Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 225/МА2019/00016

 

 

 

 

 

2019 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 225/МА2019/00016

 

 

 

Л.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Н.Баярхүү, Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А нарыг оролцуулан хийсэн хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 422 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Л.Бгийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ХААН банкны Хөвсгөл аймаг дахь салбарт холбогдох Хаан банкны Хөвсгөл салбарын хууль бус үйлдлийг зогсоож, данс барилтаас Хаан банк дахь С дугаартай дансыг чөлөөлүүлэх тухай маргаантай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Л.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие өндөр насны тэтгэвэрт байдаг бөгөөд 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тэтгэврийн мөнгөнөөс нэг ч төгрөг авч чадалгүй хохирсоор өнөөдрийг хүрлээ. Энэ нь ХААН банкны хууль бус үйл ажиллагаатай холбоотой юм. Яагаад банкны зүгээс илт давуу байдлаа ашиглан миний эрхийг зөрчөөд байгааг огт ойлгохгүй байгаа учир шүүхэд хандан асуудлыг шийдвэрлүүлэхээр шийдлээ. Миний бие өөрийн нөхрийн ХААН банкнаас авсан зээлийн хамтран зээлдэгч болж ирсэн билээ. Гэхдээ би тухайн зээлийн барьцаанд өөрийн тэтгэврээ барьцаалаагүй, банкны өр барагдуулах барьцаа хөрөнгө хангалттай байсаар байтал ямар ч шийдвэргүйгээр миний эрхийг зөрчиж байгаа энэ үйлдлийг хууль бус гэж үзэж байна.

Иймд ХААН банкны Хөвсгөл аймаг дахь салбарын хууль бус үйлдлийг зогсоож, данс барилтаас ХААН банкин дахь С тоот дансыг чөлөөлүүлж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Л.Б нь 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тэтгэврийн мөнгөө авч чадалгүй өнөөдрийг хүрсэн. Нэхэмжлэгчийн тэтгэврийн данснаас 2,542,500 төгрөгийг суутгаж авсан. Ингэж суутгаж авахдаа ямар нэгэн шүүхийн шийдвэр, хуулийн дагуу авах эрх нээгдээгүй байхад авсан. Банкны зүгээс илт давуу байдлаа ашиглан Л.Бг хохироож байна. Л.Б нь өөрийн нөхрийн зээлийн хамтран зээлдэгч болсон боловч уг зээлийн барьцаанд тэтгэврээ барьцаалаагүй, энэ талаар зээлийн гэрээнд ямар ч заалт байхгүй. Банкны өр барагдуулах барьцаа хөрөнгө хангалттай байгаа учраас ямар ч шийдвэргүйгээр эрхийг нь зөрчиж байгааг хууль бус үйлдэл гэж үзэж байна.

... Шүүхийн шийдвэрт тусгуулахгүйгээр тэтгэврийн дансанд барилт хийсэн үйлдлийг хууль бус гэж үзэж байна. Тэтгэврийн орлого нь Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар тэтгэлэг, тэтгэмж учраас төлбөрт суутгаж авч болохгүй гэжээ.

Хариуцагч ХААН банкны Хөвсгөл аймаг дахь салбар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: ХААН банкны Хөвсгөл салбар нь ХААН банкны салбар төлөөлөгчийн газар бөгөөд хуулийн этгээдийн эрхгүй байгууллага болно. Компанийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.3-д заасны дагуу ХААН банкны Хөвсгөл салбар нь салбар төлөөлөгчийн газар болно. Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6-д Хуулийн этгээдийн салбар төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй байна гэж заасан бөгөөд ХААН банктай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг Төв ХААН банканд холбогдуулж гаргаагүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан хэргийн харьяаллыг зөрчсөн байна.

Нэхэмжлэгч Л.Б, Ч.С нар нь ХААН банкны Хөвсгөл салбартай 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр №00 тоот шугамын зээлийн гэрээ байгуулан 50,000,000 төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийг 18 сарын хугацаатай жилийн 20.4 хувийн хүүтэй зээл, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр №000 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 40,000,000 төгрөгийн бизнесийн зээлийг 36 сарын хугацаатай жилийн 22.8 хувийн хүүтэй зээл тус тус авсан бөгөөд өнөөдрийг хүртэл хугацаанд уг зээл хугацаа хэтэрч төлөгдөөгүй байгаа бөгөөд шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн 05 дугаар шийдвэр, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 07 дугаар магадлалаар уг зээлийн төлбөрийг хариуцагч Л.Б, Ч.С нараас гаргуулж, ХААН банкны Хөвсгөл салбарт олгохоор шийдвэрлэсэн бөгөөд уг магадлалд нэхэмжлэгч, хариуцагч хэн аль нь хяналтын журмаар гомдол гаргасан бөгөөд шүүх хуралдаан товлогдоогүй талуудын хооронд үүссэн зээлийн маргаан шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа болно.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...Зээлийн гэрээнд өөрөөр заагаагүй бол зээл, түүний хүүг төлөх хугацаа болмогц зээлдэгчийн болон батлан даагчийн данснаас үл маргах журмаар төлүүлнэ гэж, Иргэний хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д ...Эрх бүхий байгууллагын тусламжийг шуурхай авах боломжгүй байсан болон цаг алдалгүй арга хэмжээ авахгүй бол эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болох буюу эрхээ хэрэгжүүлэхэд ноцтой хүндрэл учрахаар байвал иргэний эрх зүйн харилцаанд оролцогч өөрийнхөө эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, өөртөө туслах зорилгоор эд юмсыг эзэмдэж авах, устгах буюу эвдэх, эсхүл зайлсхийж болзошгүй үүрэг гүйцэтгэгчийг саатуулах, үүрэг бүхий этгээдээс гүйцэтгэвэл зохих үйлдлийн эсрэг үйлдлийг таслан зогсоохоор тухайн нөхцөл байдалд тохируулан хийсэн үйлдлийг хууль бус гэж үзэхгүй. Мөн зүйлийн 12.3-т ...Өөртөө туслах үйлдэл нь тухайн нөхцөл байдалд тохирсон хэр хэмжээнээс хэтэрч болохгүй... гэж тус тус заасны дагуу зээлийг хугацаандаа төлөөгүй хугацаа хэтэрсэн байх тул зээлдүүлэгч буюу банк дээрх хууль тогтоомж болон гэрээнд заасны дагуу зээлдэгчийн бусад дансанд барилт хийж уг зээлийг төлүүлэх өөртөө туслах аргыг хуульд заасны дагуу хэрэгжүүлсэн болно гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 422 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.2-т зааснаар ХААН банкны Хөвсгөл салбарт холбогдох ХААН банкны Хөвсгөл аймаг дахь салбарын хууль бус үйлдлийг зогсоож, данс барилтаас ХААН банк дахь С тоот дансыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Л.Бгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Л.Б давж заалдах гомдолдоо: ... Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1-д зааснаар Зээлдэгч нь авсан зээл, түүний хүүг зээлийн гэрээнд заасан хугацаанд төлж чадахыг зээлдүүлэгчийн өмнө баталж, хэрэв төлж чадахгүй бол түүний нэрийн өмнөөс уг төлбөрийг бүхэлд нь буюу хэсэгчлэн гүйцэтгэх үүргийг гуравдагч этгээд хүлээхийг зээлийн батлан даалт, батлан даалт гаргасан этгээдийг батлан даагч гэх ба батлан даагч нь хүлээсэн үүргээ хууль гэрээнд заасны дагуу биелүүлж, зээлдэгчийн нэгэн адил хариуцлага хүлээх, дээрх хуулийн 30 дугаар зүйлийн 2-т зээлийн гэрээнд өөрөөр заагаагүй бол зээл, түүний хүүг төлөх хугацаа болмогц зээлдэгчийн болон батлан даагчийн данснаас үл маргалдах журмаар төлүүлнэ гэж хуульчилжээ гэсэн байна. Миний бие батлан даагч биш байтал шүүхээс ингэж дүгнэснийг огт ойлгохгүй байна. Миний зүгээс өөрийн нөхөр Ч.Стай батлан даагчийн хувиар ямар нэгэн гэрээ байгуулаагүй байхад ийм дүгнэлт хийснийг шүүгчийн зүгээс хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Мөн шийдвэрийн үндэслэх хэсэгт Хэрэгт авагдсан ХААН банкны Хөвсгөл төв тооцооны төв, зээлдэгч Ч.С, хамтран үүрэг гүйцэтгэгч Л.Б нарын 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан №000 дугаартай зээлийн гэрээний 3.2.2-т ямар нэг ноцтой сөрөг нөлөө үзүүлэхүйц болон үзүүлж болохуйц аливаа нөхцөл байдал үүссэн гэж банк үзсэн тохиолдолд зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн дансуудад барилт хийх бөгөөд зээлийн төлбөрийг зээл олголт, эргэн төлөлтийн хуваарийг үл харгалзан шууд суутгах, гэрээний 5.1.2-т Зээл олголт эргэн төлөлтийн хуваарийн дагуу болон хугацаа хэтэрсэн зээлийн төлбөрийг Банкин дахь харилцах данснаас, харилцах данс дахь мөнгөн хөрөнгө хүрэлцэхгүй бол Зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад данснаас үл маргах журмаар суутган авах, эдгээр данснаас төлбөр хийх боломжгүй бол зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгчид мэдэгдэж, банкин дахь хугацаатай хадгаламжийн дансанд барилт хийн, мэдэгдэлд дурдсанаар үл маргах журмаар зээлийн төлбөрийг суутган авах талаар зээлийн гэрээний талууд харилцан тохиролцсон байх ба ХААН банкны Хөвсгөл аймаг дахь салбар нь дээрх хууль болон гэрээг зөрчсөн нь нотлогдохгүй байна гэж дүгнэснийг буруу гэж үзэж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ... Хөвсгөл салбар нь хууль болон гэрээг зөрчиж Л.Бгийн тэтгэврийн дансыг барьцаалсан хууль бус үйлдэл гаргасан болох нь тогтоогдохгүй, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох ХААН банкин дахь С тоот дансыг чөлөөлөх үндэслэл хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна гэж дүгнэжээ. Шүүхээр зээлийн барагдуулалттай холбоотой асуудал эцэслэн шийдвэрлэгдээгүй, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрт миний тэтгэврийн орлогоос зээлийн эргэн төлөлтийг хийх тухай тусгагдаагүй, Хаан банкны зүгээс илт хууль зөрчин миний эрхийг хязгаарласан байхад дансыг чөлөөлөх үндэслэл байхгүй гэж үзсэн нь буруу юм. Дансыг барьцаалсан ба тэр бүү хэл ямар ч шийдвэргүйгээр тэтгэврийн зарим хэсгийг 100 хувь зээлд суутгаж авсан нь тогтоогдож байгаа болно.

... Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, Хаан банкны С тоот дансыг чөлөөлүүлж, тэтгэврийн мөнгөө захиран зарцуулах эрхээр хангаж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Б нь хариуцагч ХААН банкны Хөвсгөл салбарт холбогдуулан хууль бус үйлдлийг зогсоож, данс барилтаас ХААН банк дахь С тоот дансыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч ХААН банкны Хөвсгөл салбар ...ХААН банкны салбар төлөөлөгчийн газар бөгөөд Компанийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хуулийн этгээдийн эрхгүй байгууллага учир нэхэмжлэгч нь төв ХААН банкинд холбогдуулж нэхэмжлэлээ гаргах шаардлагатай, зээлдэгч нар тухайн үед зээлийн гэрээний бүх нөхцөл шаардлагыг зөвшөөрсний үндсэн дээр банктай зээлийн гэрээг байгуулсан учир нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Л.Б, Ч.С нар нь ХААН банкны Хөвсгөл салбартай 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдөр №00 тоот шугамын зээлийн гэрээ байгуулан 50,000,000 төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээлийг 18 сарын хугацаатай жилийн 20,4 хувийн хүүтэй, 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр №000 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулан 40,000,000 төгрөгийн бизнесийн зээлийг 36 сарын хугацаатай жилийн 22,8 хувийн хүүтэй тус тус зээлжээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч Л.Б нэхэмжлэл гаргахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан хэргийн харьяалал зөрчөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 12 дугаар зүйлийн 1-д зааснаар иргэн, хуулийн этгээд тогтоосон журмын дагуу банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдэд данс нээлгэж, төлбөр тооцооны үүрэг гүйцэтгүүлэх эрхтэй байдаг.

Банк, төлбөр тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь дараах тохиолдолд буюу харилцагч данс хаалгах хүсэлтээ бичгээр гаргасан, харилцагчтай байгуулсан гэрээнд заасан нөхцөл биелэгдсэн, хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр харилцагчийн дансыг хааж болохыг мөн хуулийн 12 дугаар зүйлийн 4-д заасан байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл эрх бүхий байгууллагаас шийдвэр гаргаагүй байхад Л.Бгийн дансыг хаасан ХААН банкны Хөвсгөл аймаг дахь салбарын үйл ажиллагаа хуулийн дээрх заалтад нийцээгүй тул түүний үйлдлийг хууль бус гэж үзэх бөгөөд хууль ёсны эзэмшигч нь эзэмших эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй.

Төлбөр төлүүлэхээр эрх бүхий байгууллагаас шийдвэр гаргасан тохиолдолд тэтгэврээс суутгал хийж болох бөгөөд нэг удаагийн суутгалын хэмжээ нь сарын тэтгэврийн 50 хувиас хэтэрч болохгүй байхаар хуульчилсан. Гэтэл ХААН банкны Хөвсгөл аймаг дахь салбар нь нэхэмжлэгчийн тэтгэврийн дансыг бүхэлд нь хааж, тэтгэврийг бүрэн хэмжээгээр төлбөрт суутгаж байгаа нь үүрэг гүйцэтгэгчийн хувийн байдалтай салшгүй холбоотой эрхийг зөрчсөн гэж үзнэ.

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.4 дэх хэсэгт заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 -т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 422 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг 1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 106 дугаар зүйлийн 106.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Бгийн ХААН банкан дахь С дугаартай дансанд барилт хийсэн үйлдлийг зогсоож, захиран зарцуулах эрх сэргээхийг ХААН банкны Хөвсгөл аймаг дахь салбарт даалгасугай. гэж, 2 дахь заалтын үлдээхээр гэснийг үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар ХААН банкны Хөвсгөл аймаг дахь салбараас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.Бд олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр  зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД                              Н.БАЯРХҮҮ

Т.ГАНБАТ