Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 128/2019/0243/З |
Дугаар | 221/МА2019/0584 |
Огноо | 2019-11-13 |
Маргааны төрөл | Тусгай зөвшөөрөл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2019/0584
“Ө о” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Т нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2019/0516 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Ө о” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Эрүүл мэндийн сайдад холбогдох захиргааны хэргийг, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2019/0516 дугаар шийдвэрээр: Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.21-д заасныг баримтлан Эрүүл мэндийн яамны сайдын 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/08 дугаар тушаалын “Ө о” ХХК-ийн “М м” нэгдсэн эмнэлгийн тусгай зөвшөөрлийг 3 сараар түдгэлзүүлсэн хэсэг нь илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай” “Ө о” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Т давж заалдах гомдолдоо: “... 128/ШШ2019/0516 шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан удирдамжийн дагуу тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн, шинжээчид гэсэн бүрэлдэхүүнтэй баг Баянгол дүүргийн 4 дүгээр хороолол, 18 дугаар хороонд байрлах “Ө о” ХХК-ийн “М м” нэгдсэн эмнэлгийн ажлын байр үйл ажиллагаанд үнэлгээ огт хийгээгүй. Шүүгч шийдвэрийн Үндэслэх хэсэгт хэрвээ шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлсэн үгийг анхаарсан бол Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 298 дугаар тушаалд 3.8.1 гэсэн байхгүй заалтыг бичихгүй байсан байх.
Шүүгч шийдвэрийн Үндэслэх хэсэгт “2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр “Ө о” ХХК-ийн “М м” эмнэлгийн ажлын байранд тусгай зөвшөөрлийн шинжээчдийн багаас хийсэн явцын хяналт үнэлгээний дүгнэлтэд Б /захирал/ давхар бүрээр явж танилцахад байлцсан, би Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Хуулийн хэлтсийн дарга байна, мөн ээж ажиллуулдаг, зээл хөөцөлдөж байгаа гэх тайлбар зэргээр эмнэлгийн үйл ажиллагааг тусгай зөвшөөрөл болон төслийн дагуу явуулаагүй болох нь нотлогдож байна” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй. Учир нь Батжав эмнэлгийн дарга биш, давхар болгоноор хамт яваагүй, эмнэлгийг ээж нь хариуцан ажиллуулдаггүй, Засгийн газрын хэрэг эрхлэх газарт ажиллаж байгаагүй.
Шийдвэрийн Үндэслэх хэсгийн 6 дугаар хуудасны доод хэсгээс 7 дугаар хуудасны дээд хуудсанд нэхэмжлэгчийг хариуцагч, хариуцагчийг нэхэмжлэгч гэж сольж бичсэн байна. Иймд тухайн гаргасан шийдвэр нь агуулгын хувьд эсрэгээр өөрчлөгдөж ойлгомжгүй хуулийн шаардлага хангаагүй учраас шийдвэр өөрөө хууль бус хүчин төгөлдөр шийдвэр биш гэж үзэж байна.
Мөн хариуцагчаас “М м” эмнэлгийн тусгай зөвшөөрлийг 3 сарын хугацаагаар түр түдгэлзүүлсэн бөгөөд дээрх зөрчил гаргаагүй, хяналт шалгалтыг удирдамжид заасан бүрэлдэхүүн шалгаагүй, шалгалт огт явуулаагүй талаарх гомдлоо Эрүүл мэндийн яамны сайдад огт гаргаагүй гэж дурдах нь зүйтэй байна гэжээ. Энд бас шүүгч Эрүүл мэндийн сайдыг яамны сайд гэж бичсэн байна
Шалгалтаар ирсэн гээд байгаа хүмүүс эмнэлгийн даргатай уулзаагүй, шалгалт үнэлгээ хийсэн гээд байгаа баримт дээр шалгуулагч байгууллагын эрх бүхий албан тушаалтан, өөр бусад хүн байлцсан тухай юу ч байхгүй гарын үсэг байхгүй нь зөвхөн нэг талын хүмүүсийн гарын үсэг байгаа нь шалгалт үнэлгээ хийгээгүй, хийсэн мэтээр баримт бичиг гаргаж өгсөн нь нотлогдоно.
2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хурлын тэмдэглэлд “М м” эмнэлэгт ямар зөрчил илэрсэн талаар огт байхгүй байдаг. Ийм учраас л шалгалт үнэлгээ хийлгүйгээр, мэргэжлийн хяналтын газрын дүгнэлтгүйгээр зөвхөн эмнэлэгтэй огт хамаагүй хувь хүнтэй маргалдаж, уурлаж, загнаж, дарамталж үүнээсээ болж албан тушаалаа урвуулан ашиглаж тус эмнэлгийн тусгай зөвшөөрлийг хууль бусаар түдгэлзүүлсэн тул Эрүүл мэндийн сайдад нь хандаад шийдэгдэх боломжгүй, гаргасан шийдвэрээ өөрчлөхгүй учраас шүүхээр шийдүүлэх гэж шүүхэд нэхэмжлэл гаргасан юм..
Тухайн өдөр Н.Ч, Б.Б тэргүүтэй хүмүүс “М м” эмнэлгийн 9 давхрын офисст ямар нэгэн удирдамж болон өөрсдийнхөө ажлын үнэмлэхээ үзүүлэлгүй эмнэлэгтэй огт хамааралгүй хүнтэй маргалдаж танай эмнэлгийг хаана гэж уурлан гарч, замдаа ямар ч зөвшөөрөлгүй хэдэн зураг даран явсан ба хэлснээрээ ч тус эмнэлгийн тусгай зөвшөөрлийг цуцалсан.
Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулж үзэхгүйгээр шийдвэр гаргасан гэж үзэж байна. Зөвхөн хариуцагчийн үгийг сонсож нөхцөл байдлыг буруу дүгнэж гаргасан анхан шатны шүүхийн дээрх шийдвэр нь, хэт нэг талыг баримталсан хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзэж байна.
Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан удирдамжийн үндэслэлд Эрүүл мэнд, спортын сайдын 2015 оны 298 дугаар тушаалд 3.8.1 гэсэн заалт байхгүй, харин Гурав Ажлын албаны чиг үүрэг, үйл ажиллагаа 3.1.8-д тусгай зөвшөөрөл бүхий эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагаа, тусгай зөвшөөрлийн шаардлагын хэрэгжилтэд төрийн захиргааны болон төрийн бус байгууллагатай хамтран явцын хяналтыг хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх гэж заасан байхад шинжээч нартай хамтарч үнэлгээ хийж дүгнэлт гаргасан нь дээрх тушаалыг зөрчсөн байна.
Учир нь Эрүүл мэндийн яам төрийн захиргааны төв байгууллага тул дээрх тушаалын 3.1.8 заалтад Эрүүл мэндийн яам явцын хяналт хийнэ, дүгнэлт гаргана гэсэн эрх зүйн орчин байхгүй, удирдамжийн үндэслэл буруу байгаа тул “Монгол мед” эмнэлэгт хийсэн хяналт нь үнэлгээ хийгээгүй, дүгнэлт гарган түдгэлзүүлсэн Эрүү мэндийн сайдын 2019 оны А/08 дугаар тушаал эрх зүйн чадамжгүй байна.
Эрүүл мэндийн яамны 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр дүгнэлт бичсэн шинжээч Н.Н ,М.О нарыг Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын баталсан удирдамжид томилсон нэр тусгагдаагүй эдгээр шинжээчдийг томилсон шийдвэр хүчин төгөлдөр эсэх нь тодорхойгүй.
Мэргэжилтэн Ч, Б шинжээч нар нь хяналт, үнэлгээ хийх удирдамжаа танилцуулаагүй, нэг хувийг шалгуулагч байгууллагад өгөөгүй дээрх мэргэжилтэн шинжээч нар нь үнэмлэхээ үзүүлээгүй обьектод нэвтрэн орсон нь холбогдох хууль, тогтоомж журам зөрчсөн.
Эрүүл мэнд, спортын сайдын тушаалыг Эрүүл мэндийн сайдын 2014 оны 17 дугаар тушаал гэж хариу тайлбартай бичсэн байдаг. Гэвч Эрүүл мэнд спортын сайдын 2014 оны 17 дугаар тушаалын дагуу 34 шалгуур үзүүлэлтээр үнэлгээ хийгээгүй, үнэлгээ хийсэн дүнг танилцуулаагүй, шалгуулагч байгууллагын эрх бүхий албан тушаалтан хүнээр гарын үсэг зуруулаагүй нь үнэлгээ хийгээгүй нь нотлогдож байна. Мөн Эрүүл мэнд, спортын сайдын 2014 оны 17 дугаар тушаалын дагуу шалгуур үзүүлэлтийн хэдийн хэддүгээр үзүүлэлтийг хангаагүй талаар дурдаагүй, 34 үзүүлэлтээс хэдэн үзүүлэлт хангаагүй бол хангалтгүй үнэлгээ өгсөн талаар хариу тайлбартаа дурдаагүй.
Нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагааны стандарт MNS 5095 2017 оны шаардлагыг хэрхэн яаж үнэлсэн, хэд хэддүгээр заалтыг хангаагүй талаар огт дурдаагүй, шалгуулагч байгууллагад танилцуулаагүй.
Эцэст нь Нэгд: Эрүүл мэндийн яамнаас шалгалтаар ирсэн гэх хүмүүс “Монгол мед” эмнэлэгт шалгалт үнэлгээ огт хийгээгүй.
Хоёрт: Аж ахуйн үйл ажиллагаа, тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйл Тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх 13.1 дэх хэсэгт заасныг зөрчсөн тохиолдолд мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн түдгэлзүүлж болно гэсэн хуулийн заалтыг ноцтой зөрчиж мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт байхгүй байхад “М м” эмнэлгийн тусгай зөвшөөрлийг Эрүүл мэндийн сайдын 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/08 дугаартай тушаалаар түдгэлзүүлсэн нь хууль бус шийдвэр гаргасан тул Эрүүл мэндийн сайдын тушаалаар түдгэлзүүлсэн шийдвэрийг хүчингүй болгох нь хууль зүйн үндэслэлтэй.
Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх Эрүүл мэндийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, маргааны үйл баримтад үндэслэлтэй, зөв дүгнэлт хийгээгүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасныг үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “Ө о” ХХК “... Эрүүл мэндийн яамны Тусгай зөвшөөрлийн ажлын алба тусгай зөвшөөрөл дээрх үйл ажиллагааг эрхэлж байгаа эсэхийг шалгах ёстой байтал шалгалтаа бүрэн хийгээгүй, ... бодит байдалд нийцээгүй хууль бус тушаал гарган манай үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлж, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэсэн үндэслэлээр “Эрүүл мэндийн сайдын 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/08 дугаар тушаалын “Ө о” ХХК-ийн “М м” эмнэлгийн тусгай зөвшөөрлийг 3 сараар түдгэлзүүлсэн хэсэг илт хууль болохыг тогтоож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гарган маргажээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, хэрэгт хавсаргасан баримтуудаас үзвэл “Ө о” ХХК-ийн “М м” эмнэлэг нь эмнэлгийн тусламж үйлчилгээний чиглэлээр тусгай зөвшөөрөл авах үед төсөлд тусгагдсан хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байгаа болохыг нотлохуйц баримтууд хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгчээс энэ талаарх баримт нотолгоог гаргаж ирүүлэх боломжтой ч холбогдох баримт нотолгоог гаргаж мэтгэлцээгүй байх тул “нэхэмжлэгч компанийн “М м” эмнэлгийг төсөлд заасан хэлбэрийг бүрэн хангасан байдлаар эмнэлгийн тусламж үйлчилгээг явуулж байжээ” гэж үзэх үндэслэлгүй байна. Гэвч энэ үндэслэлээр хариуцагч Эрүүл мэндийн сайдын 2018 оны 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/08 дугаар тушаалын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хуульд нийцсэн үндэслэлтэй шийдвэр гэж үзэх боломжгүй.
Учир нь, дор дурдсан үндэслэлээр хариуцагч маргаан бүхий актаар нэхэмжлэгч компанийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэхдээ хуульд заасан эрх хэмжээнд үл нийцэх алдаа бүхий шийдвэр гаргасан байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Хариуцагч Эрүүл мэндийн сайд 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн маргаан бүхий А/08 дугаар тушаалд “тусгай зөвшөөрөл олгох байгууллагын эрх, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, түүнийг олгох эрх бүхий этгээд, эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн чиглэл, мөн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийг сэргээх”-тэй холбоотой хуулийн зохицуулалтууд болох Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйл, Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1, 19.2, 19.3, 19.21, 19.22, 19.23 дахь заалтуудыг үндэслэн нэр бүхий хуулийн этгээдүүдэд тусгай зөвшөөрөл олгох, мөн зарим тусгай зөвшөөрөл эзэмшигчийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хэсэгчлэн хүчингүй болгох, зарим этгээдүүдийн тусгай зөвшөөрлийн эрхийг сэргээх асуудлыг шийдвэрлэсэн байх бөгөөд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн хоёрдугаар хавсралтад нэхэмжлэгч “Ө о” ХХК-ийн “М м” эмнэлэг багтсан байна.
Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 20-д “Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд зааснаас гадна дор дурдсан үндэслэлээр тусгай зөвшөөрлийг энэ хуулийн 19.2-т заасан байгууллага хүчингүй болгоно”, 19.20.3-д “Эрүүл мэндийн байгууллагыг хуулийн этгээдийн улсын бүртгэлд холбогдох хууль тогтоомжийн дагуу бүртгүүлээгүй”, 19.20.4-д “эрүүл мэндийн байгууллагын барилга, тоног төхөөрөмж нь үйл ажиллагаа эрхлэхэд тавих шаардлагыг хангахгүй байгаа тухай эрх бүхий байгууллага дүгнэсэн”, 19.20.5-д “мэргэжлийн хүний нөөц бүрдээгүйгээс тусгай зөвшөөрөлд заасан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх боломжгүй”, 19.20.6-д “эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын эрсдэл үүссэн гэж эрх бүхий байгууллагаас дүгнэсэн”, 19.20.7-д “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь зөвшөөрөгдсөн үйл ажиллагааны чиглэл, төрлөөс өөр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ эрхэлсэн”, 19.21-д “Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь зөвшөөрлийг хүчингүй болгохоос өмнө энэ хуулийн 19.20.3, 19.20.4, 19.20.5, 19.20.6, 19.20.7-д заасан нөхцөл байдлыг арилгах талаар урьдчилан мэдэгдэж, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан хугацаагаар түр түдгэлзүүлнэ” гэж, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Тусгай зөвшөөрлийн хугацаа, нөхцөл шаардлагыг зөрчсөн тохиолдолд мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үндэслэн тусгай зөвшөөрлийг олгосон байгууллага түүнийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлж болно” гэж тус тус хуульчилжээ.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл улсын хэмжээнд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх этгээдэд тусгай зөвшөөрөл олгох эрхтэй этгээд болох Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь /Эрүүл мэндийн яам/ “эрүүл мэндийн байгууллагыг хуулийн этгээдийн улсын бүртгэлд холбогдох хууль тогтоомжийн дагуу бүртгүүлээгүй, эрүүл мэндийн байгууллагын барилга, тоног төхөөрөмж нь үйл ажиллагаа эрхлэхэд тавих шаардлагыг хангахгүй байгаа тухай эрх бүхий байгууллага дүгнэсэн, мэргэжлийн хүний нөөц бүрдээгүйгээс тусгай зөвшөөрөлд заасан эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэх боломжгүй, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын эрсдэл үүссэн гэж эрх бүхий байгууллагаас дүгнэсэн, тусгай зөвшөөрөл эзэмшигч нь зөвшөөрөгдсөн үйл ажиллагааны чиглэл, төрлөөс өөр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ эрхэлсэн гэсэн нөхцөл байдлууд үүссэн тохиолдолд л тусгай зөвшөөрлийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлэх хууль зүйн боломжтой байна.
Ийнхүү тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэхдээ үүссэн нөхцөл байдлыг арилгах талаар урьдчилж мэдэгдэх бөгөөд ийнхүү мэдэгдэх нь үүссэн нөхцөл байдлыг арилгах боломжийг олгох зорилготой байхаар хуульчлагджээ.
Хуулийн дээрх зохицуулалтыг маргааны үйл баримтад дүйцүүлэн авч үзвэл хариуцагч нь нэхэмжлэгч “Ө о” ХХК-ийн “М м” эмнэлгийн барилга, тоног төхөөрөмж нь үйл ажиллагаа эрхлэхэд тавигдах шаардлагыг хангахгүй байгаа тухай, мөн мэргэжлийн хүний нөөц бүрдээгүйгээс тусгай зөвшөөрөлд заасан эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх боломжгүй талаар, мөн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлын эрсдэл үүссэн талаар тус тус эрх бүхий байгууллагын дүгнэлт гарсан, мөн нэхэмжлэгч “Ө о” ХХК нь “М м” эмнэлгийг хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлээгүй, үйл ажиллагааны чиглэл, төрлөөс өөр эрүүл мэндийн тусламж үйлчилгээ эрхэлсэн нь тогтоогдсон тохиолдолд тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх байжээ.
Гэтэл хариуцагч нь эрх бүхий байгууллагын дүгнэлт шийдвэр гараагүй, тусгай зөвшөөрлийг хуулийн этгээдийн бүртгэлд бүртгүүлээгүй, үйл ажиллагааны чиглэл төрлөөс өөр тусламж үйлчилгээ үзүүлсэн нөхцөл байдал үүссэн болохыг эргэлзээгүйгээр тогтоолгүйгээр нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн байх тул маргаан бүхий актын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг “хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд хууль зөрчиж халдсан” илэрхий алдаа бүхий шийдвэр гэж үзлээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн “Эрүүл мэнд, эм хангамжийн байгууллагуудад дунд хугацааны үнэлгээ хийх удирдамж”[1]-аар шалгалт хийсэн гэх боловч эмнэлэг хариуцсан эрх бүхий этгээдэд удирдамжийг танилцуулж, шалгалтыг явуулсан эсэх нь тодорхойгүй, нэхэмжлэгч хариуцагч нар зөрүүтэй тайлбар гаргасан, хариуцагчаас нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх үндэслэл бүрдсэн байсан талаар “... нэгдсэн эмнэлгийн бүтэц, үйл ажиллагаа MNS 5095:2017 стандартын нөхцөл, шаардлагыг хангаагүй, Эрүүл мэндийн сайдын 2014 оны 17 дугаар тушаалаар батлагдсан шалгуур үзүүлэлтийг хангаагүй гэсэн дүгнэлт гарсан” гэж тайлбарлах боловч стандарт, шалгуур үзүүлэлтийн ямар заалт, шаардлагыг хангаагүйг хэрхэн яаж үнэлж дүгнэсэн нь тодорхойгүй, шалгуулж буй эмнэлгийн эрх бүхий этгээдэд танилцуулж, тайлбар баримтыг гаргуулсан талаарх баримт нотолгоог шүүхэд гаргаж ирүүлээгүй байх тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбар, гомдлыг үгүйсгэх боломжгүй байна.
Түүнчлэн, маргаан бүхий актын үндэслэлд тусгагдсан Эрүүл мэндийн чиглэлээр мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгох комиссын 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн хурлын 08 дугаар тэмдэглэл[2]-д нэхэмжлэгч компанийн “М м” эмнэлэг ямар зөрчилтэй байсан, цаашид ямар арга хэмжээ авах талаар хэрхэн хэлэлцсэн нь тусгагдаагүй, энэ талаар хурлаар хэрхэн хэлэлцсэн эсэх нь тодорхойгүй байхаас гадна хариуцагч Эрүүл мэндийн тухай хуулийн 19.21-д “... энэ хуулийн 19.20.3, 19.20.4, 19.20.5, 19.20.6, 19.20.7-д заасан нөхцөл байдлыг арилгах талаар урьдчилан мэдэгдэж” гэж заасны дагуу ямар нөхцөл байдлыг арилгах талаар нэхэмжлэгчид урьдчилж мэдэгдсэн нь тодорхой бус байх тул маргаан бүхий актын нэхэмжлэгчид холбогдох хэсэг алдаатай, үндэслэлгүй, хууль бус шийдвэр болохыг давхар нотолж байна.
Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх зорилго чиг үүрэг бүхий байгууллагуудыг мэргэжил арга зүйн удирдлагаар хангах, энэ талаарх салбарын бодлого, хөгжлийн чиг хандлагыг тодорхойлогчийн хувьд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих, үнэлэлт дүгнэлт өгөх үйл ажиллагааг бүхэлд нь нийтийн эрх ашгийн төлөөх үйл ажиллагаа гэж үзэж болох хэдий ч тэрээр нийтийн эрх зүйн этгээдийн хувьд Захиргааны ерөнхий хуулиар тогтоосон захиргааны шийдвэр гаргахад мөрдөх “хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэж, оролцоог нь хангах” тусгай зарчмыг өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгох үүргээс чөлөөлөгдөх хууль зүйн үндэслэлгүй байна.
Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.25-д “Тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий байгууллага нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10.1.3-д зааснаас гадна дараахь чиглэлээр хяналт тавина”, 19.25.1-д “үйл ажиллагааны стандарт, тусгай зөвшөөрлийн шаардлагыг хангахад чиглэсэн энэ хуулийн 19.10.3-т заасан төслийн хэрэгжилтийг хянах, үнэлэх”, 19.10.3-д “энэ хуулийн 19.6-д заасан мэргэжлийн үйл ажиллагааны төсөл” гэж заасны дагуу хариуцагч нь тусгай зөвшөөрөл олгогдсон эрүүл мэндийн байгууллагуудад мэргэжлийн үйл ажиллагааны чиглэлийн дагуу үйл ажиллагаагаа стандартын шаардлагад нийцүүлэн эрхэлж байгаа эсэхэд нь хяналт тавих эрхтэй хэдий ч нэгэнт олгогдсон тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох зэрэг хэлбэрээр тусгай зөвшөөрөл эзэмшигчийн эрхийг хөндсөн шийдвэр гаргах тохиолдолд дээр дурдсан хуулийн зохицуулалтын хүрээнд шийдвэр гаргах хууль зүйн боломжтой, хэрэв тухайн шийдвэр дээрх хуулиар тогтоосон журамд нийцээгүй тохиолдолд шүүх тус шийдвэрийг хууль ёсны, үндэслэлтэй шийдвэр гэж үзэх хууль зүйн боломжгүй юм.
Харин цаашид хариуцагч нь эмнэлгийн тусламж үйлчилгээ эрхлэх этгээдэд тусгай зөвшөөрөл олгох, түүнийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох, сэргээх эрх бүхий этгээдийн хувьд Эрүүл мэндийн тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, холбогдох бусад хуулиар тогтоосон журмын хүрээнд нэхэмжлэгч компанийн эмнэлгийн үйл ажиллагааг хянах, үнэлэх, зохих шийдвэрийг гаргах бүрэн эрх чиг үүргээ хэрэгжүүлэх боломжтой, энэхүү эрх, үүргээ хэрэгжүүлэхийг нь тус шийдвэр хязгаарлахгүйг дурдах нь зүйтэй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.2 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2019/0516 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүл мэндийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.21, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ө о” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Эрүүл мэндийн сайдын 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн А/08 дугаар тушаалын “Ө о” ХХК-ийн “М м” нэгдсэн эмнэлгийн тусгай зөвшөөрлийг 3 сараар түдгэлзүүлсэн хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.3, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, мөн нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
[1] 1ХХ-ийн 85 дугаар хуудас
[2] 1ХХ-ийн 88-96 дугаар хуудас