Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 710

 

 

 

 

 

   2016 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 181/ШШ2016/00710

              Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Дорнод аймаг, Хэрлэн сум, 4-р баг, Зангиат 6 гудамж, 21 тоот хаягт оршин суух Улаангууд овогт Хурцбаатарын Бямбагэрэл /рд:ЖЮ90090163/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 15-р хороо, Дамбадаржаа 20 гудамж, 75 тоот хаягт оршин суух Цорос бунь овогт Дэгаажамцын Очирваань /рд:УУ90072736/-д холбогдох,

 

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Бямбагэрэл, түүний өмгөөлөгч В.Давааням, хариуцагч Д.Очирваань, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Золзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Бямбагэрэл нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.Очирвааньтай 2010 онд танилцан, гэр бүл болж, энэ хугацаанд 2011 оны 11 сарын 24-ний өдөр хүү О.Билгүүнбаяр, 2013 оны 4 сарын 12-ны өдөр хүү О.Билгүүнтамир нар төрсөн. Бид албан ёсоор гэрлэлтээ 2014 оны 12 сарын 08-ны өдөр батлуулж гэрлэлтийн гэрчилгээ авсан. Миний бие тухайн үед ХААИС-д оюутан байсан бөгөөд 2 хүүхдээ Дорнод аймагт байх өөрийн төрсөн гэртээ очиж төрүүлэн, одоог хүртэл эцэг эхийнхээ тусламжтайгаар Дорнод аймагт өсгөж байна. Бид гэр бүл болсноос хойш удаан хугацаагаар бүгд хамтдаа амьдарч байгаагүй бөгөөд, одоо цаашдаа хамтдаа ойлголцож, нэг гэр бүл болон амьдрах ямар ч боломжгүй болоод байна. Хамт байх гэж, хүүхдүүдээ авчран амьдарч үзсэн ч үр дүнд хүрээгүй, байнгын үл ойлголцолтой, маргалдсан үедээ шууд гар хүрч зоддог болсон тул цаашид хамт амьдрах боломжгүй, өөрөө ч бас амьдрах хүсэлгүй байгаагаа хэлсэн. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг миний асрамжид үлдээж, тэтгэлэг тогтоож өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч Д.Очирваань нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Х.Бямбагэрэлтэй гэр бүл болон амьдарч байсан бөгөөд одоо таарч тохирохгүйн улмаас тусдаа амьдарч байгаа болно. Х.Бямбагэрэлийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Х.Бямбагэрэл нь хариуцагч Д.Очирвааньд холбогдуулан, гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх хангаж шийдвэрлэв.

 

Гэрлэгчид 2010 онд танилцаж, улмаар 2010 оны 10 сарын 21-ний өдөр гэр бүл болсныг 2014 оны 12 сарын 08-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 1119000852 дугаарт бүртгэн гэрчилгээ олгожээ.

 

Гэрлэгчдийн хамтран амьдрах хугацаанд 2011 оны 11 сарын 24-ний өдөр хүү О.Билгүүнбаяр, 2013 оны 4 сарын 12-ны өдөр хүү О.Билгүүнтамир нар төрсөн болох нь зохигч талуудын тайлбар, 0000702685 болон 0000883328 дугаартай төрсний гэрчилгээний хуулбараар нотлогдож байна.

 

Зохигчид 2016 оны 4 сарын 05-ны өдөр тус шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 28.1.4-т заасныг үндэслэн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгожээ.

 

Хариуцагч Д.Очирваань нь гэрлэлт цуцлуулах, хүү О.Билгүүнбаяр, О.Билгүүнтамир нарыг эх Х.Бямбагэрэлийн асрамжид үлдээх, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрдөг.

 

Х.Бямбагэрэл, Д.Очирваань нар 2014 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа, хэн аль нь гэрлэлт цуцлуулах хүсэлтэй байгаа зэрэг нөхцөл байдлыг харгалзан тэдгээрийн гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Улаангууд овогт Хурцбаатарын Бямбагэрэл /рд:ЖЮ90090163/, Цорос бунь овогт Дэгаажамцын Очирваань /рд:УУ90072736/ нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-т зааснаар 2011 оны 11 сарын 24-ний өдөр төрсөн хүү Цорос бунь овогт Очирвааний Билгүүнбаяр /рд:ЖЮ11312432/, 2013 оны 4 сарын 12-ны өдөр төрсөн хүү Цорос бунь овогт Очирвааний Билгүүнтамир /рд:ЖЮ13241236/ нарыг эх Х.Бямбагэрэлийн  асрамжид үлдээсүгэй.

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар  О.Билгүүнбаяр, О.Билгүүнтамир нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлэг тус тус тогтоож, сар бүр эцэг Д.Очирвааниас гаргуулан хүүхдүүдийг тэжээн тэтгүүлсүгэй.

 

  1. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид буцаан олгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсогмогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Д.НЯМБАЗАР