Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2024/01424

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2024/01424

 

 

Д.Л-, Б.М- нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Б.Мандалбаяр, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 08-ны өдрийн 182/ШШ2024/01469 дугаар шийдвэртэй,

 

Д.Л-, Б.М- нарын нэхэмжлэлтэй, Т б- ХК-д холбогдох,

 

Мөнгөн хадгаламжаас зөвшөөрөлгүй суутгал хийсний хохиролд 70,016,445.17 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Э.Энэбишийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Т.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: Д.Л-, Б.М- нар 2015 оны 02 сарын 25-ны өдөр мөнгөн хадгаламжийн гэрээг шинэчлэн байгуулахад дансны үлдэгдэл 40,008,553.99 төгрөг байсан. Гэтэл банк уг гэрээний 4.2.4-д заасныг зөрчиж, бидний зөвшөөрөлгүйгээр олон удаагийн зарлагын гүйлгээ хохироосон. Хадгаламжийн дансны үлдэгдэл 2016 оны 03 сарын 01-ний өдрийн байдлаар хуримтлагдсан хүүгийн хамт 49,379,005.98 төгрөг болсон. Бид үүнээс хойш 2019 оны 02 сарын 10-ны өдрийг хүртэл дансандаа 45,142,000 төгрөгийн орлого хийж, хүүгийн орлого 7,151,450.75 төгрөг нэмэгдсэн. Энэ хугацаанд 3 удаа 8,000,000 төгрөгийн зарлага гаргасан.

Хадгаламжийн дансны хуулгаар 2015 оны 06 сарын 26-ны өдөр 26,074,000 төгрөг, 2015 оны 07 сарын 02-ны өдөр 3,100,000 төгрөг, 2015 оны 10 сарын 20-ны өдөр 1,500,000 төгрөг, 2015 оны 12 сарын 18-ны өдрийн 2,500,000 төгрөг, 2016 оны 02 сарын 19-ний өдөр 3,000,000 төгрөг, 2016 оны 05 сарын 09-ний өдөр 1,000,000 төгрөг, 2016 оны 06 сарын 15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2016 оны 05 сарын 09-ний өдөр 25,820,000 төгрөг, 2016 оны 10 сарын 28-ны өдөр 2,160,000 төгрөг, 2016 оны 09 сарын 01-ний өдөр 4,400,000 төгрөг, 2017 оны 06 сарын 27-ны өдөр 1,200,000 төгрөг, 2017 оны 03 сарын 16-ны өдөр 7,500,000 төгрөг, 2017 оны 05 сарын 04-ний өдөр 1,400,000 төгрөг, 2016 оны 03 сарын 02-ны өдөр 20,000,000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн бөгөөд бид зээл аваагүй. Мөн бид банкинд зээлийн төлбөрийг хадгаламжийн данснаас суутган төлүүлэх зөвшөөрөл өгөөгүй.

Энэ байдлыг мэдэж банкинд хандсан ч тус банк 2020 оны 01 сарын 14-ний өдрийн 14/352 тоот албан бичгээр дээрх зээл авахдаа зээлийн гэрээ, зарлагын баримт, зээлийн мемориалын баримт, гүйлгээний хуулгад зурсан гарын үсэг нь банкны программд бүртгэгдсэн баталгаат гарын үсгийн хэв маягтай тохирч байна гээд хохирлыг барагдуулахаас татгалзсан. Улмаар Монголбанкинд гомдол гаргахад тус газраас хуулийн байгууллагад хандахыг зөвлөсөн. Т б- нь хадгаламжийн гэрээний 4.2.4-т заасан үүргээ зөрчиж хадгаламж эзэмшигч нарт учруулсан хохирлоо хариуцан арилгах үүрэгтэй. Мөн хадгаламжийн гэрээний 4.2.6-д банк өөрийн буруутай үйлдлийн улмаас данс эзэмшигчдэд учруулсан хохирлыг нотлогдсон хэмжээгээр хариуцан нөхөн төлөх үүрэгтэй гэж заасан.

Иймд Т б- ХК-аас үндэслэлгүйгээр суутган авсан мөнгөн хадгаламжийн гэрээний хохирол 70,016,445.17 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Талуудын хооронд 2015 оны 02 сарын 25-ны өдөр мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулагдсан. Энэ гэрээний 2-т данс хамтран эзэмшигчтэй бол энэхүү данснаас зарлагын гүйлгээ хийх, данс хаах, гэрээ цуцлах тохиолдолд шинээр байгуулах гэрээнд хамтран эзэмшигчийг төлөөлж гарын үсэг зурах, дансны хуулга тодорхойлолт авах, хадгаламж барьцаалсан зээл авах, хадгаламж барьцаалсан онлайн зээл авах эрхтэй гэж заасан. Д.Л- нь банкинд өөрийн биеэр ирж хадгаламж барьцаалсан онлайн зээлийн гэрээ байгуулж уг зээлээ хугацаанд нь төлөөгүй учир гэрээнд талуудын тохиролцсоноор хадгаламжаас нь банк суутгаж авсан. Зээлдэгчийн данснаас зээлийн хүү тооцож, нэмэгдүүлсэн хүүг Д.Л- нь тус банкны хадгаламжийн дансанд үл маргах журмаар бэлэн бусаар төлүүлнэ гэж заасан.

Энэ зохицуулалт нь Банкны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасныг зөрчөөгүй. Банк талуудын тохиролцсоны дагуу барьцаат зээлийн гэрээнд зааснаар зээлийг нь төлүүлсэн. Нэхэмжлэгч нь онлайн зээлийг өөрөө аваагүй гэдэг ч энэ талаар баримт байхгүй учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1, 495 дугаар зүйлийн 495.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Т б- ХК-аас 70,016,445.17 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Л-, Б.М- нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 508,033 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлын агуулга: Шүүх нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримт, гэрчийн мэдүүлгийг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй, тэдгээрийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэх үүргээ биелүүлэхгүйгээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Шийдвэрт "талууд 2016 оны 8 сарын 27-ны өдөр хүртэл хадгаламжийн гэрээг сунгаж, 2017 оны 02 сарын 26-ны өдөр хүртэл гэрээг сунгаж харилцан тохиролцсон нь хэрэгт авагдсан хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээгээр нотлогдсон" гэж дүгнэхдээ шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан эдгээр сунгалтыг хийгээгүй, нэхэмжлэгчийн гарын үсэг биш гэсэн тайлбарыг харгалзан үзээгүй. Улмаар "зохигч талууд гэрээ сунгасан талаар маргаагүй хэмээн" илтэд алдаатай дүгнэлт хийжээ. Мөн маргаан бүхий 14 гүйлгээг **************тоот харилцах дансны хуулгатай харьцуулан, зээлийн данс бүрээр нь тулгаж шалгаагүй, шүүх хуралдаанд хариуцагчийн төлөөлөгч эдгээр гүйлгээний эхлэл, төгсгөл, задаргааг мэдэхгүй байсан нь эдгээр гүйлгээний талаар бүрэн ойлголтгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022-11-16-ны өдрийн 2584 тоот шинжээчийн дүгнэлт алдаатай болсон. Шүүх шинжээч томилохдоо хэргийн 125, 126, 128, 131, 132, 134, 136, 139 дэх талд авагдсан Т б-ны зарлагын баримтууд дээрх гарын үсгийг нэхэмжлэгч Д.Л-гийн гарын үсэг мөн эсэхийг тогтоолгохоор захирамж гаргасан. Гэтэл шинжээч нь хэргийн 125, 126, 136, 139 дэх талд авагдсан зарлагын баримтууд Т б-инд эх хувиараа байгаагүйн улмаас шинжилгээ хийгээгүй талаар дурдсан бөгөөд Шүүх шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.9-д "шинжээчийн дүгнэлтэд шинжээчид тавьсан асуулт тус бүрд өгсөн хариулт, түүний үндэслэлийн талаар тусгана" гэж заасан. Гэтэл шүүх бүрэн хийгдээгүй шинжээчийн дүгнэлтээр гарын үсэг нь нэхэмжлэгчийнх гэж үнэлэлт өгсөн нь алдаатай. Шинжээчийн дүгнэлтээр маргаан бүхий 14 гүйлгээний баримт дээрх гарын үсэг нь нэхэмжлэгчийн гарын үсэг болох нь нэг мөр тогтоогдоогүй болно.

Шүүх нэхэмжлэгч Д.Л-г 2016-05-09-ний өдөр 25,820,000 төгрөгийн онлайн зээл аваагүй гэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь буруу. Хариуцагч нь нэхэмжлэгчийг онлайн зээл авсныг нотлоогүй болно. Нэхэмжлэгч өндөр дүнтэй онлайн зээл авч байгаагүй бөгөөд Тагнуулын ерөнхий газын шинжээчийн 2023-12-18-ны өдрийн ****************** дүгнэлтээс үзвэл "энэхүү онлайн зээлийг авахаар хандсан төхөөрөмж нь Т б-ны Сонгинохайрхан тооцооны төвийн төхөөрөмж" болохыг тогтоосон. Мөн шүүх хуралдаанд шинжээчээс асуухад тэрээр "энэхүү төхөөрөмжийн IP хаяг нь Т б- ХХК-ийн дотоод хаяг байсан. Гадаад болон дотоод хаяг байдаг ба дотоод хаяг нь зөвхөн байгууллагын хүмүүс өөрсдөө мэддэг хаяг юм. Энэ дотоод төхөөрөмжид Банкны ажилтан, үйлчлүүлэгч зэрэг хэн ч хандах эрхтэй" гэж тайлбар өгсөн байдгийг шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэж болно.

Мөн Т б-ны ахлах теллер С.Э-ын шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлгээр дээрх төхөөрөмжийн зээл олгох дээд хязгаар 20,000,000 төгрөг гэж мэдүүлсэн. Тэгвэл 20,000,000 төгрөгөөс дээш дүнтэй зээл онлайнаар олгогдохгүй байна. Мөн банк зарим үед ажлын бус цагаар гүйлгээ хийдэг байсан гэх банкны ажилтны мэдүүлгийг шүүх үнэлсэн атлаа нэхэмжлэгчийн "С. Э- ажлын бус цагаар дуудаж хоосон баримтууд дээр нөхөж зуруулдаг байсан гэх тайлбарыг" нотлогдоогүй гэж дүгнэсэн нь илтэд нэг талыг барьж шийдвэр гаргасан гэж ойлгож байна. Улмаар шүүх 2015-06-26-ны өдрийн 26,074,000 төгрөгийн зээл ажлын бус цагаар олгогдсонд дүгнэлт өгөөгүй.

Т б-ны хяналт шалгалтын газрын ахлах хянан шалгагч С.Н-ын шүүх хуралдаанд өгсөн гэрчийн мэдүүлгээс үзвэл онлайн банкны үйлчилгээг банкин дээр заавал очих шаардлагагүй үед ашигладаг талаар мэдүүлсэн. Бодит байдалд ч тийм. Тус банк 2016 онд дөнгөж интернэт банкны үйлчилгээг нэвтрүүлсэн талаар гэрч мэдүүлдэг ба 70 настай хүн банкинд очиж, теллертэй харилцахын оронд өдөрт нь yahoo хаяг нээж, техник төхөөрөмжид хандан, нэг удаагийн лимитээс хэтэрсэн хэмжээний зээлийг, дөнгөж нэвтэрсэн интернэт үйлчилгээ ашиглан авах нь бодит байдалд боломжгүй юм.

Банк нь мэргэжлийн оролцогчийн хувьд хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ ёсчлон биелүүлж, зөрчсөн тохиолдолд хариуцлага хүлээдэг байх ёстой. Бид банкинд итгэж, найдсаар ирсэн. Гэтэл банк хадгаламж эзэмшигчээ чирэгдүүлж, түүний эрх, ашиг сонирхлыг зөрчсөн атлаа хариуцлага хүлээхээс татгалзаж байгаа нь харамсалтай. Иймд шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Нэхэмжлэгч нарын давж заалдах гомдолд хариуцагч талын гаргасан тайлбарын агуулга: Өмнө нь Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2021 оны 10 сарын 27-ны өдрийн шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах үүднээс н.Э-, н.Н- нарыг гэрчээр асуулгах хүсэлт гаргасанг шүүгчийн 2021 оны 06 сарын 18-ны өдрийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн боловч захирамж биелэгдээгүй. Мөн нотлох баримт дутуу гэх үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж байсан. Анхан шатны шүүхээс давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсан ажиллагаануудыг хийж гүйцэтгээд, нотлох баримтыг бүрдүүлж, хэрэгт авагдсан баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6 дугаар талд Т б- ХК дахь Д.Л-гийн **************тоот дансны гүйлгээнд нэг бүрчлэн дүгнэлт хийсэн байх тул энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаав.

 

2. Нэхэмжлэгч Д.Л-, Б.М- нар хариуцагч Т б- ХК-д холбогдуулан мөнгөн хадгаламжаас зөвшөөрөлгүй суутгал хийсний хохиролд 70,016,445.17 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, мөнгөн хадгаламж барьцаалсан зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй учир гэрээгээр тохиролцсоноор хадгаламжаас нь суутгал хийсэн гэж маргажээ.

 

3. Анхан шатны шүүх зохигчийн харилцан агуулгын зөрүүтэй гаргасан тайлбарыг тодруулж, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоох ажиллагаа хийж, маргааны үйл баримтыг бүрэн тогтоохгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

Иймээс давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын давж заалдах гомдолд ...хариуцагч хадгаламж барьцаалсан зээлийн гэрээг гаргаж өгөөгүй, ямар хугацаатай зээл авсан учир суутгал хийсэн талаархи тооцооллыг бүрэн тайлбарлаагүй ... зээл олголтыг мэдэхгүй... гэж дурдсан нь үндэслэлтэй гэж үзлээ. Эдгээр нөхцөл байдлыг анхан шатны шүүх тодруулаагүй нь шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах үндэслэл болж байна.

 

4. Зохигч 2015 оны 02 сарын 25-ны өдөр мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч нар 40,008,553 төгрөгийг тодорхой хугацаагаар хадгалуулж, хариуцагч уг мөнгөн хөрөнгийг гэрээнд заасан хугацааны эцэст хүүгийн хамт буцаан төлөхөөр тохиролцсон талаар маргаагүй.

4.1. Тус мөнгөн хадгаламжаас хариуцагч 3 удаагийн гүйлгээгээр нийт 70,016,445.17 төгрөгийг зээлийн төлбөрт гэсэн агуулгаар тооцон суутгаж авсан нь хууль бус, бид зээл аваагүй гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлсныг хариуцагч үгүйсгэж, нэхэмжлэгч тал банкинд өөрсдийн биеэр ирж хадгаламж барьцаалсан онлайн зээл авсан, зээлээ төлөөгүй тул гэрээгээр тохиролцсоноор хадгаламжаас нь зээл, хүүг тооцон суутгаж авсан гэж агуулгын зөрүүтэй тайлбар гаргажээ.

4.2. Хэрэгт зохигчийн хооронд 2015 оны 02 сарын 15-ны өдөр байгуулагдсан ********** тоот Хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ нотлох баримтаар авагдсан, тус гэрээний 2.17-д ...эзэмшигч бүр нь ... хадгаламж барьцаалсан зээл авах, хадгаламж барьцаалсан онлайн зээл авах эрхтэй гэж заажээ.

4.3. Харин зээл хүсэгч Д.Л-гийн 2015 оны 03 сарын 13, мөн 04 сарын 27, мөн 05 сарын 27, мөн 06 сарын 26, мөн 2016 оны 03 сарын 02-ны өдрүүдэд гаргасан Хадгаламж барьцаалсан зээлийн өргөдөл болон хадгаламж барьцаалсан зээл, хадгаламж барьцаалсан онлайн зээлийн ********, *********, *********, ******, *********, ********, ********, ********, ************, ********** тоот зээлийн дансны хуулгууд хэрэгт тус тус нотлох баримтаар авагдсан. /1 хх 29-33, 115-124 тал/

4.4. Түүнчлэн хариуцагч Т б- ХК-аас нэхэмжлэгч Д.Л-д 2020 оны 01 сарын 14-ний өдөр өгсөн Хариу хүргүүлэх тухай албан бичигт гомдлыг шалгахад хадгаламж барьцаалсан зээлийн гэрээнд зурсан гарын үсгийн хэв маяг манай банкны дотоод программд бүртгэгдсэн баталгаат гарын үсэгтэй тохирсон гээд ...хадгаламж барьцаалсан зээлийн гэрээний 7.3 Барьцаа хөрөнгийг захиран зарцуулах: ... зээлийн барьцаанд барьцаалсан Д.Л-гийн банкин дахь ********** тоот мөнгөн хадгаламжийн данснаас үл маргах журмаар бэлэн бусаар төлүүлнэ гэж дурдаж гомдлыг барагдуулах боломжгүй гэжээ. /1хх 37-38 тал/

 

5. Хариуцагч мөнгөн хадгаламжийн гэрээний үүргийг зөрчин нэхэмжлэгчийн хадгалуулсан мөнгөн хөрөнгийг зөвшөөрөлгүй захиран зарцуулсан тухай, нөгөө талаас нэхэмжлэгч хадгаламж барьцаалсан зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр хариуцагч зээлийг хадгаламжаас суутгасан талаар зохигч маргаж байгаа нөхцөлд шүүх эдгээр гэрээнүүдийн талаар дүгнэлт өгөх учиртай.

5.1. Анхан шатны шүүх талуудын хооронд 2015 онд байгуулагдсан мөнгөн хадгаламжийн гэрээний талаар дүгнэсэн боловч зохигчийн хооронд хадгаламж барьцаалсан зээлийн гэрээ бодитой байгуулагдсан эсэх, гэрээ байгуулагдсан бол олгосон зээлийн дүн, гэрээний хугацаа, хүүгийн хэмжээ болон нэхэмжлэгч тал гэрээний үүргээ зөрчсөн бол уг зөрчлийн мөнгөн дүнгийн хэмжээ, түүний тооцооллын талаар шүүх зохигч, ялангуяа энэ тухай тайлбар, татгалзлаа гаргасан хариуцагчаас тодруулаагүй, энэ талаархи баримт хэрэгт авагдаагүй, зохигч шүүх хуралдаанд тодорхой байдлаар мэтгэлцээгүй байна.

5.2. Хариуцагч Т б- ХК нь нэхэмжлэлээс татгалзсан үндэслэлээ нэхэмжлэгч нь хадгаламж барьцаалсан зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй учир зээлийг хадгаламжаас нь суутган төлүүлсэн гэж тайлбарласан нөхцөлд Иргэнийхэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар тайлбар, татгалзлаа баримтаар нотлох үүрэгтэй.

Гэвч нэхэмжлэгч нар мөнгөн хадгаламжаа барьцаалан зээл авсан эсэх нь тодорхойгүй буюу хадгаламж барьцаалсан зээлийн гэрээ хэрэгт нотлох баримтаар авагдаагүй. Мөн нэхэмжлэгч хэдэн төгрөгийн зээл авч улмаар зээлийн гэрээний үүрэг зөрчигдсөний улмаас нэхэмжлэгчийн төлөх зээл, хүүгийн хэмжээ хэдэн төгрөг болсон тухай хадгаламж барьцаалсан зээлийн эргэн төлөх хуваарь, зээлийн төлбөрийн тооцоолол болон эдгээрийг үндэслэн хариуцагч нь нэхэмжлэгчийн мөнгөн хадгаламжаас хэдэн төгрөгийг суутган авсан тухай нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

 

6. Дээрх тодорхой бус нөхцөл байдлын талаар анхан шатны шүүх зохигчоос тодруулж, шаардлагатай тохиолдолд хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг зохигч болон холбогдох этгээдээс гаргуулан авах бүрэн эрхтэй бөгөөд шүүх энэхүү чиг үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Нэхэмжлэгч тал нь хадгаламж барьцаалсан зээл аваагүй, хариуцагч хадгаламжаас хууль бусаар хийсэн гэх боловч хэрэгт нэхэмжлэгч Д.Л-гийн хадгаламж барьцаалсан зээл хүссэн өргөдөл, хадгаламж барьцаалсан зээлийн дансны хуулгууд нотлох баримтаар авагдсан, хариуцагч тал хадгаламж барьцаалсан зээлийн гэрээний дагуу хадгаламжаас зээлийг суутгасан гэх боловч уг гэрээ, зээлийн тооцооллыг шүүхэд гаргаж өгөөгүй нь талуудын зарчимд үндэслэн хэргийг хянан шийдвэрлэх ньИргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасантай нийцэхгүй гэж үзнэ. Энэ тохиолдолд шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тогтоох чиг үүргийг хэрэгжүүлэх үүргийг хүлээнэ.

 

7. Энэ үндэслэлээр хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийн үйл баримт бүрэн тогтоогдсон гэж дүгнэн маргааныг шийдвэрлэх боломжгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д зааснаар анхан шатны шүүх хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэгүй нь процессийн хуулийг буруу хэрэглэсэн зөрчилд тооцогдох тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 сарын 08-ны өдрийн 182/ШШ2024/01469 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 508,033 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД Б.МАНДАЛБАЯР

 

Э.ЭНЭБИШ