| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баатаржавын Ихтамир |
| Хэргийн индекс | 166/2019/0119/Э |
| Дугаар | 140 |
| Огноо | 2019-04-15 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Д.Энхтуяа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 15 өдөр
Дугаар 140
Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тэмүүжин,
Улсын яллагч Д.Энхтуяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Б овогт Б.Бд холбогдох эрүүгийн 1918001470145 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт Б.Б /РД: /, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй.
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа нь шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Гоц авьяас зөн билгийн шавь академи сүсэгтний холбооны байрны цонхыг хагалж орон Ерөөл нэртэй 0.5 литрийн хэмжээтэй архийг ууж, никель төмөр гадартай халуун сав 1 ширхэг, арвайн гурил 4 ширхэг, компьютерын дэлгэц, интернет түгээгч төхөөрөмж зэрэг эд зүйлсийг авч байгаад үйлдэл дээрээ баригдсан болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б.Бын өгсөн: Би архи уугаад согтуу байхдаа цонхыг нь хагалаад дотор нь байсан архийг уугаад тасраад унтчихсан байсан. Нэг мэдэхэд цагдаа ирээд намайг авч явсан. Би хэд хоног юм идээгүй гэдэс өлссөн байсан учир өөрийн эрхгүй цонхоор орж идэх юм хайсан гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад:
Хохирогч Д.Аийн өгсөн: ...манай сүмийн байрнаас 4 ширхэг ууттай арвайн гурил, цайны төмөр халуун сав, багахан хэмжээний өргөлийн хэмжээтэй сүү, шар тосыг авч явахаар завдсан байсан. Мөн цонх хагалаад, интернет түгээгч төхөөрөмжийг эвдсэн байсан. Манай сүмд нэвтэрсэн этгээд учруулсан хохирлоо бүрэн гүйцэт нөхөн төлсөн тул надад одоо гомдол санал байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/,
Гэрч Д.Нын өгсөн: ...Тухайн өдөр Дархан сумын 5 дугаар багт байрлах Сүсэгтний холбоо нэртэй сүмд хүн нэвтэрч хулгай хийж байна гэсэн дуудлагын дагуу очиход жижүүр нь манай сүм дотор хүн байна гэж хэлсэн. Тэгээд дотогш ортол төлбөр тооцооны өрөөнд нэг хүн эд зүйл ухаад зогсож байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 22-23/,
Гэрч Л.Сийн өгсөн: ...сүмийн байраа цэвэрлэх гээд орсон чинь сүмийн баруун талын төлбөр тооцооны өрөөнд нэг хүн хөдлөх шиг болсон. Тэгэхээр нь айгаад захирал Д.Алтанхуягт утсаар хэлсэн. Удалгүй 2 цагдаа ирээд дотогш ороход төлбөр тооцооны өрөөнд хүн байсан. Тэр хүн 4 уут арвайн гурил, цайны төмөр халуун сав зэргийг авч явах гээд 6 дугаартай өрөөний цонх дээр бэлдээд тавьчихсан байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 28-29/,
Гэрч Д.Эын өгсөн: ...эргүүлийн цагдаа, ахлах ахлагч Д.Нэмэх-Очирын хамт очоод сүмийн байр луу ороход баруун гар талын төлбөр тооцоо, хяналтын өрөөнд халамцуу эрэгтэй хүн байсан. тэр этгээд сүмийн ар талын цонхыг хагалаад нэвтэрч орсон байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 31/,
Хэрэг учрал болсон гэх газар нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Гоц авьяас зөн билгийн шавь академи сүсэгтний холбоо гэх блокон хашаатай, хоёр давхар, цагаан өнгийн байшин байв... гэх хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-11/,
...хэргийн газрын үзлэгээр хурааж авсан төмөр цайны халуун сав, 4 ширхэг арвайн гурил, цагаан өнгийн интернет түгээгч төхөөрөмж, эрэгтэй хүний дугуй загвартай малгай зэрэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-15/,
Хэргийн газрын үзлэгээр хурааж авсан эрэгтэй хүний дугуй загвартай малгайг Б.Бд, төмөр цайны халуун сав, 4 ширхэг арвайн гурил, цагаан өнгийн интернет түгээгч төхөөрөмжийг хохирогч Д.Ат тус тус хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 16-17/,
...Гоц авьяас зөн билгийн шавь академи сүсэгтний холбоо нэртэй шашны байгууллагын баруун хойд талын өрөөнөөс дундаж өндөртэй, юүдэнтэй цамцтай, зузаан өвлийн хүрэмтэй, дугуй зууван хэлбэртэй малгайтай эрэгтэй хүн гараад төлбөр тооцооны өрөө лүү орж байгаа нь харагдав... гэх Гоц авьяас зөн билгийн шавь академи сүсэгтний холбооны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 18/,
“Капитал зууч” ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн “Гоц авьяас зөн билгийн шавь академи” НҮТББ-ын эзэмшлийн 62смх40см хэмжээтэй хагарсан вакуум цонх 1 ширхэг, интернет түгээгч төхөөрөмж 1 ширхэг, цайны төмөр 3 литрийн багтаамжтай халуун сав 1 ширхэг, арвайн гурил 4 уут, Ерөөл нэртэй 0.5 литрийн хэмжээтэй архи 1 ширхэг, компьютерын шинэвтэр дэлгэц 1 ширхэг зэрэг эд зүйлс нь 182.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33-34/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Гоц авьяас зөн билгийн шавь академи сүсэгтний холбооны орон байрны цонхыг хагалан нэвтрэн Ерөөл нэртэй 0.5 литрийн хэмжээтэй архийг ууж, никель төмөр гадартай халуун сав 1 ширхэг, арвайн гурил 4 ширхэг, компьютерын дэлгэц, интернет түгээгч төхөөрөмж зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр авч байгаад цагдаагийн алба хаагчдад үйлдэл дээрээ баригдсан үйл баримт нь хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэргийг үйлдэхэд шууд чиглэсэн үйлдэл санаатай хийсэн боловч тухайн хүний хүсэл зоригоос үл хамаарах нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг төгсөөгүй шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлахаар завдах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар
Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас Гоц авьяас зөн билгийн шавь академи сүсэгтний холбооны цонх хагарсан, интернет түгээгч төхөөрөмж эвдэрсэн ба бусад эд зүйлс болох никель төмөр гадартай халуун сав 1 ширхэг, арвайн гурил 4 ширхэг, компьютерын дэлгэц зэргийг биет байдлаар нь буцаан өгсөн байна.
Шүүгдэгч Б.Б нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь мөрдөн байцаалтын шатанд хохирогч Д.Аийн өгсөн “...Манай сүмд нэвтэрсэн этгээд учруулсан хохирлоо бүрэн гүйцэд нөхөн төлсөн тул надад одоо гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 20-21/, хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгээр хурааж авсан төмөр цайны халуун сав, 4 ширхэг арвайн гурил, цагаан өнгийн интернет түгээгч төхөөрөмжийг хохирогч Д.Ат тус тус хүлээлгэж өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 17/-ээр нотлогдож байна.
Иймд шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.
Шүүгдэгч Б.Б нь урьд 4 удаагийн ял шийтгэлтэй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Харин эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хорих ялыг доод хэмжээгээр оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дахь хэсэгт заасныг журамлан оногдуулсан хорих ялын хоёрны нэгтэй тэнцэх хэмжээний хугацаагаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна гэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан байна.
Иймд шүүгдэгч Б.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б.Быг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар Б.Быг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Бд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдллүүлсүгэй.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.
5. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Бд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ИХТАМИР