Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 138

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж, шүүгч Т.Батжаргал, Г.Гэрэлт-Од нарын бүрэлдэхүүнтэйгээр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Ганхуяг,

Иргэдийн төлөөлөгч О.Алимаа,

Улсын яллагч Т.Дэлгэрсайхан,

Хохирогч К.Ж,

Гэрч З.Т, Ө.М,

Шинжээч эмч Э.Отгончимэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Даваахүү, Л.Цуурай,

Шүүгдэгч А.Ц нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар З овогт А.Цд холбогдох эрүүгийн 201618010134 дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, З овогт А.Ц /РД: /, Увс аймгийн Улаангом суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй.

Холбогдсон хэргийн талаар:

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Т.Дэлгэрсайхан нь шүүгдэгч А.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар:

1.1 Шүүгдэгч А.Ц нь 2016 оны 10 дугаар сарын 13-ны орой Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутаг “Нарст” гэх газарт байрлах Ө.Мын гэрт Ө.Г, О.Ц, З.Т, Ө.М нартай архи ууж байхдаа иргэн О.Цтой халх, дархад ястан хэмээн маргалдаж, А.Ц нь гэрийн гадна, хашаан дотор О.Цг хутгалж эрүүл мэндэд нь цээжний хэвлийн нэвтэрсэн шарх, цээжний зүүн талд хий болон цус, хэвлийд цус хуралдсан, бүсэлхийнд цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч А.Цы өгсөн: “...Би Цолмонг яаж байгаад хутгалснаа мэдэхгүй байна. Гэдэс идэж байхад бор иштэй хутгаар идэж байсан. Би унаж босож байхдаа О.Цг хатгасан байх” гэх мэдүүлэг,

Гэрч Ө.Мын өгсөн: :...Би архи нэлээд их уугаад тасарсан учраас юу болсон талаар мэдэхгүй байна” гэх мэдүүлэг,

Гэрч З.Тын өгсөн: “...Ө.М “эд нарыг зодоод өг” гэхэд Ө.Г нь намайг цохисон. А.Ц дундуур ороход Ө.Г нь А.Цыг зодсон. Тэгэхээр нь би даралт ихтэй хүн учир шууд гараад явсан. Би гэрээс гарч явахад гэр дотор шуугилдаад байсан. Хашаан дотор болсон зүйлийн талаар мэдэхгүй. Гэр дотор маргалдахаар юм яриагүй, дөрвөд, дархад гээд байсан. О.Ц нь гэрт хутгалуулаагүй байсан” гэх мэдүүлэг,

Шинжээч Э.Отгончимэгийн өгсөн: “...Дүгнэлтэд дурдсан цээжний зүүн талд хуралдсан хий, цус, хэвлийд хуралдсан цус нь хагалгааны өмнө үүссэн гэмтэл бөгөөд гэмтлийн тасгийн дүгнэлтэд тодорхой дурдсан, хавирганы орчим 3 сантиметр орчимд аль хэдийн хий хуралдсан байсан гэсэн үг. Цээжиндээ хий хуралдаагүй, хэвлийд хуралдсан бол тавилан муутай гэж үздэг. Бүдүүн гэдсэнд 1 сантиметр оёдол тавигдсан байдаг учир амь насанд аюултай” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Хохирогч О.Цгийн өгсөн: “...Архи ууж байхад би Дархад ястны аялгатай ярихад А.Ц нь намайг шоолоод бид маргалдсан. Тэгтэл Ө.Г нь холоос ирсэн ахтай маргалдлаа, ахыг доромжиллоо гээд А.Цыг алгадаад гадагшаа авч гарсан. Тэгэхээр нь би надаас болоод зодоон болох нь гэж бодоод араас нь гартал Ө.Г нь А.Цы дээр гарчихсан зодолдож байсан. Би очоод Ө.Гийн гараас нь татаад салгах гэхэд А.Ц нь босох шиг болсон. Тэгтэл А.Ц нь миний хэвлийн тус газарт хутгалчихсан байсан. Тэгэхээр нь би тэнд байсан хүмүүст А.Ц намайг хутгалчихлаа гэж хэлсэн. Би цусаа дараад сууж байхад А.Ц нь “энэ дархдуудыг алаад өгье” гэж хашхирсан. О.Уа “чи миний ахыг алчихлаа” гэж орилж уйлахад А.Ц нь “хоёуланг нь гүйцээчихдэг байж” гэж хэлснийг санаж байна ...Би гомдолтой байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 28-29, 2-р хх-ийн 152-153/,

Иргэний нэхэмжлэгч Б.Бы өгсөн: “...2016 оны намар А.Ц нь миний мотоциклыг Салхит руу хонь хүргэж өгчхөөд ирье гээд авсан. Тэгтэл миний мотоциклын гар нь далийгаад, шатахууны сав нь дотогш хонхойсон байсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 175, 2-р хх-ийн 60/,

Гэрч Ө.Гийн өгсөн: “...О.Ц, А.Ц нар өөрсдийгөө халх, дархад ястан гэж маргалдсан. З.Т нь намайг “хаанахын атаман ороод ирэв” гэхээр нь би уур хүрээд З.Тыг нэг удаа алгадахад З.Т нь гараад зугтаасан. А.Ц нь гэрээс гарахад О.Ц бид хоёр араас нь гараад хашаанд байсан авто машиныг тойроод А.Цыг хөөсөн. О.Ц нь машины ард А.Цтай зууралдсан. А.Ц нь О.Цгоос салаад миний урдаас гүйгээд ирэхээр нь би гараараа А.Цы толгой руу цохиод газарт дарж унагаасан. Энэ үед О.Уа над дээр ирээд О.Цг хутгалуулчихсан байна гэж хэлсэн. Би А.Цыг орхиод О.Цгийн цамцыг сөхөөд хартал гэдэс орчмоос нь цус гарч байсан. Манай ах Ө.Гз нь хашаан дотроос бор шаргал өнгийн, хуванцар иштэй хутга олоод хураасан блокийн араар шидсэн гэж хэлсэн” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 154-155/,

Гэрч Ө.Гзийн өгсөн: “...намайг ирэхэд баахан хэрэлдэж, маргалдаж, зодолдож, цохилцсон хүмүүс байсан. Тэгтэл О.Уа “нэг ах хутга барьчихсан хүн алах гээд байна” гэхээр нь хартал А.Ц нь баруун гартаа хутга барьчихсан байсан. Би хутгаа хая гэж А.Цд хэлсэн боловч хаяагүй. А.Цаас хутгыг нь булааж авах гэхээр намайг хутгалчих болов уу гэж айгаад байсан. Ө.Г, О.Ц нар гэрээс гарч ирээд А.Цаас хутгыг авах гэж байсан. Би гэрийн цаашаа явчхаад буцаад иртэл А.Ц, Ө.Г 2 зодолдох гэхээр нь би салгасан. Тэгтэл О.Уа нь “агаа хутгалуулчихлаа” гээд гүйгээд ирсэн. Тэгээд О.Ц дээр очиход О.Ц нь машин түшээд зогсож байсан. А.Ц нь машины хажуу талд зогсож байсан. О.Ц, А.Ц нарын дунд цустай, төмөр шар иштэй, хятад хутга байхаар нь би тэрийг аваад хашаа давуулаад шидсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 173, 2-р хх-ийн 61/,

Гэрч О.Уын өгсөн: “...О.Ц ахыг Дархад ястны аялгатай ярихад А.Ц нь шоолоод инээгээд байсан. Тэр үед О.Ц нь уурлаад А.Ц тэр хоёр маргалдсан. Тэгтэл Ө.Г нь “чи миний ахыг дээрэлхдэг хэн юм бэ?” гээд А.Цы нүүр лүү нэг удаа цохисон. Тэгээд би гэрээс гарсан. Буцаад гэр лүү ороход А.Цы хамраас нь цус гарчихсан миний урдаас гараад ирсэн. Араас нь З.Т гарч ирээд хашаанаас гараад гүйчихсэн. А.Ц нь гарч ирээд гутлынхаа түрийнээс шар өнгийн төмөр иштэй хутга гаргаж ирээд “Дархдуудыг бүгдийг нь ална гэж орилоод байж байхад Ө.Гз ах ирэхээр нь би очоод “А.Ц гартаа хутга барьчихсан байгаа шүү хутгыг нь аваарай” гэж хэлсэн. Ө.Гз ах А.Ц руу очиход нь би Ө.Мын гэр рүү орох гэж байхад эхлээд Ө.Г, дараа нь О.Ц гэрээс гарч ирсэн. Тэр үед О.Ц ахын биеэс цус гараагүй зүгээр байсан. Би гэр рүү ороод цонхоор харсан чинь О.Ц ах машин түшчихсэн, бөгтийгөөд зогсож байсан. Тэгэхээр нь О.Цг оруулах гээд гартал хэвлий хэсэгтээ хутгалуулчихсан маш их цус гарч байсан” /1-р хх-ийн 39-40, 2-р хх-ийн 56-57/,

Гэрч Ө.Бын өгсөн: “...О.Ц ах дархад ястны аялгаар ярихад нь А.Ц шоолоод инээхэд О.Ц ах уурлаад тэр хоёр халх, дархад гээд хоорондоо хэрүүл маргаан хийсэн. Тэгтэл Ө.Г нь А.Цы нүүр рүү цохиод хамраас нь цус гаргасан. Тэгээд А.Ц байшингаас гараад гүйсэн. Араас нь З.Т, Ө.М, Ө.Г, О.Ц нар гарсан. Гаднаас О.Уа орж ирээд нөгөө хэдийг хэрүүл маргаан хийгээд зодоон цохион үүсгээд байна гэсэн. Байшингийн цонхоор харсан чинь О.Ц машин түшээд зогсож байсан. Цаана нь А.Ц нь хагас суучихсан байсан. О.Уа байшингаас гарахаар нь би араас нь харж байтал О.Уа нь “миний ахыг хутгалчихсан байна шүү дээ” гэж орилоод уйлаад байсан. Тэгтэл Ө.Г нь А.Цы нүүр рүү нэг өшиглөөд цохиж байсныг би харсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 44, 2-р хх-ийн 55/,

Гэрч Ч.Аын өгсөн: “...Ө.М, А.Ц, О.Уа нарыг Ө.Мын гэрт буулгаад машиныхаа тэвш дээрх мотоциклыг буулгаж байхад Ө.М нь гэрт орж чанасан гэдэс ид гэж хэлсэн. Тэгээд Ө.Мынд ороход А.Ц, О.Ц нар нь бие биеэ халх, дархад гээд маргалдаж байхаар нь би гараад гэр рүүгээ орсон. Гэртээ ороод 10 орчим минутын дараа гэрийнхээ гадна гарахад Ө.Мын гэрийн гадаа О.Уа орилоод байхаар нь очсон. Тэгтэл О.Уа нь “манай ахыг А.Ц хутгалчихлаа” гээд уйлаад байсан. Тэгэхэд О.Ц нь миний машиныг түшээд зогсож байсан. Харин А.Цы нүүр цус болчихсон явган сууж байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 41-42, 2-р хх-ийн 62/,

Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн “Шимт нарс” гэх газарт, Сайханаас Номгон чиглэлийн байгалийн шороон замаас ертөнцийн зүгээр зүүн зүгт 50 метр зайд ногоон өнгийн төмөр сараалжин хаалга бүхий хашаатай цагаан өнгийн байшин байв... гэх хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 5-8/,

Хувцаст үзлэг хийсэн: “... О.Ц нь хэрэг үйлдэгдэхэд өмсөж явсан гэх хувцаст үзлэг хийв. Улаан өнгийн юүдэнтэй цамцны зүүн талын халаасны хэсгийн дээр, цамцны доод талын хэсгээс 26 сантиметр, зүүн хэсгээс 7 сантиметр, баруун хэсгээс 37 сантиметр, зүүн талын мөрний хэсгээс 40 сантиметр зайд урт нь 3 сантиметр, өргөн нь 0.7 сантиметр хэмжээтэй урагдсан цооролт байх ба урагдсан цоорсон хэсэг ямар нэгэн шингэн зүйлээр бохирлогдож хатсан, наалдсан байв...“ гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 19-20/,

Ө.Гаас 27 сантиметр урттай, 15.5 сантиметр ажлын хэсэгтэй, цагаан шаргал өнгийн хуванцар бариултай хутгыг хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 22/,

Шүүгдэгч А.Ц нь 0.55 хувийн согтолттой гэх согтуурал шалгасан тэмдэглэл /1-р хх-ийн 23/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1145 дугаартай “О.Цгийн биед цээж хэвлийн нэвтэрсэн шарх, цээжний зүүн талд хий, цус мөн хэвлийд цус хуралдсан, хагалгааны дараах байдал, бүсэлхийнд цус хуралттай шинэ гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь 2016 оны 10 дугаар сарын 23-нд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /1-р хх-ийн 61/,

Хохирогч О.Цгийн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн тухай 6160 дугаартай өвчний түүх /1-р хх-ийн 64-93/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар,

1.2 Шүүгдэгч А.Ц нь 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутгаас иргэн К.Жы хар халзан зүсмийн 5 настай сувай эм үхрийг бэлчээр дээрээс нь тууж иргэн Б.Түмэндэлгэрийн хашаанд аваачиж, К.Жд 500.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч А.Цы өгсөн: “...үхэр байхаар нь тууж явсан. Би хулгай хийснээ хүлээж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Тууж явсан үхрээ зарж борлуулж чадаагүй. Айлын хашаанд уяад хаясан” гэх мэдүүлэг,

Хохирогч К.Жы өгсөн: “...би өглөө үхрээ Хараа гол руу бэлчээрт гаргадаг. Манай үхрүүд бэлчиж байгаад буцаад ороод ирдэг. Гэтэл ганц сувай үхэр байхгүй болсон байсан. Би үхрээ хайгаад үхэр тууж яваа мөрийг мөшгөж яваад үхрээ айлын хашаанаас олсон. Манай үхэр хоолой ам нь хавдсан байхаар нь би портер машин хөлсөлж үхрээ ачаад явсан. Мөн би өнөөдөр шүүх хуралд ирэх гэж машин хөлсөлж ирсэн. Өмнө нь бас машин хөлсөлж ирж байсан. Машин хөлсөлсөн зардал нийт 70.000 төгрөг. Би үхрээ хайж явахдаа их ядарч гэрээрээ 110.000 төгрөгийн эмчилгээ хийлгэсэн. Шүүгдэгчээс нийт 180.000 төгрөг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Гэрч Б.Тийн өгсөн: “...17 цагийн үед ажлаа тараад гэртээ ирсэн чинь манай хашаа дотор цагдаа нар ирсэн байсан. Юу болсныг асуухад манай хашаанд хулгайд алдагдсан үхэр орчихсон байна гэж хэлсэн. Тэгтэл нээрээ манай малын хашаанд хар халзан үхэр уяатай байсан. Миний төрсөн ах А.Ц нь 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр манай гэрт ирсэн. Би А.Ц ахаас энэ үхрийг хаанаас авсан ямар учиртай үхэр юм? гэхэд А.Ц нь “хөдөө бэлчиж явахад нь ах нь тууж ирээд танай өвөлжөөнд уясан юм. Адуугаа алдаад хайгаад олдохгүй болохоор нь зөрүүлээд айлын үхэр туугаад ирсэн” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 95-98/,

Гэрч Ц.Уын өгсөн: “...үхэр хулгайлсан хүн нь манай нөхөр А.Ц юм” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 101/,

Гэрч Б.Аын өгсөн: “...малын хулгайн хэргийг А.Ц өөрөө хийсэн. А.Ц нь “би Хөтөлд нэг хэрэгтэй байгаа. Малын хулгайн хэрэг нэмэгдвэл би хорих ял авна. Чи миний өмнөөс малын хулгайн хэргийг даачих” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 104-105/,

Хэргийн газрын үзлэг хийсэн “...Тухайн үзлэгийг Дархан-Уул аймгийн Хонгор сумын Салхит 3 дугаар багт Шивээтийн 13-7 тоот тухайн газарт ертөнцийн зүгээр зүүн тийш харсан байдалтай хашаа байна. Хашааны үүдэн хэсэгт Шивээтийн 17-3 тоот гэсэн хаягтай хар өнгийн төмөр хашааны хаалга байна. Зүүн талд малын модон өвөлжөө байх ба өвөлжөөн дотор шар өнгийн уяагаар уясан хар халзан үхэр байна” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-р хх-ийн 86-89/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн “...иргэн К.Жы хар халзан зүсмийн 1 тооны үхрийг хүлээлгэн өгөв” гэх тэмдэглэл /3-р хх-ийн 85/,

“Капитал зууч” ХХК-ийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “иргэн К.Жы эзэмшлийн хар халзан зүсмийн сувай үхэр 1 толгой 500.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /3-р хх-ийн 107-108/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

Шүүгдэгч А.Цы 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутгаас иргэн К.Жы хар халзан зүсмийн 5 настай сувай эм үхрийг бэлчээрээс нь шунахай сэдэлтээр нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан иргэн Б.Түмэндэлгэрийн хашаанд аваачиж, 500.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан бусдын малыг хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Харин шүүгдэгч А.Цы согтуурсан үедээ 2016 оны 10 дугаар сарын 13-ны орой Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутаг “Нарст” гэх газарт иргэн О.Цтой маргалдаж, улмаар түүнийг хутгалж эрүүл мэндэд нь цээжний хэвлийн нэвтэрсэн шарх, цээжний зүүн талд хий болон цус, хэвлий, бүсэлхийнд цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь “Ө.М, Ө.Г, Ө.Гз нар нь А.Цыг зодсон учир шүүгдэгч нь цочрон давчидсаны улмаас бусдын биед гэмтэл учруулсан байх боломжтой” гэж мэтгэлцэж байна.

Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах гэдэг нь өөрт нь болон ойр дотнын хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсан байхыг ойлгоно.  

Шүүгдэгч А.Ц нь хохирогч О.Цтой халх, дархад ястан гэж маргалдсан, Ө.Г нь хохирогчийг өмөөрч А.Цыг цохисон, гадаа гараад Ө.Г, А.Ц нар нь харилцан маргалдаж Ө.Г нь А.Цыг зодсон. Хохирогч О.Ц тэднийг салгахаар очих үед А.Ц нь хохирогчийг хутгалсан үйл баримт нь хохирогч О.Цгийн “...би надаас болоод зодоон болох нь гэж бодоод араас нь гартал Ө.Г нь А.Цы дээр гарчихсан зодолдож байсан. Би очоод Ө.Гийн гараас нь татаад салгах гэхэд А.Ц нь босох шиг болсон. Тэгтэл А.Ц нь миний хэвлийн тус газарт хутгалчихсан байсан” гэх мэдүүлэг, гэрч Ө.Гийн “... А.Ц нь гэрээс гарахад О.Ц бид хоёр араас нь гараад хашаанд байсан авто машиныг тойроод А.Цыг хөөсөн. О.Ц нь машины ард А.Цтай зууралдсан. А.Ц нь О.Цгоос салаад миний урдаас гүйгээд ирэхээр нь би гараараа А.Цы толгой руу цохиод газарт дарж унагаасан. Энэ үед О.Уа над дээр ирээд О.Цг хутгалуулчихсан байна гэж хэлсэн. Би А.Цыг орхиод О.Цгийн цамцыг сөхөөд хартал гэдэс орчмоос нь цус гарч байсан” гэх мэдүүлэг, гэрч Ө.Гзийн “...намайг ирэхэд баахан хэрэлдэж, маргалдаж, зодолдож, цохилцсон хүмүүс байсан. Тэгтэл О.Уа нэг ах хутга барьчихсан хүн алах гээд байна гэхээр нь хартал А.Ц нь баруун гартаа хутга барьчихсан байсан. Ө.Г, О.Ц нар гэрээс гарч ирээд А.Цаас хутгыг авах гэж байсан. Би гэрийн цаашаа явчхаад буцаад иртэл А.Ц, Ө.Г 2 зодолдох гэхээр нь би салгасан. Тэгтэл О.Уа нь агаа хутгалуулчихлаа гээд гүйгээд ирсэн. Тэгээд О.Ц дээр очиход О.Ц нь машин түшээд зогсож байсан. А.Ц нь машины хажуу талд зогсож байсан. О.Ц, А.Ц нарын дунд цустай, төмөр шар иштэй, хятад хутга байхаар нь би тэрийг аваад хашаа давуулаад шидсэн” гэх мэдүүлэг, гэрч О.Уын “...О.Ц нь уурлаад А.Ц тэр хоёр маргалдсан. Тэгтэл Ө.Г нь чи миний ахыг дээрэлхдэг хэн юм бэ? гээд А.Цы нүүр лүү нэг удаа цохисон. Тэгээд би гэрээс гарсан. Буцаад гэр лүү ороход А.Цы хамраас нь цус гарчихсан миний урдаас гараад ирсэн. Араас нь З.Т гарч ирээд хашаанаас гараад гүйчихсэн. А.Ц нь гарч ирээд гутлынхаа түрийнээс шар өнгийн төмөр иштэй хутга гаргаж ирээд Дархдуудыг бүгдийг нь ална гэж орилоод байсан. О.Цг оруулах гээд гартал хэвлий хэсэгтээ хутгалуулчихсан маш их цус гарч байсан” гэх мэдүүлэг, гэрч Ө.Болдбаатарын “...А.Ц байшингаас гараад гүйсэн. Араас нь З.Т, Ө.М, Ө.Г, О.Ц нар гарсан. Гаднаас О.Уа орж ирээд нөгөө хэдийг хэрүүл маргаан хийгээд зодоон цохион үүсгээд байна гэсэн. Байшингийн цонхоор харсан чинь О.Ц машин түшээд зогсож байсан. Цаана нь А.Ц нь хагас суучихсан байсан. О.Уа байшингаас гарахаар нь би араас нь харж байтал О.Уа нь “миний ахыг хутгалчихсан байна шүү дээ” гэж орилоод уйлаад байсан. Тэгтэл Ө.Г нь А.Цы нүүр рүү нэг өшиглөөд цохиж байсныг би харсан” гэх мэдүүлэг, гэрч Ч.Аын “...Тэгээд Ө.Мынд ороход А.Ц, О.Ц нар нь бие биеэ халх, дархад гээд маргалдаж байхаар нь би гараад гэр лүүгээ орсон. Гэртээ ороод 10 орчим минутын дараа гэрийнхээ гадна гарахад Ө.Мын гэрийн гадаа О.Уа орилоод байхаар нь очсон. Тэгтэл О.Уа нь “манай ахыг А.Ц хутгалчихлаа” гээд уйлаад байсан. Тэгэхэд О.Ц нь миний машиныг түшээд зогсож байсан. Харин А.Цы нүүр цус болчихсон явган сууж байсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон ба шүүгдэгч А.Цы санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

2015 оны Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно” гэж, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан ба шүүгдэгч А.Цы 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зэвсэг хэрэглэж хохирогч О.Цгийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д хэсэгт заасан бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Т.Дэлгэрсайхан нь шүүгдэгчийн согтуурсан үедээ 2016 оны 10 дугаар сарын 13-ны орой Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Номгон 3 дугаар багийн нутаг “Нарст” гэх газарт иргэн О.Цтой маргалдаж, улмаар түүнийг хутгалж эрүүл мэндэд нь цээжний хэвлийн нэвтэрсэн шарх, цээжний зүүн талд хий болон цус, хэвлийд цус хуралдсан, бүсэлхийнд цус хуралт бүхий хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэж зүйлчилсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Учир нь: 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн зүйлийн 2.4 дэх хэсэгт “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж үйлдсэн” үйлдлийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн хүндрүүлэх шинж болгож шинээр хуульчилсан ба энэ нь 2015 оны Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлснээс хойш буюу 2017 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш үйлдэлд хамаарахаар байна. 

Гэтэл шүүгдэгч А.Цы 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр зэвсэг хэрэглэж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдлийг 2015 оны Эрүүгийн хуулиар шинээр гэмт хэрэгт тооцсон зүйл хэсэг болох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь 2015 оны Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно”, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасныг тус тус зөрчиж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын Прокурорын газраас шүүгдэгч А.Цд 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч А.Цыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас “...хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан гэх хутга нь шүүгдэгчийн хутга биш, хураан авахдаа хэрэг учрал болсноос хойш 2 сарын дараа хураан авсан, хутганд ул мөр байгаа эсэхийг шинжлээгүй тул эд мөрийн баримт гэж үзэхгүй” гэж мэтгэлцжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаар хохирогчийн биед хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр гэмтэл учирсан, шүүгдэгч А.Ц нь гартаа хутга барьсан байсан зэрэг үйл баримт хангалттай нотлогдож тогтоогдсон ба хутга байсан талаар хэн аль нь маргаагүй байна.

Иймд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хутга нь А.Цы гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хутга мөн эсэх нь хэргийн үйл баримт, гэм буруутай эсэхийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй, түүнчлэн одоо уг хутган дээр биологийн гаралтай ул мөр, цус байгаа эсэхийг шинжлэх боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч О.Цгийн биед  цээжний хэвлийн нэвтэрсэн шарх, цээжний зүүн талд хий болон цус, хэвлийд цус хуралдсан, бүсэлхийд цус хуралт бүхий хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчээс эмчилгээний зардалд 3.000.000 төгрөг нэхэмжилснийг шүүгдэгч А.Ц нь нөхөн төлсөн, хохирогч О.Ц, иргэний нэхэмжлэгч Б.Б нар нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хэрэгт авагдсан иргэний нэхэмжлэгч Б.Бы өгсөн “2016 оны намар А.Ц нь миний мотоциклыг Салхит руу хонь хүргэж өгчхөөд ирье гээд авсан. Тэгтэл миний мотоциклын гар нь далийгаад, шатахууны сав нь дотогш хонхойсон байсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 175, 2-р хх-ийн 60/, шүүгдэгч А.Цы ХААН банк дахь ........ дугаарын даснаас хохирогчийн өмгөөлөгч П.Буманзаяагийн ХААН банк дахь ............ дугаарын дансанд 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр 1.700.000 төгрөг, 2019 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 1.400.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн тухай мөнгөн шилжүүлгийн баримт, хохирогчийн өмгөөлөгч П.Буманзаяагийн шүүхэд ирүүлсэн “...А.Цаас хохирлыг бүрэн авсан, өөр нэхэмжлэх зүйлгүй...” гэх хүсэлтээр тус тус нотлогдож байна.

Харин шүүгдэгч А.Цы гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч К.Жд 500.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч 500.000 төгрөгийн үнэлгээ бүхий 1 тооны үхрээ буцааж авсан боловч машин хөлсөлж үхрээ ачсан, шүүх хуралдаанд оролцоход зарцуулагдсан тээврийн зардалд 70.000 төгрөг, үхрээ хайж явахдаа ядарч, эмчилгээ хийлгэсэн хэмээн 110.000 төгрөг, нийт 180.000 төгрөг нэхэмжилжээ.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан байх тул шүүгдэгч А.Цаас хохирогчийн машин хөлсөлж үхрээ ачсан зардал, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход зарцуулсан тээврийн зардал болох 70.000 төгрөгийг гаргуулан хохирогч К.Жд олгох нь зүйтэй байна.

Харин хохирогч нь эмчилгээтэй холбоотой баримтыг гаргаж өгөөгүйгээс хохирлын тооцоог хийх боломжгүй байх тул хохирогч К.Жы эмчилгээний зардал болох 110.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч А.Ц нь гэм буруугийн шүүх хуралдааны дараа хохирол төлөх зорилгоор завсарлага авч, хохирогч К.Жд 70.000 төгрөгийг төлсөн болох нь шүүгдэгч нь хохирогчийн Төрийн банк дахь .................. дугаарын дансанд 70.000 төгрөг шилжүүлсэн тухай орлогын мэдүүлгээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч А.Ц нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч О.Ц, иргэний нэхэмжлэгч Б.Булгасайхан нар нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч А.Ц нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч А.Ц нь урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, эхнэр болон 18 настай хүү, 8 настай хүү, 1 настай хүүгийн хамт амьдардаг зэрэг хувийн байдал нь хэрэгт авагдсан урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 148/, шийтгэх тогтоолын хуулбар /3-р хх-ийн 136-139/, Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн Засаг даргын 2018 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 672 дугаартай албан бичиг /3-р хх-ийн 119/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /3-р хх-ийн 127-129/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч А.Ц нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 2002 оны Эрүүгийн хуулийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 6 жилийн хугацаагаар хорих, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, нийт эдлэх ялыг 7 жилийн хугацаагаар тогтоож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Цуурай нь гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн хууль бус үйлдэл, гарцаагүй нөхцөл байдал нөлөөлсөн, өөрөө гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасан, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан хорих ялыг багасгаж өгнө үү гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Даваахүү нь шүүгдэгч А.Цд ял оногдуулахдаа 2002 оны Эрүүгийн хуулийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлсөн, шүүгдэгчийн үйлдэлд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн ар гэр, хувийн байдал зэрэг нөхцөлийг харгалзан хөнгөн ял оногдуулж өгнө үү гэжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан байна.

Шүүгдэгч А.Цы гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан түүнийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, нийт эдлэх ялыг 3 жил 11 сарын хугацаагаар тогтоож, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 27 сантиметр урттай, 15.5 сантиметр ажлын хэсэгтэй, цагаан шаргал өнгийн хуванцар бариултай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биеэр эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйл, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З овогт А.Цд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хөнгөрүүлэн өөрчилж 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч А.Цыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д заасан бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Шүүгдэгч А.Цыг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Цд 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар оногдуулсан 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ял дээр 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 3 /гурав/ жил 11 /арван нэг/ сарын хугацаагаар тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар А.Цд оногдуулсан 3 /гурав/ жил 11 /арван нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч О.Ц, иргэний нэхэмжлэгч Б.Б нар нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдаж, хохирогч К.Жы 110.000 /нэг зуун арван мянга/ төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

7. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 27 сантиметр урттай, 15.5 сантиметр ажлын хэсэгтэй, цагаан шаргал өнгийн хуванцар бариултай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Цд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч А.Цд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Б.ИХТАМИР

     ШҮҮГЧИД                           Т.БАТЖАРГАЛ

     Г.ГЭРЭЛТ-ОД