Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 225/МА2019/00006

 

 

 

 

 

2019 оны 02 сарын 26 өдөр

Дугаар 225/МА2019/00006

 

 

 

П.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Сосорбарам даргалж, шүүгч Н.Баярхүү, шүүгч Т.Ганбат нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ж.Лхамдолгор, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Амаржаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 67 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: П.Бын нэхэмжлэлтэй,

Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 2 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Ганбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч П.Б шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би сургууль соёлд суугаагүй бөгөөд 1984 оноос 1987 оны хооронд цэргийн алба хааж ирээд Хөвсгөл аймгийн Бсумын Б нэгдэлд 1984 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 23-ны өдөр нэгдэл тартал мал маллаж, нэгдлээс даалгасан янз бүрийн ажил хийж, гахай хүртэл маллаж байсан.

... Тэгээд малчин даатгуулагчаар өндөр насны тэтгэвэрт орох гэтэл гахай маллагч гэх тушаал байна, гахай нь үржил шимээрээ малаас бага учраас малын тоонд ордоггүй тул 1990 оноос 1994 оныг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан болохоо шүүхээр тогтоолгох шаардлагатай гэсэн. Би 1 жил гахай маллаж байсан. Бусад хугацаанд мал маллаж байсан бөгөөд одоо ч өөрийн хувийн малаа үргэлжлүүлэн маллаж байна.

Мөн би Бсумын 2 дугаар багт мал маллаж байхдаа 1995 оноос 2000 оны хоорондох хугацаанд мал тоолуулж байсан А дансанд миний нэрийг ХатанБ гэж бүртгэснээс бичиг баримтын зөрчилтэй болж тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон. Миний ахыг Хатанболд гэдэг бөгөөд түүний нэртэй адилтган ХатанБ гэж бичжээ. Ах Хатанболд маань тус нэгдэлд жолоочоор ажиллаж байсан ба мал маллаж байгаагүй, одоо хувиараа хөдөлмөр эрхэлдэг.

Иймд намайг Хөвсгөл аймгийн Бсумын Б нэгдэлд 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар, Бсумын Б компанид 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг дуустал хугацаанд малчнаар, Бсумын 2 дугаар багт 1993 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг минь тогтоож өгнө үү гэжээ.

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 67 дугаар шийдвэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хатиган овогт Пүрэвийн Бын Хөвсгөл аймгийн Бсумын Б компанид 1993 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг дуустал хугацаанд, Хөвсгөл аймгийн Бсумын 2 дугаар багт 1993 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний Хөвсгөл аймгийн Бсумын Б нэгдэлд 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, Хөвсгөл аймгийн Бсумын Б компанид 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч П.Б давж заалдах гомдолдоо: Миний хувьд 1984 оноос 1993 он хүртэл Хөвсгөл аймгийн Бсумын Б нэгдэлд худгийн моторчин, гахай маллагч болон үхэрчин, саальчин, малчнаар тус тус ажиллаж байсан. Миний хувьд Б нэгдлийг татан буулгаж, нэгдлийн өмч хөрөнгийг хувааж хувьчлах хүртэл малчнаар ажиллаж байсан учир тус нэгдлийн 1992 оны бага хувьчлал, 1993 оны их хувьчлалаар өөртөө хэдэн толгой мал хувьчлан авч өнөөдрийг хүртэл хувьчилж авсан малынхаа үр шимээр мянгат малчин болтлоо ажилласан. Манай гэр бүлийн нэр дээр 1993 оны жилийн эцсийн мал тооллогын баримтаар хувийн мал, эд хөрөнгө бүртгэгдэж эхэлсэн байдлыг шүүх анхаарч үзсэнгүй. Анхан шатны шүүх П.Б намайг 1990 оноос 1992 оныг дуустал мал маллан ажиллаж байсан байдал нь нотлох баримтаар нотлогдохгүй байна гэж дүгнэсэн. Тухайн үеийн нэгдлийн захиргааны бичиг баримтын бүрдлийн алдаа, дутагдлаас болж ажилчдын ажиллаж байсан байдлыг нотлох баримт үрэгдэж алга болсон, олдохгүй байгаа зэргээс болж Б нэгдэлд 1990-1992 онуудад малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох боломжгүй байдалд хүрч хохирч байгаад маш их харамсаж байна.

... Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, миний хүсэлтийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Б Хөвсгөл аймгийн Бсумын Б нэгдэлд 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл, Бсумын Б компанид 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг дуустал хугацаанд малчнаар, Бсумын 2 дугаар багт 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл малчнаар,1994 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэгч П.Бын Хөвсгөл аймгийн Бсумын Б нэгдэлд 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, Хөвсгөл аймгийн Бсумын Б компанид 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1992 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд П.Б нь Хөвсгөл аймгийн Бсумын Б нэгдэлд 1990 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1991 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд, Хөвсгөл аймгийн Бсумын Б компанид 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан болох нь 1993 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн Б Компанийн Зөвлөлийн гишүүдийн хурлын 2 дугаар тогтоол, 1992 онд Б компаний 2 дугаар бригадын гишүүдэд ашиг хуваарилсан жагсаалт, Хөвсгөл аймгийн Ардын хурлын гүйцэтгэх захиргааны өмч хувьчлалын комиссын 1993 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 37 дугаар тогтоол, гэрч Ц.Б, С.Т П.х нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна. Анхан шатны шүүх Б компаний 1992 онд ашиг хуваарилсан жагсаалтаар компаний гишүүдэд ашиг хуваарилсан байх бөгөөд зөвхөн компаний малчдад ашиг хуваарилсан гэдгийг нотолж чадаагүй, гэрчүүдийн мэдүүлгийг давхар нотлох баримтгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Б компанийн бүх гишүүдийн хурлын 1993 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 2 дугаар тогтоолоор 879 гишүүнд адил тэнцүү ашиг хуваарилан олгохоор шийдвэрлэж /хх-ийн 13-р хуудас/, Б компаний 2 дугаар бригадын гишүүдэд 1992 оны ашиг хуваарилсан жагсаалтад /хх-ийн 12-р хуудас/ П.Б-т ашиг хуваарилсан нь түүнийг тус компанид ажиллаж байсныг нотолж байх ба үүнийг үгүйсгэх баримт хэрэгт авагдаагүй байна. Түүнчлэн нэхэмжлэгч Б нэгдэл, Б компанид ажиллаж байсан талаар гэрчүүд тодорхой мэдүүлжээ.

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 67 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг 1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Хатиган овогт Пүрэвийн Бын Хөвсгөл аймгийн Бсумын Б нэгдэлд 1990 оны 01 дүгээр сарын 01 ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуустал, Хөвсгөл аймгийн Бсумын Б компанид 1992 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 23-ны өдрийг дуустал хугацаанд, Хөвсгөл аймгийн Бсумын 2 дугаар багт 1993 оны 12 дугаар сарын 23-ны өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд малчнаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ

ШҮҮГЧИД Н.БАЯРХҮҮ

Т.ГАНБАТ