Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 954

 

 

2016 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 151/ШШ2016/00954

Төв аймаг

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Төв аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Алтантуул би,

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хороо, Чингисийн өргөн чөлөө-13, “Дельта авто сервис” ХХК-ийн байранд байрлах “Майндтэч” ХХК /РД:5005612/-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Төв аймаг, Цээл сум, 1-р баг, 5-р гудамжинд байрлах, “Живаасонт” ХХК /РД:3857603/-д холбогдох,

зээлийн гэрээний төлбөр 38.651.622 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянаад              

                                                                                                                                 ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч “Майндтэч” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Живаасонт” ХХК-тай 2014 оны 3 дугаар сарын 25-ны өдөр №024 дугаартай Зээлийн гэрээ байгуулан нэг бүр нь 316.000 төгрөгийн үнэ бүхий 44 уут нийт 13.904.000 төгрөгийн үнэтэй ХБНГУ-д үйлдвэрлэсэн “Тrapper” сортын рапсын үрийг зээлээр нийлүүлсэн. Үүнээс 4.936.252 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл 8.967.748 төгрөгийг төлөөгүй байна. Зээлийн болон барьцааны гэрээний гол зохицуулалт нь “Майндтэч” ХХК нь “Живаасонт” ХХК-нд рапсын үр зээлээр нийлүүлэх, “Живаасонт” ХХК нь зээлээр авсан рапсын үрийг тарьж ургуулах, ургацын хэмжээгээр ургац нийлүүлсэн, гэрээнд заасан хэмжээний ургац болон илүү ургасан ургацыг “Майндтэч” ХХК-д нийлүүлээгүй, гуравдагч этгээдэд худалдсан тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль төлөх зохицуулалттай гэрээ юм. Гэрээний дагуу “Живаасонт” ХХК нь 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэхэд зээлээр авсан үрийн төлбөр мөн 120тн ургацыг “Майндтэч” ХХК-нд тушаах ёстой байсан. “Живаасонт” ХХК нь гэрээний 2.2-т заасан 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэхэд төлөх байсан боловч 4.936.252 төгрөгийг төлсөн үлдэгдэл 8.967.748 төгрөгийг өнөөдрийг болтол төлөөгүй ба гэрээний 5.2-д заасан алданги 4.483.874 төгрөг, талууд гэрээгээр тохиролцсон 120тн ургацаа манай компанид тушаагаагүй ба гэрээний 5.3-д заасан торгууль 25.200.000 төгрөг болж байна. Иймд зээлийн үлдэгдэл 8.967.748 төгрөг, алданги 4.483.874 төгрөг, гэрээний 5.3-д заасан торгууль 25.200.000 төгрөг нийт 38.651.622 төгрөгийг “Живаасонт” ХХК-аас гаргуулахаар нэхэмжилж байна. Гэрээний барьцаа хөрөнгөөр барьцаалсан “Живаасонт” ХХК-ийн эзэмшлийн 000297923 тоот гэрчилгээний дугаартай, 18533371739029 тоот нэгж талбарын дугаар бүхий Төв аймгийн Цээл сумын номгон, өмд польд байрлах 80 га газраар зээлийн өр төлбөрийг хангуулж өгнө үү гэжээ.

            Шүүх, хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

“Майндтэч” ХХК нь “Живаасонт” ХХК-иас зээлийн гэрээний төлбөр нийт 38.651.622 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч “Майндтэч” ХХК нь Х.Жаргалсайхан/ЧА61012415/-д Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д заасны дагуу мөн хуулийн 25 дугаар зүйл, 26 дугаар зүйлд заасан бүхий л эрх үүргийг эдлэх эрхийг итгэмжлэлээр олгосон байна. /хх-4/,

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Майндтэч” ХХК нь нэхэмжилсэн 38.651.622 төгрөгөөс 21.747.417 төгрөгөөс татгалзаж, үлдэх 16.904.205 төгрөгийг хариуцагч “Живаасонт” ХХК нь 2016 оны 11 дүгээр сарын 20-ны дотор төлж барагдуулах, хэрэв заасан хугацаанд төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд зээлийн барьцаа “Живаасонт” ХХК-ийн эзэмшлийн 000297923 дугаар гэрчилгээтэй, 18533371739029 тоот нэгж талбайн дугаар бүхий Төв аймгийн Цээл сумын Номгон, өмд польд байрлах 80 га газраар зээлийн өр төлбөрийг барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ. /хх 27/

Зохигчдын бичгээр гарган, түүнийг хоёр тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалсан эрх ашгийг хөндөөгүй байна.

Иймд тус гэрээг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай /цаашид хуулийн гэх/ хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар тэдгээрийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн учраас нэхэмжлэгч “Майндтэч” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан 351.210 төгрөгийг төлсөн байх ба зохигчдын эвлэрсэн үнийн дүн 16.904.2085 төгрөгт улсын тэмдэгтийн хураамж бодож 242.471 төгрөгийн 50 хувь 121.235 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 229.974 төгрөгийг, хариуцагч “Живаасонт” ХХК-иас 121.235 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Майндтэч” ХХК-д буцаан олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дугаар зүйлийн 74.2, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Нэхэмжлэгч “Майндтэч” ХХК нь нэхэмжлэлийн шаардлага 38.651.622 төгрөгийн 21.747.417 төгрөгөөсөө татгалзаж, үлдэгдэх /8.967.748 төгрөг, алданги 4.483.874 төгрөг, хүү 3.452.583 төгрөг/, 16.904.205 төгрөгийг хариуцагч “Живаасонт” ХХК нь 2016 оны 11  дүгээр сарын 20-ны  дотор төлөхөөр харилцан тохиролцсон зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар эвлэрсэн үнийн дүн 16.904.205 төгрөгт улсын тэмдэгтийн хураамж бодож 242.471 төгрөгийн 50 хувь 121.235 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Хас банк дахь Төв аймгийн Татварын хэлтсийн 5001196835 тоот данснаас 229.974 төгрөгийг, хариуцагч “Живаасонт” ХХК-иас 121.235 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч “Майндтэч” ХХК-д буцаан олгосугай.

    3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг Төв аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

   4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

                                 ШҮҮГЧ                                  Д.АЛТАНТУУЛ