Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2024/01426

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2024/01426

 

Б.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 10-ны өдрийн 101/ШШ2024/02553 дугаар шийдвэртэй,

Б.О-ийн нэхэмжлэлтэй, БЗДЗД-д холбогдох,

Ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 17,217,872 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Б.О-ийг БЗДЗД-ын 2022 оны 04 сарын 01-ний өдрийн *** дугаартай захирамжаар үндэслэлгүйгээр ажлаас халсан. Тус шүүхийн 2022 оны 12 сарын 06-ны өдрийн ******* шийдвэрээр Нийслэлийн Баянзүрх дүүргийн ********** ****************ээр ажил албан тушаал эрхлэгчээр эгүүлэн тогтоож, 2022 оны 04 сарын 01-ний өдрөөс 2022 оны 09 сарын 30-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн. НБГ-аас 2023 оны 09 сарын 18-ны өдрийн *******тай тушаалаар Б.О-ийг эгүүлэн ажил албан тушаалд нь томилсон.

Иймээс ажлаас үндэслэлгүй халсан БЗДЗД-, нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг хариуцах нь зүйтэй гэж үзэж байна. Иймд 2022 оны 09 сарын 30-ны өдрөөс Б.О-ийг ажилд нь эгүүлэн томилсон 2023 оны 09 сарын 18-ны өдрийг хүртэл нийт ажлын 238 хоног байна. Шүүхийн шийдвэрээр Б.О-ийн нэг өдрийн цалин хөлсийг 72,344 төгрөг болохыг тогтоосон. Иймд БЗДЗД-ас ажилгүй байсан хугацааны цалин хөлс нийт 17,217,872 төгрөгийг гаргуулж, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Хуульд өөрчлөлт орж ****************ийг НБГ томилохоор болсон тул дүүргийн ЗД ажилтан, сургууль, ****************, захирлууд томилдог, чөлөөлдөг эрх хэмжээ байхгүй болсон тул нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг хариуцах үндэслэлгүй. Мөн 2022 оны 12 сарын 06-ны өдөр шүүхийн шийдвэр гарсан байхад нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинг 2022 оны 10 сарын 01-ний өдрөөс нэхэмжилсэн нь үндэслэлгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д зааснаар хариуцагч  БЗДЗД-ас 17,217,872 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.О-д олгож, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутган төлөхийг БЗДЗД-д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 314,240 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 314,240 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагч талын давж заалдах гомдлын агуулга: Б.О-ийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг олгохоор Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 06-ны өдрийн 101/ШШ2022/*******тай шийдвэр гарсан. Монгол Улсын Их хурлаас 2023 оны 07 сарын 07-ны өдөр баталсан "Боловсролын ерөнхий хууль"-ийн 28 дугаар зүйлийн 28.6 дахь хэсэгт зааснаар ****************ийг нийслэлийн боловсролын газрын дарга томилж, чөлөөлдег эрх зүйн зохицуулалт бий болсон нь дүүргийн Засаг даргын эрх хэмжээнд хамаарахгүй болсон байна. Нийслэлийн боловсролын газрын даргын 2023 оны 09 сарын 18-ны өдрийн Б/172 дугаар тушаалаар Б.О-ийг **************************ээр томилсон байхад шүүх Б.О-ийг ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн хууль бус шийдвэрийн үр дагаврыг хожим хуулийн дагуу ажилд нь эгүүлэн томилсон Нийслэлийн боловсролын газарт хамаааруулах үндэслэлгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн.

Б.О-ийг урьд эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоосон Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр 2022 оны 12 сарын 06-ны өдөр гарсан байхад шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг 2022 оны 09 сарын 30-ны өдрөөс ажилд эгүүлэн томилогдсон 2023 оны 09 сарын 18-ны өдрийг хүртэл хугацаагаар тооцсон нь шүүхийн шийдвэр гарахаас өмнөх цаг хугацааг хууль бусаар оруулан тооцож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний ноцтой зөрчил гаргасан.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга: Захиргааны ерөнхий хуульд зааснаар Засаг дарга хууль бус шийдвэр гаргасан гэдгийг шүүх тогтоосон. Анх захиргааны актыг гаргасан хүн учирсан хохирлыг хариуцах ёстой. Засаг даргын гаргасан шийдвэр нь захиргааны актын нэг хэлбэр. Анхан шатны шүүх хариуцагчийг албадаж ирүүлсэн. 2023 оны 07 сарын 07-ны өдөр хуульд өөрчлөлт орсон нь хариуцагчийн гаргасан гомдолтой хамааралгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг хариуцагч талын гомдолд дурдсан үндэслэлээр хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Б.О- нь хариуцагч БЗДЗД- болон НБГ-т тус тус холбогдуулан ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 17,217,872 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг даалгахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч БЗДЗД- нь нийслэлд харьяалагдах ****************ийг ажилд томилох эрх нь Боловсролын Ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.6 дахь хэсэгт зааснаар Нийслэлийн Боловсролын газарт шилжсэн тул Б.О-ийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцахгүй гэсэн үндэслэлээр эс зөвчөөрч маргасан, нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Нийслэлийн Боловсролын газарт холбогдох нэхэмжлэлээс татгалзжээ.

 

3. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 06-ны өдрийн ******* шийдвэрээр Б.О-ийг нийслэлийн Баянзүрх дүүргийн **************************ийн албан тушаалд эгүүлэн тогтоосон боловч хариуцагч БЗДЗД- хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй байна.

Харин Боловсролын Ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.6 дахь хэсэгт заасныг баримтлан Нийслэлийн Боловсролын газрын даргын 2023 оны 09 сарын 18-ны өдрийн Б/172 дугаар тушаалаар Б.О-ийг урьд эрхэлж байсан **************************ийн албан тушаалд томилжээ.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч БЗДЗД- нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүй тул нэхэмжлэгч Б.О-ийн ажилгүй байсан хугацаанд үүссэн эрх зүйн үр дагаврыг хариуцах үүрэгтэй.

Нэхэмжлэгч нь 2022 оны 09 сарын 30-ны өдрөөс Б.О-ийг ажилд нь эгүүлэн томилсон 2023 оны 09 сарын 18-ны өдрийг хүртэл хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговор шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 12 сарын 06-ны өдрийн ******* шийдвэрээр нэхэмжлэгчийн нэг өдрийн цалин хөлсийг 72,344 төгрөгөөр тооцсоныг үндэслэн нэхэмжлэгч Б.О-ийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговрыг 2022 оны 09 сарын 30-ны өдрөөс 2023 оны 09 сарын 18-ны өдрийг хүртэл нийт 238 хоногоор тооцож 17,217,872 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг даалгаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1.6, 43 дугаар зүйлийн 43.2.7, 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт тус тус заасан зохицуулалтад нийцжээ.

 

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдэврийг хэвээр үлдээж, хариуцагч талын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 10-ны өдрийн 101/ШШ2024/02553 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч БЗДЗД- давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Э.ЭНЭБИШ