагч нь тус ** тоот орон сууцыг өөрөө худалдсанаар уг гэрээ дуусгавар болсон байна.

Зуучлуулагчаас 2022 оны 03 сарын 14-ний өдрийн 22/26 тоот албан бичгээр дээрх ЭХ/21 017 тоот гэрээг 1 жилийн хугацаагаар сунгах хүсэлтийг гаргаж, зуучлуулах хөрөнгийг Хан-Уул дүүрэг, *****, *** хотхон ** тоот гэж тодорхойлсныг Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт заасан гэрээ байгуулах санал гэж үзнэ. Уг хүсэлтийг зуучлагч хүлээн авч ** тоот орон сууцыг худалдахад зуучлах үйл ажиллагааг бодит үйлдлээр хийснээр уг саналыг хүлээн авсан байна. Зуучлалын үр дүнд нэхэмжлэгч нь эд хөрөнгийг худалдан авагч Б.А-д үзүүлж, улмаар зуучлуулагчтай холбож өгсөн, тус ** тоот үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Н.Э-, Б.А- нарын хооронд 2022 оны 07 сарын 28-ны өдөр уг хөрөнгийг 1,050,000,000 төгрөгөөр худалдахаар худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлж тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээний харилцаа үүссэнийг зөв дүгнэсэн байна.

Зохигчийн хооронд байгуулсан гэрээний үр дүнд иргэн Н.Э- өөрийн өмчлөлийн ** тоот орон сууцыг бусдад худалдаж үр шимийг нь хүртсэн, хариуцагч З- ХХК-ийн зүгээс түүний өмчлөлийн орон сууцыг худалдахаар байгуулсан зуучлалын гэрээг хүчин төгөлдөр бус гэж маргаагүй байх тул Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар зохигчийн хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ.

Хариуцагч З- ХХК нь иргэн Н.Э-ийн өмчлөлд бүртгэлтэй ** тоот үл хөдлөх эд хөрөнгийг худалдахаар нэхэмжлэгчтэй зуучлалын гэрээ байгуулахдаа иргэн Н.Э-ийг төлөөлөх эрхгүй байсан гэж хожим маргасан нь хэргийн бодит байдалд нийцэхгүй. Иргэний хуулийн 25 дугаар зүйлд зааснаар хуулийн этгээд нь аливаа үйл ажиллагаа явуулахдаа хуульд зааснаар эрх эдэлж, үүрэг хүлээх субьект учир бусад этгээдтэй үүсгэсэн эрх зүйн харилцааны үр дагаврыг мэдээгүй, мэдэх боломжгүй байсан буюу уг хэлцэл хууль зөрчсөн, өмчлөгчийн зөвшөөрлийг авалгүй гэрээг байгуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй юм. Энэ тохиолдолд хариуцагч нь иргэн Н.Э-ийн эд хөрөнгийг түүний зөвшөөрөлгүйгээр худалдахаар нэхэмжлэгчтэй зуучлалын гэрээ байгуулж, улмаар түүнд хохирол учруулсан бол энэхүү үйл ажиллагаанаасаа бий болсон эрх зүйн үр дагавар буюу Н.Э-өд учруулсан хохирлыг эд хөрөнгөөрөө хариуцан арилгах үүрэгтэй.

Хэргийн баримтаар хариуцагч нь тус ** тоот орон сууц нь иргэн Н.Э-ийн өмчлөлийн эд хөрөнгө болохыг нэхэмжлэгчид мэдэгдэж байсан нь тогтоогдоогүй, нэхэмжлэгч энэ талаар мэдээгүй байх тул уг гэрээний үр дагаварыг нэхэмжлэгч хариуцахгүй, энэ үндэслэлээр хариуцагч нь зуучлалын гэрээний хөлс төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй.

Иймд анхан шатны шүүх зохигчийн хооронд байгуулсан зуучлалын гэрээг хүчин төгөлдөр гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хуульд нийцсэн бөгөөд хариуцагч нь гэрээ сунгах албан бичгийг өгөх үедээ гэрээг төлөөлөх эрхгүй этгээд байгуулсан гэсэн агуулгаар гаргасан хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй.

 

5. Талуудын хооронд Иргэний хуулийн 411 дүгээр зүйлийн 411.1 дэх хэсэгт Зуучлах онцгой эрхийн гэрээгээр зуучлуулагч нь тодорхой хугацааны турш өөр зуучлагчийн үйлчилгээнээс татгалзах, зуучлагч энэ хугацаанд гэрээ байгуулахад туслалцаа үзүүлэх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан зуучлалын онцгой эрхийн гэрээ байгуулагдаагүй байна.

Талууд ердийн журмаар зуучлалын гэрээ байгуулсны дагуу нэхэмжлэгч нь мөн хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт Зуучлалын гэрээгээр зуучлагч нь зуучлуулагчаас олгосон бүрэн эрхийн дагуу, түүний ашиг сонирхлын төлөө, хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх гэж заасан үүргээ биелүүлж худалдан авагч Б.А-тэй нэхэмжлэгч талыг холбож өгсөн, үүний үр дүнд ** тоот орон сууцыг хариуцагч худалджээ. Иймээс хариуцагч мөн хуульд зааснаар зуучлуулагч нь гэрээнд өөрөөр заагаагүй бол хөлс, шагнал төлөх үүргийг хүлээнэ гэж заасны дагуу тухайн ** тоот орон сууцыг 1,050,000,000 төгрөгөөр хуалдсан үнийн 2.75 хувь болох 27,500,000 төгрөгийг гэрээний 4.1-д зааснаар нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй. Мөн хариуцагч энэ үүргээ биелүүлээгүй байх тул гэрээний 8.3-т зааснаар нэхэмжлэгч 10,175,000 төгрөгийн алдангийг хариуцагчаас шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

Гэрч Б.А-гийн мэдүүлэгт unegui.mn цахим санд ** тоот орон сууцыг худалдахаар зар байршуулсан байсныг олж үзэж, нэхэмжлэгчийн агент Д.Х-тай холбогдон уг хөрөнгийг очиж үзсэн тухай дурдсан, мөн unegui.mn цахим мэдээллийн санд ** орон сууцыг худалдах зорилгоор зохих мэдээллийг хариуцагч бус нэхэмжлэгч байршуулсан талаар маргаагүй.

Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн байна. Хариуцагч талаас Р п-ХХК нь зуучлалын цогц үйл ажиллагааг явуулж гэрээний үүргээ биелүүлээгүй байхад шүүх Иргэний хуулийн 410 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж, мөн гэрээний зүйл нь *** тоот байсныг ** болгон өөрчилсөн нь алданги төлөх үндэслэл болохгүй гэсэн агуулгаар гаргасан давж заалдах гомдол нь дээрх байдлаар үгүйсгэгдсэн тул энэ талаархи гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

6. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, дээрх гэрээг хүчин төгөлдөр байдлын үндэслэл бүхий дүгнэн үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шийдлийн хувьд зөв боловч нэхэмжлэгчийн алданги шаардах эрхийг тодорхойлсон хуулийг шийдвэрийн тогтоох хэсэгт баримтлаагүй, мөн хариуцагчаас хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж маргасан байхад зуучлалын гэрээний зохицуулалтыг хэрэглэсэн нь хууль хэрэглээний хувьд буруу, мөн зохигчийн нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрийн тогтоох хэсэгт тус тусад бичигдсэнийг нэгтгэн найруулах байдлаар давж заалдах шатны шүүх залруулах боломжтой. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэж, тогтоох хэсэгт Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д тус тус заасныг нэмж тусгасан өөрчлөлтийг оруулна.

7. Дээрх үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 17-ны өдрийн 181/ШШ2024/01582 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтад ...410.1 дэх хэсэгт... гэснийг ...410.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт... гэж,

2 дахь заалтад ...410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт... гэснийг ...56 дугаар зүйлийн 56.1.1, 56.1.8-д заасан үндэслэлгүй тул... гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч З- ХХК-ийн төлсөн 416,530 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

Э.ЭНЭБИШ