| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мөнхөөгийн Эрдэнэ-Очир |
| Хэргийн индекс | 179/2019/0124/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/118 |
| Огноо | 2019-04-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Сэндэнсүрэн |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 25 өдөр
Дугаар 2019/ШЦТ/118
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин,
Улсын яллагч Г.Сэндэнсүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,
Шүүгдэгч Х.О- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын
прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х.О-т холбогдох эрүүгийн 1938002670159 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Х.О-,
Шүүгдэгч Х.О- нь 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Х дугаар багийн Х тоотод иргэн Я.Б-ыг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Х.О- нь 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Х дугаар багийн Х тоотод согтуурсан үедээ хохирогч Я.Б-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч Я.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: 2018 оны 3 дугаар сарын 18 ны өдөр гэртээ байж байтал манай найз Ууганцэцэг гэрт ирсэн юм. Тэгээд “баярын өдөр юм чинь” гээд Ууганцэцэг 0,75 литрийн Соёрхол нэртэй архи аваад хамтран амьдрагч Х.О-, Төмөрбулаг суманд байдаг манай ахын найз Баньдхай хоёрт өгсөн юм. Архиа бид дөрвүүлээ хувааж уусан. Тэгээд Баньдхай архиа дуусгалгүй явчихсан. Х.О-, Ууганцэцэг бид гурав сууж байгаад би Х.О-ийн ах Оюунбилэгийн талаар яриад “одоо мөрдөнд байгаа, гарч ирээд чамайг хэрэгт татах вий, чи хамт юу хийсэн юм” гэсэн чинь Х.О- “миний ах хэзээ ч тэгэх ёсгүй” гэж хэлээд нүүр лүү 2-3 удаа гараа атгаж байгаад цохихоор нь би гэрээс гараад гүйтэл араас үснээс татаж газар унагаад чирж хавирга руу 2 удаа өшиглөсөн. Тухайн үед нь би амьсгалж чадахаа байчихсан. Гэрээс Ууганцэцэг гарч ирээд “боль, яаж байгаа юм бэ чи” гэсэн чинь чамд хамаагүй гээд Ууганцэцэгийг түлхэж унагасан. Тэгээд дахиж нуруун дээр дэвсчихээд гараад явсан... Зодуулсандаа гомдолтой байна. Хуулийн дагуу зохих арга хэмжээ авахуулна...гэх мэдүүлэг /хх-ийн 12-17-р тал/
Гэрч Х.О-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ...Х.О- нь миний төрсөн дүү байгаа юм. Би Түнэлээс орж ирсэн өдрөө 13 дугаар хороонд гэрт очсон чинь Баттулга “намайг зодчихоод зугтаагаад явчихсан” гэж хэлж байсан...Цагдаа дээр шалгагдаж байгаа гээд зугтаагаад байгаа юм шиг байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р тал/
Шүүгдэгч Х.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: ... Би хохирогч Я.Б-ыг зодож, түүний биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Гаргасан үйлдэлдээ гэмшиж байна Хохирогч Я.Б-аас уучлалт гуйж эвлэрсэн гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р тал/
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 157 дугаартай: Я.Б-ын биед зүүн 8-р хавирганы хугарал, зүүн чихний сувгийн урд хана, духны зүүн хэсэг, баруун хэсэг, баруун дээд доод зовхи, зүүн дээд доод зовхи, зүүн хөх, хэвлийн гол дунд хэсэг, нурууны зүүн хажуу хэсэг, зүүн өвдөгөнд хугарал бухий гэмтэл тогтоогдпоо. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эруүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 24-25-р тал/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.
Шүүгдэгч Х.О- нь 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Х дугаар багийн Х тоотод согтуурсан үедээ хохирогч Я.Б-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх бөгөөд, дээрх шүүгдэгчийн үйлдэл, хэргийн үйл баримтын талаар хохирогч болон гэрч нь агуулгын хувьд зөрөөгүй мэдүүлсэн, шинжээчийн дүгнэлт нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдал, хэргийн талаар тогтоогдсон үйл баримттай нийцсэн байна гэж шүүх үзэв.
Шүүгдэгчийн үйлдэл нь хохирогчийн эрүүл мэндэд гэмтэл учирч болохыг ухамсарлаж, түүнийгээ хүсэж үйлдсэн, хөнгөн хохирол зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэр, эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинж хангасан гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Х.О-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрлийн гэрээ байгуулж, хохирол гомдол, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Х.О-ийн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Х.О-т Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гурван зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх оногдуулав.
Эрүүгийн 1938002670159 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
4. Эрүүгийн 1938002670159 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.О-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЧИР