Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 29 өдөр

Дугаар 2019/ШЦТ/119

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Очир даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхтүвшин,

Улсын яллагч П.Итгэл,

Хохирогчийн өмгөөлөгч Б.Мягмарсүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,

Шүүгдэгч О.С- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд
нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн Прокурорын газрын хяналтын
прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.С-од холбогдох эрүүгийн 1838008710030 дугаартай хэргийг  хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, О.С-, 

Шүүгдэгч О.С- нь 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ХХ аймгийн Х сумын Х тоотод хохирогч Б.О-ийг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.С- нь 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ХХ аймгийн Х сумын Х тоотод хохирогч Б.О-ийн эрүүл мэндэд нь зүүн хацар, уруул, зүүн сарвууны зөөлөн эдийн  няцрал, цус хуралт, уруулын дотор салстын язарсан шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: Би 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр зах орсон. Зүс таних эмэгтэйтэй таарахад “О.С- ах чамайг муулаад явна” гэж хэлж байсан. Үүнийг би сонсоод би гэрлүүгээ явж байхдаа О.С- ах руу залгаад “чи яагаад намайг захаар муулаад яваад байгаа юм бэ” гэхэд “би гэртээ байна, чи муу гичий юу гээд байгаа юм, битгий худлаа гүтгээд бай” гэж хэлсэн...Намайг гэртээ ирээд удаагүй байхад О.С- ах манай гэрт орж ирсэн. Орж ирэхээр нь би түүнд цай хийж өгөхөд цайнаас балгаснаа “чи муу ногоон жингэр минь, юу гээд худлаа яриад яваад байгаа юм бэ, битгий худлаа хуцаад байгаарай” гэж хэлснээ миний баруун гарыг барьж аваад мушгих гэж оролдсон. Тэр үед би эсэргүүцэл үзүүлээд мушгиулаагүй. Тэгээд би хойшоо алхахад О.С- ах руу дахиж ирээд  миний зүүн гарыг мушгиад дарсан. Тэгэхэд нь би эсэргүүцэл үзүүлж гараа татаж аваад түүний зүүн гарыг мушгиад хүзүүнээс нь багалзуурдаж бариад түүнийг хаалгаар түлхэж гаргасан. Намайг тэгж түлхэж гаргахад О.С- ах гадаа үүдний довжооны цаад талын замын ховилд бөгсөөрөө унасан. Тэгээд би “таньтай хэрэлдэх хүсэл алга, та тэр намайг доромжлоод байгаа хүүхнээ дагуулаад ир” гэж хэлээд байшингийнхаа хаалгыг онгойлгох гээд байж байхад О.С- ах намайг “ална” гэж гүйж ирэнгүүтээ үсдэж дарсан. Би түүнд үсдүүлж даруулсан байхдаа гараараа шилэн хүзүүн дээрээс нь дараад түүнийг доош нь тонгойлгоход “ах нь одоо дахиж тэгэхгүй, тавиарай, тавиарай” гэж хэлж байсан. Тэгэхээр нь би түүнийг тавиад гэрлүүгээ орох гээд явахад араас дахиж гүйж ирээд миний зүүн дал руу гараараа цохисноо хоёр хөлийг минь хамж унагаах гэж оролдсон...О.С- ах надаас холдсон байхдаа “чамайг ална” гэж дахиж дайраад куртикний маань захаар намайг боож байгаад нүүр лүү маань гараараа цохисон. Тэгээд миний нүүр лүү нэлээд олон удаа цохисон. Би түүнд цохиулаад манараад доошоо суусан. Суусан байхдаа түүнийг баруун гараараа түлхэж унагаасан...Яг тэгж байхад миинй гар утас дуугарсан. Би гар утсаа аваад “энд намайг хүн аллаа” гэж хэлэхэд О.С- ах хашааны үүдээр гараад зугтаачихсан. Тухайн үед ийм л зүйл болсон...Би О.С- ахаас 2017 оны 12 дугаар сард 1.500.000 төгрөгийг зээлж байсан. Үүнийгээ өгөөгүй байгаа...Тэгээд энэ зээлсэн мөнгөө О.С- ах надаас хүүтэй нь 3.000.000 төгрөг болгож авна гэсэн. Би мөнгийг нь өгөхгүй гэж хэлээгүй. Уг нь яг өгөх гэж байсан боловч намайг есөн шидээр гүтгэж, доромжлоод байсан болохоор өгөөгүй юм... гэх мэдүүлэг /хх-ийн 12-13-р тал/,

Гэрч С.М-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн:  ...2018 оны 7 дугаар сард баярын үеэр манай аав О.С- манайд орж ирээд “Аав нь хүнд мөнгө зээлээд алдчихлаа. Цагаан сарын үеэр зээлээд 4 дүгээр сард буцааж өгнө гэсэн юм. Тэгээд мөнгөө авч чадсангүй алдчихлаа” гэсэн...Тэгэхээр нь дүү бид хоёр одоо тэтгэврийн зээлийг нь хаалгасан. Тэгээд аавдаа “ахиж ийм зүйл битгий хийгээрэй, танихгүй хүнд битгий мөнгө зээл” гээд өнгөрсөн юм...Манай аав хоёр гурван жилийн өмнө мотоцикльтой явж байгаад аваарт ороод “тархины гавлын яс цуурсан байна, тархиндаа цус хуралттай байна” гээд хоёр юм уу, гурван сар ухаангүй хэвтсэн. Энэ ослоос болоод уур уцаар ихтэй, ярьсан хэлснээ сайн мэдэхгүй, буруу зөрүү их яриад байдаг болсон...2018 оны 10 сар эсвэл 11 дүгээр сард манай дүү над руу 23 цаг өнгөрч байхад залгаад “аав зодуулсан ирсэн байна” гэхээр нь “хэнд, юу болсон юм” гэхэд “Б.О- гэх эмэгтэй зээлсэн мөнгийг минь өгье гэхээр нь гэрт нь очсон чинь намайг зодсон” гээд уйлаад байна, нүүрийг нь самардаж маажсан байна гэж дүү маань хэлсэн юм...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р тал/

Шүүгдэгч О.С-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: ...Би тухайн үед Б.О-ийг барьж л авсан. Түүнээс биш тэрний биед гар хүрээгүй...Б.О- нь надаас мөнгө зээлж авчихаад одоог болтол өгөхгүй байгаа. Тухайн үед Б.О- нь над руу залгаад “мөнгөө өгье” гэхээр нь гэрт нь явж очсон. Тэдний гэрт очиход л “та яагаад намайг захаар муулаад яваад байгаа юм бэ” гэж хэлэхээр нь “ах нь ерөөсөө муулаагүй” гэж хэлээд л түүнтэй маргалдсан. Тэгж маргалдаж байхад Б.О- намайг бариад авсан. Тэгэхээр нь түүнийг адилхан л барьж авсан. Тэгэхэд Б.О- намайг гэрээс түлхэж гаргасан. Гадаа гарсаныхаа дараа намайг банзаар цохисон. Дахиад цохих гээд байхаар нь би гараад зугтаасан. Намайг гараад зугтаахад л Б.О- нь хашааныхаа хаалгыг цоожлоод үлдсэн. Түүнээс биш ухаан алдтал нь цохиж зодсон зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 42-43-р тал/

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 567 дугаартай: Б.О-ийн биед зүүн хацар ясанд цууралт, зүүн хацрын зөөлөн эдэд, доод уруул, зүүн сарвууны ядам хурууны зөөлөн эдэд тус тус няцралт, доод уруулын салстад язралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохих үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгджээ. Б.О-ийн биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 28-р тал/,

Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 52 дугаартай: Б.О-ийн биед тухайн үед зүүн хацар ясанд цууралт, зүүн хацрын зөөлөн эдэд, доод уруул, зүүн сарвууны ядам хурууны зөөлөн эдэд тус тус няцралт, доод уруулын салстад язралт бүхий гэмтэл тогтоогдсон ба нэмэлтээр ухархайн хананы хуучин хугарал бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн цохих үйлчлэлээр тухайн цаг хугацаандаа үүсгэгдэх боломжтой. Б.О-ийн биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх нэмэлт дүгнэлт /хх-ийн 33-р тал/,

Шинжээч М.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: Б.О-ийн нэмтэлтээр тогтоогдсон гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Б.О- нь 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш буюу нэг сарын дараа Улаанбаатар хотод толгойн КТГ-ыг хийлгэсэн байна. Дээрх зургийг сарын дараа авахуулсан байгаа учир хуучин хугарал болж харагдаж байна. Тийм учраас хуучин хугарал гэж үзсэн. Нэмэлтээр тогтоогдсон гэмтлийн зургийг хэрэг болсноос хойш 1 сарын дараа авахуулсан байсан. Иймд дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Хугацааны хувьд хэрэг болсон цаг хугацаатай тохирно гэж үзсэн гэх мэдүүлэг /хх-ийн 36-р тал/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 467 дугаартай: Б.О-ийн биед зүүн хацар, уруул, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, уруулын дотор салстын язарсан шарх бүхий гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн гаргасан №567, 52 дугаартай дүгнэлтүүд үндэслэлтэй байх ба хацар ясанд цууралт гэмтэл тогтоогдсонгүй...гэх дүгнэлт зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул хэргийг шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой гэж үнэллээ.

Иймд шүүгдэгч О.С-ын  гэм буруутай үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгчийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч О.С-ын гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, прокурор, өмгөөлөгчийн санал, дүгнэлтийг харгалзан шүүгдэгч О.С-од Эрүүгийн хуулийн тусгай 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулав.

Шүүгдэгч О.С-оос гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох эмчилгээний зардал 666.120 төгрөгийг нотлох баримтын хэмжээнд гаргуулж хохирогч Б.О-т олгож, хохирогч нь цаашид эмчлүүлэх эмчилгээний зардал болох 3.000.000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүлэн иргэний журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй  болохыг дурдах нь  зүйтэй гэж шүүхээс үзлээ.

Эрүүгийн 1838008710030 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч О.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.С-ыг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч  О.С- нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.
  4. Эрүүгийн 1838008710030 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг дурдсугай.     
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч О.С-оос гэмт хэргийн улмаас учирсан хохирол 666.120 /зургуун зуун жаран зургаан мянга нэг зуун хорь/ төгрөг гаргуулж хохирогч Б.О-т олгож, хохирогч Б.О- нь цаашид эмчлүүлэх эмчилгээний зардал болох 3.000.000 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч О.С-оос нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.С-од урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 М.ЭРДЭНЭ-ОЧИР