Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 12

 

Б.Батхуягт холбогдох

хэргийн талаар

Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч М.Мөнхдаваа, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баасандэмбэрэл Прокурор Д.Пүрэвдагва, Шүүгдэгч Б.Батхуяг Шүүгдэгчийн өмгөөлөгч  М.Хувцагаан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан хохирогч Д.Жаргалсайханы давж заалдсан гомдлоор Б.Батхуягт холбогдох 201607000123 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч  Монгол  Улсын иргэн, 1968 оны 10 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо 49б байрны 16 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй хэрэг хариуцах чадвартай Зээрд адуун овгийн Бандийн Батхуяг /РД:УК-68102379/

Шүүгдэгч Б.Батхуяг нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх: Говь-Алтай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Зээрд адуун овгийн Бандийн Батхуягийн үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, шүүгдэгч Зээрд адуун овгийн Бандийн Батхуягийг бусдын бие махбодид санаатай хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Б.Батхуягт холбогдох Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн  99.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, шүүгдэгч  Б.Батхуягт 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,шүүгдэгч Б.Батхуяг нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд  хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хохирогч Д.Жаргалсайхан нь хохирол төлбөр нэхэмжлээгүй болох шүүгдэгч Б.Батхуягийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, хэрэгт иргэний үнэмлэхний  хуулбар авагдсан болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох, шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Хохирогч Д.Жаргалсайхан давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны 11 дугаартай шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан ...шүүхийн тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

...Шүүх Б.Батхуягийн тухайн үед бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, нийгмийн хэв журмыг зөрчин, санаатайгаар зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, хүний биед гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг агуулсан байхад түүний тэрхүү үйлдлийг хэрхэн үгүйсгэсэн талаар огт дүгнэлт хийгээгүй атлаа, дүү нь хашгирхыг сонссоноор хувийн сэдэлттэй үйлдэгдсэн гэж хэргийн үйл баримтыг зориуд хөнгөрүүлэн өөрчилж, улмаар эрүүгийн хариуцлагад татах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн гэж дүгнэн хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд ашигтай байдлаар буюу зөвхөн зүйлчлэлийг хөнгөрүүлэх агуулгаар хуулийг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй буруу тайлбарлан хэрэглэж, хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн нь “шүүхийн тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байна.” гэсэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй байх тул давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянан үзэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 317.1.4 заасны дагуу шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, гэмт хэрэг үйлдсэн этгээдэд хуульд заасны дагуу зохих хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж давж заалдах гомдол гаргав... гэжээ.

Шүүгдэгч Б.Батхуяг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Би хохирогчоос Говь-Алтай аймагт байхад нь уучлалт гуйж байсан боловч хүлээж авдаггүй юм. Би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Хувцагаан давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогч нь гомдолдоо Д.Чилхаасүрэн, Д.Батбаатар нар бидний амарч байсан өрөөнд удаа дараа зөвшөөрөлгүй орж ирж ширээ өгөхийг шаардсан гэсэн байдаг. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад Д.Чилхаасүрэн, Д.Батбаатар нар ширээ байна уу? гэж орсон нь үнэн боловч удаа дараа орсон гэдэг нь худал юм. Д.Чилхаасүрэн Улаанбаатараас ирсэн ах, дүү нараа тэр зусланд амруулахаар түрүүлж очоод 04 тоот өрөөг захиалсан байдаг.

Захиалсан өрөөндөө 3 ор, сандал, ширээ, өлгүүр зэргийг хүлээж авсан гэдгийг гэрч О.Үүрцайх гэрчилдэг. Н.Ариунчимэг, Ж.Сумъяабазар, Н.Хонинхүү, Д.Жаргалсайхан нар нь хэний ч зөвшөөрлөгүйгээр дур мэдэн 04 тоот өрөөнд орохоор эд зүйлээ зөөсөн байсан. Д.Чилхаасүрэн, Н.Болдбаатар нар захиалсан өрөөндөө орой орж амрах гэтэл өрөөнд нь хүмүүс байсан учраас бидний өрөө хаана байна гэж амралтын газрын зохион байгуулагчид хэлэхэд Н.Хонинхүүгийн нөхөр Д.Жаргалсайхан, хүү нь болох Ж.Сумъяабазар нар өөрсдийн эд зүйлээ зөөж өөрсдийн захиалсан өрөөндөө орцгоосон байдаг.

Хавтаст хэргийн 33 дугаар талд гэрч Б.Батхишигийн мэдүүлэгт 04 тоотод байсан хүмүүс та нар хэзээ орсон бэ? гэхэд өдөр эрт орсон гэж хариулсан гэсэн байдаг. Д.Батбаатар, Д.Чилхаасүрэн нар өдөржин тэр өрөөг эзэмшиж байсан бөгөөд тэдний захиалсан өрөөтэй ойролцоо өрөө учраас ширээг авсан байж болзошгүй гэж үзээд асуусан байдаг. Гэтэл Д.Жаргалсайхан өөдөөс нь хэл амаар дайрч, доромжилсон байдаг. Д.Жаргалсайхан, Н.Хонинхүү нар амралтын газрын эд хөрөнгийг дур мэдэн ашигласнаас тэдний өрөөнд орж ширээг асуух шаардлага үүссэн.

Гэрч О.Үүрцайхын мэдүүлж байгаагаар Н.Хонинхүүгээс маргааш өглөө нь асуухад эрээн орыг эрээн ширээ дагадаг юм байх гэж бодсон гэж хэлсэн байдаг. Тэр өрөөнд ширээ оруулж тавьснаас энэ хэрэг гарсан. Д.Жаргалсайханы өөдөөс хүч хэрэглсэн хүн байхгүй. Маргаан болоод өрөөнд нь орсон хүмүүсийг Д.Жаргалсайхан түлхэж гаргасан. Тэр үед Б.Батхишиг 04 тоот өрөөнөөс гарч ирэхэд Д.Жаргалсайхан үг дуугүй түүнийг түлхсэн байдаг. Б.Батхишиг хойшоо унахдаа сандарч орилсон. Б.Батхишигийг орилоход нь Б.Батхуяг босоод хөлд нь шилтэй архи таарахад нь авч чулуудахад Д.Жаргалсайханы толгойг онож хагалсан байдаг.

Хохирогч Д.Жаргалсайханы мэдүүлэгт Б.Батхуягийг таньж мэдэхгүй, бид хоёрын дунд өс хонзон байхгүй, манай өрөөнд орж ирээгүй гэсэн байдаг. Б.Батхуягийн хувьд дүү нь хүн аллаа гэж орилоход сандарсандаа шилтэй архи авч шидсэн байдаг. Түүнээс биш олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулж танхайрах гэсэн санаа зорилгогүй байсан нь хэргийн материалаас харагддаг. Энэ гэмт хэргийн сэдэлт бол хувийн таарамжгүй харилцаанаас үүдэж гарсан байдаг.  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 42 дугаар зүйлийн 42.5.2-дахь хэсэгт зааснаар хохирогч хэргийн талаар үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй, гэтэл Д.Жаргалсайханы төрсөн дүү Н.Ариунчимэг, гэрч Д.Энхтуяа, Б.Батхишиг нарын мэдүүлэгээс үзэхэд чанга орилсон гэдгийг гэрчилдэг. Монгол Улсын Дээд шүүхийн тайлбарт ...Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийг тайлбарлахдаа хувийн таарамжгүй харилцаанаас үүдэлтэй, хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас учирсан гэмтлийг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлээр биш, бусдын биемахбодид гэмтэл учруулсан байдлыг харгалзан тохирох зүйл, хэсгээр зүйлчлэх нь зүйтэй гэсэн байдаг.

Шүүгдэгч Б.Батхуяг нь гэм буруугаа хүлээж, хохирогч Д.Жаргалсайханаас уучлалт гуйсан. Хохирогч Д.Жаргалсайхан, гэрч Н.Хонинхүү нар нь шүүгдэгч Б.Батхуягийг зэвсэг хэрэглэн танхайрсан гэж мөрдөн байцаагчид нөлөөлөх байдлаар мэдүүлсэн байдаг. Энэ хэргийн хувьд гэмт хэрэг гарах болсон шалтгааныг анхаарч үзэх нь зүйтэй. Гэм буруугийн асуудлыг шүүгч шийдэх ёстой болохоос хохирогч, гэрч нар шийдэхгүй байх. Хохирогч Д.Жаргалсайханы хүч хэрэглэсэн хууль бус үйлдлээс үүдэж энэ хэрэг анх гарах болсон.

 

            Гэрч Н.Ариунчимэгийн мэдүүлэгт ... хүргэн ах Д.Жаргалсайхан цааш нь түлхэхэд тэр эмэгтэй муухай орилсон гэсэн байдаг. Хохирогч Д.Жаргалсайхан ширээ асууж өрөөнд нь орсон хүмүүсийг хэл амаар доромжилж, шалтгаангүйгээр Б.Батхишигийг заамдаж түлхсэн байдаг. Ширээ асууж бусдын өрөөнд орсон нь танхайрч байгаа үйлдэл биш, хувь хүмүүсийн хоорондын харилцаа юм. Хүмүүс маргаж байхад шүүгдэгч Б.Батхуяг байгаагүй, хохирогчийн зүй бус харилцаанаас энэ хэрэг анх гарсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан хэргийн зүйлчлэл тохирсон, шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогч Д.Жаргалсайханы давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

 

            Прокурор Д.Пүрэвдагва давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэгт Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчлэлийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн Б.Батхуягт холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байна. Анхан шатны шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцсон. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн тайлбараас зөрүүтэй зүйлс байна.

            Гэрч Д.Чилхаасүрэн, Д.Батбаатар нар  танхайраагүй гэж байгаа боловч хүмүүс унтаж амарч байхад ширээгээ авъя гэж удаа дараа орж ирсэн. Хохирогч Д.Жаргалсайхан ширээ байхгүй, бид амарч байна гэж хэлсэн байдаг.

           

            Хохирогч Д.Жаргалсайхан, Д.Чилхаасүрэн, Д.Батбаатар нар нь хоорондоо маргаж байхад Б.Батхуяг маргаанд оролцоогүй, цаад өрөөндөө байсан. Б.Батхуягийн эмэгтэй дүү нь Б.Батхишиг нь орилхоор тусламж үзүүлэх гэж гарч ирээд архины шил таарахаар нь шидсэн гэж байгаа боловч архины шилийг шидээгүй, шилээр цохьсон болох нь хэрэгт авагдсан хохирогч гэрчүүдийн мэдүүлэгээр давхар нотлогдсон. Анхан шатны шүүх Б.Батхуягт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан зүйлчлэлд эргэлзээ төрсөн учир шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчилсэн. Анхан шатны шүүхийн энэ шийдвэрийг прокурорын зүгээс хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна.

            Учир нь: Шүүгдэгч Б.Батхуяг нь хохирогч Д.Жаргалсайхан, гэрч Д.Чилхаасүрэн нарын хоорондын маргаанд оролцоогүй, бусдыг ямар нэгэн байдлаар үл хүндэтгэсэн үйлдэл хийгээгүй юм. Харин хохирогч Д.Жаргалсайханыг архины шилээр цохьсон үйлдэл нь нотлогдсон. Энэ үйлдэл нь хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас хэргийг хэрэгсэхгүй болгосон. Хохирогч Д.Жаргалсайханы гомдолд хэргийн материалтай танилцуулаагүй гэсэн байсан. Говь-Алтай аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагч цагдаагийн ахмад ******* нь хохирогч Д.Жаргалсайхан болон хэрэг гарах үед байсан хүмүүсийг ирж байцаалт өгөөч гэж удаа дараа дуудсан ба хэрэгтэй танилцах боломжоор хангасан байхад хохирогч Д.Жаргалсайхан болон хамт байсан хүмүүс нь ирээгүй. Цагдаагийн байгууллагын зардлаар Улаанбаатар хот орж тэднээс байцаалт авсан байдаг. Мөрдөн байцаагч нь Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчсөн ажиллагаа явуулаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байгаа тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Батхуягт холбогдох эрүүгийн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Говь-Алтай аймгийн Прокурорын газраас тухайн шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж тухайн хуулийн зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож, улмаар Эрүүгийн хуулийн ерөнхийн ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сар буюу эрүүгийн хариуцлагад татах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн байна.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд заасан “... шүүх давж заалдсан гомдол, эсэргүүцэлд дурдсан зүйлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзнэ” гэсэн хуулийн заалтаар хэргийг хянахад анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн дараах нөхцөл байдлууд тогтоогдлоо.

Үүнд: 1. Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Б.Батхуягт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүн хүрэлцэхгүй байна гэсэн үндэслэлээр Эрүүгийн  байцаан шийтгэх хуулийн 223 дугаар зүйлийн 223.3 дахь хэсэгт заасан ...адил шатны өөр шүүхийн ерөнхий шүүгчтэй зөвшилцөж бүрэлдэхүүнд олонхи шүүгч оролцож байгаа газрын шүүх хэргийг хянан шийдвэрлэнэ гэсэн хуулийн заалтыг баримтлан шүүх бүрэлдэхүүнийг өөрчлөн томилж, хэргийг тус аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Гэтэл Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 32 дугаар зүйлийн 32.6 дахь заалтыг зөрчин ...шүүгч шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг тогтоосон шүүгчдийн зөвлөгөөний тогтоолыг үндэслэн эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүнийг тухайн шатны шүүхийн ерөнхий шүүгч, танхимын тэргүүн захирамж гарган томилно гэснийг зөрчжээ.

Зүй нь тухайн хэргийг хүлээн аваад ердийн журмаар шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоо үндэслэн шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг томилсон Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгчийн захирамжийг тусад нь гаргах шаардлагатай байсан байна. Энэ байдал нь шүүх хэргийг хууль бус бүрэлдэхүүнтэйгээр шийдвэрлэсэнд хамаарах юм.

2. Говь-Алтай аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүх хуралдаанд Д.Пүрэвдагва гэдэг Завхан аймгийн Прокурорын газрын мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих прокурор ямар сонирхлоор шүүх хуралдаанд оролцсон нь тодорхойгүй байна.

Тухайлбал: Ямарч эрх бүхий албан тушаалтны томилгоо, шийдвэрээр оролцоогүй. Энэ байдал нь Улсын ерөнхий Прокурорын газраас баталсан, заавар журмыг зөрчихөд хүргэсэн байна. Тухайн заавар журамд ...шүүх хуралдаанд оролцох улсын яллагч /прокурор/ өвчтэй, чөлөөтэй, аль эсвэл томилолтоор, ажлаар явсан өөр адил шатны прокурорын харъяаллаар ирүүлсэн хэрэгт томилолт олгосон прокурор /улсын яллагч/ оролцохоор зохицуулагдсан байна. Гэтэл эрх бүхийн албан тушаалтны шийдвэр томилгоогүй прокурор /улсын яллагч/ шүүх хуралдаанд оролцсон нь анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэл бүхий гарсан гэхэд эргэлзээ төрүүлж байна.

3. Шүүгдэгч Б.Батхуягийн үйлдсэн хэрэг нь нийгмийн хэв журмыг ноцтой зөрчсөн, бусдыг илтэд үл хүндэтгэсэн, санаатайгаар зэвсгийн чанартай /архины шил/ зүйл хэрэглэн танхайрсан, танхайрах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан байхад хэргийн зүйлчлэлийг хууль зүйн үндэслэлгүйгээр өөрчлөн тухайн шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн нь буруу байна.

Тухайн гэмт хэрэг гарах үед хохирогч Д.Жаргалсайхан шүүгдэгч Б.Батхуяг нарын хооронд ямар нэгэн хувийн маргаан үүсээгүй ба шүүгдэгч Б.Батхуяг нь шууд л архины шилээр хохирогчийн толгой руу санаатай цохиж хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдсан хохирогч Д.Жаргалсайхан, гэрч Ж.Сумяабазар, Н.Ариунчимэг нарын мэдүүлгүүд, шүүх эмнэлэгийн 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 268 тоот дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, хохирогч Д.Жаргалсайханы давж заалдсан гомдлыг хүлээн авах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон 

ТОГТООХ НЬ:

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг мөн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, хохирогч Д.Жаргалсайханы давж заалдсан гомдлыг хүлээн авсугай.

2. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч,  цагаатгагдсан этгээд,  хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД  М.МӨНХДАВАА

Б.НАМХАЙДОРЖ