Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 143

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Тэмүүжин,

Улсын яллагч Ц.Цэен-Ойдов,

Хохирогч Ш.Г,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,

Шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар С овогт Б.Дт холбогдох эрүүгийн 1918004900105 дугаартай хэргийг 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, С овогт Б.Д /РД: /, Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй.

 Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов нь шүүгдэгч Б.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эд хөрөнгийг нь шилжүүлэн авсан гэмт хэрэг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.Д нь 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Ш.Гтай хамт архи ууж байхдаа түүний Хуавэй Пи Смарт загварын гар утсыг хүнтэй ярьчхаад өгье гэж хууран авч 600.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт:

Шүүгдэгч Б.Дын өгсөн: 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хохирогчтой хамт архи ууж байхдаа гар утсаар нь ярина гээд аваад явсан. Уг гар утсыг хоёр шил архины мөнгөөр өгсөн. Тэгээд би өглөө нь санаа зовоод 120.000 төгрөгийн үнэтэй гар утсыг хохирогчид өгөхөд “миний гар утас биш байна, миний утас 600.000 төгрөгийн үнэтэй” гэж хэлсэн. Ийм л зүйл болсон гэх мэдүүлэг,

Хохирогч Ш.Ггийн өгсөн: Шүүгдэгчийг танина. Би “Ус суваг 2.3” гэсэн худгийг ажиллуулдаг. Намайг ер нь хүмүүс таньдаг. Утасгүй хүмүүс миний гар утсыг гуйгаад утсаар яриад явдаг. Шүүгдэгч миний гар утсаар яриад буцааж өгөөд дахиад гар утсыг маань аваад явсан. Тэгээд би дэлгүүрт очиж үзэхэд байхгүй байсан. Би шүүгдэгчээс гар утсаа нэхэхэд “хэдхэн хоног өгчих би хохирлыг нь төлнө” гэж хэлсэн. Өчигдөр үлдэгдэл 120.000 төгрөгийг төлсөн байсан. Одоо хохирол төлбөр байхгүй гэх мэдүүлэг,

Мөрдөн байцаалтад:

Гэрч П.Бын өгсөн: ...2018 оны 12 дугаар сард Б.Д нь “ах нь өчигдөр архи уугаад хүний гар утсыг аваад явсан байна. Энэ гар утсыг Ширээ нуруунд аваачиж өгье” гэж хэлсэн. Ширээ нурууны улаан худгийн хажууд Б.Д 2 хүнтэй уулзаад гар утсыг өгөхөд “энэ миний гар утас биш байна. Миний гар утас Хуавэй нэртэй гар утас байсан” гэж хэлээд Б.Дын өгсөн гар утсыг аваад явсан. Хэд хоногийн дараа нөгөө хүмүүс нь Хуавэй Пи Смарт загварын 639.000 төгрөгийн гар утсыг “Мобиком корпораци” ХХК-аас зээлээр худалдаж авсан гэх баримт үзүүлж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,

Хохирогч Ш.Ггийн “Мобиком корпораци” ХХК-тай байгуулсан гар утас, төхөөрөмж хөнгөлөлттэй болон зээлийн нөхцөлөөр худалдах, худалдан авах үйлчилгээний багц ашиглах хугацаатай 20091985 дугаартай гэрээ, гар утасны зээлийн төлөлт хийсэн баримт /хх-ийн 4-6/,

“Капитал зууч” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “иргэн Ш.Ггийн эзэмшлийн Хуавэй Пи Смарт маркийн шинэвтэр гар утас 600.000 төгрөг” гэх дүгнэлт /хх-ийн 16-17/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцсэн бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч Б.Дын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Ш.Гтай хамт архи ууж байхдаа түүний Хуавэй Пи Смарт загварын гар утсыг хүнтэй ярьчхаад өгье гэж хууран авч 600.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авах гэмт хэргийн бүх шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгч Б.Дыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

2. Хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ш.Гд 600.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирол төлбөрийг бүрэн барагдуулсан, хохирогч Ш.Г нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.Ггийн өгсөн “...Өчигдөр үлдэгдэл 120.000 төгрөгийг төлсөн байсан. Одоо хохирол төлбөр байхгүй” гэх мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгч Б.Д нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

3. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Д нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Шүүгдэгч Б.Д нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ачаа ачигч хийдэг болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32/, мөрдөн байцаалтын шатанд гэрч П.Бын өгсөн “...Б.Д одоогоос 4-5 жилийн өмнө манай эцэг эхийн ажиллуулдаг барилгын материалын лангуунд ачаа зөөгчөөр ажилладаг байсан. Манай эцэг, эх барилгын материал зарахаа болиод би ажиллаж байгаа болохоор надтай хамт ажилладаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/-ээр нотлогдож байх бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж өгнө үү гэж мэтгэлцэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасан байна.

Иймд шүүгдэгч Б.Дын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Д нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэн байх тул дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүнд тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож, шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэсэн тул түүнд өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овогт Б.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Дт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаанд тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар Б.Дт тэнссэн хугацаанд согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Д нь шүүхээс тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь санал гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Дт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Дт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Б.ИХТАМИР