Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2024/01425

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2024/01425

 

Д.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч С.Энхбаяр, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 10-ны өдрийн 183/ШШ2024/02077 дугаар шийдвэртэй,

Д.М-ын нэхэмжлэлтэй, С.Б-эд холбогдох,

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.М, гуравдагч этгээд П.Ц-ий итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Д.М- нь 2015 онд С г- ХХК-ийн хэрэгжүүлж буй Т С- хотхоныг баригдаж байх үед ***** талбай бүхий орон сууцыг 700,000,000 төгрөгөөр худалдан авахаар болж, уг орон сууцыг С.Б-ийн нэр дээр орон сууц захиалгын гэрээг байгуулж, урьдчилгаа 130,000,000 төгрөгийг төлсөн. С.Б- нь 2017 онд тус орон сууцны төлбөрийг бүрэн төлж, өөрийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулсан. Д.М- нь С.Б-эд орон сууцны төлбөр 700,000,000 төгрөгийг бүрэн төлж, орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлж авах талаар хэлэхэд түр барьцаанд тавьсан байгаа удахгүй өгнө гэсэн боловч өнөөдрийг хүртэл тус орон сууцыг шилжүүлж өгөөгүй.

Иймд, Хан-Уул дүүрэг, ****** хороо, Т С- хотхон,****** байрны ***** хаягт байх ***** талбай бүхий *** орон сууцны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: С.Б- нь Д.М-ад С г- ХХК-аас байр авч өгөх зорилгоор орон сууц захиалгын гэрээг өөрийн нэр дээр байгуулж, улсын бүртгэлийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулсан. Д- ХХК-аас зээл авахдаа уг орон сууцыг барьцаанд нь тавьсан. Зээлээ ойрын хугацаанд төлж орон сууцыг барьцаанаас гаргаж өгнө. Нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах зүйлгүй бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.

3. Гуравдагч этгээд П.Ц-ий итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: П.Ц- нь Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2022 оны 09 сарын 30-ны өдөр зохион байгуулсан Үл хөдлөх хөрөнгийн хоёрдахь албадан дуудлага худалдаагаар зарлагдсан Хан-Уул дүүрэг, ****** хороо, Т С-****** байрны ***** 165.1м.кв талбайтай *** орон сууцны дуудлага худалдаанд оролцон ялж, орон сууцны төлбөр 401,500,000 төгрөгийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тушаасан.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 сарын 19-ний өдрийн 1198 дугаар магадлалаар маргаан бүхий орон сууцны өмчлөгчөөр П.Ц-ийг тогтоож шийдвэрлэсэн. Иймд, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Д.М-ын хариуцагч С.Б-эд холбогдуулан гаргасан Хан-Уул дүүрэг, ****** хороо, Т С- хотхон,****** байр, ***** хаягт байрлах ***** талбай бүхий *** орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,657,950 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдлын агуулга: Шийдвэрт "Гэрээний зүйл болох Хан-Уул дүүргийн ****** хороо, Т с-хотхоны ***** талбайтай *** орон сууц нь ашиглалтад орсон, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр 2016 оны 03 сарын 01-ний өдрийн хариуцагч С.Б-ийн өмчлөлд бүртгэгдсэн байх тул орон сууцны үнийг төлсөн нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлж, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор шаардах эрхтэй" гэжээ. Гэтэл шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэртээ нэхэмжлэгчийн шаардах эрхтэй болохыг дурдсан атлаа тогтоох хэсэгт нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь агуулгын хувьд зөрүүтэй байна.

Шүүх хуралдаан 2024 оны 05 сарын 10-ны өдрийн 12:00 минутад товлогдсон байсан ч 14:30 цагт шүүх хуралдаан эхлээгүй байсан бөгөөд шүүх хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж шүүх хуралдааныг товлосон цагтаа эхлүүлээгүй. Нэхэмжлэгч, хариуцагч болон гуравдагч этгээдийн хэн аль нь шүүх хуралдааны товлосон цагт хүрэлцэн ирж 14:30 цаг хүртэл хүлээгээд шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан. Гэтэл шүүх хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4-т заасан мэтгэлцэх зарчмын үндсэн дээр шүүх хуралдаан явагдах зарчмыг зөрчсөн.

2024 оны 05 сарын 10-ны өдөр нэхэмжлэгч талаас нотлох баримт гаргуулах, гэрчээр н.Г-ыг мэдүүлэг авахуулах хүсэлт гаргасан ч уг хүсэлтийг урьд нь гаргах буюу санал болгох бололцоотой байсан гэж хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь шүүх хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан үйлдэл болсон. Нэхэмжлэгч талаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч С.Б-ээс С г- ХХК-тай байгуулсан "Орон сууц захиалгын гэрээ"-г гаргуулах хүсэлтийг гаргасныг шүүх хангаж, хариуцагчаас нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэсэн ч тус захирамжийн биелэлт хангагдаагүй буюу хариуцагч тал орон сууц захиалгаар бариулах гэрээг шүүхэд гаргаж өгөөгүй. Иймд, тус гэрээг С г- ХХК-аас гаргуулахаар хүсэлтийг дахин гаргасан. Гэтэл шүүх хүсэлтийг хангаагүй нь өмнөх шийдвэрээ үгүйсгэснээс гадна шүүхийн шийдвэр заавал биелэгдэх зарчим хөндөгдсөн.

Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

6. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд гуравдагч этгээдийн гаргасан тайлбарын агуулга: Анхан шатны шүүх хуралдааныг 12:00 цагт товлосон ч хурал 14:30 цагт эхэлсэн. Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга гарч ирээд үргэлжилж байгаа шүүх хуралдааныг удаж байна гэсэн тайлбарыг хэлсэн ба бид бүгд ойлгож хүлээж авсан. Би тухайн үед шүүх хуралдааныг хүлээж байгаад оролцсон. Нэхэмжлэгч тал Баянзүрх дүүргийн шүүх дээр 15:00 цагт хуралтай гэсэн боловч ямар нэгэн нотлох баримт гаргаж өгөөгүй, шууд хуралдааныг орхиж явсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. Нотлох баримттай холбоотой гомдлын хувьд энэ талаар 3 шатны шүүхийн шийдвэр гарсан. Би албадан дуудлага худалдааны ялагч болох үед надад баримт өгөөгүй. Нотлох баримтаа гаргаж өгөх хугацаа байсан. Тийм учраас С г- ХХК-аас баримт гаргуулах асуудлыг үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

7. Нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд хариуцагч тал тайлбар гаргаагүй, давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хянаад нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Д.М- нь хариуцагч С.Б-эд холбогдуулан Хан-Уул дүүргийн ****** хороо, Т С- *** байрны ***** хаягт байршилтай ***** талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-************* дугаартай, *** орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрч, уг орон сууцыг зээлийн барьцаанд тавьсан, ойрын үед барьцаанаас чөлөөлж өгнө гэжээ.

П.Ц- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдээр оролцож, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас зарласан албадан дуудлага худалдаанд оролцон ялж, уг орон сууцыг худалдан авсан, түүнийг маргаж буй орон сууцны өмчлөгчөөр шүүх тогтоосон үндэслэлээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар тайлбар гарган оролцжээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх замаар зохигчийн хооронд үүссэн маргааны үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

 

4. Талууд 2015 оны 01 сарын 24-ний өдөр Орон сууц захиалгын гэрээний эрх шилжүүлэх гэрээ байгуулж, эрх шилжүүлэгч С.Б- нь Хан-Уул дүүргийн ****** хороо, Т С- хотхоны *** байранд орших ***** ***** талбайтай *** орон сууцыг 700,000,000 төгрөгийн үнээр тооцон эрх хүлээн авагч Д.М-ад шилжүүлэх, эрх хүлээн авагч төлбөрөөс 130,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд үлдэх төлбөрийг 2019 онд багтаан эрх хүлээн авагчид төлөхөөр тохиролцжээ. Уг төлбөрийг Д.М- нь төлж дуусгасан эсэх талаар талууд маргаагүй байна.

Зохигчийн хооронд үүссэн дээрх харилцаа нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлд заасны дагуу талууд гэрээний агуулгаа хуулийн хүрээнд чөлөөтэй тодорхойлж, гэрээ байгуулсан нь худалдах-худалдан авах гэрээний шинжийг агуулсныг анхан шатны шүүх зөв тодорхойлж, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж зөв дүгнэжээ.

Харин шүүх зохигчийн хооронд үүссэн эрх зүйн маргааны шаардах эрхийг тодорхойлсон зохицуулалтаас гадна гэрээний талуудын чөлөөт байдлыг тодорхойлсон суурь зохицуулалтыг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсныг залруулж давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулна.

5. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 сарын 03-ны өдрийн 01555 дугаар шийдвэрээр хариуцагч С.Б-ээс 238,781,701 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д- ХХК-д олгож, С.Б-ийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-************* дугаартай, Хан-Уул дүүргийн ****** хороо, Т С-****** байрны ***** хаягт байршилтай, ***** талбай бүхий *** орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэжээ. Шийдвэр гүйцэтгэх байгууллага шүүхийн шийдвэрийг албадан биелүүлэх ажиллагааны явцад уг хөрөнгийг битүүмжлэн хурааж, улмаар албадан дуудлага худалдаанд оруулахад гуравдагч этгээд П.Ц- дуудлага худалдааны ялагч болж уг орон сууцыг худалдан авсан, орон сууцны төлбөрийг төлсөн үйл баримт тогтоогдсон байна.

 

6. Төлбөр төлөгч С.Б- нь шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар шүүхэд гомдол гаргасан бөгөөд уг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд П.Ц- бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцож, худалдан авсан дээрх орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасныг шүүх хангаж, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 сарын 14-ний өдрийн  шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 06 сарын 19-ний өдрийн  магадлалаар дээрх ***** орон сууцны өмчлөгчөөр П.Ц-ийг тогтоож, орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг С.Б-, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж шийдвэрлэжээ. Уг шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

Дээрх шүүхийн шийдвэр, магадлалаар зохигч нарын маргаж байгаа орон сууцны өмчлөгчөөр П.Ц-ийг тогтоосон учир нэхэмжлэгч Д.М-ын өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуагч С.Б- хариуцах боломжгүй юм.

 

7. Нөгөө талаар нэхэмжлэгч Д.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С.Б- нь хүлээн зөвшөөрсөн боловч дээр дурдсан **** дугаартай шийдвэрийн дагуу хариуцагчаас мөнгө гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгөөр үүргийн шилжилт хөдөлгөөнийг хориглосон бүртгэлтэй холбогдуулж тухайн нэхэмжлэлийг гаргасан нь зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээний үүрэгтэй холбоотой эрх зүйн маргаан үүссэн гэж үзэхгүй. Тодруулбал, талуудын хооронд байгуулсан гэрээний үүргийг хэрэгжүүлэхэд хүчин төгөлдөр барьцааны эрх саад болж байгаа нь гэрээний нэг тал үүргээ биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан гэж үзэж, улмаар нэхэмжлэгч нь уг гэрээний үүргийг шүүхийн журмаар хариуцагчаас шаардах эрх зүйн маргаан бий болсон гэж үзэхгүй.

Иймээс дээрх үндэслэлээр тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэгч Д.М-ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй тул анхан шатны шүүхийн шийдлийг хэвээр үлдээнэ.

 

8. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулаагүйгээс зохигчийн эрх зөрчигдсөн агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Шүүх 2024 оны 05 сарын 10-ны өдрийн 12:00 цагт болох шүүх хуралдааны товыг талуудад хуульд зааснаар мэдэгдэж, хэргийн оролцогчид тухайн цагт шүүхэд хүрэлцэн ирсэн байна. Гэвч уг шүүх хуралдаан товлосон цагтаа бус 14:48 цагт эхэлжээ. Энэ үндэслэлээр нэхэмжлэгч, хариуцагч талууд шүүх хуралдааныг хойшлуулах болон нотлох баримт гаргуулах хүсэлтийг шүүхэд гаргаж, шүүх хуралдаанд оролцохгүй явжээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 12 сарын хугацаанд үргэлжилсэн байх тул С г- ХХК-ийн захирал гэх н.Г-ыг гэрчээр асуулгах, уг компаниас нотлох баримт гаргуулах хүсэлтийг урьд нь гаргах боломжтой байсан гэсэн үндэслэлээр шүүх хүсэлтийг хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.5 дахь хэсэгт заасанд нийцсэн.

Мөн Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 11 сарын 03-ны өдрийн 1-32/22949 тоот албан бичгээр орон сууц захиалгын гэрээ байхгүй гэж дурдсан нь шүүгчийн захирамжийн биелэлт хангагдаагүй гэж үзэхгүй.

Түүнчлэн нэхэмжлэгч, хариуцагч талууд шүүх хуралдаан товлосон цагтаа эхлээгүй нь өөр шүүх хуралдааны цаг болсон, хүүхдээ сургуулиас авах цаг болсон шалтгаанаар шүүх хуралдаанд оролцохгүй байх эрхийг бий болгохгүй. Учир нь, тухайн шүүх хуралдааныг нэхэмжлэгч, хариуцагч нарын хүсэлтэд дурдсан ажил, хугацаанаас өмнө дуусахыг мэдэх боломжгүй юм.

 

9. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас 189 дүгээр зүйлийн 199.1 гэсэн заалтыг хасаж, бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 10-ны өдрийн 183/ШШ2024/02077 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтын ...189 дүгээр зүйлийн 189.1... гэснийг хасаж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Э.ЭНЭБИШ