Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 22 өдөр

Дугаар 311

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС   

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батболор даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн,

улсын яллагч Д.Мөнхцэцэг,  

шүүгдэгч Н.А нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Н-ийн  А-д  холбогдох эрүүгийн 1910004810200 дугаартай, 187/2019/0300/Э индекстэй хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, ..... оны ..... дугаар сарын ......-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .... настай, эрэгтэй, ....... боловсролтой, мэргэжилгүй, Био комбинат ХХК-нд ажилтай, ам бүл ........ дүүгийн хамт, Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, .......... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, Б овогт Н-ийн  А /РД:.................../

 

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Н.А нь 2019 оны 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аэро” караокений гадна хохирогч Ч.Б-тэй тухайн үед бий болсон таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэхэд: Шүүгдэгч Н.А нь 2019 оны 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Аэро караокений гадна хохирогч Ч.Б-тэй таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:

1. Шүүгдэгч Н.А-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэсэн мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэл/

            2. Хохирогч Ч.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2 дугаар сарын 13-ны шөнө “Аэро” караокед эхнэр, эхнэрийн найз Энхжин нарын хамт сууж, архи, пиво ууж байгаад 00 цагийн үед гараад хүнд зодуулсан. Би согтуу байсан болохоор санахгүй байгаа юм. Энхэр нэг залуу Энхжинтэй танилцах гээд дугаарыг нь асуугаад байсан. Тэгтэл тэр залуутай маргалдаж муудалцаад зодуулсан гэж байсан. Тухайн залууд зодуулж байхдаа гар утас, малгайгаа хаясан, куртик урагдсан байсан тул нэхэмжилж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 6-11/

            3. Гэрч С.А-ийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...00 цагийн үед “Аэро” караокеноос гараад бид гурав явах гэж байтал араас нэг залуу гарч ирээд найз Энхжинтэй танилцаж утасны дугаарыг нь авах гээд байж байтал манай нөхөр ирээд бид хоёрыг явъя гэтэл нөгөө залуу амандаа ямар халтар хүнтэй явж байгаа юм гээд хэлээд байсан. Тэрийг манай нөхөр сонсоод нөгөө залуутай маргалдсан чинь манай нөхрийг цохиод газар унагаагаад хэд хэдэн удаа цохьсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12-14/

            4. Гэрч Б.Э-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би гадаа гарч ирээд утсаа оролдоод байж байтал караокед таарсан залуу гараад ирчихсэн байхаар нь чи био орох бил үү, машинтай явж байна уу, машинтай бол бид гурав хамт явна шүү гээд юм ярьж байтал та хоёр халтар хүнтэй юу хийгээд байгаа юм гэж надад хандаж 2 удаа давтаж хэлсэн. Үүнийг Болд-Эрдэнэ сонсоод нөгөө залуутай маргалдаж барьцалдаад авсан чинь Болд-Эрдэнийг гараараа нүүрэн тус газар нь цохиод хөлөөрөө өшиглөөд байсан. Тэгээд энэ хоёр газар унасан. Алтанзаяа бид хоёр очоод салгасан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-17/

           5. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№2424/-ний дүгнэлт:

            -Ч.Б-ийн биед дух, зүүн нүдний гадна булан, хацар, дээд уруул, баруун ташаа, зүүн өвдөгний зулгаралт, баруун нүдний доод зовхи, дотор булангийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            -Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйчлэлээр үүсгэгдэнэ.

            -Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

            -Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            -Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 26/

            6. Шүүгдэгч Н.А-ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Нөгөө залууг зүүн гараараа нэг удаа баруун талын хацар руу нь цохьсон, барьцалдаж байгаад хамт газар унасан. Энэ үед нөгөө залуугийн эхнэр нь араас миний үснээс зулгааж, намайг салгасан. Би босох үедээ нөгөө залуугийн хэвлий хэсэг рүү нь 1 удаа өшиглөсөн. Дүгнэлтэд учруулсан гэмтлийг би учруулсан. Хохирлыг барагдуулна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-42/ гэх зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна. 

            Шүүгдэгч Н.А нь урьд ял шийтгэл хүлээж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47/-аар тогтоогдлоо.

            Шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.1, 25.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал хангалттай хийгдсэн, хүний биед хийгдсэн шүүх эмнэлгийн шинжилгээ /№2424/-ний дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгчийн үйлдэлд тохирсон байна.

Учир нь шүүгдэгч Н.А нь 2019 оны 02 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Аэро” караокений гадна хохирогч Ч.Б-тэй таарамжгүй харьцааны улмаас маргалдан толгой руу нь 1-2 удаа цохиж, 1 удаа өшиглөн зодож түүний биед дух, зүүн нүдний гадна булан, хацар, дээд уруул, баруун ташаа, зүүн өвдөгний зулгаралт, баруун нүдний доод зовхи, дотор булангийн цус хуралт бүхий гэмтэл учруулсныг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бүрэн үндэслэлтэй.        

Иймд шүүгдэгч Н.А-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэв.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус баримтлан шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Н.А шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: “......Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй, хохирол 376.500 төгрөгийг хүлээн авсан...” гэсэн хүсэлт /хх-ийн 70/, түүний хувийн байдал /...27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Био комбинат ХХК-нд ажилтай, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт амьдардаг.../ гэсэн зэргийг харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.А-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зохимжтой гэж үзсэн болно.   

Шүүгдэгч Н.А-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдъя.   

Н.А-д  холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  

 

            1. Шүүгдэгч Б овогт Н-ийн  А-ийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Н-ийн  А-ийг  500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Н.А-д  оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Н.А-д  холбогдох иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол хорих ялаар сольж эдлүүлдэг болохыг Н.А-д  сануулсугай.   

6. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

8. Эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Н.А-д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.    

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ

                                                ШҮҮГЧ                                              Б.БАТБОЛОР