Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 15 өдөр

Дугаар 139

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Ганхуяг,

Улсын яллагч О.Доржмаа,

Хохирогч Ц.Ж,

Иргэний нэхэмжлэгч Ж.С,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Б.Чинбаатар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Номин-Эрдэнэ,

Шүүгдэгч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Ц овогт Д.От холбогдох эрүүгийн 1918000630079 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ц овогт Д.О /РД: /, Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Дархан-Уул аймаг дахь “..........” коллежид багш ажилтай, ам бүл 5, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа нь шүүгдэгч Д.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүгдэгч Д.О нь 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр “............” коллежид ажил үүргээ гүйцэтгэж байхдаа буюу багшлах явцдаа тус сургуулийн 4 дүгээр курсийн оюутан Ц.Жыг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, 1 шүдний хазах хэсгийн паалангийн эмтрэл бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Д.Оын өгсөн: ...хичээл орж байхад Ц.Ж, н.О нар нь сэтгүүл уншаад байхаар нь миний сэтгүүлийг зөвшөөрөлгүй авлаа гээд сэтгүүлээ авсан. Ц.Жд хичээлээ бич гэсэн шаардлага тавьсан. Ц.Ж хичээлээ бичиж байна гэхээр нь дэвтрийг нь шалгатал дэвтэр нь урагдчихсан байсан. Тэгтэл Ц.Ж намайг миний дэвтрийг урчихлаа гэж гүтгэсэн. Ц.Ж нь цагаан цаас ураад ширээний шургуулгад хийхээр нь би хогоо ав гэж хэлэхэд Ц.Ж нь энд хог байсан гээд шөргөөцөлдсөн. Тэгэхээр нь би шаардлага биелүүлэхгүй бол гар гэж хэлэхэд н.Бат-Өлзий битгий гар гэж хэлсэн. Тэгээд би Ц.Жы нүүр лүү нэг удаа алгадаад, нэг удаа цохисон, цохих явцад шүд нь таарсан юм уу, паалангийн эмтрэл гэсэн дүгнэлт гарсан байсан. Хохирол төлбөрт 356.000 төгрөг төлсөн. Гэм буруугаа ойлгож байна гэх мэдүүлэг,

Хохирогч Ц.Жы өгсөн: ...ширээний шургуулгад сэтгүүл байхаар нь уншсан. Д.О багш намайг цохисон. Би шүдэндээ эмчилгээ хийлгэж чадаагүй. Шүдээ эмчлүүлэх зардлаа нэхэмжилнэ гэх мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч Ж.Сийн өгсөн: Надад нэхэмжлэх зүйл байхгүй гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Насанд хүрээгүй гэрч Б.Тийн өгсөн: ...Ц.Ж нь буцаж суудал дээрээ очоод зогсож байгаад багштай хэрэлдээд байсан. Багш шаардлага тавихад Ц.Ж нь өөрөө биелүүлээгүй. Тэгээд багш Ц.Жыг 1 удаа цохиход Ц.Ж нь газарт унаад босож ирэхдээ Д.О багшийн нэг хөлөөс өргөөд унагаахыг завдсан... гэх мэдүүлэг /хх-ийн 26-27/,

Гэрч Б.Бын өгсөн: ...Ц.Ж хичээлээ хийхгүй байсан болохоор Д.О багш “хичээлээ хий” гэхэд Ц.Ж нь багшийн өөдөөс хэрэлдээд байсан. Д.О багш Ц.Жыг “ангиас гар” гэхэд манай ангийн Бат-Өлзий гэх залуу “битгий гар” гэж хэлсэн. Тэгэхэд Ц.Ж нь буцаж суудал дээрээ суусан. Тэгээд багш “тарьсан хогоо хар” гэж хэлэхэд Ц.Ж нь “энэ миний хог биш” гээд багшийн урдаас хэрэлдээд байсан. Тэгтэл багш Д.О нь Ц.Жыг гараараа 2 удаа цохиход Ц.Ж нь газарт унасан... гэх мэдүүлэг /хх-ийн 28/,

...52 секундэд саарал өнгийн костюмтай хүн нь зүүн гараараа цагаан цамцтай залуугийн нүүр тус газарт алгадаж, баруун гараараа дахин зүүн шанаа руу нь цохин дээрээс нь цохих мэт гар нь хөдөлсөн... гэх Ж.Сээс хүлээн авсан дуу дүрсний бичлэг бүхий Соней гэсэн бичигтэй сидийнд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 6/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 107 дугаартай “Ц.Жы биед тархи доргилт, 1 шүдний хазах хэсгийн паалангийн эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30/,

Ц.Жы 2 дугаар шүд эмтэрсэн гэх Дархан-уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хх-ийн 31/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Д.Оын 2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Дархан-Өргөө” политехникийн коллежид ажил үүргээ гүйцэтгэж байхдаа буюу багшлах явцдаа тус сургуулийн 4 дүгээр курсийн оюутан Ц.Жыг зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, 1 шүдний хазах хэсгийн паалангийн эмтрэл бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүх шинжийг бүрэн агуулж байх тул Д.Оыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ц.Жы биед тархи доргилт, 1 шүдний хазах хэсгийн паалангийн эмтрэл бүхий хохирол учирсан ба хохирогч мөрдөн байцаалтын шатанд эмчилгээ хийлгэхэд 234.397 төгрөгийн зардал гарсан талаар 5 ширхэг баримт /хх-ийн 9-10/ гаргаж өгчээ.

Дээрх баримтуудаас “Саран Элит” эмнэлэгт 135.000 төгрөгөөр шинжилгээ хийлгэсэн баримт нь нотлох баримтын шаардлага хангаж байгаа ба бусад баримтууд нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна.

Гэвч шүүгдэгч нь мөрдөн байцаалтын шатанд хохиролд 356.000 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан Д.Оын 5000065399 дугаартай данснаас Ц.Жы ХААН банк дахь 5119050598 дугаарын дансанд 356.000 төгрөг шилжүүлсэн тухай ХАС банкны төлбөрийн баримт /хх-ийн 75/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын өгсөн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Хохирогч Ц.Ж нь цаашид шүдний эмчилгээ хийлгэхэд шаардлагатай зардлаа шүүгдэгчээс нэхэмжилж байгаа боловч холбогдох нотлох баримтыг гаргаж өгөөгүйгээс хохирлын тооцоог хийх боломжгүй байх тул түүний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Харин иргэний нэхэмжлэгч нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй болох нь  шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Ж.Сийн өгсөн мэдүүлгээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Д.О нь бусдад төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч нь нэхэмжлэх зүйлгүй, хохирогч нь эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Д.О нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Д.О нь урьд нэг удаагийн ял шийтгэлтэй, ам бүл 5, “..............” коллежид автын инженерийн багш ажилтай, сарын 840.000 төгрөгийн цалинтай болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67/, багийн Засаг даргын 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 373 дугаартай албан бичиг /хх-ийн 45/, “.................” коллежийн 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 42 дугаартай албан бичиг /хх-ийн 44/-ээр тус тус нотлогдож байна.

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч Ц.Жы багшийн зүй ёсны шаардлагыг биелүүлээгүй зэрэг үйлдэл нөлөөлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, 1.4 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нь 3 хүүхэдтэй, улсад 25 жил ажилласан, хохирогчийн зүй бус үйлдэл гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн зэргийг харгалзаж торгох ялыг багасгаж 500 нэгжтэй хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж өгнө үү гэж мэтгэлцэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан байна.

Иймд шүүгдэгч Д.Оын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Д.О нь эрхэлсэн тодорхой ажилтай, сарын 840.000 төгрөгийн цалинтай бөгөөд “..............” коллежийн захирлын 2019 оны 01 дүгээр сарын 30-ны Б/10 дугаартай тушаалаар түүнд 3 сарын хугацаанд үндсэн цалинг 20 хувиар бууруулах сахилгын арга хэмжээ авсан байх тул түүний цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 сарын хугацаанд сар бүр 50.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.

Эд мөрийн баримтаар хураагдсан дуу дүрсний бичлэг бүхий 1 ширхэг сидийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.

Шүүгдэгчид торгох ял оногдуулж шийдвэрлэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц овогт Д.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Оыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.От оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 10 /арав/ сарын хугацаанд сар бүр 50.000 /тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

7. Эд мөрийн баримтаар хураагдсан дуу дүрсний бичлэг бүхий 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.От өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Д.От авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР