Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 279

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга В.Орхон,

улсын яллагч Б.Баярхүү,      

иргэний хариуцагч Д.Нямсүрэн,     

хохирогчийн өмгөөлөгч Д.Эрдэнэтөгс,     

шүүгдэгч Т.Г , түүний өмгөөлөгч Ч.Нямцоож,

шүүгдэгч Г.Б , түүний өмгөөлөгч Ц.Туяа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 2, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б  овогт Т-ын Г  , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б  овогт Г-ийн    Б  нарт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1810007350127 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв. 

 

            Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, ...... оны 9 дүгээр сарын 18-нд Улаанбаатар хотод төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, бизнесийн удирдлага мэргэжилтэй,  эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Хан-уул дүүргийн 15 дугаар хороо, 29 дүгээр байрны 233  тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б  овогт Т-ын Г   /РД:ЧК83091817/

 

Монгол Улсын иргэн, 1956 оны 8 дугаар сарын 14-нд Улаанбаатар хотод төрсөн, 52 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын машин механизмын инженер мэргэжилтэй,  “Асиан тауэр” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт, Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 36-53  тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б  овогт Г-ийн    Б  /РД:ЕП56081413/

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Т.Г  нь 2017 оны 10 дугаар сард “Ай Би Ай Си Эм Органик фүүдс” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үедээ Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зүчи” зочид буудлын өргөтгөлд үйл ажиллагаа явуулдаг “Хаб” ресторан баарны тохижилтын засварын ажлыг хариуцан хийлгэх явцад “Асиан тауэр” ХХК-ийн захирал ажилтай Г.Б тай амаар харилцан тохиролцож тухайн ресторан баарны зоорийн давхарт тавцангийн талбайн 90х60 см хэмжээтэй өргөх төхөөрөмжийг хийлгүүлж, улмаар үйл ажиллагаандаа ашиглахдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан “Өргөх, зөөх, тээвэрлэх механизмд тавих шаардлага”, мөн зүйлийн 10.1 дэх хэсэгт “Өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан байна”, 10.2 дахь хэсэгт “Өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгсэлд мэргэжлийн байгууллагаар техникийн магадлагаа хийлгэж, зохих зөвшөөрлийг авсан байна”, 10.3 дахь хэсэгт “Өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгсэлд засвар үйлчилгээ, тохируулгыг техникийн баримт бичигт заасны дагуу аж ахуй нэгж байгууллага тодорхой хугацаанд хийж, эрх бүхий байгууллагаар баталгаажуулна”, 10.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 10.1, 10.2, 10.3-т заасан шаардлага хангагдсан байх нөхцөлийг ажил олгогч хангасан байна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж Өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгсэлд мэргэжлийн байгууллагаар техникийн магадалгаа хийлгэж, зохих зөвшөөрлийг аваагүй, улмаар засвар үйлчилгээ, тохируулгыг техникийн баримт бичигт заасны дагуу аж ахуй нэгж, байгууллага тодорхой хугацаанд хийж, эрх бүхий байгууллагаар баталгаажуулаагүй, шаардлага хангагдсан байх нөхцөлийг ажил олгогч хангаагүйн улмаас 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 19 цагийн үед иргэн М.Буниа нь дээрх өргөх, зөөх, тээвэрлэх төхөөрөмжөөр “Хаб” ресторан баарны зоорийн давхар руу буух үед тухайн төхөөрөмжийн тросс тасарч, улмаар М.Буниа унаж гэмтэн биед нь бүсэлхийн 1 дүгээр нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, баруун хөлийн өсгий ясны хугарал, баруун шагайн үенд шарх, баруун тохойнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан,

Мөн “Асиан тауэр” ХХК-ийн захирал ажилтай Г.Б  нь эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүй атлаа Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.14.6 дахь хэсэгт “барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил эрхлэх, барилгын материалын үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ, эрхлэх”, мөн барилгын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3 дахь хэсэгт заасан “өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж улмаар 20117 оны 10 дугаар сард “Ай Би Ай Си Эм Органик фүүдс” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Т.Г тэй амаар харилцан тохиролцож Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зүчи” зочид буудлын өргөтгөлд үйл ажиллагаа явуулдаг “Хаб” ресторан баарны зоорийн давхарт тавцангийн талбайн 90х60 см хэмжээтэй өргөх төхөөрөмжийг хийж гүйцэтгэсний улмаас 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 19 цагийн үед иргэн М.Буниа нь дээрх өргөх, зөөх, тээвэрлэх төхөөрөмжөөр “Хаб” ресторан баарны зоорийн давхар руу буух үед тухайн төхөөрөмжийн тросс тасарч, улмаар М.Буниа унаж гэмтэн биед нь бүсэлхийн 1 дүгээр нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, баруун хөлийн өсгий ясны хугарал, баруун шагайн үенд шарх, баруун тохойнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.         

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Т.Г  нь 2017 оны 10 дугаар сард Ай Би Ай Си Эм Органик фүүдс ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үедээ Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүчи зочид буудлын өргөтгөлд үйл ажиллагаа явуулдаг Хаб ресторан баарны тохижилтын засварын ажлыг хариуцан хийлгэх явцад Асиан тауэр ХХК-ийн захирал ажилтай Г.Б тай амаар харилцан тохиролцож тухайн ресторан баарны зоорийн давхарт тавцангийн талбайн 90х60 см хэмжээтэй өргөх төхөөрөмжийг хийлгүүлж, Өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгсэлд мэргэжлийн байгууллагаар техникийн магадалгаа хийлгэж, зохих зөвшөөрлийг аваагүй, улмаар засвар үйлчилгээ, тохируулгыг техникийн баримт бичигт заасны дагуу аж ахуй нэгж, байгууллага тодорхой хугацаанд хийж, эрх бүхий байгууллагаар баталгаажуулаагүй, шаардлага хангагдсан байх нөхцөлийг ажил олгогч хангаагүйн улмаас 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 19 цагийн үед иргэн М.Буниа нь дээрх өргөх, зөөх, тээвэрлэх төхөөрөмжөөр Хаб ресторан баарны зоорийн давхар руу буух үед тухайн төхөөрөмжийн тросс тасарч, улмаар М.Б хүндэвтэр хохирол учруулсан,

Мөн Асиан тауэр ХХК-ийн захирал ажилтай Г.Б  нь эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүй атлаа 2017 оны 10 дугаар сард Ай Би Ай Си Эм Органик фүүдс ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Т.Г тэй амаар харилцан тохиролцож Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зүчи зочид буудлын өргөтгөлд үйл ажиллагаа явуулдаг Хаб ресторан баарны зоорийн давхарт тавцангийн талбайн 90х60 см хэмжээтэй өргөх төхөөрөмжийг хийж гүйцэтгэсний улмаас 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 19 цагийн үед иргэн М.Буниа нь дээрх өргөх, зөөх, тээвэрлэх төхөөрөмжөөр Хаб ресторан баарны зоорийн давхар руу буух үед тухайн төхөөрөмжийн тросс тасарч, улмаар М.Б хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр тус тус учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Г.Г  ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би тухайн үед гүйцэтгэх захирал хийж байсан. Б тай гэрээ байгуулан өргөх төхөөрөмж хийлгэсэн байгаа. 2018 оны 3 дугаар сард манай түрээслэгч Буниа гуай тухайн төхөөрөмжөөр бууж байгаад гэмтэл авсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/  

2. Шүүгдэгч Г.Б ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Г  тэй харилцан тохиролцож өргөх төхөөрөмж хийсэн. Тухайн төхөөрөмжийн ажил дуусаагүй байсан. Би ажлаа хийж дуусаагүй байсан. Түүний дараа юу болсон талаар мэдэхгүй байсан. Тухайн үед Г   захирал ажиллаж байсан. Гэтэл ажлаа хүлээлцэх үед Г   захирал байхгүй байсан. Би ажлаа хүлээлгэж өгөөгүй байхад өргөх төхөөрөмжөөр хоёр хүн гарч байгаад гэмтэл авсан байсан. Би хийж гүйцэтгэсэн ажлаа бүрэн дуусгаагүй, хүлээлгэж өгөөгүй, аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөөгүй байхад төхөөрөмжөөр бууж байгаад гэмтэл авсан...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/  

3. Иргэний хариуцагч Ай Би Ай Си Эм Органик фүүдс ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Н-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Манай байгууллага хэд хэдэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа, манай байгууллага ярилцаад урьдчилгаа болох эмчилгээний 6.000.000 төгрөгийг төлөхөд татгалзах зүйгүй. Харин сүүлд гарсан эмчилгээний зардлыг одоогоор төлөх боломжгүй байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/    

4. Хохирогч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2017 оны 09 дүгээр 15-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байх HUB нэртэй рестораны зориулалттай байрыг Г   гэх хүнтэй сарын 8 сая төгрөгийн түрээстэйгээр 2 жилийн гэрээгээр түрээсэлсэн. Энэ байр нь албан ёсоор миний өөрийн нэр дээр гэрчилгээ нь байдаг байр юмаа. Энэ байрыг түрээсэлсний дараа уг байран дээрээ 2017 оны 03 дугаар сарын 17-ны өдөр очоод 19 цагийн үед уг байрны доод агуулахын хогны асуудлыг шийдэх, түрээсэлсэн байр маань ямархуу байдалтай байгааг үзэх зорилгоор агуулах руу ордог цахилгаанаар буудаг тавцан дээр Нямхүү гэх залуутай хамт доошоо орохоор гишгэсэн чинь уг тавцангийн тросс тасарч доош Нямхүү, бид хоёр хоёулаа ойчсон. Ингэж ойчоод миний баруун хөл шагайгаараа хугараад, арьс нь язарч, баруун хөлийн тавхай бяцарсан байсан. Ингээд тэр дороо Гэмтлийн эмнэлэг рүү хүргэгдэж очоод Яс үений гэмтлийн 2 дугаар тасагт хэвтэн эмчлүүлж байгаад 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хагалгаанд орж баруун хөлийнхөө өсгийг хадуулж, оёдол тавиулсан. Ингээд эмчилгээ хийлгэж байгаад 7 хоногийн дараа эмнэлгээс гарсан. Одоо өдөр болгон явж боолгож байна. 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр би хөлийнхөө хадаасыг авахуулна. Уг агуулах руу буудаг цахилгаан тавцангийн тросс тасарснаас би унаж миний баруун хөл шагайгаараа хугараад, арьс нь язарсан, баруун хөлийн тавхай бяцарсан байсан. Мөн тухайн үедээ өвчиндөө шаналаад өвчин намдаах тариа хийлгээд байсан бөгөөд хагалгааны дараа шарх эдгээд ирэхээр нь өвчин намдаах тариа хийхээ байгаад ирсэн чинь миний нуруугаар өвдөөд босож чадахаа больсон. Ингээд “Интер мед” эмнэлэгг компьютер томографийн зураг хийлгэсэн чинь нурууны сэртэн ясууд хоёр жижиг хэсэг газраар цуурсан байна гэсэн. Энэ рестораны зориулалттай байрыг Г   гэх хүнд түрээсэлснээс хойш өөрсдөө засвар хийж агуулах руу доош буудаг цахилгаан тавцан хийсэн байсан. Тухайн тавцан нь юу буулгах зориулалтаар хийлгэснийг мэдэхгүй байна. Цахилгаан тавцанг хийлгэсэн талаар гэрээ бичгийг нь үзүүлээгүй. Энэ цахилгаан тавцанг 2017 оны 9, 10 дугаар сарын үед манай байрьг түрээслэснийхээ дараа Г   засвар хийж байхдаа хийх гээд шал цоолсон байсныг би харсан юм. Тэр агуулах гээд байгаа доод подволийг бид нар ерөөсөө ашигладаггүй байсан бөгөөд Гунбилэг л агуулахын зориулалтаар ашиглана гээд цахилгаан буудаг тавцан хийсэн байсан Тэр подволь руу өөрөө бууж ордог шат байхгүй. Би подволь руу тэр орж гараад байгаа цахилгаан тавцангаар нь доош бууж орох юм байна гэж бодоод л буусан. Надад гомдолтой эмчилгээний зардпаа нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16/    

            5. Гэрч Д.Б-ын  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 19-20 цагийн үед ээж Буниагийн хамт Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байх “ХАБ" рестораны гадна “Ай Би Ай Си Эм Органик фүүдс” ХХК-ний нягтлан бодогч Нямсүрэнтэй цаг тохироод уулзсан Уулзаад уг баарны хогийг хэрхэн зайлуулах талаар ярьж байгаад уг баарны подволийн давхар руу буудаг цахилгаан тавцангаар буухаар болж уг тавцан дээр манай ээж М Буниа. Нямсүрэнгийн хамт зогсоод доошоо буух кнопоо дарахад тэр дороо цахилгаан тавцангийн тросс тасарч подволийн давхар руу доошоо манай ээж Буниа, Нямсүрэн хоёр унасан Ингэхэд би хажууд нь зогсоод дараа нь буух гэж хүлээж байсан бөгөөд ээж М.Буниа доор уначхаад орилсон. Ингээд хүмүүс дуудаад харахад манай ээж дээшээ хараад уначихсан хоёр хөл нь нугаларсан байдалтай, баруун хөлийн шагай хэсэг нь эргээд, яс, өөх хэсэг нь оймсоо цоолоод ил гарсан, цус гарсан байдалтай байсан. Нямсүрэн болохоор хөл дээрээ зогсож байсан. Ингэхээр нь би доошоо бууж ээжийнхээ хөлийг харахад баруун шагайн хэсгээс цагаан өөх шахагдаад ил гарсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26/

            6. Гэрч С.Д-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 19 цаг 17 минутын үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Зүчи” зочид буудлын урд талд байрлах “HUB" нэртэй бааранд, ажил дээрээ байж байхад гаднаас тус баарны эзэн Буниа орж ирээд доод давхарт байрлах агуулахын зориулалттай өрөөнөөс дулааны шугам шалгаж, хогны асуудлаа шийдэхээр манай байгууллагын нягтлан Нямсүрэнгийн хамт текний урд хэсэгт байрлах цахилгаан тавцангаар буух гээд зогсож байгаа харагдсан. Тэр үед би текний цаад хэсэгт ажлаа хийгээд явж байсан ба хойд талд чанга дуу гарахаар нь эргээд харахад цахилгаан тавцан доошоо уначихсан байхаар нь гүйж очоод харахад цахилгаан доор уначихсан, хажуу талаар нь тасарсан тросс унжсан байдалтай, Буниа эгчийн хоёр хөл нь тавцан дээр байрлалтай, бие хэсэг нь газар дээшээ харсан байдалтай, Нямсүрэн ах Буниа эгчийг татаад босгож байгаа харагдсан. Тэгэхээр нь түргэн дуудаж түргэний эмч ирж үзээд шагай өсгий хэсэг нь хүнд гэмтсэн байна гээд Гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан..” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21/  

          7. Гэрч Д.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Буниа эгчтэй уулзаад өөрсдийн “ресторан, баарнаас гарч байгаа хогоо хуванцар хогийн саванд хийгээд баарны доод подволийн давхарт байрлуулбал ямар бэ” гэхэд Буниа эгч “доошоо үзье" гээд “ХАБ” баар, рестораны текний зүүн урд талд доошоо подволийн давхар руу ордог тавцан дээр очоод Буниа эгч бид хоёр зогссон. Ингээд би тавцангийн дээд нүхний хэсгийн хамгаалалтын гинжийг таттал тавцан доош нэг талынх тросс нь тасарч, доошоо Буниа эгч бид хоёр хоёулаа унасан. Унахдаа би тросс тасарч доош унахдаа би хоёр гараараа дээд нүхэн хэсгийг тэвхдээд унасан бөгөөд доош унахдаа зүүн хажуугаараа унасан. Буниа эгч болохоор шууд доошоогоо биеийн жингээрээ унасан байх. Миний ард зогсож байсан болохоор яаж унасныг нь мэдэхгүй байна. Ингээд доор унасан чинь Буниа эгч дээшээ хараад унасан байсан бөгөөд Буниа эгчийн баруун хөлийн шагайн хэсгээс цус гарч байсан. Буниа эгч “хөл хөл” гээд ёолоод орилоод байсан. Миний хувьд хоёр булчингийн дотор хэсэг биеийн хөлийн зүүн гадна хэсэг хөндүүр орж арьс нь бага зэрэг зулгарсан байсан. Ингээд би догонцож босоод пивоны хайрцагийг давхарлаж Буниа эгчийг өндийлгөж суулгасан. Тэгээд л түргэн, цагдаа дуудахад түргэн түрүүлж ирээд Буниа эгчид эмнэлгийн анхны тусламж үзүүлээд боолт хийсэн бөгөөд дараа нь манай найз Эрдэнэхүү Буниа эгчийг үүрээд шатаар дээш гаргаж машинд суулган гэмтлийн эмнэлэг рүү би хамт очсон. Энэ “ХАБ” ресторан анх нээгдэх үеэр буюу 2017 оны 10 дугаар сард уг подволийн давхар руу буудаг цахилгаан тавцан хийгдсэн. Уг тавцанг анх гэрээгээр нэг компаниар хийлгэсэн гээд осол гарсны дараа гэрээг нь хайгаад олоогүй. Уг цахилгаан подволь руу буудаг тавцанг хэний зөвшөөрлөөр яагаад хийх болсныг мэдэхгүй байна. Урьд нь Г   нь “ХАБ' ресторан. баарыг хариуцсан гүйцэтгэх захирал байсан бөгөөд уг хүн нь хариуцаж уг цахилгаан тавцанг хийлгэсэн болов уу. Доош подволь руу буудаг тавцан нь ачаа буулгах зориулалттай бөгөөд хэчнээн килограмм ачаа буулгах зориулалттайг нь мэдэхгүй байна. Би Буниа эгчийг доош подволийн давхар луу бууж үзье гээд байхаар нь хамт доошоо орсон юм Уг тавцангаар манай “ХАБ” рестораны ажилчид доош, дээш орж гардаг байсан болохоор түүгээр буусан. “ХАБ” ресторан баарны доод подволийн давхар луу буудаг цахилгаан тавцанг хэдийд ямар хугацаанд үйлчилгээ, хийгдэх ёстойг нь мэдэхгүй байна. Миний мэдэхээр нээгдсэнээс хойш буюу 2017 оны 11 дүгээр сараас хойш уг тавцанд үйлчилгээ засвар хийгдэж байгаагүй... "Ай Би Ай Си Эм Органик фүүдс” ХХК-ний гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Т Г  ийн хүүхэд нь 2018 оны 02 дугаар сард цагаан сарын өмнө терж, өөрөө амаар “хүүхэд төрлөө, би харж хандах боллоо” гээд чөлөө авсан. Үүнээс хойш Т.Г  “Ай Би Ай Си Эм Органик фүүдс” ХХК-нийг хариуцаж ажиллаагүй. Ингээд 2018 оны 02 сард цагаан сараас хойш “Ай Би Ай Си Эм Органик фүүдс" ХХК-ний “ХАБ” ресторан баарыг менежер Хосбаяр нь үйл ажиллагааг нь хариуцан явуулж байсан бөгөөд ямар нэгэн зардал шийдвэрлэх асуудлаа толгой компанитай буюу надтай ярилцаж байгаад л гаргадаг байсан. Тухайн “Ай Би Ай Си Эм Органик фүүдс" ХХК-ний гүйцэтгэх захирлыг эзгүйд толгой компаниас үйл ажиллагааг нь удирдан зохион байгуулж байсан. Би тухайн үед “Ай Би Ай Си Эм” ХХК-ний гүйцэтгэх захирал байсан. Ингээд “Ай Би Ай Си Эм Органик фүүдс” ХХК- ний “ХАБ” ресторан, баар нь гүйцэтгэх захиралгүй явж байгаад 2018 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс Г  ийг албан ёсоор чөлөөлж оронд нь Ундрам гэж хүн томилогдож ажиллаж эхэлсэн. “Ай Би Ай Си Эм” ХХК-ний нь анх нэг гишүүнчлэлтэй бгөөд гишүүн, үүсгэн байгуулагч нь Б.Билгүүн байсан юм. Нэг гишүүнчлэлтэй болохоор Б.Билгүүн нь 100 хувь хувьцааг нь эзэмшдэг байсан. Ингээд уг компани үйл ажиллагаа явуулж байгаад 2017 оны 05 сард гадаад худалдааны чиглэлээр “Ай Би Ай Си Эм Органик фүүдс” ХХК-нийг байгуулж, уг компанийн нэр дээр тусгай зөвшөөрөл авч “ХАБ” ресторан, баарыг нээж ажиллуулсан. Ингээд компанийн гүйцэтгэх захирлаар тухайн үед Т.Г ийг томилж ажиллуулсан. Уг “Ай Би Ай Си Эм Органик фүүдс” ХХК-ний хувьцаа нь 100 хувь толгой компани болох “Ай Би Ай Си Эм” ХХК-ний мэдэлд байсан бөгөөд сая 2018 оны 05 дугаар сард би хувьцааг нь 100 хувь эзэмшихээр болж өөрийн нэр дээр гэрчилгээг шилжүүлсэн байгаа...гэсэн мэдүүлэг /хх-ийн 22-23, 24-25/  

            8. Гэрч Б.Б-иймөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ай Би Ай Си Эм Органик фүүдс" ХХК-ний хувьцааг 100 хувь толгой компани болох “Ай Би Ай Си Эм” ХХК эзэмшдэг байсан бөгөед 2018 оны 05 дугаар сараас Д.Нямсүрэн хувьцааг нь 100 хувь эзэмших болсон. “Ай Би Ай Си Эм” ХХК болохоор нэг гишүүнчлэлтэй, би хувьцааг 100 хувь эзэмшдэг байж байгаад 2017 оны 11 сараас хоёр гишүүнчлэлтэй болгож Д.Нямсүрэн нь хувьцааны 51 хувийг эзэмших болсон. Анх “Ай Би Ай Си Эм Органик фүүдс” ХХК тусгай зөвшөөрөл авч “HUB” баарыг нээж ажиллуулж эхэлсэн. Ингэж ажиллуулж эхлэхэд анх гүйцэтгэх захирлаар Т. Г   томилогдон ажиллаж байсан бөгөөд 2018 оны 02 дугаар сараас Г   ажил хариуцахаа орхиж, ажил хийхээ, оролцохоо больсон. Ингээд гүйцэтгэх захирал Г   байхгүй үеэр Д.Нямсүрэн бид хоёр үйл ажиллагааг ерөнхийдөө хариуцаад явуулж байсан. Ингээд үйл ажиллагаа явуулж байгаад би 2018 оны 03 дугаар 19-ний “Би Жи Ай” ХХК-ний үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажилд орж, түүнээс хойш өдөр тутмын үйл ажиллагаанд нь оролцох оролцоогоо багасгасан Гэхдээ надаас үйл ажиллагааны талаар Д.Нямсүрэн асууж зөвлөх үед нь би оролцож ажлын чиглэл өгч явж байсан. Би Ай Би Ай Си Эм Органик фүүдс” ХХК-ний “HUB” ресторан баарны доод подволь буудаг цахилгаан тавцанг яаж хийлгэсэн талаар би мэдэх зүйл байхгүй. Тухайн үед ажил хариуцаж хийлгэж байсан Т.Г  л мэдэж байгаа байх. Tap “HUB” ресторан баарны байрыг иргэн М.Буниа гуай гэрээ байгуулж 2017 оны 08 дугаар сараас түрээслэж засвар хийж байгаад 2017 оны 11 дүгээр сард үйл ажиллагааг нь эхлүүлсэн. Энэ барилгын засварын ажлыг Т.Г  хариуцан явуулж байсан. Гүйцэтгэх захирал Г   байхгүй үеэр Д.Нямсүрэн бид хоёр үйл ажиллагааг ерөнхийдөө хариуцаад явж байхад подволь руу буудаг цахилгаан тавцангийн аюулгүй байдлыг үзэж байсан зүйл байхгүй. Би өөрөе тэр бүр жижиг сажиг зүйлд ороод хутгалдаад явдаггүй. Манай доод талын хүмүүс үзэж хардаг зүйл байсан байлгүй дээ. Тэрийг бол би мэдэхгүй. Цахилгаан тавцанг яаж хэрхэн тавиулсан талаар надад мэдэх зүйл алга...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27/

9. Шүүгдэгч Т.Г ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би Ай Би Ай Си Эм Органик ФүүдсХХК- ний захирлаар 2017 оны 05 сард анх нээсэн өдрөөс эхлэн 2018 оны 01 сарын 25-ны өдрийг хүртэл ажилласан. Түүнээс хойш захирал нь хэн болсныг мэдэхгүй байна. Ажиллаж байхдаа Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутагт байх иргэн Буниа гэх хүний өмчлөлийн ресторан. баарны зориулалттай барилгыг түрээслэж “ХАБ” ресторан баарыг 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр нээж ажиллуулсан. Нээхээс өмнө уг түрээсэлж буй байранд засвар хийх явцдаа уг байрыг үнэтэй түрээсэлж байсан учир байрны подволийн хонгилыг агуулахын зориулалттай ашиглая гээд хамтарч уг компанийг нээсэн Оргил, Билгүүн, Нямсүрэн. Эрдэнэхүү, Хосбаяр бид нар ярилцсан. Ингээд шалны плитаг нь хуулах явцад уг байрны подволь руу хуучин гаргаж байсан болов уу гэмээр төмөр гагнаад цементэлсэн байсан шалны хэсгийг доош ухаж нүх гаргасан. Уг нүхээр доош 250 кг хүртэл ачаа, тээш буулгах. хүн буух зориулалттайгаар 89995377 утасны дугаартай хүнтэй ярилцаж тохироод, гэрээ хийсний үндсэн дээр цахилгаан тавцанг суурилуулж хийлгэсэн. Энэ цахилгаан тавцанг 3 сая төгрөгөөр хийлгэсэн. Уг барилгын подволь руу хүн буух зориулалттай шат байгаагүй учраас уг цахилгаан тавцанг хийлгэсэн. Уг барилгын доош буух цахилгаан тавцан эргэн тойрон хамгаалсан хайс байхгүйгээр бидэнд хийж өгсөн. Уг цахилгаан тавцан нь дээд шалнаас доош 1,60 метр орчим доошоо буудаг. Уг тавцан хийлгэсний дараа албан ёсны мэргэжлийн хяналтын газар болон ямар нэгэн зөвшөөрөл авсан зүйл байхгүй. ХАБ ресторан баарыг нээж ажиллуулж эхэлснээс хойш уг подволь руу буудаг цахилгаан тавцангаар хүн болон ачаа, тээш бууж гаргадаг байсан. Уг цахилгаан тавцанг ажиллуулж эхэлснээс хойш үйлчилгээ засвар хийлгэж байсан зүйл байхгүй Харин уг цахилгаан тавцанг хийж өгсөн хүн нь 2-3 удаа ирж хэрхэн ажиллаж байгааг нь үзээд явж байсан. Уг цахилгаан тавцанд үйлчилгээ, засварыг тодорхой хугацаагаар хийх гэрээ болон албан ёсны баримт бичиг байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17/  

            10. Шүүгдэгч Г.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “....Би 2017 оны 10 дугаар сард Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо “Зүчи” зочид буудлын хажууд талд байрлах баарны зориулалттай ажиллахаар тохижуулж засвар хийж байсан талбайд 1 дүгээр давхраас зоорийн давхар руу ачаа тээвэрлэх зориулалттай тавцан хийж өгсөн. Гэтэл 2018 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 19 цаг 16 минутын үед 99005526 дугаараас залгаж тавцангийн тросс тасарч хүн, уначихлаа гэж хэлэхээр нь ирж шалгахад өргөгчний ган татлаганы төгсгөлийн бэхэлгээнээс 1 2-1.4 метр зайд нэлээн удаанаар элэгдсэн байдалтай сэмэрч тасарсан байна. Миний суурилуулж өгсөн өргөгч нь 4 авдар пиво өргөж буулгахад зориулалттай, суурилуулж өгсөн. Гэхдээ аваарын ашиглалтын даац нь 200 кг, троссны даац нь 1.2 тонн даацтай, шинэ тросстой либотка угсарсан байгаа Троссны тасарсан байдлыг харахад юманд үрэгдэж удаан ашигласан байдал харагдаж байна. Би угсралтыг хийж өгсөн. Хэрвээ засвар үйлчилгээний гэрээг хийсэн бол 1 cap тутам засвар үйлчилгээг төлбөртэй хийж өгөх байсан. Гэтэл тухайн байгууллага гэрээ байгуулаагүй. Тэгэхээр тухайн байгууллага аюулгүй ажиллагаагаа хариуцна. ...Би тухайн “ХАБ” рестораны засвар хариуцан хийлгэж байгаа хүнтэй нь амаар ярилцаж байгаад тэр өргүүрийг тавьж өгсөн. Амаар ярихдаа 4 пиво тавих өргүүрийг 2,800,000 төгрөгөөр тохирч, хийлгэхээр болоод би хийж өгсөн. Би “ХАБ” рестораны засвар хийлгэж байгаа хүмүүстэй бичгээр гэрээ байгуулаагүй, уг өргүүрийг хийж өгсөн. Амаар ярилцаад урьдчилгаанд би 1,500,000 төгрөг авсан юм. Одоо 1,300,000 төгрөг авах ёстой бөгөөд үүнийгээ өгөхгүй, утсаа ч авахгүй байгаа. Миний “ХАБ” ресторан бааранд хийж өгсөн өргүүр нь зөвхөн 4 хайрцаг пиво өргөх зориулалттай бөгөөд 100 кг-аас доош ачаа буулгах, өргөх зориулалттай өргүүр хийсэн бол зөвшөөрөл авдаггүй юм. Хүн суух зориулалттай өргүүр, лифт бол заавал Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас зөвшөөрөл авах ёстой байдаг. Мөн 100 кг-аас дээш ачаа, дээш, доош буулгах, өргөх өргүүр, лифтэнд заавал Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас зөвшөөрөл авдаг. Тухайн байгууллага нь надаар өргүүр тавиулчхаад үлдэгдэл менгөө төлөөгүй учраас би өргүүрийн ашиглалтын болон аюулгүй ажиллагааны зааварчилгааг нь өгч чадаагүй. Уг нь өгөхөөр залгасан, мессеж бичсэн боловч утсаа авахгүй, үлдэгдэл мөнгөө өгөхгүй байсан. Ийм өргүүр болон лифтийг cap бүр заавал үзлэг үйлчилгээг хийлгэж байх ёстой юм. Уг өргүүр нь яг текний ам буюу гарцны аман дээр болохоор байнга дээр байрлалтай байлгах зориулалттай бөгөөд түүн дээгүүр зам болгон хүн явж болно гэдгийг хэлж байсан. Би одоо тэтгэвэрт байдаг бөгөөд миний мэргэжил барилгын машин механизм, тоног төхөөрөмж хариуцсан механик инженер мэргэжилтэй. Үүнийхээ дагуу хувиараа уг “ХАБ” ресторанд өргүүр хийж өгсөн. Надад өргүүр лифт тавих тусгай зөвшөөрөл байхгүй. ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18, 19-20/

          11. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Барилгын техник, өргөх механизмын хяналтын улсын ахлах байцаагч П.Дашдаваагийн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 2018-01 дугаартай дүгнэлт /хх-32-33/

          12. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Г.Энхбаатарын 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 98 дугаартай дүгнэлт:

          -М.Б-ийн биед бүсэлхийн 1-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, баруун хөлийн өсгий ясны ил хугарал, баруун шагайн үенд шарх, баруун тохойнд цус хуралт гэмтэл учирчээ.

          -Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

          -Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

          -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. /хх-153-154/

          13. Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-10-13/

          14. Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 11/2417 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ай Би Ай Си Эм Органик фүүдс ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагаа /хх-146-147,

          15. Иргэний хариуцагч Ай Би Ай Си Эм Органик фүүдс ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Н-ийн “...Манай компани иргэн М.Буниа гуайд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, эмчилгээний зардлыг 2019 оны 3 дугаар сарын эхний 10 хоногт нь төлнө. Одоогоор эмчилгээний зардлаас нь нэг ч төгрөг төлж чадаагүй яваа..” /хх-195-196/

          16. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч Г.Эрдэнэхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд зааснаар өргөх байгууламж үйлдвэрлэх, угсрах, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээд нь дээрх хуулийн 15 дугаар зүйлд зааснаар тусгай зөвшөөрөл авч ажил гүйцэтгэнэ. Түүнээс хувь хүн өргөх байгууламж угсрах, засвар үйлчилгээ хийх нь хууль зөрчсөн үйлдэл юм. Тийм болохоор 100 кг доош буюу бага даацтай өргөх төхөөрөмж угсрах, засварлахад заавал тусгай зөвшөөрөл шаардана. Мөн мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2011 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 3/2665 дугаартай ажлын чиглэлд зааснаар шинжилгээг нарийн тусгай мэдлэгийн хүрээнд дүгнэлт гаргах ба дүгнэлтийг гаргахдаа байгууллагын нэрийн өмнөөс дүгнэлт гаргаагүй, байгууллагын тэмдэг, бланк, улсын байцаагчийн тэмдэг ашиглахгүй гэж заасан байгаа. Үүний улмаас Дашдаваа дүгнэлт гаргахдаа тамга, тэмдэг, бланк ашиглаагүй байгаа...” гэсэн мэдүүлэг /хх-198-199/

           17. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын тамгын даргын 2011 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 3/2665 дугаартай шинжээчээр ажиллах талаар чиглэл өгөх тухай албан бичиг /хх-215/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.   

            Шүүгдэгч Т.Г , Г.Б  нар нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 224, 225/-аар тогтоогдлоо. 

            Шүүгдэгч нарыг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№98/-ний дүгнэлт, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Барилгын техник, өргөх механизмын хяналтын улсын ахлах байцаагч П.Дашдаваагийн 2018 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 2018-01 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 2, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Г , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Б  нарт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч нарын үйлдэлд тохирсон байна.   

Учир нь шүүгдэгч Т.Г  нь 2017 оны 10 дугаар сард “Ай Би Ай Си Эм Органик фүүдс” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байх үедээ Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зүчи” зочид буудлын өргөтгөлд үйл ажиллагаа явуулдаг “Хаб” ресторан баарны тохижилтын засварын ажлыг хариуцан хийлгэх явцад “Асиан тауэр” ХХК-ийн захирал ажилтай Г.Б тай амаар харилцан тохиролцож тухайн ресторан баарны зоорийн давхарт тавцангийн талбайн 90х60 см хэмжээтэй өргөх төхөөрөмжийг хийлгүүлж, улмаар үйл ажиллагаандаа ашиглахдаа Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан “Өргөх, зөөх, тээвэрлэх механизмд тавих шаардлага”, мөн зүйлийн 10.1 дэх хэсэгт “Өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангасан байна”, 10.2 дахь хэсэгт “Өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгсэлд мэргэжлийн байгууллагаар техникийн магадлагаа хийлгэж, зохих зөвшөөрлийг авсан байна”, 10.3 дахь хэсэгт “Өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгсэлд засвар үйлчилгээ, тохируулгыг техникийн баримт бичигт заасны дагуу аж ахуй нэгж байгууллага тодорхой хугацаанд хийж, эрх бүхий байгууллагаар баталгаажуулна”, 10.4 дэх хэсэгт “Энэ хуулийн 10.1, 10.2, 10.3-т заасан шаардлага хангагдсан байх нөхцөлийг ажил олгогч хангасан байна” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж Өргөх, зөөх, тээвэрлэх хэрэгсэлд мэргэжлийн байгууллагаар техникийн магадалгаа хийлгэж, зохих зөвшөөрлийг аваагүй, улмаар засвар үйлчилгээ, тохируулгыг техникийн баримт бичигт заасны дагуу аж ахуй нэгж, байгууллага тодорхой хугацаанд хийж, эрх бүхий байгууллагаар баталгаажуулаагүй, шаардлага хангагдсан байх нөхцөлийг ажил олгогч хангаагүйн улмаас 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 19 цагийн үед иргэн М.Буниа нь дээрх өргөх, зөөх, тээвэрлэх төхөөрөмжөөр “Хаб” ресторан баарны зоорийн давхар руу буух үед тухайн төхөөрөмжийн тросс тасарч, улмаар М.Буниа унаж гэмтэн биед нь бүсэлхийн 1 дүгээр нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, баруун хөлийн өсгий ясны хугарал, баруун шагайн үенд шарх, баруун тохойнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан,   

Мөн “Асиан тауэр” ХХК-ийн захирал ажилтай Г.Б  нь эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүй атлаа Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.14.6 дахь хэсэгт “барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, барилга угсралтын ажил эрхлэх, барилгын материалын үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ, эрхлэх”, мөн барилгын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3 дахь хэсэгт заасан “өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл, угсралт, засвар үйлчилгээ эрхлэх” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж улмаар 20117 оны 10 дугаар сард “Ай Би Ай Си Эм Органик фүүдс” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Т.Г тэй амаар харилцан тохиролцож Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зүчи” зочид буудлын өргөтгөлд үйл ажиллагаа явуулдаг “Хаб” ресторан баарны зоорийн давхарт тавцангийн талбайн 90х60 см хэмжээтэй өргөх төхөөрөмжийг хийж гүйцэтгэсний улмаас 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 19 цагийн үед иргэн М.Буниа нь дээрх өргөх, зөөх, тээвэрлэх төхөөрөмжөөр “Хаб” ресторан баарны зоорийн давхар руу буух үед тухайн төхөөрөмжийн тросс тасарч, улмаар М.Буниа унаж гэмтэн биед нь бүсэлхийн 1 дүгээр нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, баруун хөлийн өсгий ясны хугарал, баруун шагайн үенд шарх, баруун тохойнд цус хуралт бүхий хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулсан хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг тус бүр үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.   

Шүүгдэгч Г.Б ын өмгөөлөгч Ц.Туяа шүүх хуралдаанд: “…Гэмт хэргийн шинжгүй тул хэрэгсэхгүй болгох өгнө үү. Шүүгдэгч Г  , Б  нар энэ талаар маргаагүй, захиалагч байгууллага нь зооринд зутгалтын ажил хийхээр тохиролцсон байсан боловч өөрсдөө хийж гүйцэтгээгүй, мөн төлбөрөө хийж дуусгаагүй, миний үйлчлүүлэгч нь ажлынхаа 10 хувийг хийж гүйцэтгээд ажлаа хүлээлгэж өгөөд үлдэгдэл хөлсөө авах гэсэн боловч тухайн байгууллагын удирдлагууд нь алга болсон, анх гэрээ байгуулсан Г   захирал нь ажлаа өгөөд явсан байсан. Миний үйлчлүүлэгчийг өргөх төхөөрөмжийг угсарсан байдлыг буруутгаж байсан боловч миний үйлчлүүлэгч нь өргөх төхөөрөмжийг бүрэн гүйцэт хийж дуусаагүй байсан. Албан ёсоор хүлээлгэж өгөөгүй, эрх бүхий байгууллагаар баталгаажуулаагүй байхад хэний зөвшөөрлөөр тухайн өргөх төхөөрөмжийг ашиглаж байсныг тогтоож өгөөгүй байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Б ын буруутай үйлдэл байхгүй гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Тиймээс Б д холбогдох хэргийг цагаатгаж өгнө үү ....”  гэсэн,

Шүүгдэгч Т.Г ийн өмгөөлөгч Ч.Нямцоож шүүх хуралдаанд: “…Өнөөдрийн хохирогч Буянаагийн биед гэмтэл учирсанд маргахгүй байгаа, үүнд харамсаж байна. Анх Б тай өргөх төхөөрөмж хийхээр гэрээг Г   байгуулсан. Гэтэл тухайн ажил хийгдэж дуусны дараа Г   байгаагүй, Г   нь өөрийн хүсэлтээр 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс ажлаасаа чөлөөлөгдсөн байсан. Тухайн үед Г   нь шинэ хүүхэд төрсөн гээд ажлаа албан ёсоор хүлээлгэн өгсөн гэдгийг тухайн байгууллагын хувьцаа эзэмшигч нар мэдүүлэгтээ өгсөн байдаг. Харин удирдлагын хурлыг 4 дүгээр сард хийснээр Г  ийг 4 сард чөлөөсөн шийдвэрээ гаргасан байдаг. Хохирогчийн өмгөөлөгч хохирол төлбөрийг хэнээс нэхэмжилж байгаагаа тодорхой хэлсэн. Тиймээс шүүгдэгч нарыг цагаатгаж өгнө үү ...” гэсэн тайлбаруудыг тус тус гаргажээ.  

Шүүгдэгч Т.Г  нь 2017 оны 5 дугаар сард “Ай Би Ай Си Эм Органик фүүдс” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж /Д.Н-ийн мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2017 оны 5 дугаар сард “Ай Би Ай Си Эм Органик фүүдс” ХХКомпанийг байгуулж, уг компанийн нэр дээр тусгай зөвшөөрөл авч “Хаб” ресторан баарыг нээж ажиллуулж компанийн гүйцэтгэх захирлаар Т.Г ийг томилж ажиллуулсан ...” гэсэн мэдүүлэг/ 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн /, “Ай Би Ай Си Эм Органик фүүдс” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаартай “Г  ийг ажлаас чөлөөлөх тухай”  тушаалаар ажлаас чөлөөлсөн 1хх-101/ байх тул Т.Г  нь 2017 оны 10 дугаар сард буюу хэрэг гарах үед “Ай Би Ай Си Эм Органик фүүдс” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.   

Асиан тауэр” ХХК-ийн захирал ажилтай Г.Б  нь эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүй, Т.Г тэй гэрээ хэлцэл байгуулаагүй, амаар харилцан тохиролцож 90х60 см хэмжээтэй өргөх төхөөрөмжийг хийж гүйцэтгэсэн болох нь Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч Г.Эрдэнэхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд зааснаар өргөх байгууламж үйлдвэрлэх, угсрах, засвар үйлчилгээ эрхлэх хуулийн этгээд нь дээрх хуулийн 15 дугаар зүйлд зааснаар тусгай зөвшөөрөл авч ажил гүйцэтгэнэ. Түүнээс хувь хүн өргөх байгууламж угсрах, засвар үйлчилгээ хийх нь хууль зөрчсөн үйлдэл бөгөөд тусгай зөвшөөрөл заавал шаардана... “ гэсэн мэдүүлэг, шүүгдэгч, гэрч нарын мэдүүлэг зэргээр хангалттай тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй.    

Иймд шүүгдэгч Т.Г , Г.Б  нарыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1, 2, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.     

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч  Т.Г , Г.Б  нарт холбогдсон гэмт хэрэг нь яллах дүгнэлтэд дурдсанаар 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр үйлдэгдсэн байх бөгөөд гэмт хэрэг үйлдэгдсэнээс нэг жил нэг хоногийн хугацаа өнгөрчээ.  

Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “..дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ гэж, мөн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад “..эсхүл зорчих эрхийг хязгаарлах ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолно” гэж тус тус хуульчилсан байх тул Т.Г , Г.Б  нарт холбогдох гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2019 оны 3 дугаар сарын 17-ны өдөр дуусгавар болжээ.   

          Б  овогт Т-ын Г  , Б  овогт Г-ийн    Б  нарт холбогдох эрүүгийн 1810007350127 дугаартай хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.  

Иргэний хариуцагч “Ай Би Ай Си Эм Органик фүүдс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Н-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Манай байгууллага хэд хэдэн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа, манай байгууллага ярилцаад урьдчилгаа болох эмчилгээний 6.000.000 төгрөгийг төлнө. Харин сүүлд гарсан эмчилгээний зардлыг одоогоор төлөх боломжгүй байна...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Манай компани иргэн М.Буниа гуайд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, эмчилгээний зардлыг 2019 оны 3 дугаар сарын эхний 10 хоногт нь төлнө. Одоогоор эмчилгээний зардлаас нь нэг ч төгрөг төлж чадаагүй яваа...” /хх-195-196/ гэж мэдүүлжээ. Хохирогч М.Буниа нь хавтаст хэрэгт 17.938.850 /арван долоон сая есөн зуун гучин найман мянга найман зуун тавь/ төгрөгийн санхүүгийн баримт гаргаж өгсөн байна.  

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт “…Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ…“ гэснийг тус тус зааснаар иргэний хариуцагч “Ай Би Ай Си Эм Органик фүүдс” ХХК-аас 17.938.850 /арван долоон сая есөн зуун гучин найман мянга найман зуун тавь/ төгрөгийг хохирогч М.Б олгохоор шийдвэрлэв.     

             Хохирогч М.Буниа нь эмчилгээний болон гэм хорын зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэйг болохыг дурдъя.   

 Т.Г , Г.Б  нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 9 метрийн урт 1 ширхэг троссыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж шийдвэрлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Б  овогт Т-ын Г  , Б  овогт Г-ийн    Б  нарыг хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүй учруулсан гэм буруутайд тооцсугай.

          2. Б  овогт Т-ын Г  , Б  овогт Г-ийн    Б  нарт холбогдох эрүүгийн 1810007350127 дугаартай хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

            3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний хариуцагч “Ай Би Ай Си Эм Органик фүүдс” ХХК-аас 17.938.850 /арван долоон сая есөн зуун гучин найман мянга найман зуун тавь/ төгрөгийг хохирогч М.Б олгосугай.

             4. Хохирогч нь эмчилгээний болон гэм хорын зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.   

 5. Т.Г , Г.Б  нарт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.  

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 9 метрийн урт 1 ширхэг троссыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.   

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Т.Г , Г.Б  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР