Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баттулгын Одонтуяа |
Хэргийн индекс | 109/2017/0021/З |
Дугаар | 25 |
Огноо | 2017-05-10 |
Маргааны төрөл | Бусад, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 10 өдөр
Дугаар 25
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ц.Гармаагийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох
Цэдэн овогтой Гармааг Иргэний бүртгэлийн төрсний бүртгэлд бүртгэхийг Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулахыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Гармаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энхжаргал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Вандансүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Гармаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Цэдэн овогтой Гармаа миний бие 1966 онд тус аймгийн Хотонд сумын Бүрэн дунд сургуульд элсэн орж, 2 дугаар ангиасаа сургуулиас гарч мал маллаж байгаад 1973 оны 6 дугаар сарын 01-ний өдөр хугацаат цэргийн албанд татагдан Барилгын цэргийн 022 дугаар ангид алба хааж 1976 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр 171 дугаартай цэргийн үнэмлэхтэй халагдсан.
Иргэний бүртгэлийн архивт байгаа ХААТР маягтуудад нэр болон төрсөн он сар, зөрүүтэй байгаа бөгөөд миний бичиг баримтууд бүгд 1956 оны 3 дугаар сарын 16-ны өдөр төрсөн Ц.Гармаа нэрээр явдаг тул шүүхэд өгсөн нотлох баримтуудыг үндэслэн Иргэний бүртгэлийн төрсний бүртгэлд бүртгэхийг Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энхжаргал шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Гармаа нь Хотонт сумын иргэн хүн 1980-иад онд сумын малчдыг орон нутаг зааж мал маллуулж байсан. Тухайн үед Төв аймгийн Залуучууд сангийн аж ахуй руу явж мал маллаж байгаад улаан паспортоо алга болгочихсон, эхнэр хүүхэдтэй байсан эхнэр нь салаад наашаа хүрээд ирчихсэн. Энэ хүн тэгээд буцаж ирээгүй, цаашаа Хэнтий аймгийн Сангийн аж ахуйд ажиллаж байгаад шоронд ороод 1990-ээд онд сумандаа буцаж ирсэн.
Гармаа нь улаан паспортоо хаяснаасаа хойш хаана ч бүртгэл байхгүй. Улсын архив болон бусад бүх газруудаар явж хайсан боловч холбогдох бичиг баримт нь олдохгүй байгаа. Хуучин цэргийн батлах нь байсан юм билээ. Тэгээд 2010 онд төрсөн дүү нь Гармааг бичиг баримттай болгоно гээд цэргийн батлахыг нь тухайн үеийн Хотонт сумын иргэний бүртгэлийн ажилтан С.Сувд-Эрдэнэ өгсөн. Гэтэл бичиг баримттай болгоно гээд хурууны хээ цэргийн батлах зэргийг нь аваад 1956 оны 3 дугаар сарын 16-ны өдөр төрсөн гээд регистрийн дугаар олгоод ХААТР маягт бичсэн. Тэгээд С.Сувд-Эрдэнэ нь Улаанбаатар хот руу шилжээд явсан. Ингээд Ц.Гармаагийн цэргийн батлах огт олдохоо байсан.
Ц.Гармаа халамж болон эмнэлэг, улсаас олгосон эрхийг эдэлж байгаагүй. Иймд Ц.Гармаад регистрийн дугаар олгуулж, бичиг баримттай болгуулж өгнө үү гэв.
Хариуцагч Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Вандансүрэн шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Цэдэнгийн Гармаабазар нь 2016 оны 6 дугаар сарын 03-ны өдөр тус хэлтэст бичиг баримттай болох талаар хүсэлт гаргасан. Хүсэлтийн дагуу нягтлан шалгаж үзэхэд манай иргэний бүртгэлийн архив дээр 2 ширхэг ХААТР-1 маягт байсан. Тухайн 1981 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр бичсэн ХААТР-1 дээр Гармаабазар нэрээрээ 1956 оны 8 дугаар сарын 15-ны өдөр төрснөөр бүртгэгдсэн байдаг. Мөн 2012 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр үйлдсэн ХААТР-1 маягтад 1956 оны 3 дугаар сарын 16-ны өдөр төрснөөр бүртгэгдсэн. Иргэн Ц.Гармаа нь АЯ56031632 тоот регистрийн дугаартай бөгөөд Улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд регистрийн дугаар, овог нэрээр хайлт хийж үзэхэд Цэдэнгийн Гармаа болон Гармаабазарын мэдээлэл бүртгэгдээгүй. Шүүхээс Цэдэнгийн Гармаа нэртэй, 1956 оны 3 сарын 16-ны өдөр төрсөн гэж тогтоовол шинээр регистрийн дугаар олгож, улсын бүртгэлийн цахим санд бүртгэнэ.
Архивын ерөнхий газрын Үндэсний төв архивын лавлагаанд түүнтэй холбогдох ямар нэгэн баримт байхгүй талаар дурдсан. Иргэний бүртгэлийн архивт байгаа ХААТР маягтууд дахь нэр болон төрсөн он, нас зөрж байгаа учраас тус хэлтэс нь шийдвэрлэх боломжгүй гэв.
Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, гэрчүүдийн мэдүүлэг, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбаруудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Гармаагаас Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан Цэдэн овогтой Гармааг Иргэний бүртгэлийн төрсний бүртгэлд бүртгэхийг Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгуулахыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна. /х.х-н 1/
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар захиргааны акт гаргахыг даалгуулахаар дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох маргаан бөгөөд Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын хэрэг мөн, нутаг дэвсгэрийн хувьд харьяалагдаж байгаа учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй гэж үзлээ.
Уг маргааны үйл баримтаас үзэхэд: Нэхэмжлэгч Ц.Гармаа...миний бичиг баримтууд бүгд 1956 оны 3 дугаар сарын 16-ны өдөр төрсөн Ц.Гармаа нэрээр явдаг...2013 оны үед сумынхаа иргэний бүртгэлийн ажилтан С.Сувд-Эрдэнэд өөрт байсан цэргийн батлах бусад бичиг баримт, цахим үнэмлэх авахаар хурууны хээгээ өгсөн. Эрдэнэсувд нь одоо болсон удахгүй таны бичиг баримт гарна гэж хэлсэн. Дараа нь би бичиг баримтаа авах гэтэл бүртгэгдээгүй, овог нэрийн зөрүүтэй байна гэж хэлсэн. Иймд Цэдэн овогтой Гармааг Иргэний бүртгэлийн төрсний бүртгэлд бүртгэхийг Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү гэж; хариуцагч Улсын бүртгэлийн хэлтэс...архивт 1981 оны 1 дүгээр сарын 10-нд үйлдсэн ХААТР-1 маягт байгаа бөгөөд түүнд Цэдэнгийн Гармаабазар нэрээр, 1956 оны 8 дугаар сарын 15-ны өдөр төрснөөр...2012 оны 1 дүгээр сарын 10-нд үйлдсэн ХААТР-1 маягтад Цэдэнгийн Гармаа нэрээр, 1956 оны 3 дугаар сарын 16-ны өдөр төрснөөр бүртгэж, АЯ56031632 гэсэн регистрийн дугаар олгосон байна. Иймд бүртгэх боломжгүй гэж маргажээ.
Шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлд зааснаар тус аймгийн Хотонт сумын Ерөнхий боловсролын сургууль, болон Эрүүл мэндийн төвд үзлэг хийсэн бөгөөд Архангай аймгийн Хотонт сумын Бага сургуулийн 1964 оноос 1964 оны хичээлийн жил 1б ангийн журналын 5-т ...Цэдэн овогтой Гармаа, эрэгтэй, 8 настай, халх, эцэг адуучин гэртээ суух...гэж , 1965 оноос 1966 оны хичээлийн жилд 2б ангийн журналын 3-т Цэдэнгийн Гармаа, эрэгтэй, 9 настай, эцэг адуучин, 5-р бригад гэж, 1966 оноос 1967 оны хичээлийн жилд 3б ангийн журналын 3-т Цэдэнгийн Гармаа эрэгтэй, 10 настай, 5-р бргиад, эцэг мал хариулдаг гэж, 1967 оноос 1968 оны хичээлийн жилд 4-т Цэдэнгийн Гармаа эрэгтэй, 11 настай, халх, эцэг мал хариулдаг гэж тус тус журналуудын ард бичигдсэн сурагчдын тухай тодорхойлолтууд, тухайн онуудад авч байсан хичээлийн дүнгийн жагсаалтуудаар нэхэмжлэгч Гармаа нь 1956 онд төрсөн бөгөөд Гармаа гэдэг нэрээр нэрлэгдэж байсан байна. /х.х-н 67-80/
Мөн эцэг Цэдэнтэйгээ 1979 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр тус сумын 8 жилийн сургуулийн Дотуур байрны галчаар ажиллаж байсан цалингийн хүснэгт .... Цэдэнд 282 төгрөг 30 мөнгө, ....Гармаад 199 төгрөг 94 мөнгө гэж тооцон гарын үсэг зуруулж байсан байна. /х.х-н 71-82, 83-84/
Түүнчлэн шүүх нэхэмжлэгч Ц.Гармаагийн талаар холбогдох нотлох баримтуудыг цуглуулсан болно. Үүнд: Монгол Улсын Батлан хамгаалахын төв архивын 2017 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 319 дүгээр албан бичигт Цэдэнгийн Гармаа 1973 онд цэргийн албанд татагдаж 1976 онд цэргийн албанаас халагдсан гэж, хавсралтаар ирүүлсэн материалд Архангай аймгаас 1973 оны 6 дугаар сард Ардын цэргийн албан тэнцэгчдийн бүртгэлд Цэдэнгийн Гармаа, 1956 онд төрсөн, малчин, Хотонт сумын харьяат, ам бүл 11, аав Цэдэн 60 настай, адуу хариулдаг, ээж Соль 58, эгч Бадамсүрэн, Зумаа, дүү нар 8, 4-р анги төгссөн, мэргэжилгүй гэж, АА.022 дугаар ангиас хугацаа дуусаж халагдсан Архангай аймгийн түрүүч, байлдагчдыг халагдуулж орон нутагт нь явуулах тухай бүртгэлийн 18 дугаарт...цэрэг, байлдагч Цэдэн овогтой Гармаа, Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 1973 онд цэргийн албанд татагдсан... бага боловсролтой, мужаан мэргэжилтэйгээр халагдсан гэжээ. /х.х-н 45-47/
Архангай аймгийн Прокурорын газраас ирүүлсэн материалд : Эрүүгийн 501171 тоот хэргээс яллагдагчийн цээж зураг, сэжигтнээр байцаасан тэмдэглэл, ял шалгасан хуудас, яллагдагчаар байцаасан протокол зэрэгт Цэдэнгийн Гармаа, 1956 онд Арханай аймгийн Хотонт суманд төрсөн гэж, Архангай аймаг дахь сумын дундын эрүүгийн анхан шатны шүүхээс 1995 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 142 дугаар таслан шийдвэрлэх тогтоолд Архангай аймгийн Хотонт сумын Эх булаг багийн харьяат, халах, эрэгтэй, бага боловсролтой, мужааны мэргэжилтэй, 1956 онд төрсөн, 39 настай, Цэдэн овогтой Гармаа... гэжээ. /х.х-н 31-33, 40-44/
Мөн Цагдаагийн Ерөнхий газрын МНБГ-ын Статистикийн хэлтсээс ирүүлсэн албан бичигт: Цэдэнгийн Гармаад холбогдох 1995, 2008 онуудад хорих ял шийтгэгдэж суллагдсан тухай ялтны хувийн хэргээс шүүхийн шийтгэх тогтоол, ялтны дэлгэрэнгүй бүртгэл, өршөөл үзүүлэх комиссын тогтоол, зан байдлыг тодорхойлолт, суллагдсан тухай магадалгаа зэрэг ирүүлсэн материалуудад Багануур дүүргийн Эрүүгийн шүүхийн 2008 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 50 дугаар Шийтгэх тогтоолд “Архангай аймгийн Хотонт суманд төрсөн 52 настай, эрэгтэй, бага боловсролтой, регистрийн дугаар байхгүй, иргэний үнэмлэх аваагүй, Боржигон овогтой Цэдэнгийн Гармаа гэж, суллагдсан хүмүүст олгодог справкат Монгол улсын иргэн, Архангай аймгийн Хотонт суманд 1956 онд төрсөн, Цэдэн овогтой Гармаа, халх, бага боловсролтой, 4-р анги төгссөн, Хүмүүжиж байх хугацаанд ангийн даргын 4-н тушаалаар 3 сар 10 хоногоор шагнуулж байсан, Өршөөл үзүүлэх тухай Монгол Улсын 2009 оны 7 дугаар сарын 26-ний өдрийн 5-р зүйлийн 5.1.1-д зааснаар 2669-р тогтоолоор өршөөн суллагдсан Ц.Гармаа гэж тус тус тэмдэглэгдсэн байна. /х.х-н 95-103/
Түүнчлэн гэрч Д.Оюунчимэг, Ц.Зумаа, Ц.Бадамсүрэн, Ц.Жаргалмаа нарын мэдүүлгээр нэхэмжлэгч Ц.Гармаа нь ... 1956 оны хавар мал төллөж байхад төрсөн...2011 оны үеийн сумын иргэний бүртгэлийн ажилтан С.Сувд-Эрдэнэд Гармаа ахад шинэ иргэний үнэмлэх захиалах гээд цэргийн батлахыг нь өгсөн. С.Сувд-Эрдэнэ нь Гармаа шинэ регистр авсан одоо болсон гэж хэлж байсан. 2015 оны үед иргэний бүртгэлийн ажилтан С.Сувд-Эрдэнэ Улаанбаатар хотруу шилжээд явсан. Тэрнээс хойш утсаар залгаж Гармаа ахын иргэний үнэмлэх яасан талаар асуухад болсон байсан. Ирээгүй юм уу гэж хэлсэн. Тухайн үеийн иргэний бүртгэлийн ажилтны буруутай үйл ажиллагаанаас болж иргэний үнэмлэх авч чадаагүй ...гэжээ. /х.х-н 55-56, 61-68/
Дээрх нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэхэд нэхэмжлэгч Ц.Гармаа нь 1956 онд Архангай аймгийн Хотонт суманд төрсөн бөгөөд 1981 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн ХААТР-1 маягтад Ц.Гармаа нь улаан паспорт авч, 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр АЯ56031632 тоот регистрийн дугаар авагдаж байсан байна. /х.х-н 87-92/
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4, 3.1.6-д зааснаар “ үнэн зөв, заавал биелүүлэх шинжтэй байх бөгөөд иргэний хууль ёсны эрх ашгийг хүндэтгэж... хуульд заасан журмын дагуу хөтлөх...” ; Иргэний бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар “...Иргэний бүртгэлийн үйл ажиллагаанд хүний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх хамгаалах...” үндсэн зарчмыг баримтлах хуулийн зохицуулалтыг хэрэгжүүлээгүй байна.
Учир нь: Иргэний бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4, 32 дугаар зүйлийн 32.1 дэх хэсэгт зааснаар 2013 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр АЯ56031632 регистрийн дугаартай, Боржигон овогт Цэдэнгийн Гармаа буюу /Гармаабазар/ цахим иргэний үнэмлэх авах тухай хүсэлт гаргаж, баруун болон зүүн гарын эрхий хурууны хээгээ баталгаажуулан өгчээ. /х.х-н 87/
Үүний дагуу Иргэний бүртгэлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэгт зааснаар ...Сум, дүүргийн улсын бүртгэлийн асуудал хариуцсан нэгж, ажилтан иргэний үнэмлэх авах тухай өргөдлийг хүлээн авч 30 хоногийн дотор иргэний үнэмлэх олгоно. Монгол Улсын харьяат 16-аас дээш насны бүх хүн иргэний үнэмлэхтэй байна... гэж заасны дагуу Архангай аймгийн Хотонт сумын Улсын бүртгэгч буюу иргэний бүртгэлийн ажилтан С.Сувд-Эрдэнэ хуульд заасан хугацааны дотор иргэний үнэмлэх олгох эсэх асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй байсан бөгөөд Архангай аймгийн Хотонт сумын иргэний бүртгэлийн ажилтны хууль бус үйл ажиллагаанаас болж иргэн Ц.Гармаагийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн тул Иргэний бүртгэлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт ..Иргэний бүртгэлийн ажилтны хууль бус үйл ажиллагааны улмаас Монгол Улсын иргэний...эрх хохирсон бол түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, зөрчигдсөн эрхийг сэргээх нь зүйтэй.
Монгол Улсын Хууль зүйн сайдын 2015 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн “ Журам батлах тухай” А/193 дугаар тушаалын хавсралт “Иргэний улсын бүртгэл хөтлөх журам”-ын Арван гурав. Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд төрсний бүртгэлийг нөхөн бүртгэх 13.1.-д “...Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд төрсний нөхөн бүртгэлийг Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын иргэний бүртгэлийн асуудал хариуцсан нэгжийн улсын бүртгэгч бүртгэж, баталгаажуулна... 13.2.Төрсний нөхөн бүртгэлийг хөтлөхдөө Иргэний баримтын архивын ХААТР1, ХААТР11, ИУБ11 маягтыг үндэслэнэ... 13.5.Иргэний баримтын архивын эх нотлох баримтууд зөрүүтэй бол хяналтын улсын байцаагчийн иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд баталгаажуулсан дүгнэлтийг үндэслэн 10 хоногийн дотор нөхөн бүртгэж, баталгаажуулна...”
Арван дөрөв. Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд бусад бүртгэлийг нөхөн бүртгэх 14.4-д “...Улсын бүртгэлийн төв архив болон төв, орон нутгийн бүртгэлийн байгууллагын Иргэний баримтын архивт эх нотлох баримт бичиг, бүртгэлийн дэвтэрт бичигдсэн мэдээлэл байхгүй бол шүүхийн шийдвэрийг үндэслэнэ...” гэж заажээ.
Улсын бүртгэлийн тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэг зааснаар Цэдэн овогтой Гармааг Архангай аймгийн Хотонт суманд 1956 онд төрсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байгаа тул нэхэмжлэгч Ц.Гармаад олгосон АЯ56031632 регистрээр иргэний бүртгэлд хийсэн бичилтийг сэргээн тогтоож, иргэний бүртгэд бүртгэлд бүртгэх нь хууль зүйн үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3 дугаар зүйлийн 106.3.4, 106.3.12 дахь заалт, 107, 108 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.3.1, Иргэний бүртгэлийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Цэдэн овогтой Гармааг АЯ56031632 регистрээр иргэний бүртгэл хийсэн бичилтийг сэргээн тогтоож, иргэний бүртгэлд бүртгэхийг Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас өдрөөс хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОДОНТУЯА