Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 225/МА2019/00015

 

 

 

 

 

2019 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 225/МА2019/00015

 

 

ТХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Н.Баярхүү, Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц, түүний өмгөөлөгч М.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 308 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ТХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: ЦТӨХК-нд холбогдох

Ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 10,542,316 /арван сая таван зуун дөчин хоёр мянга гурван зуун арван зургаа/ төгрөг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг

хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 5 дүгаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

ТХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Цтөрийн өмчит хувьцаат компанийн конторын барилгын төсвийг хийхээр 000 оны 6 дугаар сарын 15-ны өдөр №000тоот барилгын зургийн төсөв хийх гэрээ хийж хоёр тал харилцан тохирч, гарын үсэг зурж гэрээ хүчин төгөлдөр болсон. Ингээд манай компанид ирүүлсэн зургийн дагуу төсвийг гүйцэтгээд 000 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Цтөрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын 000 оны А/56 дугаар тушаалаар томилогдсон комисст хүлээлгэн өгсөн болно. Манай Тхязгаарлагдмал хариуцлагатай компанид гэрээний дагуу төлөх ёстой үлдэгдэл 10,542,316 төгрөгийг Цтөрийн өмчит хувьцаат компаниас гаргуулан өгч манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 000 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Тхязгаарлагдмал хариуцлагатай компанийн зүгээс Цтөрийн өмчит хувьцаат компанитай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан ба гэрээг 10 хоногийн хугацаатай байгуулж, 000 оны 7 дугаар сарын 27-ны өдөр ажлыг хүлээлгэн өгсөн. ... 892,115,818 төгрөгийн төсөвт өртөг бүхий барилгын зураг төсвийн асуудал яригдаж байгаа ба түүний 2 хувиар ажлын хөлс тооцохыг гэрээний 1.2 дахь заалтад тусгасан. 892,115,818 төгрөгийн 2 хувь 17,842,316 төгрөг болж байгаа ба үүнээс хариуцагч байгууллага 7,300,000 төгрөгийг өгсөн, одоо үлдэх төлбөр 10,542,316 төгрөгийг өгөхгүй өдий хүрсэн. ... Иймд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Цтөрийн өмчит хувьцаат компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайхаас Тхязгаарлагдмал хариуцлагатай компанитай Барилгын зураг боловсруулах ажлын гэрээ №010/000, Барилгын зургийн төсөв боловсруулах ажлын №000гэрээ байгуулж зураг төсөв хийгдсэн.

... Барилгын зураг боловсруулах ажлын гэрээ №010/000, Барилгын зургийн төсөв боловсруулах ажлын №000гэрээний дагуу хийгдсэн зураг төсөв нь барилгын стандарт, зориулалт хангахгүй бодит бус төсөв тул энэхүү гэрээний үүргийг хангахаас татгалзаж байна. Иймд дээрх үндэслэлээр Тхязгаарлагдмал хариуцлагатай компани нь гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байгаа тул манай байгууллага 10,542,316 төгрөгийг төлөх үндэслэлгүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

... Хавтаст хэрэгт ТХХК-ийн төсвийн ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөл байдаггүй. Мөн тухайн төсвийг хийсэн Түмэн-Өлзий гэдэг хүн байгаа боловч тусгай зөвшөөрөл, төсөв хийх гэрчилгээ зэрэг нь байхгүй байна. ТХХК, Инженер геодези ХХК нар нь ашиг сонирхлын холбоотой аж ахуйн нэгж гэж үзэж байна гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 308 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч Цтөрийн өмчит хувьцаат компаниас 10,542,316 /арван сая таван зуун дөчин хоёр мянга гурван зуун арван зургаа/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Тхязгаарлагдмал хариуцлагатай компанид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 183,627 /нэг зуун наян гурван мянга зургаан зуун хорин долоо/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Цтөрийн өмчит хувьцаат компаниас 183,627 /нэг зуун наян гурван мянга зургаан зуун хорин долоо/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Тхязгаарлагдмал хариуцлагатай компанид олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Ц давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх хэт нэг талыг барьж хуулийг тайлбарлаж хэрэглэсэн талаар:

Шүүх хуралд хариуцагч талаас нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажил нь гэрээ болон хуульд заасан чанар стандартад нийцээгүй, доголдолтой гэж нотлох баримтын хүрээнд хангалттай тайлбарласан байдаг. Гэвч анхан шатны шүүхээс хариуцагч татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэсэн байдаг.

Манай Цтөрийн өмчит хувьцаат компаниас ТХХК-тай Барилгын зураг боловсруулах ажлын №010/000, Барилгын зургийн төсөв боловсруулах ажлын №000гэрээ байгуулж зураг төсөв хийгдсэн. Зураг, төсөв нь гэрээнд заасан шаардлага хангахгүй байгаа нь дараах баримтаар нотлогдож байдаг.

Тодруулбал, тус барилгын зураг, төсөв нь Ховд аймгийн Жаргалант сумын Байгаль орчны газрын хамгаалалтын захиргааны конторын барилга, Хөвсгөл аймгийн Мөрөн сум, Байгаль орчин, аялал жуулчлалын газрын конторын зураг гэх мэт барилгын зургийг холболтоор хуулбарлагдаж хийсэн байдаг.

... Иймд гүйцэтгэгч тал ажлын хувьд чанарын доголдолтой зүйлийг хүлээлгэж өгсөн тохиолдолд төлбөр төлөх үүргээс захиалагч тал татгалзах эрхтэй. Тус зургийн иж бүрдэл дутуу, дутуу зураг дээр үндэслэн төсөв хийгдсэн нь учир дутагдалтай. Үүнд: Халаалтын холболтын зураг, салхивч байрлах зураг схем, бохир шугамын холболтын схем, цахилгаан холболтын зураг схем, галын дохиоллын схем зураг байхгүй байгаа нь тухайн барилга яаж хийгдсэн нь тодорхойгүй байгаа юм. Тиймээс гэрээний хариуцагч тал болох ТХХК-ийн хувьд гэрээний 3.1 дэх заалт болох ...ажлыг гэрээт хугацаанд нь барилгын норм ба дүрмийн дагуу чанартай гүйцэтгэнэ ... гэсэн үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байна.

... Иймд дээрх үндэслэлээр ТХХК нь гэрээний үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэж байгаа тул Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 308 дугаар шийдвэрийг бүхэлд нь хянаж, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцсэн байна.

Нэхэмжлэгч ТХХК нь Цтөрийн өмчит хувьцаат компанитай байгуулсан конторын барилгын зургийн төсөв боловсруулах ажлын гэрээний үүргийн гүйцэтгэл 10,542,316 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрчээ.

ТХХК конторын барилгын зургийн төсөв боловсруулж, хариуцагч компанийн гүйцэтгэх захирлын тушаалаар томилогдсон комисст хүлээлгэн өгсөн, хариуцагч ажлын хөлсөнд 7,300,000 төгрөг төлсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна.

Хариуцагч нь ...нэг маягийн давтагдах зургийн холболт гэх боловч энэ тухай гэрээнд тодорхой тусгагдаагүй, мөн зураг төсвийн үнийг шинээр хийгдэх үнээр тусгасан.

Зураг Хөвсгөл аймгийн Мэргэжлийн хяналтын газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар, Онцгой байдлын газар зэрэг мэргэжлийн байгууллагаар хянагдаагүй, мөн Хөвсгөл аймгийн ерөнхий архитектороор баталгаажаагүй, зургийн иж бүрдэл дутуу гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас татгалзжээ.

Цтөрийн өмчит хувьцаат компани нь конторын барилгын зураг боловсруулах ажлын гэрээг Инженер геодиз ХХК-тай, барилгын зургийн төсөв боловсруулах ажлын гэрээг ТХХК-тай тус тус байгуулсан байна. Тиймээс барилгын зурагтай холбоотой асуудал нь Инженер геодиз ХХК-тай холбоотой бөгөөд зургийн төсөв боловсруулсан ТХХК-ны үүрэгт хамааралгүй байна.

Хариуцагч нь зураг, төсөв хийсэн хоёр компани ашиг сонирхол нэгтэй компани гэж тайлбарлаж байх боловч энэ нь баримтаар нотлогдохгүй байна.

Хэргийн оролцогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж тайлбарлаж байгаа ч татгалзлаа нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй, нотлох баримттай холбогдуулан ямар нэгэн хүсэлт гаргаагүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу хянан шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 - д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 308 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД Н.БАЯРХҮҮ

Т.ГАНБАТ