| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2019/0121/Э |
| Дугаар | 135 |
| Огноо | 2019-04-11 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Дуламсүрэн |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 135
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Ганхуяг,
Улсын яллагч Н.Дуламсүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,
Шүүгдэгч Ж.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Х овогт Ж.Тод холбогдох эрүүгийн 1918001390141 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Х овогт Ж.Т /РД: /, Ховд аймгийн Булган суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, мал малладаг, ам бүл 7, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Дуламсүрэн нь шүүгдэгч Ж.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүгдэгч Ж.Т нь 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Хонгор сумын 1 дүгээр багийн Хараагийн 3-19 тоотод хүргэн ах Г.Дийг модоор цохиж эрүүл мэндэд нь зүүн чихний дэлбэнгийн шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Ж.Тын өгсөн: Тэр өдөр эгчийг цохичихлоо гэж бодоод хүргэн ах Г.Дийг үхэр тууж явсан модоороо цохичихсон. Өөрийн бурууг ойлгож байгаа. Би ах дүү нарын нийлүүлсэн 60 гаруй малыг би ганцаараа малладаг. Уржнан жил 2 удаа цус харвасан. Хөдөлмөрийн чадвар алдалтын групп тогтоолгоогүй байгаа. Дархан-уул аймгийн Хонгор сумын эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн. Хүргэн ахтай одоо эвлэрсэн... гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
Хохирогч Г.Дийн өгсөн: ...би гэртээ байсан вискийг эхнэртээ хэлэлгүй уухад манай эхнэр уурлаад бид маргалдсан. Тэгээд манай эхнэр гарахаар нь араас нь гараад оръё гэж хэлэхэд манай эхнэрийн дүү Ж.Т нь хашаа давж орж ирээд модоор миний толгой руу цохисон. Тэгтэл миний зүүн талын чихнээс цус гарахаар нь би цагдаад хандсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 4-5/,
Гэрч Ж.Нийн өгсөн: ...Г.Дтой гэрт байсан дарсыг уулаа гээд маргалдаад гарахад Г.Д миний араас гарч ирсэн. Тэгтэл Ж.Т юу болсон юм бүү мэд хажуу талаас мод барьчихсан ирээд Г.Дийн толгой руу үгийн зөрүүгүй шууд цохисон. Тэгэхээр нь би яаж байгаа юм бэ?” гэхэд “таныг наадах чинь зодоод байгаа юм уу” гэж хэлсэн. Г.Д нь миний чихнээс цус гарчихлаа гээд эмнэлэг, цагдаа дуудсан гэх мэдүүлэг /хх-ийн 7-8/,
Шүүгдэгч Ж.Тын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн” ...манай эгч Ж.Нарантуяа нь гэрээсээ гүйгээд гараад ирсэн чинь араас нь Г.Д гараад ирсэн. Тэгэхээр нь би Г.Дийг эгчийг зодож байна гэж бодоод гартаа барьсан нарийн модоор цохисон... гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 192 дугаартай “Г.Дийн биед зүүн чихний дэлбэнгийн шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Г.Дийн биед илэрсэн гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 12/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Ж.Тын 2019 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Хонгор сумын 1 дүгээр багийн Хараагийн 3-19 тоотод хүргэн ах Г.Дийг модоор цохиж эрүүл мэндэд нь зүүн чихний дэлбэнгийн шарх бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүх шинжийг бүрэн агуулж байх тул Ж.Тыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Дийн биед зүүн чихний дэлбэнгийн шарх бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь санал гомдолгүй, шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан хохирогч Г.Дийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5/, хохирогчийн хэргийн материалтай танилцаад гаргасан “хэргийн материалтай танилцлаа. Гомдол санал байхгүй. Шүүх хуралдаанд суухгүй” гэх хүсэлт /хх-ийн 43/-ээр тус тус нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Ж.Т нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ж.Т нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч Ж.Т нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, ялыг Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлэх санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нь хөдөө орон нутагт оршин суудаг, эрүүл мэндийн байдал нь нийтэд тустай ажил хийлгэх ял эдлэхэд хүндрэл учрахаар байгаа тул торгох ялын доод хэмжээ болох 450 нэгжтэй хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг 15 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү гэж мэтгэлцэж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан байна.
Иймд шүүгдэгч Ж.Тын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ж.Т нь эрхэлсэн тодорхой ажилгүй, мал малладаг тул түүний бусад орлого олох боломжийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 15 сарын хугацаанд сар бүр 30.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгчид торгох ял оногдуулж шийдвэрлэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Ж.Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ж.Тыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Тод оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 15 /арван тав/ сарын хугацаанд сар бүр 30.000 /гучин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Тод өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ж.Тод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР