Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 31

 

О.Ш-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч С.Батдэлгэр, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис /цахимаар/, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 03ы өдрийн 961 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16ы өдрийн 969 дүгээр магадлалтай, О.Ш-т холбогдох 1806071591899 дугаартай хэргийг шүүгдэгч О.Ш-ын гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, 1999 онд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 92 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4, мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 10 жил 01 сарын хорих ял оногдуулж, 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн Анхны арчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар О.Ш-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 05 жил 01 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хасаж, нийт биечлэн эдлэх ялыг 10 жил 01 сарын хугацаагаар тогтоосон,

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 305 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жил хорих ял тус тус оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар нэмж нэгтгэн нийт 12 жилийн хорих ялыг хаалттай дэглэмтэй хорих ангид эдэлж байгаа, Ш.

 

1. Шүүгдэгч О.Ш- нь үргэлжилсэн 8 удаагийн үйлдлээр буюу 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр 110 дугаар байрны 9 тоотод оршин суух хохирогч Д.Э-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нь хууль бусаар нэвтэрч Dell брэндийн i3 процессортой, нөтбүүкийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 270.000 төгрөгийн учруулсан,

2. 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 74 дүгээр байрны 40 тоотод оршин суух хохирогч Н.А-ын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нь хууль бусаар нэвтэрч 2 ширхэг дунд гарын мөнгөн аяга, 1 литрийн финлянд архийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 296.000 төгрөгийн учруулсан,

3. 2018 оны 07 дугаар сарын 17-ны өдөр 19 цагийн орчим Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, “Сандэй” худалдааны төвийн 4 дүгээр давхар, 4007 тоот павилоноос иргэн Ч.Э-ийн эзэмшлийн гар цүнхнээс түрийвчтэй эд зүйлс болон бэлэн 363.000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад нийт 601.460 төгрөгийн хохирол учруулсан,

4. 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 83-2-61 тоотод оршин суух Р.Бын гэрт хууль бусаар нэвтэрч их гарын мөнгөн аяга 2 ширхэг, дунд гарын мөнгөн аяга 7 ширхэг, бага гарын мөнгөн аяга 4 ширхэг зэрэг эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр хулгайлан 1.700.000 төгрөгийн хохирол учруулсан,

5. 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 44-03 тоотод оршин суух хохирогч Г.Цын хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нь хууль бусаар нэвтэрч 2 ширхэг монетон бөгжийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 275.200 төгрөгийн хохирол учруулсан,

6. 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөгжил хотхоны 29 дүгээр байрны 902 тоот буюу хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч Р.Мийн эзэмшлийн “Самсунг” маркийн зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 585.000 төгрөгийн хохирол учруулсан,

7. 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 17 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 73/6-25 тоот буюу хүн байнга амьдрах зориулалттай орон сууцны байранд нь хууль бусаар нэвтэрч хохирогч Х.Бийн эзэмшлийн их гарын мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 250.000 төгрөгийн хохирогч учруулсан,

8. 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Тайнь 5 дугаар гудамжны 156 тоотод байрлах иргэн Д.Бын өвлийн орон сууцны цонхыг отверкаар хөшиж онгойлгон хууль бусаар нэвтэрч 3 ширхэг мөнгөн аяга, 1 ширхэг гартааман хөөрөг зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 2.690.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

 Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч О.Ш- нь үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар О.Ш-т 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-д тус тус зааснаар О.Ш-т Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 305 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар нэмж нэгтгэн нийт 12 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 жил 5 сар 10 хоногийн хорих ял дээр дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт түүний биечлэн эдлэх ялыг 12 жил 05 сар 10 хоногийн хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-д зааснаар О.Ш-т оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Ш-аас нийт 6.667.660 төгрөг гаргуулж хохирогч Д.Э- 270.000 төгрөг, хохирогч Н.А 296.000 төгрөг, хохирогч Ч.Э 601.460 төгрөг, хохирогч Р.Б 1.700.000 төгрөг, хохирогч Г.Ц 275.200 төгрөг, хохирогч Р.М 585.000 төгрөг, хохирогч Х.Б 250.000 төгрөг, хохирогч Д.Б 2.690.000 төгрөгийг тус тус гаргуулж олгохоор шийдвэрлэсэн байна.

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгисийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч О.Ш- гаргасан гомдолдоо “... анхан шатны шүүхийн 305 дугаартай шийдвэр гарахаас өмнө мөрдөн шалгах ажиллагаа болон прокурор, шүүхийн шатанд өөрийн гэм буруугаа хүлээж гэмшиж, харамсаж байгаагаа илэрхийлж, өөрийн хүүхэд нас, өсвөр насандаа алдаа дутагдал удаа дараа гаргаснаа ухамсарлаж ахин гэмт хэрэг үйлдэхгүй байхаа илэрхийлж өөрийн үйлдсэн 8 хулгайн гэмт хэргийг илчилж хэлсээр байтал 2020 оны 02 дугаар сарын 20-ны шүүх бүрэлдэхүүн саналыг маань сонсолгүй дан ганц яллах талыг барьж миний хэргээ нэгтгэж шийдүүлэх гээд байгааг минь ойлголгүй гэм буруу дээрээ маргаж байна гэж үзэж прокурорын санал болгосон 10 жилийн нээлттэй гэснийг 12 жил хаалттай ялаар сольж шийтгэсэн байдаг. Би 305 дугаартай шийтгэх тогтоолд гомдол гаргаж шат шатны шүүхийн байгууллагад гомдол гаргасан боловч аль ч байгууллага хүлээж авалгүйгээр шийдвэрлэсэн байдаг. Би шүүхээс оногдуулсан хорих ялыг хорих 433 дугаар ангид эдэлж байтал 2020 оны 08 дугаар сарын 05-нд миний хэлээд байдаг хулгайн үйлдлүүд дээр дахин ял нэмэх гэж цагдан хорих 0461 дүгээр ангид шилжүүлэн авчирч цагдан хорьж байдаг. Миний үйлдсэн эрүүгийн хэргийн хуульд заасан ялын дээд хэмжээ 12 жил байтал биеэр эдэлсэн 1 жил 06 сар 10 хоногийг хасаад дахин 12 жил 05 сар 10 хоног болгож хуулийг буруугаар ашиглаж ялын дээд хэмжээнээс хэтрүүлэн ялласанд гомдолтой байна.

Миний бие урьд нь нэгтгэж өгөхийг хүссэн үйлдэл бүрийг энэ тогтоолд нэмж нэгтгэн шийдүүлэх хүсэлтийг маань хүлээн авахгүй байгаа шат шатны шийдвэрийг дахин харгалзан үзэж шүүх хуралд хэлэлцээгүй 7 үйлдэл дахиад байх ба түүний хохирол гэм хорын төлбөрийг барагдуулах боломж олгож цаашид ажиллаж амьдрах итгэл олгож ирээдүйгээ харж чадах нөхцөл байдлыг бүрдүүлж миний эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү. Миний нийт хохирогч болон 29 иргэний 29 сая төгрөгийг нэн даруй төлж гомдолгүй болгоно гэдгээ нэн тэргүүнд амлаж байна.

Иймд О.Ш- миний бие Улсын дээд шүүх бүрэлдэхүүн та бүхэн боломж олгож миний биед итгэл үзүүлж ар гэр ачит эмээтэйгээ уулзаж тус дэм болох хугацааг тодорхойлж 305 дугаартай тогтоолыг 961 тогтоолтой нэгтгэж нэг шийтгэх тогтоолын хүрээнд шийдэж өгөхийг чин сэтгэлээсээ хүсэж байна” гэжээ.

 

Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... шүүгдэгч О.Ш- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэргүүдийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулан бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон ба хэргийн зүйлчлэл тохирсон байна. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар өмнөх болон сүүлийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 12 жил 5 сар 10 хоногийн хугацаагаар тогтоосон нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “хэд хэдэн гэмт хэрэгт оногдуулсан нэг төрлийн ялыг нэмж нэгтгэсэн ялын нийт хэмжээ нь тухайн бүлэгт заасан хамгийн хүнд ялтай гэмт хэргийн хорих ялын дээд хэмжээнээс хэтэрч болохгүй” гэж заасныг зөрчсөн байна. Иймд шийтгэх тогтоол болон магадлалд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялын эдлээгүй үйлдсэн 10 жил 5 сар 10 хоногийн хорих ял дээр 2 жил хорих ялыг нэмж нэгтгэн шүүдэгчийн биечлэн эдлэх ялыг нийт 12 жилийн хугацаагаар тогтоосугай” гэсэн өөрчлөлтийг оруулж эрх зүйн байдлыг нь дээрдүүлэх нь зүйтэй. Мөн шүүгдэгч нь 2015 оны Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсанаас хойш дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн учир өршөөлд хамрагдах боломжгүй талаарх давж заалдах шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий болжээ. Өмгөөлөгчийн дурдсан Дундговьт үйлдэгдсэн гэх хэргийг О.Ш- үйлдсэн талаарх баримт хэрэгт авагдаагүй, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол байхгүй учир хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй” гэв.

 

Мөн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Тэнгис цахимаар оролцож  хэлсэн тайлбартаа “... шүүгдэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг дэмжиж байна. Учир нь 305 дугаартай шийтгэх тогтоол гарахаас өмнө гэмт үйлдлийнхээ талаар удаа дараагийн мэдүүлэг өгсөн байтал түүний эрх зүйн байдлыг нь дордуулж 12 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн. Үүний дараа 961 дүгээр шийтгэх тогтоолоор 12 жил 5 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн. Давж заалдах шатны шүүхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасантай холбоотойгоор тухайн бүлэгт зааснаас дээш ял оногдуулсан гэж гомдол гаргасан. О.Ш-ын хувьд Дундговь аймагт 5-6 үйлдэл бий талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн. Мөн О.Ш-аас мэдүүлэг авсан хүн чухам хэн байсан нь мэдэгддэгүй. Хоёрдугаарт О.Ш- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 961 дүгээр шийтгэх тогтоолыг гардаж аваагүй байхад хэрэг гурван шатны шүүхээр хэлэлцэгдсэн нөхцөл байдал бий. Хэрэв Дундговь аймагт үйлдэгдсэн хэрэгт яллагдагчаар татагдвал 20 жил хүртэл ял авах боломжтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт ажиллагаанд буцааж өгнө үү” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч О.Ш- нь 2018 оны 07 дугаар сарын 17-ноос 12 дугаар сарын 19-нийг хүртэлх хугацаанд 8 удаагийн үйлдлээр бага насны хүүхдүүдийг ... ах нь эм уух гэсэн юм, халуун ус гаргаад өгөөч, 2000 төгрөг өгье, цонхоор машинаа харчихаад гарья” гэх мэтээр хуурч бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч “мөнгөн аяга, монетон бөгж, нөүтбүүк, хөөрөг, бэлэн мөнгө” зэрэг эд зүйлийг хулгайлж нэр бүхий хохирогч нарт 6.667.660 төгрөгийн хохирол учруулсан болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн тухайн хэрэгт хамааралтай нотлох баримтаар хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар нотлогдсон талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

 

Шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм бурууг хянан хэлэлцэхдээ О.Ш-ын хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарлах замаар ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүйн дээр мөрдөн байцаалтын шатанд шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтыг цуглуулж бэхжүүлэхдээ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчсөн нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

 

Бусдын бага бус хэмжээний эд хөрөнгийг нууцаар, хууль бусаар авсан шүүгдэгчийн үйлдлийг хулгайлах гэмт хэрэгт тооцохдоо шүүх хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрсэн гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хуулийн зохих зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэсэн байна.

 

Шүүгдэгч О.Ш- нь 2014 оны 11 дүгээр сарын 06-ний өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл үйлдсэн 22 удаагийн хулгайн болон дээрмийн гэмт хэрэгтээ шүүхээс 2020 оны 03 дугаар сарын 05-ны өдөр гэм буруутайд тооцогдохын өмнө 2018 оны 07 дугаар сарын 17-ноос 12 дугаар сарын 19-нийг хүртэлх хугацаанд 8 удаагийн үйлдлээр хулгайн гэмт хэрэг үйлдсэн болох нь  таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, хэргийн газраас бэхжүүлсэн хурууны хээ О.Ш-ынх болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдон илэрч, тухайн гэмт хэргийг үйлдсэн нь хөдөлбөргүй нотлогдсон тул шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг баримталсан нь хууль зүйн үндэслэлтэй болно.

 

Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлд заасан үргэлжилсэн болон мөн хуулийн 2.2 дугаар зүйлд заасан хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйг нэг гэмт хэрэгт тооцох зохицуулалтыг хэрэглэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг хөнгөрүүлэх ач холбогдолтой боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар татах болон яллах дүгнэлт үйлдэх үед уг зохицуулалтыг хэрэглэх боломж шүүгдэгчийн бүх гэмт хэрэг илэрч тогтоогдоогүй тохиолдолд хууль сахиулагч, прокурорын хувьд хязгаарлагдмал юм.

 

Хэдийгээр шүүгдэгч нь хуульд зааснаар гэм буруугаа хүлээх, нотлох үүрэг хүлээхгүй боловч үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлж нэг яллах дүгнэлтийн хүрээнд асуудлыг шийдвэрлүүлж эрх зүйн байдлаа дээрдүүлэх хууль зүйн боломж нь гагцхүү шүүгдэгчийн хүсэл зоригоос хамаардаг болно.

 

Хэрэв шүүгдэгч оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдвол Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлд заасны дагуу оногдуулсан ялуудыг нэгтгэж, нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтооно.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч О.Ш-т Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэхдээ нийт ялын хэмжээг тухайн төрлийн ялын энэ хуулиар тогтоосон дээд хэмжээнээс хэтрүүлж болохгүй гэснийг зөрчиж эдлэх ялыг 12 жил 05 сар 10 хоногийн хугацаагаар тогтоосон нь хууль зүйн үндэслэлгүй тул 12 жил болгож зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

 Харин шүүгдэгч О.Ш-ын “... шүүх хуралд хэлэлцээгүй 7 үйлдлийг 305 болон 961 дугаар шийтгэх тогтоолтой нэгтгэж, нэг шийтгэх тогтоолын хүрээнд шийдэж өгөхийг хүсэж байна” гэсэн гомдлын хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 03ы өдрийн 961 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 16ы өдрийн 969 дүгээр магадлалд дараахь өөрчлөлтийг оруулсугай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2-д тус тус зааснаар О.Ш-т Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 305 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1-д зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлд зааснаар нэмж нэгтгэн нийт 12 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 жил 5 сар 10 хоногийн хорих ял дээр энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг нийт 12 жилийн хугацаагаар тогтоосугай” гэж өөрчилж, тогтоол, магадлалын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Ш-ын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлоос “хэргийг прокурорт буцааж, бусад үйлдсэн хэргээ нэгтгэн шалгуулах тухай” хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ                                        Б.БАТЦЭРЭН

 

                             ШҮҮГЧИД                                            С.БАТДЭЛГЭР

 

                                                                                           Ч.ХОСБАЯР

 

                                                                                           Б.ЦОГТ

 

                                                                                           Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН