Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 141

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Ганхуяг,

Улсын яллагч О.Доржмаа,

Хохирогч Л.О,

Шүүгдэгч Д.Г, С.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Х овогт Д.Г, Б овогт С.Э нарт холбогдох эрүүгийн 1918000000160 дугаартай хэргийг 2019 оны 4 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, Х овогт Д.Г /РД: /, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд 9 удаагийн ял шийтгэлтэй.

2. Монгол Улсын иргэн, Б овогт С.Э /РД: /, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй.

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор О.Доржмаа нь шүүгдэгч Д.Г, С.Э нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүгдэгч Д.Г, С.Э нар нь 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Ихэр могой” худалдааны төвийн орчимд явж байхдаа шүүгдэгч С.Э нь иргэн Л.Оыг араас нь дагаж цүнхнээс нь бэлэн 360.000 төгрөг болон бусад бичиг баримт бүхий түрийвчийг хулгайлж, Л.Од нийт 503.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Д.Гын өгсөн: Тухайн үед би архи уучихсан явж байсан юм. С.Этай таарч “Ихэр могой” худалдааны төвийн урд архи ууж байсан. Намайг хохирогчийн урд нь алхаж байхад С.Э нь хохирогчийн цүнхнээс нь түрийвчийг нь авсныг би мэдээгүй. Би цаашаа өнгөрөөд зогсоол дээр зогсож байсан машины жолоочтой уулзахаар очтол С.Э нь намайг дуудсан. Би С.Э руу очиход “хоёулаа архи уух уу?” гэж хэлсэн. Тэгэхээр нь би “чамд мөнгө байгаа юм уу?” гэхэд С.Э “мөнгө байна” гээд нэг түрийвчийг нээж, 20.000 төгрөг байгааг харуулсан. Тэгэхээр нь би доошоо бууя гэж хэлээд, бид  хоёр Төмөр замын 15 дугаар байрны дэлгүүрээс 2 шил архи авч уусан. Би архи авсан мөнгөний хариулт болох 3000 төгрөг аваад бид хоёр салаад явсан гэх мэдүүлэг,

Шүүгдэгч С.Эын өгсөн: Тухайн өдөр энэ эгчийн цүнх нь онгорхой, хэтэвч нь харагдаад байхаар нь авсан. Би түрийвчийг нь аваад Д.Г ахыг дуудаж, “мөнгө байна архи авч ууя” гэж хэлээд, бид хоёр гандангийн хажуугийн дэлгүүрээс 2 шил архи авч уугаад, Д.Г ахыг тамхины мөнгө өгөөч гэхэд нь би 3000 төгрөг өгөөд, салсан гэх мэдүүлэг,

Хохирогч Л.Оын өгсөн: 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр ажлаа тараад 18:00 цагийн үед “Ихэр могой” төвийн дэлгүүрээс нүүрний тос худалдаж аваад, хот руу явахаар яарч байгаад гарахдаа цүнхнийхээ цахилгааныг татаагүй юм билээ. Би банк руу орж хүн рүү мөнгө шилжүүлэхээр цүнхээ ухсан чинь миний хэтэвч байгаагүй. Би дэлгүүрийн камер шүүлгэхэд би хэтэвчээ цүнхэндээ хийж байгаа харагдсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. Миний хэтэвчинд 360.000 төгрөг байсан гэж шүүгдэгч хэлсэн тухайн үед хэдэн төгрөг байсныг нь би тодорхой мэдэхгүй байна. Одоо би 360.000 төгрөг нэхэмжилж байгаа гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Ихэр могой” төвийн 4 дүгээр камерын бичлэгт үзлэг хийсэн: “...камерын бичлэгээр 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 18:15 цагаас 18:16 цагийн хооронд Л.О нь “Ихэр могой” худалдааны төвийн хойд талаас төв зам дагуу алхаж байх үед хар өнгийн саравчтай малгай, ногоон өнгийн урт куртик, хар өнгийн пүүзтэй эрэгтэй хүн араас нь дагаж, саравчтай малгайтай, хар өнгийн куртиктэй эрэгтэй хүн Л.Оын урд талд нь явж хөдөлгөөнийг нь саатуулж, улмаар ногоон өнгийн урт куртиктэй эрэгтэй хүн Л.Оын цүнхнээс ямар нэгэн эд зүйл авч байх бөгөөд уг 2 эрэгтэй хүн буцаад хамтдаа ирж байгаа байдал бичигдсэн бичлэг байв...” гэх тэмдэглэл /хх-ийн 8/,

Шүүгдэгч С.Эаас хүрэн өнгийн түрийвч, “Номин” хөнгөлөлтийн карт 1 ширхэг, Худалдаа хөгжлийн банкны виза карт 1 ширхэг, “Би Эс Би” хөнгөлөлтийн карт 1 ширхэг, “И март” гэх карт 1 ширхэг, 50 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, Л.Энхтөр гэх нэрийн хуудас 1 ширхэг, 10 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, урагдсан долларын дэвсгэрт 1 ширхэг, ХААН банкны виза карт 2 ширхэг, иргэний үнэмлэх 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хураан авсан тухай тэмдэглэл /хх-ийн 9/,

Шүүгдэгч С.Эаас хураан авсан хүрэн өнгийн түрийвч 1 ширхэг, иргэний үнэмлэх, ХААН банкны виза карт 2 ширхэг, Худалдаа хөгжлийн банкны виза карт 1 ширхэг, “Номин” хөнгөлөлтийн карт 1 ширхэг, “Би Эс Би” хөнгөлөлтийн карт 1 ширхэг, “И март” гэх карт 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хохирогч Л.Од хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 11/,

“Капитал зууч” ХХК-ийн 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн “иргэн Л.Оын эзэмшлийн эмэгтэй хүний хэрэглэж байсан улаан хүрэн өнгийн арьсан түрийвч 1 ширхэг, ХААН банкны виза карт 2 ширхэг, Худалдаа хөгжлийн банкны виза карт 1 ширхэг, иргэний үнэмлэх зэрэг эд зүйлс нь 143.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-29/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Г, С.Э нар нь хохирогч Л.Оын цүнхнээс түрийвчтэй эд зүйлсийг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдсэн ба улсын яллагч яллаж буй үндэслэлээ шүүгдэгч Д.Г хохирогчийн урд орж хөдөлгөөнийг саатуулах үед хохирогчийн хойно явж байсан шүүгдэгч С.Э нь түрийвчийг нь авсан үйл баримт камерын бичлэг болон камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр нотлогдсон гэж тайлбарлаж байгаа боловч энэ байдал нь хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон камерын бичлэгийг шинжлэн судалж үзэхэд шүүгдэгч Д.Г нь хохирогч Л.Оын анхаарлыг сарниулах, хөдөлгөөнийг нь саатуулах зэргээр идэвхтэй үйлдэл хийж, шүүгдэгч С.Эт хохирогчийн цүнхнээс түрийвчийг нь авах нөхцөлийг бүрдүүлэн өгч хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч С.Этай үйлдэхээр санаатай нэгдсэн гэх үйлдэл хангалттай нотлогдсон гэж үзэхэд эргэлзээтэй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заажээ.

Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Г, С.Э нарт холбогдох эрүүгийн 1918000000160 дугаартай хэргээс шүүгдэгч Д.Гд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Д.Гыг цагаатгах нь зүйтэй гэж үзлээ.

Харин шүүгдэгч С.Эын 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэр “Ихэр могой” худалдааны төвийн орчимд иргэн Л.Оыг араас нь дагаж цүнхнээс нь бэлэн 360.000 төгрөг болон бусад бичиг баримт бүхий түрийвчийг хулгайлж, Л.Од нийт 503.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан будын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийн бүх шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгч С.Эыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгч С.Эын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Л.Од 503.000 төгрөгийн хохирол учирсан ба хохирогч 143.000 төгрөгийн үнэ бүхий улаан хүрэн өнгийн арьсан түрийвч 1 ширхэг, ХААН банкны виза карт 2 ширхэг, Худалдаа хөгжлийн банкны виза карт 1 ширхэг, иргэний үнэмлэх зэрэг эд зүйлсээ буцаан авсан болох нь хэрэгт авагдсан шүүгдэгч С.Эаас хураан авсан хүрэн өнгийн түрийвч 1 ширхэг, иргэний үнэмлэх, ХААН банкны виза карт 2 ширхэг, Худалдаа хөгжлийн банкны виза карт 1 ширхэг, “Номин” хөнгөлөлтийн карт 1 ширхэг, “Би Эс Би” хөнгөлөлтийн карт 1 ширхэг, “И март” гэх карт 1 ширхэг зэрэг эд зүйлсийг хохирогч Л.Од хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 11/-ээр нотлогдож байх бөгөөд хохирогч Л.О нь түрийвчинд байсан биет 350.000 төгрөгийг гэм буруутай этгээдээс нэхэмжилж байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д ”Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1-д “Бусдын эд хөрөнгөнд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан байх тул шүүгдэгч С.Э нь хохирогчид учирсан хохирлыг хариуцан арилгах үүрэгтэй юм.

Иймд шүүгдэгч С.Эаас 360.000 төгрөгийг гаргуулж, хохириогч Л.Од олгох нь зүйтэй байна.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч С.Э нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч С.Э нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол цалин орлогогүй, ам бүл 4-үүлээ амьдардаг, урьд 4 удаагийн ял шийтгэлтэй зэрэг хувийн байдал нь багийн Засаг даргын тодорхойлолт, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбараар нотлогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгч С.Эт 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан байна.

Иймд шүүгдэгч С.Эын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Г, С.Э нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Гыг цагаатгасан тул түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч С.Эт оногдуулсан хорих ялыг биеэр эдлүүлэхээр шийдвэрлэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Г, С.Э нарт холбогдох эрүүгийн 1918000000160 дугаартай хэргээс шүүгдэгч Д.Гд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Х овогт Д.Гыг цагаатгасугай.

2. Шүүгдэгч Б овогт С.Эыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Эыг 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар С.Эт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч С.Эаас 360.000 /гурван зуун жаран мянга/ төгрөг гаргуулж, хохирогч Б овогт Л.О /РД:, утас: /-д олгосугай.

6. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргасугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Гд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, шүүгдэгч С.Эт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

9. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч С.Эт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР